Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/365

 

 

 

 

 

 

 

    2022          05         13                                       2022/ШЦТ/365

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Ууганбаяр, шүүгдэгч Ж.М, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х овогт Ж-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210007360543 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эмэгтэй, 28 настай, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Ж-ийн М /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Минт нэртэй шөнийн цэнгээний газар иргэн Б.О-г өөрийн нөхөр Г.Б-тай хардан үснээс нь зулгаан зодож түүний биед зулайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хамарт зулгаралт, нуруу, баруун, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Ж.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд ажлын хамт олноороо байж байгаад гарах гэхэд хамт ажилладаг залуу Бын эхнэр хоёр найзтайгаа байсан. Намайг өлгүүрээс хувцсаа авах үед ард зогсоод хэл амаар доромжилж эхэлсэн, ...намайг үстсэн, мөн өшиглөсөн, газар унасан байхад гараараа цохисон...” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Минт бааранд ажлынхаа хүмүүстэй цуг явж байсан. ...Манай эхнэр намайг ажлын газрын эмэгтэй Очмаатай хардаад зодолдсон. ...Очмаагийн биед учирсан гэмтлийг манай эхнэр учруулсан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Минт бааранд нөхөртэйгөө таарсан, ...нөхөр ажлын газрын эрэгтэй хүнийг гаргаж өгнө гэж хэлээд гараад явсан. Би нөхрийнхөө хойноос дагаад гарсан чинь цуг гарсан найз нь байхгүй, ажлынхаа нэг эмэгтэй хүнтэй зогсож байхаар нь очсон, тэгээд барилцаад авсан. Ингээд маргаан үүсээд би үснээс зулгаасан, хажууд нөхөр, Байгалмаа хоёр байсан нь салгасан...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №4590 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.О-гийн биед зулайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хамарт зулгаралт, нуруу баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 6 дахь тал/,

- Өргөдөл /хавтас хэргийн 7 дахь тал/,

- Шүүгдэгч Ж.Мийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 40 дэх тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 41 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 44 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ж.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минт нэртэй шөнийн цэнгээний газар иргэн Б.О-г өөрийн нөхөр Г.Б-тай хардан үснээс нь зулгаан зодож түүний биед зулайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хамарт зулгаралт, нуруу, баруун, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.О-гийн “...2022 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар  хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд ажлын хамт олноороо орсон, харих гээд гарахад хамт ажилладаг залуу Б эхнэр, хоёр найзтайгаа байсан. Намайг өлгүүрээс хувцсаа авах үед ард зогсоод хэл амаар доромжилж эхэлсэн, ...намайг үстсэн, өшиглөсөн, газар унасан байхад гараараа цохисон...” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн, гэрч Г.Б-ын “...2022 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Минт бааранд ажлынхаа хүмүүстэй цуг явж байсан. ...Манай эхнэр намайг ажлын газрын эмэгтэй Очмаатай хардаад зодолдсон. ...Очмаагийн биед учирсан гэмтлийг манай эхнэр учруулсан...” /хавтас хэргийн 21-22 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Ж.Мийн “...Би нөхрийнхөө хойноос дагаад гарсан чинь цуг гарсан найз нь байхгүй, ажлынхаа нэг эмэгтэй хүнтэй зогсож байхаар нь очсон, тэгээд барилцаад авсан. Ингээд маргаан үүсээд би үснээс зулгаасан, хажууд нөхөр, Байгалмаа хоёр байсан, тэр хоёр салгасан...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №4590 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Б.О-гийн биед зулайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хамарт зулгаралт, нуруу баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд учирсан “...зулайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хамарт зулгаралт, нуруу баруун шилбэнд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ж.Мийг түүнийг үсдэх, цохих идэвхитэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Мийн хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Ж.М гэм буруу, хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Ж.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд зулайн зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, хамарт зулгаралт, нуруу баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардал нэхэмжлээгүй, цаашид зардал гарвал нэхэмжилнэ гэж мэдэгдсэн тул шүүгдэгч Ж.М энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч Б.О- гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн 2210007360543 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ж-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ийн М-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ж.М-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210007360543 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ж.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.О гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР