Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо тоотод оршин суух, Б овогт Б.А-н нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 2 дугаар баг оршин суух, Б овогт Г.Б-д холбогдох,

зээлийн 1.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгч Б.А, хариуцагч Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б, Н.Б нарын гражийг 2016 оны 05  дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд нэг сарын 100.000 төгрөгний үнээр түрээслэж байсан. Түрээсийн төлбөрийг би цаг тухайд нь төлдөг байсан. 2016 оны 12 дугаар сард миний  хувийн хэрэгцээний эд зүйлсийг Г.Б, Н.Б нар нь зээлээр худалдан авъя гэхээр нь үнэ төлбөргүйгээр тэдэнд өгсөн. Би Г.Б-тай 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дээр худалдсан барааны үнийг төлөх талаар гэрээ байгуулсан. Гэтэл Г.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Би ямар нэгэн төлбөр тооцоо нэхээгүй, би хүлээцтэй хандсан. Гэтэл Г.Б нь намайг залгахаар гар утсаа авахаа больсон. Би нэхэмжлэлийн шаардлага болох 1.700.000 төгрөгнөөс Г.Б-н гражийг түрээслэж байсан түрээсийн төлбөр тооцоогоо хасах талаар ямар нэгэн зүйл тохироогүй. Тэгэх ч үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4, 219 дүгээр зүйлийн 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байгаа. Би энэ хүмүүсээс учирсан хохирол, хугацаа алдуулсан талаар нэхэмжлээгүй. 2016 оны 12 сарын 26-ны өдөр болоод 2017 оны 09 сарын 18-ны өдрийн гэрээний дагуу 1.700.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 42.150 төгрөг нийт 1.742.150 төгрөгийг нэхэмжилж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд би Улаанбаатар хотоос хувийн таксинд сууж ирсэн. Тэглээ гээд би Г.Б-с илүү мөнгө нэхээгүй. Бидний дунд байгуулсан хэлцэлийн дагуу 1.700.000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 42.150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: : А эгч манай гражид гэрийнхээ хэдэн тавилгыг тавихаар тохирч түрээслэсэн юм. Гражийн төлбөр мөнгийг А нь эхэндээ цаг тухайд нь төлөөд явдаг байсан боловч дараа нь төлөлтөө хийхээ больсон. Манай эхнэр А эгч гражид байгаа гэрийн тавилгаа зарна гэнээ, гражийн төлбөртөө тооцоод авчих уу? гэхээр нь би тэг, тэг гэж хэлсэн. Намайг эзгүй хойгуур эхнэр маань А эгчийн тавилгыг авчихсан байсан. А эгч гражийн төлбөр тооцооноос эдгээр гэрийн тавилгыг хадгалж байсан түрээсийн төлбөрийг хасах ёсгүй гэж ярьж байна. Эдгээр тавилга чинь манай гражид л хадгалаатай байсан шүү дээ. А эгч уг гэрийн тавилгаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 7 сарын хугацаанд манай гражид түрээслэж тавьсан мөнгөө төлөөгүй байгаа. Би тухайн хашаа байшингаа зарсан нь үнэн. Гэхдээ би А-н нэхэмжилсэн 1.700.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна гэв.

 Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Г.Б-д холбогдуулан 1.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Зохигч нарын хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний эд зүйлийн үнийг нь хоёр удаа хэсэгчилэн төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцжээ.

Хариуцагч Г.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.А-н нэхэмжилсэн 1.700.000 төгрөгийг төлөхийг  хүлээн зөвшөөрч, маргаан гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Г.Б нь өөрийн эзэмшлийн хашаа, байшингаа түрээслэж байсан төлбөрийг суутган тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хасна гэж мэдүүлсэн боловч түрээсийн төлбөр тооцоог нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй, мөн хариуцагч нь өөрийн эзэмшлийн хашаа, байшингаа бусдад худалдсан тул хашаа, байшингийн түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “... хариуцагч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасанчлан хариуцагч Г.Б нь уг эрхээ хэрэгжүүлэн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг нь нотлогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийн 118.1-118.4-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Г.Б-с худалдсан эд зүйлийн үнэ 1.700.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Б.А-т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 42150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-с 42150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгосугай.

3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх  журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Д.Ц