Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/355

 

 

 

 

 

 

 

    2022          05          10                                       2022/ШЦТ/355

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, хохирогч Л.З, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-ийн А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000380 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 22 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл 4, эх, ах нарын хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б овогт Б-ийн А /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ион Цэнгээний газрын ариун цэврийн өрөөнд согтуурсан үедээ тус газрын менежер Л.З-тай маргалдан нүүр рүү нь гар утсаа шидэн түүний биед тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг: 

Хохирогч Л.З: “...Тухайн өдөр ажил үүргээ хийж байсан, ...бөөлжсөн бол үйлчлэгч эгчид 20,000 төгрөг өгдөг гэж хэлэхэд намайг алгадсан, шатаар гарч явахад над руу гар утас шидэж хөмсөгний дээр онож язарсан, найман оёдол тавиулсан. Над руу уучлал гуйж залгаагүй, төлбөрийг чинь төлнө өө 1,500,000 төгрөг юм байна ш дээ, төлье гэхээр нь би уучлаарай цаашид хийлгэх эмчилгээний зардал ороогүй байгаа шүү, гарсан зардал нь наадах чинь энэ шүү гэхэд надад тийм их мөнгө байхгүй, шүүх дээр уулзъя гэж хэлсэн. ...Их гомдолтой, ажил төрөлдөө явахаас айж байна. Би хоёр нялх хүүхэдтэй, хүүхдүүд маань намайг хараад ий ий гээд айгаад байгаа цаашид эмчилгээ хийлгэх зардал 7,340,000 төгрөг хэрэгт авагдсан баримтаар гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэв.

 

          Шүүгдэгч Б.А: “...Ион бааранд согтуу орсон, нэг мэдсэн найзууд алга болчихсон байхаар нь ариун цэврийн өрөө рүү ороход ариун цэврийн өрөөнд бөөлжсөн гээд цэвэрлэгчтэй нь мөнгө өгөхөөр тохирсон байсан. Гэтэл Золжаргал орж ирээд маргаан үүсгэсэн, ...би биеэ авч явах чадваргүй байсан учир гартаа барьсан гар утсаа шидсэн. ...Хохирлыг төлье гэсэн боловч утсаа аваагүй, өмнө залгахад шүүх дээр уулзъя гэж ярьсан...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Л.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ...үйлчлэгч Цэцэгээ эгч над руу чат бичээд ариун цэврийн өрөөнд хүрээд ирээч гэхээр нь би ганцаараа яваад очиход 3 эмэгтэйн нэг нь бөөлжсөн байхаар нь би “та нар бөөлжсөн байна, манай байгууллагын журамд бөөлжсөн бол 20,000 төгрөг өгөөд үйлчлэгчээр цэвэрлүүлэх ёстой” гэж хэлэхэд мөнгө байхгүй надад бээлий, алчуур өгчих би өөрөө цэвэрлээд өгье гэж хэлэхээр нь алчуур өгөхөд тэр эмэгтэй нүүрэнд нь гараараа алгадахаар би өөрөө холдуулж түлхсэн, Цэцэгмаа эгч дундуур орж салгасан. ...Би ариун цэврийн өрөөнөөс гарч хамгаалагч дуудахад ...ягаан өнгийн цамцтай эмэгтэй гартаа барьж байсан утсаа миний нүүр рүү шидэхэд зүүн хөмсөгний дээд хэсэгт оноод хөмсөг сэтэлсэн...” /хавтас хэргийн 24-25, 29-30 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.Цэцгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчим ...3 эмэгтэй ариун цэврийн өрөөнд орж ирээд нэг эмэгтэй нь шалан дээр бөөлжихөөр нь миний дүү нар ингэж болохгүй олон хүмүүс үйлчлүүлдэг газар манай байгууллагын журамд бөөлжихийн бол цэвэрлэгээний мөнгө байдаг тэрийгээ өгвөл эгч цэвэрлэнэ гэж хэлэхэд чадахгүй гэхээр нь би менежер Золжаргалыг дуудсан, менежер шаардлага тавихад бид нар өөрсдөө цэвэрлэнэ гэж хэлэхээр нь алчуур бээлий өгөхөд менежерийн нүүр рүү гараараа цохихоор нь би дундуур нь ороод салгасан...” /хавтас хэргийн 34-36 дахь тал/ гэсэн,

 

Гэрч О.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 17-ны орой ...найз Биндэрьяа ариун цэврийн өрөөнд ороод бөөлжиж байхаар нь би нурууг нь дараад бөөлжүүлж чинь үйлчлэгч эгч орж ирээд танай найз гадуур нь бөөлжсөн байна гээд мөнгө нэхэхээр нь би танайхан яагаад мөнгө нэхдэг юм бэ гээд байж байхад Азжаргал орж ирээд цэвэрлээд өгье гэж хэлсэн. ...Тус баарны менежер орж ирэхээр нь би менежертэй юм яриад зогсож байгаад бид хоёр маргалдсан...” /хавтас хэргийн 44-45 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Т.Биндэрьяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нандин-Эрдэнэ над дээр ирээд Азжаргал баарны менежерийн толгойг хагалсан байна гэж надаа хэлсэн...” /хавтас хэргийн 49-51 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Э.Лхамжав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Золжаргал шатаар дээш өгсөх гэж байхад сандал дээр сууж байсан согтуу эмэгтэй өөрийнхөө гар утсыг Золжаргал руу шидэхэд ...Золжаргалын зүүн хөмсөгний дээд хэсэг дух нь язарч цус гараад Золжаргал нүүрээ дараад доош суусан...” /хавтас хэргийн 54-56 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ...Ион баарны зохион байгуулагчтай маргалдсанаас болоод уурлаад өөрийнхөө барьж байсан гар утсыг шидэж биед нь гэмтэл учруулсан...” /хавтас хэргийн 82-83 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №4470 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Л.Зын биед тархи доргилт, духан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй....” /хавтас хэргийн 59-60 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Камерын бичлэгтэй сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-19 дэх тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 115-124 дэх тал/,

- Шүүгдэгч Б.Аын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Ч.Хулангийн мэдүүлэг /хавтас хэргийн 93-95 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 87 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 88 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 85 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.А нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ион Цэнгээний газрын ариун цэврийн өрөөнд согтуурсан үедээ тус газрын менежер Л.Зтай маргалдан нүүр рүү нь гар утсаа шидэн түүний биед тархи доргилт, духанд шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Зын “...2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ...үйлчлэгч Цэцэгээ эгч над руу чат бичээд ариун цэврийн өрөөнд хүрээд ирээч гэхээр нь би ганцаараа яваад очиход 3 эмэгтэйн нэг нь бөөлжсөн байхаар нь би “та нар бөөлжсөн байна, манай байгууллагын журамд бөөлжсөн бол 20,000 төгрөг өгөөд үйлчлэгчээр цэвэрлүүлэх ёстой” гэж хэлэхэд мөнгө байхгүй надад бээлий алчуур өгчих би өөрөө цэвэрлээд өгье гэж хэлэхээр нь алчуур өгөхөд тэр эмэгтэй нүүрэнд нь гараараа алгадахаар би өөрөө холдуулж түлхсэн, Цэцэгмаа эгч дундуур орж салгасан. ...Би ариун цэврийн өрөөнөөс гарч хамгаалагч дуудахад ...ягаан өнгийн цамцтай эмэгтэй гартаа барьж байсан утсаа миний нүүр рүү шидэхэд зүүн хөмсөгний дээд хэсэгт оноод хөмсөг сэтэлсэн...” /хавтас хэргийн 24-25, 29-30 дахь тал/ гэсэн, гэрч Б.Цэцгээгийн “...2022 оны 3 дугаар сарын 17-ны шөнө ...би менежер Золжаргалыг дуудсан, менежер шаардлага тавихад бид нар өөрсдөө цэвэрлэнэ гэж хэлэхээр нь алчуур бээлий өгөхөд менежерийн нүүр рүү гараараа цохихоор нь би дундуур нь ороод салгасан...” /хавтас хэргийн 34-36 дахь тал/ гэсэн, гэрч Т.Биндэрьяагийн “...Нандин-Эрдэнэ над дээр ирээд Азжаргал баарны менежерийн толгойг хагалсан байна гэж надаа хэлсэн...” /хавтас хэргийн 49-51 дэх тал/ гэсэн, гэрч Э.Лхамжавын: “...Золжаргал шатаар дээш өгсөх гэж байхад сандал дээр сууж байсан согтуу эмэгтэй өөрийнхөө гар утсыг Золжаргал руу шидэхэд ...Золжаргалын зүүн хөмсөгний дээд хэсэг дух нь язарч цус гараад Золжаргал нүүрээ дараад доош суусан...” /хавтас хэргийн 54-56 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.Аын “...Би ...Ион баарны зохион байгуулагчтай маргалдсанаас болоод уурлаад өөрийнхөө барьж байсан гар утсыг шидэж биед нь гэмтэл учруулсан...” /хавтас хэргийн 82-83 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №4470 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Л.Зын биед тархи доргилт, духан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хавтас хэргийн 59-60 дахь тал/ гэсэн дүгнэлт, камерын бичлэгтэй сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-19 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Л.Зын эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, духан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Аын түүнийг түүний нүүр рүү гар утсаа шидсэн идэвхитэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Аын хохирогч Л.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэргийн сэдэлт, үйлдсэн байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэсэн.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Зын эрүүл мэндэд биед тархи доргилт, духан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацар, хоншоорт зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохиролд баримтаар 541,100 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 7,340,000 төгрөг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч 541,100 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогчийн нэхэмжлэлээс шүүх ажилгүй байсан хугацааны цалин 1,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 7,340,000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2210000000380 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн А-ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.А-д оногдуулсан 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 04 /дөрөв/ сарын хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоо, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000000380 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.А цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.З өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг хохирогч гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР