Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00058

 

“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00717 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1264 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч: “Ч” ХХК,

Хариуцагч: “И” ХХК,

Хариуцагч :  Ц.Т,

Хариуцагч:  Т.Унарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 104.503.093 төгрөг гаргуулах, барьцааны болон бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “И” ХХК-ийн захирал Ц.Тгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, хариуцагч Ц.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдулам, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И ХХК нь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-аас төсөл хэрэгжүүлэх зорилгоор 120.000.000 төгрөгийн зээл хүссэн ба барьцаа хөрөнгө хүрэхгүй байсан учир барьцаа нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Харин И ХХКэхний ээлжид 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2215/01/СС-2014 тоот зээлийн гэрээ байгуулан 75.000.000 төгрөгийг 44 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2215/01/РА/01-2014 тоот барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16063/ Амарсанаагийн гудамж, 28/3 дугаар байрны 24 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд зээлийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс уг төсөл огт хэрэгжээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас И ХХК-д шалгалт оруулж, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, олгосон зээлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж үзсэн учир 45.000.000 төгрөгийн зээл олгоогүй. “И ХХК нь зээлийг төлөхгүй, хугацаа алдаж байсан учир бид гэрээний хугацаа дуусахаас өмнө 2017 оны 09 сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хариуцагч нь үйл ажиллагаагаа Чингэлтэй дүүрэгт явуулдаг гэж тус шүүхэд шилжиж ирсэн боловч компанийн захирал н.Туул нь байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхэд хандаж байх хугацаанд зээлийн гэрээний хугацаа дууссан. “И ХХК нь зээлийн гэрээний хугацаанд 9.907.365 төгрөгийг үндсэн зээл, 6.558.863 төгрөгийн хүүгийн төлбөр, 854.161 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 17.320.390 төгрөгийг төлсөн ба 2017 оны 05 сараас хойш огт төлөлт хийгээгүй. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 75.000.000 төгрөгийн үндсэн зээл, 21.733.938 төгрөгийн хүү, 17.996.356  төгрөг төлж, 97.409.904  төгрөгийн өр төлбөртэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагынхаа хүүг нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 65.092.634 төгрөг, хүү 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай тооцож 17.509.502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.900.956 төгрөг, нийт 104.503.093 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2204050838 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж дугаар байрны 24 тоот 56.1 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдан борлуулах, зээлийн төлбөрийг гаргуулах, хэрэв Ц.Т, Т.Унарын үл хөдлөх хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол И ХХК-ийн бусад эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “И” ХХК, Ц.Т нар шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Агааржуулалт эрүүл орчин нэртэй төсөл хэрэгжүүлэх зорилгоор анх Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-д төслөө явуулж, төсөл 120.000.000 төгрөгөөр санхүүжигдэж банкиар дамжуулж санхүүжилт авахаар болсон. Ч”-тай 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 75.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Гэхдээ Чингисхаан банк ХХК нь Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сан”-аас дэмжигдэн орж ирсэн 120.000.000 төгрөгийг дансандаа 3 сар барьж, хугацаа хойшлуулан цаг хугацааны алдагдалд оруулж, мөн мөнгийг хагаслан 75.000.000 төгрөгийг олгож, төсөл хэрэгжихгүй байх гол үндэс суурийг тавьсан. Тухайн үед бидэнд төслийн 120.000.000 төгрөгийг бүрэн өгсөн бол бид ийм асуудалд орохгүй байсан.2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээг цуцлуулах тухай хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй, “2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй хүнд байдал үүсэж гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж шаардах хүсэлт тавьж байсан ч банк хүсэлтийг үл зөвшөөрсөн. Зээлийн үлдэгдэл 65.092.634 төгрөг байгааг зөвшөөрнө. Гэрээний нөхцөлийн дагуу эхний нэг жилд нь хүү төлөхгүй, 2 дахь жилээс нь төлөхөөр байсан. Бид зээлийн хуваарийн дагуу хүүг төлж явсан. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн үед ар гэрт ах, дүү өвчин зовлонтой боллоо, зээлийг төлөх боломжгүй боллоо, гэрээг цуцалж өгөөч гэж удаа дараа хүссэн. Мөн зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байна. Учир нь барьцааны хөрөнгө бол Т.Уранчимэгийн хөрөнгө, тухайн үед барьцаанд тавих гэж Ц.Т хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Одоо Т.УМонгол Улсад байхгүй, гадаадад байдаг болно гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00717 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар  “И ХХК-иас 70.564.276 төгрөг гаргуулжЧ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 33.938.817 төгрөгийг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын хамт мөн  Ц.Тд холбогдох шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар  “И ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Амарсанаагийн гудамж, 28/3 дугаар байрны 24 тоотын 56,1 м.кв хоёр өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Чингисхаан банк ХХК нь Т.Уранчимэгт холбогдох нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  тэмдэгтийн хураамжид төлсөн 843.641 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 163.176 төгрөгийг буцааж,  “И ХХК-иас 510.771 төгрөгийг гаргуулж  “Ч ХХК-д тус тус олгохоор  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1264 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00717 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-иас 70.564.276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 33.938.817 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Ц.Т гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч “И” ХХК-ийн төлөөлөгч Ц.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “И ХХК нь Чингэлтэй Дүүргийн ИХАШШ-ийн 2019.04.23-ны өдрийн 182/шш/2019/00717 дугаар шийдвэр,  Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2019.07.05 ны 1264 тоот магадлалыг 168.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч бүхэлд нь хүчингүй болгуулж дахин анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр гомдол гаргаж байна.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдулам нь Ч”-нд сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтээ өмгөөлөгчдөө өмнө нь хэлсээр байтал, мөн 2019.04.22 ны өдөр хавтаст хэрэгтэйгээ танилцахад өмгөөлөгч Энхтуяа нь сөрөг нэхэмжлэл гаргаагүйгээр үл барам ашиг сонирхлын ёс зүйгүй үйлдлүүдийг гаргасан байсан тул тэр өдөр өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтээ бичиж өгөөд, маргааш өдөр нь шүүх хурал дээр үнэнийг хэлж шинэ өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэлэлцүүлэг эхлэхийн өмнө хэргийн оролцогчийн эрхийг тайлбарлахдаа өмгөөлөгч авах эрхтэй гэж танилцуулдаг боловч энэ эрхийг урьд нь хангасан байна гэх үндэслэлээр татгалзан шийдвэрлэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчид хандаж Хөгжлийн банкнаас 120.000.000 төгрөг яаж буцаан төлөгдсөн задаргаа гаргуулах хүсэлт тавьсныг шүүгч уг лавлагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байна гэж үзэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласнаар шүүх хуралдаан үргэлжилсэн. Энэ нь 38.6, 40.1, 40.2-т заасныг зөрчиж шийдвэр гаргасан болно. Түүнчлэн тус шүүхийн 182/ш3201711280 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2017.12.06 ны өдрийн захирамж, 2018.02.22 ны 102/ш32018/02807 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжуудад: И ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Т.Туулыг 2012.06.15 өдөр бүртгэсэн байх бөгөөд өөрчлөгдсөн бүртгэл хийгдээгүй... Ц.Т нь компаний үүсгэн байгуулагч байна... Шүүхээс Ц.Тд нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагаа хуульд нийцээгүй... Т.Туул гадаадад амьдарч байгаа нь тогтоогдож байна... Хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Анхан шатны шүүх иргэн Ц.Тг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож, Уранчимэгийг гуравдагч этгээдээр татах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн мөртлөө Ц.Т, Уранчимэг нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр нэхэмжлэлийн зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна.Иймд хэргийг бүхэлд нь хянаж ИХШХШТХ-ийн 168.1.1 зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 168.1.3 Шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн. 168.1.7. 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг үндэслэлүүдээр ИХАШШ-ийн 2019.04.23 ны өдрийн 182/шш2019/00717 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, мөн Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах шатны Шүүхийн 2019.07.05-ны 1264 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Ч” ХХК нь хариуцагч “И” ХХК,  Ц.Т, Т.Унарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 104.503.093 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Уранчимэгт холбогдох шаардлагаасаа татгалзжээ. /хэргийн 1-3, 41-42 дугаар тал/.

 “И” ХХК “...банк 120 сая төгрөгийг дансандаа 3 сар барьж алдагдалд оруулсан, зээлээс 45 сая төгрөгийг олгоогүй, ...хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй, барьцааны хөрөнгийн өмчлөгч Т.Угадаадад байдаг...” гэсэн тайлбар гаргаж, маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагч  И ХХК-с 70.564.276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон хариуцагч Ц.Тд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад  шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хариуцагч “И” ХХК-ийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

1. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг санхүүжүүлэх, эргэн төлөлттэй холбогдох харилцааг зохицуулах зорилгоор “Монгол Улсын Хөгжлийн банк”, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “Ч” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 16-ний өдөр Гурван талт санхүүжилтийн гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрээг үндэслэн “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “Ч” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 17-ний өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх ба банк нь Тусгай зориулалтын санд төвлөрсөн хөрөнгийг дээрх гэрээний хүрээнд дамжуулан зээлдүүлэх үүрэг хүлээжээ.  

“И” ХХК-ийн Агааржуулалтын эрүүл  орчин төслийг  “Ч” ХХК судлаад 120.000.000 төгрөгийн зээл олгох боломжтой гэж үзсэн, улмаар санхүүжилтийн эх үүсвэрийг зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.

Гурван талт санхүүжилтийн гэрээний 6.1.5-т зааснаар банк олгосон зээл бүрийн эрсдэлийг 100 хувь хариуцах үүрэг хүлээсэн ба “Ч” ХХК зээлийг бүрэн төлж дуусгасан талаар “Монгол улсын Хөгжлийн банк”-ны 2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн 3/463 тоот албан бичигт дурджээ /хэргийн 1 дүгээр хавтас 200, 2 дугаар хавтас 147,  152-180 дугаар тал/.

2. “И” ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр “Ч” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан дээрх  төслийг санхүүжүүлэх зорилгоор 75.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 44 сарын хугацаагаар зээлэх, зээлийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ.  

Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Ц.Т, Т.Унарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 28/3 дугаар байрны 24 тоотын  56.1 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан ба орон сууцны өмчлөх эрхийг тодорхойлсон улсын бүртгэлийн  гэрчилгээ хэрэгт авагджээ /хэргийн 1 дүгээр хавтас 9-15 дугаар тал/.

“Ч” ХХК зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үндсэн зээлийн үлдэгдэл 65.092.634 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдөр хүртэл хугацааны хүү 17.509.502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21.900.956 төгрөг нийт 104.503.093 төгрөг шаарджээ.  

Зээлийн гэрээнд зээлдэгчийг “И” ХХК гэж тодорхойлсон тул   хуулийн этгээдэд зээл олгосон гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч болон “И” ХХК-ийн хооронд банкнаас олгох зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээг  хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Зээлийн гэрээний зүйл болох 75.000.000 төгрөгийг хүлээн авснаа “И” ХХК үгүйсгээгүй бөгөөд уг хэмжээнээс нэхэмжлэгч нь гэрээний үүргийг тооцсон, зээлдэгч зээлийн төлбөрт 17.320.390 төгрөг төлсөн байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнийг зээлийн хүү гэж тодорхойлсон бол 26 дугаар зүйлд зээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Зээлийн ашиглалт, зориулалтыг зээлдүүлэгч шалгаж, зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэжээ.

Түүнчлэн талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасан.

Зээлдэгч гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээлийг тогтмол хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, зээлийн төлбөр шаардаж байсныг шүүх гэрээнээс татгалзсан гэж үзэж, энэ хүртэл хугацааны  үндсэн зээлийн үлдэгдэл 65.092.634 төгрөг, хүү 5.471.642 төгрөг нийт 70.564.276 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,  энэ хэсэгт зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй байна.

3. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу  гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох ба эд хөрөнгөө бусдын үүрэгт барьцаалуулах эсэхийг өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх шаардлагатай.

Барьцааны гэрээг  орон сууцны өмчлөгч Ц.Т, Т.Унар байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг  улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцжээ.

4. Гурван талт санхүүжилтийн гэрээний 6.2.2-т төсөл хөтөлбөрүүд зээлийн журам, зааварт заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд банк зээл олгохоос татгалзахаар заасан ба Хамтран ажиллах гэрээний 3.7-д төслийн хөрөнгийг зориулалт бусаар ашигласан нь тогтоогдвол Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан зээлийг буцаан татах эрхтэй гэжээ.

Түүнчлэн Чны зээлийн үйл ажиллагааг зохицуулах журмын 2.3.2-т хуулийн этгээд нь зээлийн барьцаанд банкны шаардлагыг хангасан зүйлийг тавина гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “...барьцаа хөрөнгийн хэмжээнд анх 75.000.000 төгрөгийн зээл олгох шийдвэр гарсныг зээлдэгч зөвшөөрч гэрээ байгуулсан, ...барьцаа хөрөнгийг нэмэгдүүлж, үлдэх зээлийг авах талаар материал бүрдүүлж өгөөгүй, ... зээлийг зориулалтын бусаар ашигласан тул үлдэх санхүүжилтийг буцаан татсан” гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.

Түүнчлэн “И” ХХК зээлийг зориулалтаар ашиглаагүй болох нь Зээлийн батлан даалтын сангийн шалгалтаар тогтоогдож, тус сангийн 2014 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн 409 тоот албан бичгээр 45.000.000 төгрөгийн эх үүсвэр цуцлагдсан байх /хэргийн 1 дүгээр хавтас 197, 206-210  дугаар тал/  тул   зээлийг бүрэн олгоогүй асуудалд банкийг буруутгах боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.

Компанийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл, Ц.Т нь “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч  бөгөөд  дүрмийн 3.6-р түүнийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно.

Зээлийн гэрээг  хуулийн этгээдийг төлөөлж тус компанийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигч Ц.Т байгуулж, гарын үсэг зурсан, шүүх түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдуламд нэхэмжлэлийг гардуулан өгсөн нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3-г зөрчөөгүй байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээх ба  шүүх 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчийн төлөөлөгчид эрх үүргийг тайлбарлан өгчээ  /хэргийн 1 дүгээр хавтас 36, 49,  дугаар тал/.

2018 оны 11 дүгээр сарын 20-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 23-ний өдөр хүртэл хугацаанд анхан шатны шүүх хуралдаан хариуцагчийн хүсэлтээр 4 удаа хойшилж байсан,  “...өмгөөлөгч авах” хариуцагчийн хүсэлтийг шүүх өмнө нь хангаж байсан байх тул энэ талаар гаргасан гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн 182/Ш32017/11280 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр “И” ХХК-д холбогдох “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн  2018.02.22 ны 102/Ш32018/02807 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Эдгээр захирамж нь нэхэмжлэлийг дахин гаргахад саад болохгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т нийцнэ.  

“Ч” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргасан,  Чингэлтэй дүүргийн  шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. “Ч”  ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Уранчимэгт холбогдох шаардлагаасаа татгалзсан байх ба шүүх бусад хариуцагч нарт буюу “И” ХХК, Ц.Т нарт холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-г зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн “...захирамжууд хүчинтэй байхад хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох  боломжгүй.  

5. Харин шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв бөгөөд  давж заалдах шатны шүүх Ц.Тд холбогдох шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэдий ч шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн зарим шаардлагыг орхигдуулжээ.  

Түүнчлэн, шийдвэрийн “удиртгал хэсэг”-г дутуу бичсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дах хэсэгт нийцээгүйгээс гадна улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон байхад давж заалдах шатны шүүх үүнийг залруулаагүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 715.200 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 70.200 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 128.441 төгрөг нийт 913.841 төгрөг төлжээ. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхад шүүх илүү төлсөн гэж үзэж буцааж олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-т нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1264 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00717 дугаар шийдвэрийн Удиртгал хэсэгт “Нэхэмжлэгч...” гэсний өмнө “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар” гэж, “...Түвдэн /ЧС62091295/” гэсний дараа “Т.Уранчимэг” гэж тус тус нэмж, Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1.-т  зааснаар хариуцагч И ХХК-иас 70.564.276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 33.938.817 төгрөгийн  болон бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 4. дэх заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар  нэхэмжлэгч Ч ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 913.841 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 510.771 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-д  олгосугай” гэж тус тус өөрчилж шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-ийн захирал Ц.Тгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 08  дугаар сарын 13-ны өдөр төлсөн 512.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ