| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0046/И |
| Дугаар | 57 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 57
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг оршин суух Б овогт Г.Ү-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг оршин суух, П овогт Т.Э-д холбогдох,
Орон сууцны түрээсийн төлбөр 189.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ү миний бие нь 2017оны 10 дугаар сарын 14-нөөс 15 мкв бүхий орон сууцаа сарын 160.000 төгрөгөөр түрээслүүлсэн. Мөн түрээслэгч тогны мөнгөө төлөх ёстой. 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 320.000 төлсөн боловч 12 дугаар сарын 14-нөөс 1 сарын 14-ний өдөр хүртэл 1 сарын түрээс 160.000 төгрөг, цахилгааны төлбөр 29.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Нийт 189.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Э миний бие нь Ү нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 189.000 төгрөгийг бүрэн төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ү нь хариуцагч Т.Э-т холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр 189.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 189.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ү-н орон сууцны түрээсийн төлбөр 189.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Э нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.320 төгрөгийн 50 хувь болох 3.160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн тоот данснаас буюу улсын орлогоос 3.160 төгрөгийг, хариуцагч Т.Э-с 3.160 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Ү-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Э нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц