Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/332

 

 

 

 

 

 

 

    2022           05          02                                       2022/ШЦТ/332

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч О.Доржмаа, иргэний нэхэмжлэгч Б.З, гэрч М.Ц, Д.Ц, хохирогч, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, хохирогч, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Д-ийн Б, М овогт Ц-ын Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110000000689 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “Ай эс ти сайн консалтинг” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Д-ийн Б /РД: /.

 

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Энжинэкс” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, М овогт Ц-ын Б /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зет херо” нэртэй рестораны гадаа талбайд ди жи-гээр ажиллаж байхдаа Ц.Б-ийг хөгжмөө багасга гэж хэлснээс болж, түүний толгойд шар айрагны шилэн аягаар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар, дагзны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

         

Шүүгдэгч Ц.Б нь мөн өдөр тухайн газар гадаа талбайд үйлчлүүлж байхдаа Д.Б-ыг толгой руу нь пивоны шилэн аягаар цохилоо гэж газар хэвтэж байхад нь хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт, зулгарал, баруун эгэмний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

Иргэний нэхэмжлэгч Б.З: “...2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Зайсан хилд байрлалтай ресторанд эгч, дүү болон хоёр найзтайгаа оройн хоол идэхээр очсон, манай эгч дүү нар 17 цаг гэхэд очсон, би ажлаа тараад 18 цаг 30 минутад очсон. Ресторанд ороод цэс хараад сууж байхад тухайн газар хөгжмөө маш чангаар тавьсан байсан. Манай эгч жирэмсэн, 5 сартай байсан учир бид нар дуугаа ямар чанга тавьсан юм бэ гэж ярьж байсан. Би хоцорч ирсэн болохоор тухайн асарны хамгийн наана сууж байсан, намайг ороод 5 минутын дараа миний хөл дээр том бакалны шил унасан, тэгээд миний хөлнөөс цус гараад тогтохгүй байсан. Тухайн үед энэ хоёр хүний царайг хараагүй, гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд DJ нь намайг шууд бусаар цохисон болж таарсан. Миний цус тогтохгүй болохоор анхны тусламж үзүүлж өгөөч гэж ресторанаас хүссэн. Намайг гэмтээсэн хүнийг 103 дуудаж өгөх болов уу гэж бодоход надад ямар ч тусламж үзүүлээгүй, би тэнд 20 орчим минут цусаа гоожуулаад сууж байсан. Сүүлд Ц.Б ирж миний хөлийг салфетикаар боож өгсөн, 103 дуудаж, 20 орчим минутын дараа түргэний машин ирж цусыг нь одоо тогтоохгүй бол болохгүй гэж хэлээд түргэний машин дотор 5 оёдол тавиулсан. Тухайн үед алхаж чадахгүй, 2 талд манай эгч дүү нар тулаад явсан. Би Д.Быг уучлалт гуйхгүй, хүний үнэргүй юм бэ гэхэд эвгүй үгээр доромжилсон байдалтай байсан. Түргэний машин ирсний дараа Д.Бын нүүр нь их улайсан, хохь чинь, чиний хохь гээд над руу салаавч гаргасан. Тухайн өдөр энэ хүнийг эрүүл бус байна гэж бодсон. Миний бодлоор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу, эсхүл мансууруулах бодис хэрэглэсэн байх гэж бодсон. Яагаад гэвэл энгийн хүн хохирол учруулчхаад тийм үйлдэл үзүүлэхгүй гэж бодож байна. Миний санахад хохироосон хүний найз охин саарал Range rover маркийн машинтай ирчхээд тухайн хохироосон хүнийг өмгөөлж болох болохгүй үгээр доромжилсон. Тухайн үед анхны тусламж аваад эгч дүү нар маань Хан-Уул дүүргийн цагдаад аваачиж өгсөн. Шүүх эмнэлэгт очиж хохирлоо тогтоолгосон. Миний хувьд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, хуулийн мэдлэггүй, 2-3 удаа мэдүүлэг өгсөн, өмнөх шүүх хуралдаан болох үеэр дуудах байх гэж бодсон. ...Би Ц.Бийн утсыг мэдэж байсан тул шүүх хурал болсон уу? юу болсон бэ? гэж асуухад шүүх хуралд чи хохиролгүй гэж хэлсэн юм биш үү, хурал болоод дууссан, чи 160,000 төгрөгийн хохирол учруулсан байсныг төлж барагдуулсан гэж хэлсэн гэж байсан. Миний хувьд энэ талаар сонсоод шүүх рүү холбогдож, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаад өмгөөлөгчид хандаж энэ талаар асууж гомдол гаргасан. Миний хувьд хоёр ажил хийдэг маш завгүй хүн, Нэгдсэн Үндэсний байгууллагад ажилладаг тул өнөөдөр шүүх хуралд суух гэж ажлаа хаяад ирсэн, өдрийн 220,000 төгрөгийн цалин авдаг, энэ мөнгөө хаяад ирсэн тул одоо хүртэл хохирч байна, гоо сайхнаараа хохирсон, маш муухай сорвитой болсон. Зун болж байхад хөлөө гаргаж хувцаслаж чадахгүй, эмнэлгээр явахад лазераар бүрэн арилахгүй, тухайн сорви бүдгэрнэ, хамгийн багадаа 6 удаа лазер эмчилгээнд орж байж бүдгэрнэ, хагалгаанд ороод зүсүүлж авах боломжгүй гэж хэлсэн. Миний хувьд завгүй хүн тул Д.Быг уучлалт гуйж хохирол барагдуулах байх гэж 10 сар хүлээсэн, ...давж заалдах шатны шүүх дээр очихын өмнө Д.Бын өмгөөлөгч над руу залгаад 160,000 төгрөгийг өгнө, дансаа өгчих гэсэн байдалтай ярьсан. Би юу гэж 160.000 төгрөг дээр та нартай зууралдах вэ, өчнөөн зүйл алдсан хүн тул тодорхой хэмжээгээр хохирол барагдуулж өгнө үү гэж боломжийн үнийн дүн хэлж, хохирлоо тайлбарлаж хэлэхэд хүлээн зөвшөөрөөгүй. Шүүх хуралдаанд гомдол барагдуулсан гэж худал хэлснийг гайхаж байна. Нийт 2,496,000 төгрөгөөр хохирсон, миний сэтгэл зүй, гоо сайхныг хэзээ ч, хэн ч хэмжих боломжгүй, ...2.496.000 төгрөгт 6 удаагийн лазерт орох эмчилгээний төлбөр багтсан, эмчид 40,000 төгрөгөөр үзүүлсэн, ойролцоогоор 150,000 төгрөгөөр эм авч уусан, тэр талаар баримтаа хадгалаагүй. Хагас сайн өдөр зуны зугаалгад явах ёстой байсан тул түүндээ явж чадаагүй, зугаалгад явна гэж 90,000 төгрөгийг төлсөн байсан баримтаа хавсаргасан. Тухайн үед хагас, бүтэн сайнд гэртээ өнжөөд нэг дэх өдөр шүүх эмнэлгээр явж байгаад 5 өдөр ажилдаа яваагүй. 580,000 төгрөгийн цалин болж байгаа. Бусад жижиг зардал зөндөө гарсан. Нийт 2,490,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Гэрч М.Ц: “...Холбоочдын 100 жилийн баяр болж байсан, Ц.Б шилэн аягаар нэг пиво уусан, ...намайг ширээ тойроод гараад ирэхэд захирлын араас нэг хүн далайгаад ирж байхаар нь араас чинь гэж би хоёр гараараа зааж хэлэхэд сонсоогүй, тэгсэн захирлын ардаас цохисон, би цохисон хүний урдаас нь гүйж очоод түрж унахад миний гэдэс дээр ойгоод унасан. ...Д.Б согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй, хүүхэн хараа нь томорсон мансуурлын байдалтай байсан. ...Ц.Б Бадралыг цохисон эсэхийг хараагүй, богино хугацаанд болсон...” гэв.

 

Гэрч Д.Ц: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр би хоёр найз охинтойгоо, эгчтэйгээ хамт хоол идэхээр болж, тухайн газар очоод хоол идээд юм яриад сууж байхад тухайн газрын хөгжим их чанга байсан, хөгжим их чанга байна, жоохон суллачих гэж зөөгчөөр хэлүүлэхэд аяа суллахгүй байсан. Хажуу талын ширээнээс цагаан цамцтай ах зөөгчид шаардлага тавихад аяа суллаагүй, би нэг очдог юм бил үү гэж бодож байхад Ц.Б очоод аяа суллачих гэж хэлэхэд чадахгүй гэж хэлж байсан, чи адилхан эр хүн байж гээд бие рүү нь нудраад эргэж хараад явж байхад DJ залуу өөрийнхөө уусан пивоны шилэн аягаар толгой руу нь хүүе гэхийн завдалгүй цохисон. Манай найзын хөл нь зүсэгдсэн байсан...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Д.Б: “...Тухайн үед болсон зүйлд миний талаас хэлсэн зүйл үнэн тул хэлэх зүйлгүй, ийм зүйл болсонд харамсаж байна. Миний зүгээс тухайн өдөр түрээсээр артистаар тоглоод ажлаа хийж байхад 2-3 удаа ирж хэл амаар доромжилсон. Над руу гар хүрэх гээд байсан, би гар хүргээгүй, зодоон болох өдөөн хатгалгыг өөрөө эхэлсэн. Миний биед нүүр, хүзүү, эгэмд хэд хэдэн удаа өшиглөсөн. Уг гэмтэлтэй холбогдуулан гоо сайхны мэс засалд орох, лазер эмчилгээнд орох шаардлагатай болсон тул хохирол нэхэмжилж байна. Хохиролтой холбоотой баримтыг хэргийн материалд хавсаргасан. Нүүрэндээ гэмтэл авснаас болж 14 хоног ажлаа хийж чадаагүй, мөн бусад эмчилгээтэй холбоотой зардал нийт 5.240.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эсрэг талаас хохирол барагдуулж өгвөл нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Ц.Б: “...Тухайн үед би Д.Бд хөгжмөө суллаач гэж хэлээд буцаад явж байхад М.Ц өөдөөс гараа даллаад байхаар нь би ойлгоогүй, гэтэл миний араас цохиход тэнцвэр алдаад унасан, хүмүүс орилоод байсан. Бичлэгийг цагдаагийн ахмад мөрдөгч Адилбаатар энэ үйлдлийг та хийсэн гэж үзүүлэх хүртэл үйлдлээ санахгүй мэдэхгүй байсан. Зөвхөн нэг удаа нүүрэн тус газар нь өшиглөсөн бичлэгийг гар утсан дээрээс надад үзүүлсэн. Би тэр талаар санахгүй байгаа, тийм үйлдэл хийсэн бичлэг байгаа тул үгүйсгэхгүй гэж хэлсэн. Д.Бын биед хэд хэдэн газар хөхрөлт үүссэн зургууд байсныг байцаагч надад үзүүлж байсан. Миний хийсэн үйлдэл нь нэг удаагийн үйлдэл. Гэмтэл нь олон удаагийн үйлдлээр гэж байгаа тул тухайн хүнд учирсан гэмтлүүд нь бүгд миний учруулсан үйлдэл биш. Чанга яригч унасан байсан гэж гэрчүүд мэдүүлсэн байсан. Түүгээр цохигдсон байх, муугаар бодоход санаатайгаар өөртөө учруулсан байх магадлалтай. Яагаад гэвэл цагдаа дээр очиход зураг авхуулж, өөрийн хийсэн гэмт үйлдлээ харилцан зодоон болгож төлөвлөсөн байх магадлалтай гэж үзэж байна. Миний хувьд зодоон болоход эмч ирээд тусламж үзүүлсэн, би Б.Зын шархийг боож өгсөн. Б.Зыг хэл амаар доромжилсон гэж тухайн үед хэлж байсан. 103-ын эмч ирсний дараа хохирсон хүмүүс бүгд эмнэлгийн тусламж авахад Д.Б эмнэлгийн тусламж аваагүй. Үүнийг үндэслэн хохирсон эсэхэд эргэлзээ төрж байгаа. Залуу хүмүүс байна, өмгөөлөгчөөрөө дамжуулаад уучлалт гуйх юм бол гомдол гарахгүй гэж хэлсэн, одоо болтол уучлалт гуйгаагүй, хохирол барагдуулаагүй тул Д.Быг энэ хэрэгт гэмшээгүй байна гэж ойлгож байгаа. Прокурор О.Доржмаа 2021 оны 9 сард надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болсон талаар хэлсэн. Надад хөндлөн хонхорхой үүссэн, цаашид ямар үр дагавар үүсэхийг хэлж мэдэхгүй байна. Ирээдүйд ямар нэгэн байдлаар эмчлүүлэх шаардлагатай бол шүүхийн тогтоолд тодорхой тусгуулах саналтай байна. Д.Бын намайг алахыг завдсан үйлдэлд хамт яллагдагчаар татагдан хамт нэг ширээний ард сууж байгаад харамсаж байна. Миний нэр төрийг сэргээн цагаатгаж, учирсан хохирлыг барагдуулж өгнө үү. Д.Баас нийт 4,954,298 төгрөгийг нэхэмжилж байна, үүнд эмчилгээ оношилгоонд 426,520 төгрөг, 7 дугаар сарын 25-аас 7 дугаар сарын 30-ны хооронд ажиллах боломжгүй байсан тул 1,527,778 төгрөг, өмгөөллийн хөлс 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны орой 20-оос 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан Хилл ресторанд хамт олноороо холбоочдын баяр тэмдэглээд үйлчлүүлж байхдаа хөгжим маш чанга дуугараад байсан. Хажууд байсан үйлчлүүлэгч нар бас хөгжмөө багасгах талаар хүсэж байсан. Тэгээд энэ талаар DJ хийж байсан 30 орчим насны урт үстэй эрэгтэй дээр би өөрөө очоод хөгжмөө багасгаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу чадахгүй пизда минь гэх мэтээр уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би эргэж хараад сууж байсан ширээ рүүгээ алхаж явахад ширээн дээр сууж байсан манай ажлын газрын Цэрэннадмид ах хоёр гараа алдлаад өөдөөс гүйхээр нь гайхаад эргэж харж амжаагүй байхад миний толгойн ар хэсэгт хатуу зүйлээр маш хүчтэй цохисон. Тэгээд би тэнцвэр алдаад 2-оос 3 алхсан байх эргээд харахад намайг тэр баарны DJ цохисон хагархай пивоны бакал гартаа барьсан газар хэвтэж байсан. Тэгээд рестораны хүмүүс ирээд намайг ширээнд суулгаад цагдаа дуудсан. ...Хажуу ширээнд сууж байсан нэг эмэгтэй хөл зүсэгдсэн байна гэхээр нь тус эмэгтэйн хөлийг боож өгсөн..” /хавтас хэргийн 18-20, 21-22 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ...урилгаар хөгжим тоглохоор З терра ресторанд очсон. Тэгээд 18 цагийн үед хөгжмөө тоглоод байж байхад тухайн газрын менежер албан байгууллагаас хүмүүс хүсэлт тавьсан хөгжмөө аяархан болгочих гэхээр нь хөгжмөө аяархан болгосон. ...Удалгүй 20 орчим минутын дараа менежер ирээд одоо хөгжмөө чангалж болно гэхээр нь хөгжмөө чангалсан. ...тэрнээс хойш 20 минутын дараа баруун талын 5 дахь асар дотор сууж байсан ягаан цамцтай 40 насны ах хүрч ирээд хөгжмөө аяархан болго гэж тушаасан, тэгэхэд нь тайлбарлаад өнөөдөр энд арга хэмжээ болж байна, хөгжим чанга байвал та дотор ороод сууж болно гэж хэлсний дараагаар тус ах чи муу тэнэг бацаан гэж хэлэхэд нь би чимээгүй юм хэлээгүй хөгжмөө тоглоод байж байхад буцаад ширээн дээрээ очоод суусны дараа тус ширээнээс өөр нэг ах 20 минутын дараа ирээд хөгжмөө аяархан болгох шаардлага тавихаар нь өмнөх тайлбараа хэлээд доошоо хараад хөгжмөө үргэлжлүүлээд тоглоход миний шанаа руу нэг удаа цохихоор нь гайхаад ...өөрийнхөө реакцаар хөгжим байрлаж байсан ширээн дээрх бакалаар толгойных нь ар хэсэгт нэг удаа цохисон. ...Тэгсэн чинь ширээн дээр сууж байсан намхан ойролцоо насны хүн гарч ирээд намайг унагаад цохиулсан ахтай нийлээд нүүр хүзүү хэсэг рүү өшиглөсөн. ..Цохиулсан ахтай хамт явж байсан намхан ах ирээд түлхэж унагаад өшиглөсөн, цохиулсан ах цээж рүү өшиглөсөн. .....” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Б гэх хүний үйлдлээс болоод зүүн шилбэ зүсэгдэж 5 ширхэг оёдол тавьж сорив үлдэж гоо сайхнаараа хохирсон. Цаашид соривоо эмчлүүлэх, эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно. Тухайн үед эмийн зардал 150,000 төгрөг болсон, 5 хоног ажилдаа явж чадаагүй 5 өдрийн цалингаа мөн адил нэхэмжлэх болно...” /хавтас хэргийн 35 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ...цагаан цамцтай намхандуу бондгор ах DJ дээр очоод дуугаа жоохон суллаач гэж хэлэх шиг болоод ширээн дээр суухад нөгөө DJ дуугаа улам чангалсан. ...Удалгүй тэр ширээний нэг цагаан цамцтай хар өмдтэй өндөр ах DJ рүү явахаар нь аяыг нь жоохон суллуулъя гэж бодоод араас нь алхаад явж байхад нөгөө ах DJ-н мөр лүү нь хальт түлхчихээд буцаад явсан чинь DJ залуу ширээнийхээ араас тойроод гүйж гарч ирээд ширээн дээрээ байсан хоосон пивоны бакал аваад миний хажуугаар гараад нөгөө ахын араас толгойных нь ар дагз руу цохисон. Бакал нь хагарч бутрахад гарт нь хагарсан бакалны бариул байсан бөгөөд нөгөө ах толгойгоо бариад ёооё гээд эргээд харахад DJ дахиад хагарсан бакалны бариултай шилтэй гараараа далайхад нөгөө ах гарыг нь хальт бариад шууд цаашаа түлхэхэд нөгөө DJ залуу хойшоо өсгөгч налаад хажуу тийшээ унасан. Тэгэхэд бакалны шилээр цохиулсан ахын найз нар ширээн дээрээс босож ирээд найз дээрээ нэг нь очоод нөгөө хоёр нь DJ дээр очих үед DJ найз нар гэх хүмүүс бас ирээд боль боль гээд хоорондоо юм яриад зогсож байсан. Тэгээд би сууж байсан асар дээрээ очиход Б.Зын хөл зүсэгдсэн байсан...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн,

 

Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Баясгалантөгс би нэг очиж хэлж үзье гээд явсан, ...захирал наашаа алхаж байхад DJ залуу ширээгээ тойрч гараад ширээн дээрээ байсан пивоны бакалаа  аваад араас нь гүйж ирээд толгой руу нь цохисон. Тэгэхэд нь би захирал руу араас чинь гэж орилоод гараа өргөхөд ойлгохгүй над руу хараад байхаар нь урдаас нь гүйгээд очиж бакалаар толгой руу нь цохиход нь зөрөөд барьж авах гээд тэврээд цаашаа болгоход газарт бөгсөөрөө унаад босохоор нь би буцаж захирал руу яваад очсон. ...Би тухайн залууг цохиж зодоогүй, би өөрөө хүнд жинтэй учраас захирал Баясгалантөгсийг DJ гэх залуу цохих үед нь хараад хамгаалах гээд зөрж гүйж эрчээрээ тэвэрч авахад цаашаа гэдсэнд ойгоод бөгсөөрөө суугаад унасан. ...Босож  ирэхэд нь гарт нь бакалны хагархай бариул байхаар нь гараас нь барьж салгаад гараа алдлаад урдаас нь зогссон...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.Дашдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Баясгалантөгс DJ дээр очиж хэлчхээд ирье гээд яваад удалгүй пис, пас гээд чимээ гарахаар нь асраас гараад харахад манай хүн толгойгоо бариад зогсож байсан, цохисон залуу нь өсгөгчийн хажууд унасан байхаар нь Баясгалантөгс дээр очоод майхан руугаа явсан...” /хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Э.Мөнхтулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “..захирал Ц.Б би очиж хэлчхээд ирье гээд асраас гараад явсан. Удалгүй байж байхад түс тас гээд чимээ гарахаар нь бид нар асраасаа гараад харахад толгойгоо бариад ирсэн. Тэгэхэд хажуу асрын эмэгтэйн хөл нь зүсэгдсэн байсан бөгөөд захирлын толгойноос жоохон цус шүүрч байхаар нь асар руу оруулах үед DJ залуугийн найз нөхөд нь орилоод муусайн хөгшчүүл гээд байсан...” /хавтас хэргийн 48-49 дэх тал/ гэсэн,

 

Шинжээч Ч.Эрдэмболор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Бын биед баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал шанаанд цус хуралт, зулгаралт, зүүн гарын алганы эрхий хуруу талын төвгөрт шарх, баруун эгмийн хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт зулгаралт болон зүүн гарын алганы шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эгмийн цус харалт тохойн зулгаралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг 30 минутын үед Зайсан Хилл З терра ресторанд хөгжим тоглож байхад Баясгалантөгс гэх залуу намайг хөгжмөө багасга гэхээр нь уучлаарай боломжгүй гэж хэлсний хариуд баруун шанаанд нэг удаа цохисон. ...Тухайн үед сандарсандаа болоод ширээн дээр байсан гарт таарсан зүйлээ аваад Баясгалантөгсийн араас толгойн дагз хэсэгт пивоны бакалаар нэг удаах цохиход цаанаас нь нэг хүн ирээд намайг түлхэж унагаагаад цээж хүзүү баруун шанаанд нүдний хажууд өшиглөсөн...” /хавтас хэргийн 105-106 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ...хөгжмөө багасгахгүй байхаар нь би би DJ дээр очоод хөгжмөө жоохон султгаад өгөөч гэж хэлэхэд үгүгй гэхээр нь хүмүүс ярьж чадахгүй байна гэж шаардангуй хэлэхэд зүй бус үгээр доромжлохоор нь баруун гараараа зангаад өнгөрсөн. Тэгээд буцаад рестораныхаа зохион байгуулагчтай уулзах гээд алхаж байхад өөдөөс Цэрэннадмид ах гараараа даллаад орилоод байх шиг байхаар нь яагаад байгаа бол гэж бодтол араас дагз хэсэг рүү нэг зүйл түс буугаад явчихсан, ...манараад толгой дараад байж байгаад эргээд харахад  DJ залуу хамт явж байсан хүмүүс ирээд намайг хэл амаар доромжлоод хэвийн бус харагдаж байсан. Миний толгой дээр шилний үртэс болсон цус шүүрч байсан бөгөөд хажуу ширээний нэг хүний хөл зүсэгдсэн байсан. ...Би өшиглөсөн эсэхээ санахгүй байна, толгой руу хүчтэй цохиулсан байсан учраас манараад юу болсон талаар мэдэхгүй байна...” /хавтас хэргийн 112-114 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн №6664 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Бийн биед тархины доргилт, зулайн ар, дагзны дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 4, 5, 9. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. 7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй.

8. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хавтас хэргийн 51-52 дахь тал/ гэсэн,

 

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №659 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6664 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орох гэмтэл нэмэлт шинжилгээгээр тогтоогдсонгүй...” /хавтас хэргийн 142-143 дахь тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №6675 дугаартай дүгнэлтэд: “...1. Б.Зын биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. 4. 5. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэг, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

8.9 Тухайн гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №6653 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 7 Д.Бын биед баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт, зулгаралт, зүүн гарын алганы эрхий хуруу талын төвгөрт шарх, баруун эгмийн хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 5 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.8.9 Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 73-78 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 118-122, 137-139 дэх тал/,

- Шүүгдэгч Д.Б, Ц.Б нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 87, 99 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 90, 100 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 82, 95 дахь тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 93 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 125 дахь тал/ ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 134 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зет херо” нэртэй рестораны гадаа талбайд хөгжим тоглуулагчаар ажиллаж байхдаа Ц.Бийг хөгжмөө багасга гэж хэлснээс болж түүний толгойд шар айргийн шилэн аягаар нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар, дагзны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Б нь мөн өдөр тухайн газар гадаа талбайд үйлчлүүлж байхдаа Д.Быг толгой руу нь пивоны шилэн аягаар цохилоо гэж газар хэвтэж байхад нь хөлөөрөө нүүрэнд нь өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт, зулгарал, баруун эгмийн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ц.Бийн “...Зайсан Хилл ресторанд хамт олноороо холбоочдын баяр тэмдэглээд үйлчлүүлж байхдаа хөгжим маш чанга дуугараад байсан. Хажууд байсан үйлчлүүлэгч нар бас хөгжмөө багасгах талаар хүсэж байсан. Тэгээд энэ талаар DJ хийж байсан 30 орчим насны урт үстэй эрэгтэй дээр би өөрөө очоод хөгжмөө багасгаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу чадахгүй пизда минь гэх мэтээр уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би эргэж хараад сууж байсан ширээ рүүгээ алхаж явахад ширээн дээр сууж байсан манай ажлын газрын Цэрэннадмид ах хоёр гараа алдлаад өөдөөс гүйхээр нь гайхаад эргэж харж амжаагүй байхад миний толгойн ар хэсэгт хатуу зүйлээр маш хүчтэй цохисон. Тэгээд би тэнцвэр алдаад 2-оос 3 алхсан байх эргээд харахад намайг тэр баарны DJ цохисон хагархай пивоны бакал гартаа барьсан газар хэвтэж байсан...” /хавтас хэргийн 18-20, 21-22 дахь тал/ гэсэн, хохирогч Д.Бын “...Ширээн дээр сууж байсан намхан ойролцоо насны хүн гарч ирээд намайг унагаад цохиулсан ахтай нийлээд нүүр хүзүү хэсэг рүү өшиглөсөн. ...Цохиулсан ахтай хамт явж байсан намхан ах ирээд түлхэж унагаад өшиглөсөн, цохиулсан ах цээж рүү өшиглөсөн...” /хавтас хэргийн 25-26 дахь тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Зын “...Д.Б гэх хүний үйлдлээс болоод зүүн шилбэ зүсэгдэж, 5 ширхэг оёдол тавьж, сорив үлдэж, гоо сайхнаараа хохирсон. Цаашид соривоо эмчлүүлэх, эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно. Тухайн үед эмийн зардал 150,000 төгрөг болсон, 5 хоног ажилдаа явж чадаагүй 5 өдрийн цалингаа мөн адил нэхэмжлэх болно...” /хавтас хэргийн 35 дахь тал/ гэсэн, гэрч Д.Цын “...Цагаан цамцтай намхандуу бондгор ах DJ дээр очоод дуугаа жоохон суллаач гэж хэлэх шиг болоод ширээн дээр суухад нөгөө DJ дуугаа улам чангалсан. ...Удалгүй тэр ширээнд сууж байсан цагаан цамцтай хар өмдтэй өндөр ах DJ рүү явахаар нь аяыг нь жоохон суллуулъя гэж бодоод араас нь алхаад явж байхад нөгөө ах DJ-н мөр лүү нь хальт түлхчхээд буцаад явсан чинь DJ залуу ширээнийхээ араас тойроод гүйж гарч ирээд ширээн дээрээ байсан хоосон пивоны шилэн аяга аваад миний хажуугаар гараад нөгөө ахын араас толгойных нь ар дагз руу цохисон. Шилэн аяга хагарч бутрахад гарт нь хагарсан шилэн аяганы бариул байсан бөгөөд нөгөө ах толгойгоо бариад ёооё гээд эргээд харахад DJ дахиад хагарсан шилэн аяганы бариултай шилтэй гараараа далайхад нөгөө ах гарыг нь хальт бариад шууд цаашаа түлхэхэд нөгөө DJ залуу хойшоо өсгөгч налаад хажуу тийшээ унасан...” /хавтас хэргийн 38-39 дэх тал/ гэсэн, гэрч М.Цын “...Хөгжмөө багасга гэж хэлье гээд Баясгалантөгс явсан, ...захирал наашаа алхаж байхад DJ залуу ширээгээ тойрч гараад ширээн дээрээ байсан пивоны шилэн аяга аваад араас нь гүйж ирээд толгой руу нь цохисон. Тэгэхэд нь би захирал руу араас чинь гэж орилоод гараа өргөхөд ойлгохгүй над руу хараад байхаар нь урдаас нь гүйгээд очиж шилэн аягаар толгой руу нь цохиход нь зөрөөд барьж авах гээд тэврээд цаашаа болгоход газарт бөгсөөрөө унаад босохоор нь би буцаж захирал руу яваад очсон. ...Би тухайн залууг цохиж зодоогүй, би өөрөө хүнд жинтэй учраас захирал Баясгалантөгсийг DJ гэх залуу цохих үед нь хараад хамгаалах гээд зөрж гүйж эрчээрээ тэвэрч авахад цаашаа гэдсэнд ойгоод бөгсөөрөө суугаад унасан...” /хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн, гэрч Э.Дашдоржийн “...Баясгалантөгс DJ дээр очиж хэлчхээд ирье гээд яваад удалгүй пис, пас гээд чимээ гарахаар нь асраас гараад харахад манай хүн толгойгоо бариад зогсож байсан, цохисон залуу нь өсгөгчийн хажууд унасан байхаар нь Баясгалантөгс дээр очоод майхан руугаа явсан...” /хавтас хэргийн 45-46 дахь тал/ гэсэн, гэрч Э.Мөнхтулгын “...Захирал Ц.Б би очиж хэлчхээд ирье гээд асраас гараад явсан. Удалгүй байж байхад түс тас гээд чимээ гарахаар нь бид нар асраасаа гараад харахад толгойгоо бариад ирсэн...” /хавтас хэргийн 48-49 дэх тал/ гэсэн, шинжээч Ч.Эрдэмболорын “...Д.Бын биед баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал шанаанд цус хуралт, зулгаралт, зүүн гарын алганы эрхий хуруу талын төвгөрт шарх, баруун эгмийн хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт зулгаралт болон зүүн гарын алганы шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин эгмийн цус харалт тохойн зулгаралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Д.Бын “...Зайсан Хилл З терра ресторанд хөгжим тоглож байхад Баясгалантөгс гэх залуу намайг хөгжмөө багасга гэхээр нь уучлаарай боломжгүй гэж хэлсний хариуд баруун шанаанд нэг удаа цохисон. ...Тухайн үед сандарсандаа болоод ширээн дээр байсан гарт таарсан зүйлээ аваад Баясгалантөгсийн араас толгойн дагз хэсэгт пивоны шилэн аягаар нэг удаа цохиход цаанаас нь нэг хүн ирээд намайг түлхэж унагаагаад цээж хүзүү баруун шанаанд нүдний хажууд өшиглөсөн...” /хавтас хэргийн 105-106 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ц.Бийн “...Хөгжмөө багасгахгүй байхаар нь би би DJ дээр очоод хөгжмөө жоохон султгаад өгөөч гэж хэлэхэд үгүй гэхээр нь хүмүүс ярьж чадахгүй байна гэж шаардангуй хэлэхэд зүй бус үгээр доромжлохоор нь баруун гараараа зангаад өнгөрсөн. ...Би өшиглөсөн эсэхээ санахгүй байна, толгой руу хүчтэй цохиулсан байсан учраас манараад юу болсон талаар мэдэхгүй байна...” /хавтас хэргийн 112-114 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №6664 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Ц.Бийн биед тархины доргилт, зулайн ар, дагзны дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 51-52 дахь тал/ гэсэн,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны №659 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 6664 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орох гэмтэл нэмэлт шинжилгээгээр тогтоогдсонгүй...” /хавтас хэргийн 142-143 дахь тал/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №6675 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.Зын биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, ирмэг, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №6653 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.Бын биед баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт, зулгаралт, зүүн гарын алганы эрхий хуруу талын төвгөрт шарх, баруун эгмийн хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 73-78 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд учирсан “...тархины доргилт, зулайн ар, дагзны дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Бын түүнийг шар айргийн шилэн аягаар цохисон үйлдлийн улмаас, хохирогч Д.Бын эрүүл мэндэд учирсан “...баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт, зулгаралт, зүүн гарын алганы эрхий хуруу талын төвгөрт шарх, баруун эгмийн хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.Бийн түүнийг газарт унасан байх үед нь өшиглөсөн санаатай идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч нарын өөр хоорондоо зодолдож, нэг нэгийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Ц.Б, Д.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, шүүгдэгч Ц.Бийн үйлдэл хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Харин шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэгт үйлдэгдсэн нөхцөл, сэдэлт, зорилго зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд “...тархины доргилт, зулайн ар, дагзны дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт...” бүхий хөнгөн, иргэний нэхэмжлэгч Б.Зын эрүүл мэндэд “...зүүн шилбэнд шарх...” бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд “...биед баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал, шанаанд цус хуралт, зулгаралт, зүүн гарын алганы эрхий хуруу талын төвгөрт шарх, баруун эгмийн хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Б.З гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид хийлгэх эмчилгээний зардал 2,496,000 төгрөг, хохирогч Ц.Б эмчилгээ оношилгооны төлбөр 426,520 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,527,778 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг нийт 4,954,298 төгрөг, хохирогч Д.Б эмчилгээний төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөлөгчийн хөлс нийт 5,240,000 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилсэн болно.

Үүнээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд иргэний нэхэмжлэгч Б.Зын эмнэлэгт үзүүлсэн төлбөр 40,000 төгрөг /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/, хохирогч Ц.Бийн эмчилгээ оношилгоонд зарцуулсан төлбөр 426,520 /хавтас хэргийн 118-122 дахь тал/, хохирогч Д.Бын эмчилгээ оношилгоонд зарцуулсан төлбөр 290,912 /хавтас хэргийн 137-139 дэх тал/ төгрөгийг тус тус гэм буруутай этгээдүүдээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Хохирогч Д.Бын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөг, хохирогч Ц.Бийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох учир нь Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид “өмгөөллийн хөлс” гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд ЭХХШТХ-д заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир хохирогч нарын өмгөөллийн зардлын 1,500,000 төгрөг, 3,000,000 төгрөгийн шаардлагыг шүүх хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, ...өмгөөлөгчид төлөх зардал” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох бөгөөд 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заасан нь өөрийн зардлаар өмгөөлөгч авах боломжгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн зардлыг төр хариуцсан тохиолдолд гэм буруутай этгээдээс гаргуулахаар заасан зохицуулалт юм.

Иргэний нэхэмжлэгч Б.Зын нэхэмжлэлээс сорвио лазерт орж эмчлүүлэх төлбөр 2,456,000 төгрөг, хохирогч Д.Б, Ц.Б нарын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтууд нь бүрэн биш, хуулийн шаардлага хангахгүй баримтууд байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Б.З, хохирогч Ц.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн нотлох баримтаа тус тус бүрдүүлэн шүүгдэгч Д.Баас, хохирогч Д.Б ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Бөөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2110000000689 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Б, Ц.Б нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Б “...Араас цохиход тэнцвэр алдаад унасан, ...өшиглөж байгаа бичлэгийг цагдаагийн ахмад Адилбаатар надад үзүүлсэн ....энэ үйлдлийг хийсэн гэж бичлэгийг үзүүлэх хүртэл санахгүй байсан. ...Миний хийсэн үйлдэл нэг удаагийн үйлдэл, гэмтэл олон удаагийн үйлдлээр гэж байгаа тул миний үйлдлээс учраагүй. ...Миний нэр төрийг сэргээн цагаатгаж, учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар: “...Араас нь цохисноос хойш 3-6 секундийн  хугацаанд өшиглөх үйлдэл хийсэн. ...Хүчтэй цохилт, гэнэтийн довтолгооны улмаас Ц.Б сэтгэл санааны цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж өөрийн үйлдлээ хянан чадвараа алдсан үедээ түүнийг өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй тул ...Ц.Бийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тус тус мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 73-78 дахь тал/, хохирогч Д.Бын “...өөр нэг ах 20 минутын дараа ирээд хөгжмөө аяархан болгох шаардлага тавихаар нь өмнөх тайлбараа хэлээд доошоо хараад хөгжмөө үргэлжлүүлээд тоглоход миний шанаа руу нэг удаа цохихоор нь гайхаад ...өөрийнхөө реакцаар хөгжим байрлаж байсан ширээн дээрх шилэн аягаар толгойных нь ар хэсэгт нэг удаа цохисон. ...Цохиулсан ахтай хамт явж байсан намхан ах ирээд түлхэж унагаад өшиглөсөн, цохиулсан ах цээж рүү өшиглөсөн...” гэсэн, шинжээч Ч.Эрдэмболорын “...Д.Бын биед баруун шанаа, эрүүний баруун булан хэсгийн зөөлөн эдийн няцрал шанаанд цус хуралт, зулгаралт, зүүн гарын алганы эрхий хуруу талын төвгөрт шарх, баруун эгмийн хэсэгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Баруун шанаа эрүүний зөөлөн эдийн няцрал цус хуралт зулгаралт болон зүүн гарын алганы шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн Б, М овогт Ц-ын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Б, Ц-ын Б нарыг тус бүр 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын  биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б /РД:, тоотод оршин суух хаягтай/-с 466,520 /дөрвөн зуун жаран зургаан мянга таван зуун хорин/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Б /РД:, тоотод оршин суух хаягтай/-т 426,520 /дөрвөн зуун жаран зургаан мянга таван зуун хорин/ төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч Б.З /РД:, тоотод оршин суух хаягтай/-д 40,000 /дөчин мянган/ төгрөгийг, 

шүүгдэгч Ц.Бөөс 290,912 /хоёр зуун ерэн мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б /РД:, тоотод оршин суух хаягтай/-д   тус тус олгож,

хохирогч, шүүгдэгч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг, хохирогч, шүүгдэгч Ц.Бийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 /гурван сая/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Б, Ц.Б, иргэний нэхэмжлэгч Б.З нар нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний нэхэмжлэгч Б.З шүүгдэгч Д.Баас, хохирогч Д.Б шүүгдэгч Ц.Бөөс, хохирогч Ц.Б шүүгдэгч Д.Баас тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн 2110000000689 дугаартай хэрэгт хэргийн хамт хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт үлдээж, хэрэгт өөрөөр эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Б, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б, Ц.Б, иргэний нэхэмжлэгч Б.З нар гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР