Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 6 дугаар байрны 48 тоотод оршин суух Хойдууд овогт Нүрзэдийн Ганцоож /РД:-ийн хүсэлттэй *******/РД:/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Батдорж 2017 оны 09 сарын 10-ны өдөр манай “Сод Монгол” группт хандаж шатахуун зээлэх хүсэлт гаргаж байсан. Манай “Сод Монгол” группийн удирдлагын зүгээс Батдоржийг судалж үзээд үнэхээр хадлан хийж байгаа бол шатахуун зээлэх боломжтой гэсэн. 12-ны өдөр Батдорж надтай ирж уулзсан. 13-ны өдөр би Батдорж түүний эхнэр Гэрэлмаа нартай Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хадлангийн талбайд очиж үзсэн. Тэнд очиход тогооч, бусад ажилчид нь та уржигдар ирнэ гэчихээд яагаад таг болчихов гэх мэтээр яриа өрнүүлж байсан. Нөгөө талын талбай дээр очиход хадлан хийгээд өвсийг  буулгачихсан байсан. Би итгээд 2017 оны 09 сарын 14-ний өдөр шатахуун зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж 8,000,000 төгрөгний дизель түлшийг Батдоржид өгсөн. Гэрээндээ Батдорж надад ширхэг үрийг 4,000 төгрөгөөр бодож 2,000 боодол өвс өгөхөөр тохиролцсон байгаа. Түүнээс хойш Батдорж хэсэг таг байсан. 10 сарын эхээр утсаар ярьхад хугацаа жаахан хэтэрчихлээ.  Удахгүй бид өвсийг бэлэн болгож  өгнө гэсэн. 3 хоногийн дараа эхнэр Гэрэлмаатай ярьсан. Манай хүн Сүхбаатарт тариа тарьсан. Мөнгөө авчрах гээд явсан гэсэн. Бид нар өвс өгч чадахгүй бол оронд нь мөнгө өгнө гэж хэлээд таг болсон. Түүнээс хойш утас нь холбогдохгүй байсан. Би Номгонд сураг гаргах гээд олж чадаагүй. Хотод байдаг гэсэн дам яриаг хүнээс сонссон. Хотод хаана байгааг мэдэхгүй байна. Би Батдоржийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байна гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Иргэн ******* /РД:00000000 нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 3 дугаар баг, Номгонд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй тул түүнийг эрэн сурвалжлах нь үндэслэлтэй байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

Иргэн *******ийн  эхнэр Бадарч овогтой Гэрэлтуяа нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3 дугаар баг, Номгон, төв хэсэг гудамж, 43 тоот хаягт оршин суудаг хягтай,  болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дахь хэсэгт зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлого болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар иргэн ******* /РД:/-г  эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.                          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.САРАНТУЯА