Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 58

 

Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг оршин суух, А овогт Д.Б-н нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг оршин суух, М овогт Б.Х-д холбогдох,

7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б нь Н-той 2008 оноос эхлэн хамтран амьдарч байсан. 2016 оны эхээр Н-н аавтай ярилцаж байгаад 2 хүүхдийнхээ байр авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёр талын эцэг эхүүд 5.000.000 төгрөг тус бүр өгөхөөр болсон. Д.Б миний бие 2016 оны 07 дугаар сард  Замын-Үүд сумын Х банкнаас өндөр хүүтэй 19.000.000 төгрөгийн зээл авч, өөрийн хүү Б-т байр авахад нь урьдчилгаа төлбөртөө зарцуулаарай гэж бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн. Миний хүү Б нь байраа авахаа больсон бөгөөд өөрийн хамтран амьдарч байсан Н-н төрсөн дүү болох Х-д 2016 оны 08 дугаар сард уг 5.000.000 төгрөг дээр нэмж 2.000.000 төгрөгийг нийт 7.000.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлсэн байна. Б.Х нь тухайн үед банкнаас зээл хөөцөлдөж байгаад зээлээ хаагаад буцаагаад зээл авч өгнө гэж хэлж авсан боловч өнөөдрийн хүртэл 7.000.000 төгөргөө өгөхгүй байна. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагынхаа 2.000.000 төгрөгнөөс татгалзаж 5.000.000 төгрөгийг хариуцагч Б.Х-с нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч Б.Х-тай уулзаж ярилцаад эвлэрэхээр шийдвэрлэсэн гэв.

Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б болон өмгөөлөгчтэй ярилцаж тохиролцоод бид эвлэрэхээр болсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 2.000.000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 5.000.000 төгрөгийг миний бие төлөхөөр тохирч шүүхэд тайлбар гаргаж өгсөн байгаа гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь хариуцагч Б.Х-д холбогдуулан 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Б.Х нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын болох 7.000.000 төгрөгний 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 2.000.000 төгрөгнөөс татгалзаж, зохигчид эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х-д холбогдох 7.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагынхаа 2.000.000 төгрөгнөөс татгалзаж,  хариуцагч  Б.Х нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийн 50 хувь болох 63.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын татварын тасгийн тоот данснаас 63.475 төгрөгийг, хариуцагч Х-с 47.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Д.Ц