Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/340

 

 

 

 

 

 

 

    2022          05         04                                       2022/ШЦТ/340

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210005160325 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д техник судалгааны инженер ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ын Ж /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ж нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден хотхоны Ривер паб-ын гадна Б.Сг нүүр рүү алгадаж, толгой, хөл рүү цохиж биед тархи доргилт, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд арьсны зулгаралт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Б.Ж: “...Би ажлынхаа хажуугаад фитнест явдаг, фитнест явахад 3-4 цаг шаардагддаг, 2022 оны 02 дугаар сарын 6, 7-ны үед фитнест төвдөө хичээллээд гарч ирэхэд С-гээс олон цаг утсаа авахгүй хаашаа явсан, яагаад хариу бичихгүй байгаа гэсэн утгатай, хардсан мэссэж бичсэн байсан, хардалтаас болж маргаан үүссэн, би өөрийгөө буруугүй гэдгээ хэлдэг байсан. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ...С-тэй уулзахаар тохирч би ажлаас нь очиж авсан, улмаар бид хоёр хамтдаа Ривер гарден, Ривер китченд орсон, Б.С хоол идмээргүй байна гэхээр нь нэг нэг пиво авч уусан. ...бид 2 ярилцаж, ойлголцох гэж уулзсан, Б.С 3 пиво уусан, би хоёр пиво уугаад 3 дахь пиво захиалсан байсан. Б.С согтсон байх, босож ирээд пивоороо намайг цохих гэхээр нь салгаад байж байтал алив миний утсыг өг, чамд утсаа үзүүлэх шаардлагатай юм уу гэж чанга дуугаар орилж эхэлсэн. Энд олон хүн байна, энд чи бид хоёр байгаа биш, хоёулаа нойлын тэнд очоод ярилцъя гэж хэлээд би дагуулаад нойлын өрөө орсон. Гэтэл нойлын өрөө оронгуут эмэгтэйчүүдийн нойлын хаалганы үүдэн дээр эргэж хараад миний нүүр рүү нүүр нүдгүй цохисон, 2-3 удаа цохисон, дөрөв дэх дээр нь цохиулаагүй, чи боль л доо гэж хэлээд өөрөөсөө холдуулж түлхээд гарыг нь савж өөрөөсөө холдуулахад чи намайг цохиж байгаа юм уу гэж улам чанга дуугаар орилсон. ...Нойлоос гарч ирээд ширээн дээрээ суугаад ...5-10 минут бололгүй Б.С утас, цүнхээ орхиод хувцсаа өмсөөд гараад явсан. Тэр үед гадаа харанхуй болсон, хүйтэн байсан, 2-3 шил пиво уусан, эмэгтэй хүн учраас араас нь хамт гарсан, ...түүнийг аргадаж үзсэн, тайвшруулах гэж үзсэн, бичлэг дээр харагдана, тэвэрч байгаа, гараас нь барьж байгаа, өргөж тэврээд алхаж байгаа, үнсэж байгаа, намайг ирээд тэврээд үнсэж байгаа хүртэл камерын бичлэг дээр байгаа.  ...Тухайн паб-ын 1-2 давхар руу гарах шатны голын шат дээр ярилцаж, хүний нүднээс хол юм гэж бодоод догол хэсэгт ярилцаж хоёулаа гарч ярилцъя гээд гадаа террас дээр гарсан. ....Бид 2 гадаа байж байхдаа би аль болох тайвшруулах гэж оролдсон. Надаас 10 гаруй насны дүү эмэгтэй тул омголон, түргэн ааштай, юмыг ойлгож ухаарвал ойлгож ухаарах, хүлээцтэй хүн гэж боддог тул хэлээд яриад байвал ойлгох байх гэж бодоод гадаа зогссон. Гадаа их хүйтэн байсан тул хоёулаа дотогшоо ороод яръя, хувцас цүнхээ үлдээсэн гэж хэлсэн. Tom N Toms гэх кофе шоп байсан тул тийшээ оръё гэж хэлээд дотогшоо орсон боловч Б.С тухайн үед усны сав авч шидээд надтай ярилцах боломжгүй байсан тул тэндээс гарсан. Б.С бид 2 үүдэн дээр гарч байтал эргүүлээр явж байсан 2 цагдаа ирсэн. Цагдаа юу болсон гэхээр нь найз охинтойгоо үл ойлголцоод байна гэж хэлсэн. Ривер китчены гадаа нэг залуу, нэг эмэгтэйдээ маргалдаад зогсож байна гэх гомдлын дагуу ирж байна гэж хэлсэн. ...Миний гэм бурууг шийдвэрлэх гэж байгаа тул гэм буруугүй гэдгээ тогтоолгоё, өөрийнхөө нэр төрийг сэргээлгэх, цагаатгах байр суурьтай байна. ...Б.Сд зүүн гарын ядам хурууны дотор зүсэгдсэн, урагдсан, ар нурууны толгойн хавдар, ар нуруунд бага зэргийн хөхрөлт үүссэн хэмжээний гэмтэл учруулах үйлдэл хийгээгүй. Нойл руу дагуулж ороод тэр хэсэгт ярих гэж байхад намайг цохисон, алгадсан, тэр агшинд чи яаж байгаа юм бэ, олон нийтийн газар гэж гарыг нь хажуу тийш нь түлхсэний төлөө чи намайг цохиж байгаа юм уу, зодож байгаа юм уу гэж яригдсан болохоос биш ямар нэгэн байдлаар өөр хүмүүсийн дэргэд цохиж зодсон зүйлгүй. Б.Сгийн гэр бүлийн хувьд та хоёр 10 гаруй насны зөрүүтэй гэж дургүйцдэг. ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.С ирсэн бол өөр олон зүйлийг хэлэх байсан. Ямар шалтгаанаар ирэхгүй байгааг мэдэхгүй байна. Ямар нэгэн шалтгаанаар зодсон зүйлгүй. Зохион байгуулагч мэдүүлэгтээ ийм ийм асуудал болсон, зөөгч харж байсан, уйлсан, цус гоожсон зүйл харагдаагүй, эмэгтэй нь нилээн согтсон байсан гэж хэлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ...Жаргалсайхан уулзаж ярилцах уу гэсэн мессеж бичсэн. Бид хоёр тухайн хэд хоногт муудалцаад уулзахгүй байсан болохоор учраа олж эвлэрэх гэж байгаа юм байна гэж бодоод зөвшөөрөөд тарахаараа ажил дээрээс ирээд авчих гэж хариу бичсэн. ...16 цагийн орчим Жаргалсайхан намайг ирж аваад Ривер гарден хотхоны Ривер китчен нэртэй паб-д орсон. Тэнд ороод хүн тус бүр 4, 4 пиво захиалж уусан, ярилцаад хэсэг суусан.  Би найз залуу болох Жаргалсайхан гэгчтэй Ривер Гардены паб-д уулзсан. Тэгээд бид 2 эвлэрнэ гэж бодоод пиво уугаад сууж байтал нэмж уугаад л байсан. Тэгээд чи одоо болно ш дээ гэсэн чинь зөөгчөө дуудаад пиво аваад уугаад л байсан. Тэгээд бид 2 нойл ороод гадагшаа гарсан. Тэгсэн чинь намайг гэнэт алгадаад авсан, багалзуурдсан, боосон чи намайг яаж ч чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаагийн 2 хүн ирээд машинд суулгаад аваад явсан...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн,

 

Гэрч С.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр ...16 цаг 30 минутын үед манайд залуухан эмэгтэй өөрөөсөө ах залуутай орж ирсэн. ...19 цаг өнгөрч байхад муудалцаад эхэлсэн. Тэгээд хэрэлдэж маргалдаж байгаад хоёулаа ариун цэврийн өрөө рүү орчихсон дотроосоо цоожилчихсон хэрэлдээд байсан. Гэтэл манайд үйлчлүүлж байсан танихгүй хүн эмэгтэй ариун цэврийн өрөөнд хүмүүс маргалдаад байна гэхээр нь би очсон. Тэгтэл дотор нь эмэгтэй нь орилоод чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд байсан, би хаалгаа нээ, боль гэж хэлсэн ч нээгээгүй, 2-3 минутын дараа хаалга нээгдэж тэр хоёр хүн гарч ирсэн. Тэгэхэд эмэгтэй нь чи сая намайг цохилоо гээд орилоод байсан, харахад нүд ам нь улайсан, хөхөрсөн, цус нөж болсон зүйл байгаагүй. Буцаж ширээн дээрээ очиж хамт суугаад маргалдаад үүд рүү гарсан, үүдний шатан дээр маргалдаад бие биеэ түлхэлцээд зогсож байгаад бүр гадагшаа террас руу гарч явсан...” /хавтас хэргийн 29 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр Арцат 111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан ...Ривер гарден хотхоны Ривер Китчен рестораны гадаа нэг залуу эмэгтэй хүнийг цохиод явуулахгүй байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад хэрүүл маргаан болсон зүйл байгаагүй. ...Дуудлага өгсөн дугаараар залгахад эрэгтэй хүн утас аваад би наана чинь үйлчлүүлж байсан, намайг гарахад цагаан куртиктэй эмэгтэйг нэг эрэгтэй зодоод байсан, тэгэхээр нь би дуудлага өгсөн, одоо гэртээ байна гэсэн. ...Зохион байгуулагчтай уулзаад ...зөөгчөөр заалгуулаад гадаа гарахад тус рестораны зүүн талын мухар харанхуйд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэрүүл хийгээд ...эрэгтэй нь эмэгтэйгээ дээрэлхсэн байдалтай өнгөөр ярьж байсан. ...Эмэгтэй нь уйлсан байдалтай найз залуудаа зодуулсан тухайгаа хэлсэн. ...Цагдаа дээр ирсний дараа би ч гэсэн чамд зодуулсан гээд тэр хоёр маргалдаж байсан...” /хавтас хэргийн 31-32 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ...С- над руу чатаар өнөөдөр завтай бол уулзах уу гэсэн ...15 цагийн үед ажил дээрээс нь очиж аваад бид хамтдаа Ривер гардены хотхоны Ривер Китчены гадаа ирсэн, ирээд 3, 3 пиво захиалж уусан. ...Тэгээд сууж байгаад намайг анзаарахгүй ...өөр хүнтэй чат бичээд суугаад байхаар нь би утсаа тавьчихаж болохгүй юм уу гээд утсыг нь аваад өөрийнхөө утастай хамт хажуудаа тавиад суусан. Тэгтэл утсаа авах гээд байхаар нь хоёулаа ярилцъя гэж ирсэн биз дээ гэхэд ширээний цаанаас өөрөө босож ирээд миний шар айргийг аваад над руу цацах гэсэн, тэгэхээр нь би гарыг нь бариад ...ариун цэврийн өрөө оръё гээд боссон. ...Үүдэн дээр С- намайг алгадаж цохисон, тэгэхээр нь болиулах гээд түлхэж холдуулсан, дуу нь чангараад орилоод байхаар нь жоохон тайвшруулаад буцаад зааланд очиж ширээндээ суусан. ...Гадаа 1-2 давхрын шатан дээр маргалдаад намайг хэл амаар доромжилж хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. ...Тэнд бид хоёр бараг нэг цаг орчим хэрэлдэж маргалдсан...” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №2925 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Сгийн биед тархи доргилт, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны арьсны зулгаралт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” /хавтас хэргийн 36-37 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/,

- Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 13-15 дахь тал/,

- Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хавтас хэргийн 70-71 дэх тал/,

- Шүүгдэгч Б.Жы хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 58 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 66 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 67 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 74 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.Ж  2022 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Ривер гарден хотхоны Ривер паб-д Б.Сг нүүр рүү алгадаж, толгой, хөл рүү цохиж биед нь тархи доргилт, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд арьсны зулгаралт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Сгийн “...Тэгээд бид 2 нойл ороод гадагшаа гарсан. Тэгсэн чинь намайг гэнэт алгадаад авсан, багалзуурдсан, боосон, чи намайг яаж ч чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаагийн 2 хүн ирээд машинд суулгаад аваад явсан...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн, гэрч С.Отгонцэцэгийн “...Дотор эмэгтэй нь орилоод чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд байсан, би хаалгаа нээ, боль гэж хэлсэн ч нээгээгүй, 2-3 минутын дараа хаалга нээгдэж тэр хоёр хүн гарч ирсэн. Тэгэхэд эмэгтэй нь чи сая намайг цохилоо гээд орилоод байсан, харахад нүд ам нь улайсан, хөхөрсөн, цус нөж болсон зүйл байгаагүй. Буцаж ширээн дээрээ очиж хамт суугаад маргалдаад үүд рүү гарсан, үүдний шатан дээр маргалдаад бие биеэ түлхэлцээд зогсож байгаад бүр гадагшаа террас руу гараад явчихсан...” /хавтас хэргийн 29 дэх тал/ гэсэн, гэрч Б.Түвшинжаргалын “...Дуудлага өгсөн дугаараар залгахад эрэгтэй хүн утас аваад би наана чинь үйлчлүүлж байсан, намайг гарахад цагаан куртиктэй эмэгтэйг нэг эрэгтэй зодоод байсан, би одоо гэртээ ирсэн байна гэсэн. ...Зохион байгуулагчтай уулзаад ...зөөгчөөр заалгуулаад гадаа гарахад тус рестораны зүүн талын мухар харанхуйд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хэрүүл хийгээд ...эрэгтэй нь эмэгтэйгээ дээрэлхсэн байдалтай өнгөөр ярьж байсан ...эмэгтэй нь уйлсан байдалтай найз залуудаа зодуулсан тухайгаа хэлсэн. ...Цагдаа дээр ирсний дараа би ч гэсэн чамд зодуулсан гээд тэр хоёр маргалдаж байсан...” /хавтас хэргийн 31-32 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.Жы “...Утсаа авах гээд байхаар нь хоёулаа ярилцъя гэж ирсэн биз дээ гэхэд ширээний цаанаас өөрөө босож ирээд миний шар айргийг аваад над руу цацах гэсэн, тэгэхээр нь би гарыг нь бариад ...ариун цэврийн өрөө оръё гээд боссон. ...Үүдэн дээр С- намайг алгадаж цохисон, тэгэхээр нь болиулах гээд түлхэж холдуулсан, дуу нь чангараад орилоод байхаар нь жоохон тайвшруулаад буцаад зааланд очиж ширээндээ суусан...” /хавтас хэргийн 49-50 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №2925 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.Сгийн биед тархи доргилт, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны арьсны зулгаралт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хавтас хэргийн 36-37 дахь тал/ гэсэн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 7 дахь тал/, сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 13-15 дахь тал/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хавтас хэргийн 70-71 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны арьсны зулгаралт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Ж түүнийг алгадсан, цохисон, түлхсэн идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Жы хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, хэргээ хүлээн мэдүүлээгүй, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны арьсны зулгаралт, баруун гуя, зүүн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210005160325 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ж энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд: “...Ямар нэгэн шалтгаанаар зодсон зүйлгүй, ахуйн хүрээнд хохирогч тэр гэмтлийг авсан тул намайг гэм буруугүйг тогтоож цагаатгаж өгнө үү...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Б.Жы биед учирсан хөнгөн хохиролтой холбоотой асуудлыг шалгаагүй...” гэж тус тус мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах  хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлэг нь хохирогч Б.Сгийн “...Намайг гэнэт алгадаад авсан, багалзуурдсан, боосон, чи намайг яаж ч чадахгүй шүү гэж хэлсэн...” гэсэн, гэрч С.Отгонцэцэгийн “...дотор нь эмэгтэй нь орилоод чи яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд байсан, би хаалгаа нээ, боль гэж хэлсэн ч нээгээгүй, 2-3 минутын дараа хаалга нээгдэж тэр хоёр хүн гарч ирсэн. Тэгэхэд эмэгтэй нь чи сая намайг цохилоо гээд орилоод байсан...” гэсэн, гэрч С.Түвшинжаргалын “...Дуудлага өгсөн дугаараар залгахад эрэгтэй хүн утас аваад би наана чинь үйлчлүүлж байсан намайг гарахад цагаан куртиктэй эмэгтэйг нэг эрэгтэй зодоод байсан, ...эрэгтэй нь эмэгтэйгээ дээрэлхсэн байдалтай өнгөөр ярьж байсан ...эмэгтэй нь уйлсан байдалтай найз залуудаа зодуулсан тухайгаа хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд, дуудлагын лавлагааны хуудас, камерын бичлэг зэрэг баримтаар няцаагдаж бөгөөд шүүгдэгч Б.Жыг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэх баримт хэрэгт байхгүйн дээр Б.Жы биед учирсан хөнгөн хохиролтой холбоотой асуудлыг шалгаагүй гэсэн өмгөөлөгчийн санал үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар дүгнэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон асуудлын талаар хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан, хохирогчид учирсан гэмтлийн талаар тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч дүгнэлт гаргасан, хохирогч өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор мэдүүлэгтээ яриагүй нь хохирогчид учирсан гэмтлийг үгүйсгэх, няцаахгүйн дээр тухайн гэмтлийг Б.Ж учруулаагүй гэж үзэх боломжгүйг тэмдэглэж байна. 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Ж-ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210005160325 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Ж энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР