Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 118/2015/0018/З |
Дугаар | 221/МА2015/0544 |
Огноо | 2015-11-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2015/0544
2015 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 544 | Улаанбаатар хот |
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Ж.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.А нарыг оролцуулан хийж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэртэй, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тэс сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор,шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Ашигт малтмалын газраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн Завхан аймгийн Тэс сум, Увс аймгийн Зүүнхангай сумын Урд хутлаг уул нэртэй газарт орших 628.26 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-018029 дугаартай тусгай зөвшөөрлийг авсан болно.
Ашигт малтмалын газраас анх олгохдоо энэхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь XR-012400 дугаартай байсан бөгөөд тусгай зөвшөөрлөө хаяж үрэгдүүлэн дахин олгохдоо ашигт малтмалын хайгуулын ХV-018029 дугаартай зөвшөөрлийг өгсөн болно.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр авснаас хойш Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хайгуулын ХV-018029 дугаартай тусгай зөвшөөрлөө тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхийг эдэлнэ гэж заасны дагуу 3 дахь удаагийн 3 жилийн хугацааг сунгахдаа мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3 дахь хэсэгт заасан баримт бичгийг буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө бүрдүүлэх зорилгоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Тэс сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлсэн болно.
Гэвч Тэс сумын Засаг даргын орлогч Ч.Б нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/131 тоот албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот албан бичигт тусгасан санал, 2012, 2013 онуудад хайгуулын ажил явуулаагүй, 2014 онд үйл ажиллагаа явуулахаар ирсэн боловч багийн иргэдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж үл ойлголцол үүсэж байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, үйл ажиллагаа эрхлээгүй тул 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байна гэсэн хариу өгсөн.
Дээрх албан бичгийг хүлээн авч, мэдсэний дараа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд буюу Завхан аймгийн Засаг даргад гомдлоо гаргасан боловч тус хуулийн 8 дугаар зүйлд заасан аль нэг шийдвэрийг гаргалгүйгээр 2015 оны 1/538 тоот албан бичгийг манай компанид өгсөн байна.
Манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь заалт хайгуулын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор төрийн захиргааны байгууллагад буюу Ашигт малтмалын газарт хүргүүлнэ гэж зааснаар Завхан аймгийн Тэс сум, Увс аймгийн Зүүнхангай сумын Урд хутлаг уул нэртэй талбайд 2012, 2013, 2014 онуудад хийгдэх төлөвлөгөө, жилийн тайлангаа Ашигт малтмалын газрын Геологийн албанд хүргүүлэн мөн онуудын геологи хайгуулын ажлын зардлын доод хэмжээгээ баталгаажуулсан болно.
Иймд У ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн Тэс сумын Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Тэс сумын нутаг дахь Урд хутлаг уул нэртэй 12400Х дугаар бүхий лиценз эзэмшигч “Г” ХХК нь 2012, 2013 онуудад хайгуулын ажил явуулаагүй 2014 онд үйл ажиллагаа явуулахаар ирсэн боловч багийн иргэд, багийн иргэдийн Нийтийн Хуралтай ойлголцож зөвшилцөж чадаагүй учраас геологи судалгааны ажил хийгдээгүй.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 28 тоот тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоотыг үндэслэн У ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй хариуг тус компанид удаа дараа тоотоор хүргүүлсэн болно” гэжээ.
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1.5, 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус баримталж У ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа Завхан аймгийн Тэс сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, У ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагч Завхан аймгийн Тэс сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга Ж.М миний бие дараах асуудлаар гомдол гаргаж байна. “У” ХХК нь манай сумын нутаг дэвсгэр дээр хайгуул явуулах эрхийн лиценз эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр авсан байсан.
Гомдол гаргах үндэслэл: 1.Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авахдаа аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт мэдэгдэлгүй шууд олгогдсон байсан учраас манай сумын малчин иргэд, төрийн захиргаа болон Төрийн бус байгууллагууд уг лицензийг хууль бусаар олгогдсон гэж үздэг.
2.Миний ажиллаж байх энэ хугацаанд тухайн компани нь орон нутагт үйл ажиллагаа явуулаагүй тул 2012, 2013, 2014 онуудын байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлагдаагүй байхад АМХЭГ үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотолсон байсан.
3.Тус компани нь 2009 онд АМТХ-д заасан үйл ажиллагааныхаа хүрээг нэмэгдүүлсэн шруп тавьж, голын усанд шороогоо угаасан байдаг. Энэ талаар тухайн үеийн сумын удирдлагууд, малчин иргэд анхааруулга сануулга өгч байсныг гэрчлэх хүмүүс байдаг.
4.Малын бэлчээрийн хангамж дутмагаас малчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар сум орон нутгийн удирдлагууд, аймгийн хурлын Төлөөлөгчид энэ үйл ажиллагааг зогсоох талаар байнга хүсэлт тавьж байдаг. Эдгээр шалтгаануудын улмаас тус компанийн байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлаагүй болно. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авах боломжгүй байгаа тул дахин хянан үзэж, гомдлыг барагдуулж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д заасны дагуу давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх нотлох баримт дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгчээс “”У” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн Тэс сумын Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Завхан аймгийн Тэс сумын Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2/131 дүгээр албан бичгээр “Сумын ИТХ-ын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот албан бичигт тусгасан санал, 2012, 2013 онуудад хайгуулын ажил явуулаагүй, 2014 онд үйл ажиллагаа явуулахаар ирсэн боловч багийн иргэдтэй хэлэлцүүлэг зохион байгуулж үл ойлголцол үүссэний улмаас байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, үйл ажиллагаа эрхлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн байна.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа “... Тухайн хайгуул хийхээр заагдсан газар нь оршуулгын газар байсан, мөн соёлын өв, хиргисүүрүүд байдаг. Иймд сумын иргэд дургүйцлээ илэрхийлсэн.” гэж дурдсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тухайн орон нутагт соёлын өв байдаг талаар мэргэжлийн байгууллагаас манайд огт мэдэгдэж байгаагүй...” гэх тайлбаруудаас үзвэл анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн маргаж буй үндэслэл, нэхэмжлэгчийн үйл ажиллагаа хууль ёсны эсэхэд үнэн зөв дүгнэлт өгөхийн тулд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн хэргийн материалтай танилцах, тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангалгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт болон утсаар ярьсан тэмдэглэлд хариуцагчид тов мэдэгдсэн гэх боловч хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “... шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхдээ шүүхээс ярьж байна гэж л хэлж байсан болохоос биш яг хаана гэдгээ тодорхой хэлээгүй. Тийм учраас Тосонцэнгэл сумын шүүх дээр шүүх хуралтай юм байна гэж ойлгоод Тосонцэнгэл сумын шүүх дээр ирсэн” гэх тайлбараас үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагчид уг шүүх хуралдааны товыг хэзээ, хаана болохыг тодорхой мэдэгдээгүй байна.
Мөн Завхан аймгийн Тэс сумын нутаг дахь “Урд хутлаг уул” нэртэй талбайд 2012-2014 онуудад гүйцэтгэх хайгуулын ажлын төлөвлөгөөний эхний нүүрэнд “хуулбар үнэн” тэмдэг дарж, бусад хэсгийг хуулбар байдлаар баталгаажуулалгүйгээр хэрэгт хавсаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.” гэж заасныг зөрчсөн байна.
Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ