| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0033/И |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 56
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг оршин суух Б овогт С.Э-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд баг оршин суух, Б овогт Ш.Б,
Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, Сүлд баг оршин суух, Б овогт Ч.Б нарт холбогдох,
2.553.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Э миний бие 2014 оны 11 дүгээр сард Ш.Б нь 2.500.000 төгрөг аваад одоог хүртэл өгөхгүй байсаар байна. 2014 онд Э миний бие нөхөр Д.Б-н хамтаар хуучин Н дэлгүүртээ /Б ХХК-ндаа/ 8 нэрийн зөвшөөрөл хөөцөлдөж байхад 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Б нь би 8-н нэрийн зөвшөөрлийг гаргуулж өгье гэж яриад дараахан нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр болох Б нь өөрийн биеэр Н дэлгүүр дээр ирж бэлэн 1.000.000 төгрөгийг надаас бэлэн тоолж аваад явсан. Энэ авсан мөнгийг тэр үед хөтөлж байсан тооцооны дэвтэр дээр өөрийг нь байхад бичиж тэмдэглэж авсан. Тун удахгүй хэд хоногийн дараа Ш.Б нь миний дугаар луу гэсэн дугаараас яриад Захиргааны урд байрлах “У” дэлгүүрийн харалдаа 1.500.000 төгрөг аваад хүрээд ир ажил чинь бүтэж байнаа гэж хэлэн надаас бэлэн тоолж авсан. 2015 он гараад 02 дугаар сард би өөрийн биеэр ажил дээр нь очиж уулзахад малчдаараа хөдөө явах гээд завгүй байна чиний асуудлыг бүтээж байгаа гэсэн хариуг хэлсэн. Үүний дараагаар төрсөн ах С.А-г уулзуулахад 2 хүүхэд оюутан болсон одоохондоо боломжгүй байна би мөнгийг нь мэдэж байгаа өгнө ш дээ гэж хэлүүлсэн байсан. Би Ш.Б-г боломжтой болоод өгөх болов уу гээд өдийг хүртэл удаан хугацаагаар өчнөөн удаа дараа хэлж холбогдож байсан боловч утсаа ч авалгүй хугацаа авч байсан. Саяхан 2018 оны 01 дүгээр сард залгахад бас л утсаа авахгүй байв. Эхнэр болох Б рүү залган мөнгөө авъя одоо надад хэрэгтэй байна гэж хэлэн өөрийгөө танилцуулахад “ Өө би санаж байнаа аль хэдийн Б асуудлыг надад шийдсэн гэж хэлсэн шүү дээ шийдээгүй юмуу Б-гаа учраа ол” гэж хэлсэн. Би та надаас авсан 1.000.000 төгрөгөө өгчихөө би бусдыг нь Б-тай яриад хариу авъя гэсэн. Би Б-тай холбогдоод эргээд хариу хэлье гэж хэлчихээд одоог хүртэл аль аль нь утсаа авахгүй байгаа. Б-н дугаарлуу залгахад тасдаад мессэж бичихээр би чамд өгөхгүй тус болох үедээ тус болсон байх шүү битгий тэнэг орон гаран юм яриад бай гэж доромжилон авсан мөнгөө өгөхгүй байгаа. Бас манай дэлгүүрээс архи, тамхи, ундаа ус зээлж авч нийтдээ 153.000 төгрөг болсноос 100.000 төгрөгийг эхнэр Б-н дансаар миний дансанд хийсэн. Үлдэгдэл 53.000 төгрөгийг өгөөгүй. Нийт 2.553.000 төгрөгөө одоо хүртэл авч чадаагүй байгаа. Одоо 2.553.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Б, Ч.Б нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Б, Ч.Б нар нь С.Э-н нэхэмжлэлийн шаардлагаас 1.553.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоорондоо ярилцсаны үр дүнд С.Э нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийг хасч 1.553.000 төгрөг авна гэснийг хүлээн зөвшөөрч бүрэн барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Ш.Б, Ч.Б нарт холбогдуулан 2.553.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэргийг шүүхэд хянан хэлэлцэх явцад С.Э нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.000.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Ш.Б, Ч.Б нар 1.553.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нар нь ийнхүү нэхэмжлэгчтэй эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Э-н нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Б, Ч.Б нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч С.Э нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1.000.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч Ш.Б, Ч.Б нар нь 1.553.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Э-д төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55.798 төгрөгийн 50 хувь болох 27.899 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, улсын орлогоос буюу тоот данснаас 27.899 төгрөгийг, хариуцагч Ш.Б, Ч.Б нараас 1.553.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж болох 39.798 төгрөгийн 50 хувь болох 19.899 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц