Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 172

 

 

“Техник-Импорт” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05595 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Техник-Импорт” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монроуд” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 116 247 620 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монроуд” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр битум худалдах авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манайх 1 тонн битумыг 650 ам.доллараар, 59,1 тонн битум нийлүүлсэн. Хариуцагч битумын үнэ 38 415 ам.долларыг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч төлөөгүй. Манайх төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад төлнө гэдэг байсан боловч төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Үүнээс болж “Техник-Импорт” ХК нь банкнаас авсан зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй болж, ихээхэн хохирол учраад байна. Иймд хариуцагчаас битумын үнэ 38 415 ам.доллар, гэрээний 4.5-д заасны дагуу алданги 13 022 ам.доллар, нийт 51 437 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа ам.доллараар бүтээгдэхүүний үнийг тохирсон. Нэхэмжлэгч 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ханшаар тооцож нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсан өдрийн ханшаар төлбөр тооцоог хийх ёстой. Нэхэмжлэгчээс хүлээж авсан битумээ Архангай аймгийн Цахир суманд Солонготын даваа чиглэлд хийх автозамын ажилд хэрэглэсэн бөгөөд Зам тээврийн яам хийсэн ажлын санхүүжилтийг өгөөгүй, төсвийн тодотголоор ажлын хөлсийг төсөвт суулгаж өгөөгүйгээс төлбөрөө төлж чадаагүй. Энэ талаар нэхэмжлэгчид манайх тайлбар хүсэлт хүргүүлж байсан. Гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь гэрээний 8.1-д заасан давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тул 8.2-т зааснаар уг нөхцөл байдлыг арилтал гэрээний хугацааг сунгахаар заасан тул манайх алдангиас чөлөөлөгдөнө гэж үзэж байна. Замын ажлыг одоо болтол улсын комисс хүлээж аваагүй байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Монроуд” ХХК-иас 108 956 453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 7 291 166 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 739 188 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 702 732 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т "Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө" гэж заасан байдаг. Нэхэмжлэгч "Техник-Импорт" ХК болон хариуцагч "Монроуд" ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр "Битум худалдах-худалдан авах гэрээ" байгуулагдаж, гэрээний дагуу харилцан үүрэг хүлээсэн байдаг тул хариуцагч "Монроуд" ХХК нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол банкнаас зарласан ам.долларын ханшаар буюу 1 ам.долларын ханш 1997.26 төгрөгөөр тооцож гэрээний төлбөрийг төлөх нь зүйтэй гэж үзэж байна. Төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ам.долларын ханшийг яаж тооцох талаар болон ам.доллараар байгуулсан гэрээний төлбөрийг ам.доллараар төлнө гэсэн хуулийн зохицуулалт Иргэний хуульд байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Техник-Импорт” ХК нь хариуцагч “Монроуд” ХХК-д холбогдуулан битум худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 116 247 620 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр битум худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 1 тонн битумыг 650 ам.доллараар тооцож 59,1 тонн битумыг худалдах, хариуцагч нь битумын үнэ 38 415 ам.долларыг 7 хоногийн төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                                       /хэргийн 6-8 дугаар тал/

 

Зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээгээр хүлээсэн талуудын үүрэг болон гэрээний үнийн талаар маргаагүй, харин гэрээгээр тохиролцсон гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болсон эсэх үүний улмаас гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөх эсэх талаар маргажээ.

 

Иймд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэргийн 6-8 дугаар талд авагдсан битум худалдах-худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “худалдан авагч нь 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 38 415 ам.долларыг бүрэн төлнө” гэж, гэрээний 4.5 дахь хэсэгт “хэрэв худалдан авагч заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл төлбөрийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлөх”-өөр тус тус заан талууд тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу битумын үнэ 38 415 ам.долларыг, 186 дугаар зүйлийн 186.1, гэрээний 4.5 дахь хэсэгт заасны дагуу алдангийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хэтэрсэн 255 хоногийн хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутам тооцож 9 795.82 ам.долларыг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хэргийн 9-11 дүгээр талд авагдсан баримтаар “Техник-Импорт” ХК нь “Монроуд” ХХК-д төлбөр тооцоог хийж дуусгах талаар мэдэгдэж байсан, “Монроуд” ХХК нь “Засгийн газар төсвийн тодотгол хийж төсвийг шийдэж өгөөгүй тул удаа дараа төлбөр төлөх хугацаа сунгах” талаар хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдсон байна.

 

Хариуцагч нь зам тавих төслийн ажлын санхүүжилтээ бусад этгээдээс авч чадаагүй гэх нөхцөл байдлыг худалдах-худалдан авах гэрээний 8.1, 8.4-т заасан “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болсон” гэж үзэх гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй юм.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн заалт нь гадаад валютын мөнгөн төгрөгт төлөх ханш өөрчлөгдсөнтэй холбоотой харилцаанд хэрэглэгдэхгүй, харин төгрөгийн өөрийн ханшийг зохицуулсан, төгрөгийн ханш өөрчлөгдсөн тохиолдолд хамаарах хуулийн зохицуулалт юм. Талууд битум худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа ам.доллараар тохиролцсоныг буруутгах боломжгүй бөгөөд энэ нь гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Иймд шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Гадаад валютаар илэрхийлэгдэх үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргах тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргах үеийн гадаад валют мөнгөн төгрөгт тооцогдох ханшаар тодорхойлох журамтай.

 

Хариуцагчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.долларыг 2 260 төгрөгөөр тооцож, 38 415 ам.доллар, алданги 9 795.82 ам.доллар нийт 48 210.82 ам.доллар буюу 108 956 453 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702 732 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ