Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 171

 

 

“Каркас зураг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06640 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Их хаадын цуваа” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 258 710 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Сүхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содбаяр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

Хариуцагчийн төлөөлөгч Н.Сүхбаатар,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Манлай би 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр "Каркас зураг" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож, уг компанийг 100 хувь ганцаар эзэмшдэг. Тус компани барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр 2002 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр "Их хаадын цуваа" ХХК-тай Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотод орон сууцны 7а хорооллын ерөнхий төлөвлөгөө батлуулж, 9 давхар 63 айлын 6, 12 давхар 144 айлын 9, 12 давхар 96 айлын 5 орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах, нийт 183 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан. Уг гэрээний 2.4 дэх хэсэгт 1 дүгээр үе шатны зураг төслийн ажлын тохиролцсон үнийн 80%-100%-тай тэнцэх урьдчилгааг олгоно гэж заасны дагуу доод тал нь 80% болох 146 400 000 төгрөгийн урьдчилгааг олгох үүргийг захиалагч тал "Их хаадын цуваа" ХХК нь хүлээсэн. Барилгын иж бүрэн зураг төслийг нэг компани дангаар боловсруулах боломж байдаггүй тул бусад хүчит төхөөрөмж, цэвэр бохир ус, халаалт салхивчны зураг төслийг боловсруулдаг туслан гүйцэтгэгч хувь хүн, компаниудтай хамтарч хийж гүйцэтгэдэг, эдгээр туслан гүйцэтгэдэг компаниудтай гэрээ байгуулж, мөн захиалагч талд иж бүрэн зураг төсөл хүлээлгэж өгдөг. Иймээс гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр халаалт, салхивч, цэвэр бохир ус зураг төслийг хийлгэхээр "Түвшинжин" ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үнийн дүн 32 400 000 төгрөгөөр тохирсон. 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр "Арбэл-Алтай" ХХК-тай дотор гэрэлтүүлгийн зураг төслийг боловсруулах гэрээг байгуулж, гэрээний үнийн дүн 25 000 000 төгрөгөөр тохирсон. Манай компаний архитектур, барилга бүтээцийн зураг төслийг боловсруулсан. Ингээд гэрээнд заасан зураг төслийг бүрэн боловсруулж, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уг гэрээнд заасан зураг төслийн баримт бичгийг Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж Магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулж "Их хаадын цуваа" ХХК-д хүлээлгэж өгсөн. Гэрээний 2.6 дахь хэсэгт заасны дагуу магадлан хяналт буюу экпертизийн зардлыг "Их хаадын цуваа" ХХК-иас бүрэн төлбөр хийгдээгүй тул 96 айлын орон сууцны барилгын зураг төсөл нь магадлан хяналтаар ороогүй. Ингэснээр манай компани нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээ байгуулмагц төлөх естой байсан урьдчилгаанаас нэг ч төгрөг төлөөгүйгээс барахгүй гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдлийг эхний барилгажилтын барилгын ажил 3 дугаар давхрын барилга угсралтын ажлыг эхлэхэд олгоно гэж заасан ч олгоогүй. Мөн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр "Их хаадын цуваа" ХХК-тай Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотод орон сууцны 7а хорооллын 17 ширхэг гараашийн барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулж, гэрээнд заасан хугацаанд зураг төслийг боловсруулсан. Уг гэрээний 2.3 дахь хэсэгт зургийн төлбөрийг "Чех улсаас санхүүжилт орж ирэхэд төлбөрийг 100 хувь гүйцэтгэгчид олгоно. 2013 оны 4 дүгээр сард гэж заасны дагуу олгох байтал одоо болтол нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй. Бид тухай бүрт нь “Их хаадын цуваа" ХХК-иас гэрээнд заасан төлбөрөө хийж, гэрээний үүргээ биелүүлэхээр амаар болон бичгээр шаардахад удахгүй төлбөрийг олгоно гэж хойшлуулсаар ирсэн. 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Н.Сүхбаатартай уулзаж "Түвшинжин" ХХК-ийн захирал Ц.Энхболдоор хурлын протокол хөтлүүлж 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний талаар хуралдаж 2013 оны 4 дүгээр сард гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохиролцож байсан. Манай компаний боловсруулсан зураг төслөөр "Мастер инженеринг" ХХК нь Эрдэнэтийн 7а хорооллыг орон сууцны эхний ээлжийн барилгуудын ажлыг гүйцэтгэж, 2 ширхэг 9 давхар орон сууцыг 2014 онд Улсын комисст хүлээлгэж өгсөн, одоо бусад орон сууцны барилгын ажлууд явагдсаар байгаа болно. "Их хаадын цуваа" ХХК-иас гэрээний төлбөр 183 000 000 төгрөг, 4.3 дахь хэсэгт заасан хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги 0.03 хувь болох 54 900 төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 30 хувиас хэтрэхгүй гэж заасан тул 61 000 000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гаражийн зураг төсөл боловсруулах гэрээний үнийн дүн 16 100 000 төгрөг, 4.2 дахь хэсэгт үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу 1 610 000 төгрөг, нийт 258 710 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь манай компанид 3 удаа албан тоотоор шаардлага өгсөн гэдэг боловч тийм зүйл болоогүй. Харин магадлал хийлгэх мөнгөө төлнө гэсэн боловч төлөхгүй байсан болохоор 96 айлын орон сууцны зураг магадлалаар ороогүй. Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээг худлаа хуурамч гэдэг боловч үүнийг цагдаагийн байгууллага шалгаж хуурамч биш гэсэн. Мөн бидний гүйцэтгэсэн зургийг өмнө нь хийчихсэн байсан зураг гэж маргадаг. Гэтэл уг зургууд нь манай оюуны өмч тул хэнд хэдээр зарах нь манай эрх юм. Гэрээний 2,6-д магадлалаар оруулах төлбөрийг хариуцагч төлнө гэж заасан байгаа. Улмаар мөнгө муутай байна нэг нэгээр нь оруулна гэсээр байгаад хугацаа алдагдуулсан. Бэлэн болсон зургийг магадлалд оруулахад хариуцагч нь магадлан хийх газар гэрээний төлбөрөө төлчихвөл манай талаас шалтгаалах зүйл байхгүй. Хариуцагчийн яриад байгаа 36 000 000 төгрөг нь өмнө өөр төрлийн гэрээний дагуу хийсэн төлбөр бөгөөд энэ гэрээнд хамааралгүй. Гараашийн зураг зурах гэрээний хувьд мөн адил гэрээг цуцаллаа гэсэн мэдэгдэл өгсөн зүйл байхгүй, харин хариуцагч магадлал хийх газар төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлээд сүүлд нь төлж батлуулаад зургаа авсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Их хаадын цуваа" ХХК болон "Каркас зураг" ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01/2012 тоот Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч "Каркас зураг" ХХК нь Орхон аймаг, Эрдэнэт хотын орон сууцны 7А хороололд хэрэгжих "Евро Эко Төгөл" төслийн 1 дүгээр ээлжинд баригдах 63 айлын 6 ширхэг, 72 айлын 4 ширхэг, 144 айлын 9 ширхэг мөн "Аркон" ХХК нь 45 айлын 1 ширхэг орон сууцны барилгын зураг нийт 20 ширхэг орон сууцны барилгын зургийг холболтоор хийх, Захиалагч "Их хаадын цуваа" ХХК дээрх барилгын зургийг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр тус тус үүрэг хүлээн гэрээ байгуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 3 дугаар capын 16-ны өдрийн 82 дугаар тогтоолоор 100 мянган айлын орон сууц хөтөлбөрт хамрагдах орон сууцны жагсаалт батлагдаж, энэхүү жагсаалтад Эрдэнэт хотын орон сууцны 7а хороолол орж, Орхон аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр "Их хаадын цуваа" ХХК-д 457 дугаартай албан бичиг ирүүлсэнээр "Их хаадын цуваа" ХХК болон "Каркас зураг" ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 01/2012 тоот "Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээ" хэрэгжих нөхцөл бүрдсэн юм. Дээрх гэрээ ёсоор "Каркас зураг" ХХК нь 9 давхар 63 айлын орон сууцны 6 ширхэг барилгын зураг төслийг тус бүр нь 6 000 000 төгрөгөөр тооцож нийт 36 000 000 төгрөгөөр, 12 давхар 144 айлын орон сууцны 9 ширхэг барилгын зураг төслийг тус бүр нь 8 000 000 төгрөгөөр тооцож нийт 72 000 000 төгрөгөөр, 12 давхар 72 айлын орон сууцны 4 ширхэг барилгын зураг төслийг тус бүр нь 4 000 000 төгрөгөөр тооцож нийт 16 000 000 төгрөг, нийт барилгын холболтын зургийг 124 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон байдаг. Гэрээний хавсралтад заагдсан 15 415 000 үнэ бүхий 12 давхар үйлчилгээтэй 45 айлын элит орон сууцны зургийг "Аркон" ХХК-иас 2012 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 18/12 дугаартай албан бичигт тусгасны дагуу холболтын үнээр буюу 30 хувиар тооцон "Аркон" ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохирсон юм. Дээрх барилгууд нь Орхон аймгийн Засаг даргын 2012 оны 217 дугаар захирамжаар "Их хаадын цуваа" ХХК-д эзэмших эрх олгогдсон газарт баригдах Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын бүтээн байгуулалтын эхний ээлжийн хэсэг бөгөөд хоёрдугаар ээлжийн барилгууд болох сургууль цэцэрлэг, үйлчилгээний төв болон орон сууцны барилгуудыг Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын Ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын газрыг чөлөөлсний дараа барихаар төлөвлөсөн болно. "Их хаадын цуваа" ХХК нь Орхон аймгийн удирдлагуудтай "Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын барилгажилтын "Евро эко төгөл" төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ"-г 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулж гэрээний хавсралтаар "Их хаадын цуваа" ХХК нь 2013-2020 онуудад "Евро эко төгөл" төслийг орон сууцны 7а хороололд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх, тус төслийн хүрээнд 1-р үе шатны ажил нь "Их хаадын цуваа" ХХК-нд олгогдсон газарт 9-12 давхар 1650 айлын орон сууцны барилга болон дэд бүтцийн хамт барьж байгуулна." хэмээн гэрээнд заасан. "Их хаадын цуваа" ХХК нь "Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ"-г "Аркон" ХХК-тай 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу 2012 онд Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын барилгажилтын төслийг Орхон аймгийн ерөнхий архитектороор дахин батлуулан 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр "Ажил хүлээлцэх акт" үйлдэн хүлээлгэн өгсөн. Ажил хүлээлцэх актад "Эрдэнэт хотын орон сууцны 7а хорооллын 2012 онд батлагдсан Ерөнхий төлөвлөгөөнд Нэгдүгээр үе шатны ажил болох захиалагчийн газрын зөвшөөрөл нь олгогдсон хоосон байгаа газарт эхний ээлжинд "Каркас зураг" ХХК-ийн холболтын зургаар баригдах 9 давхар 63 айлын орон сууц 6 ширхэг, 12 давхар 144 айлын орон сууц 9 ширхэг, 12 давхар 12 айлын орон сууц 4 ширхэг, "Аркон" ХХК боловсруулсан зургаар баригдах 12 давхар 45 айлын элит орон сууц 1 ширхэг тус тус тусгагдсан... гэжээ. "Каркас зураг" ХХК-ийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн "Каркас зураг " ХХК, "Түвшинжин" ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 04 дугаар "Зураг төсөл боловсруулах талаар захиалагч гүйцэтгэгчийн хоорондын гэрээ, "Каркас зураг" ХХК, "Арбэл-Алтай" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Зураг төслийн ажлын гэрээ /холбоо, дохиолол/-нд 9 давхар 96 айлын орон сууцны талаар огт дурдагдаагүй байна.

"Их Хаадын Цуваа" ХХК болон "Каркас зураг" ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01/2012 тоот Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар 100 мянган айлын орон сууц хөтөлбөр Засгийн газрын тогтоолоор батлагдснаас хойш буюу 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 45 хоногоос 2 сарын хугацаанд буюу 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрээнд заасан орон сууцны барилгын холболтын зургийг хүлээлгэн өгөх байсан. Манай компани "Каркас зураг" ХХК-иас дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг шаардаж, эхний ээлжинд баригдах 9 давхар 63 айлын орон сууцны барилгын холболтын зургийг хүлээлгэн өгөхийг шаардсан 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 016/2012 тоот албан бичиг, "Каркас зураг" ХХК-тай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Гараашийн барилгын зурагт өсөл боловсруулах гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2012 тоот Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх, дурдсан хугацаанд хүлээлгэн өгөөгүй нөхцөлд дээрх гэрээнүүдийг цуцлах болохоо мэдэгдсэн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 36/2013 тоот албан бичиг, Мөн 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 86/2013 тоот эхний ээлжийн 63 айлын орон сууцны барилгын ходболтын зургийг 2013 ондоо багтаан хүлээлгэн өгөх, 72 айлын 12 давхар 4 ширхэг, 144 айлын 12 давхар 9 ширхэг орон сууны барилгын холболтын зургийн хувьд гэрээ цуцлагдсан болохыг мэдэгдсэн албан бичгийг тус тус хүргүүлж байсан болно. "Каркас зураг" ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр "Их хаадын цуваа" ХХК-ийн нэр дээр 144, 72, 63 айлын 3 ширхэг орон сууцны барилгын зургийг тус бүр нэг ширхэг зургийг "Их хаадын цуваа" ХХК-ийн нэр дээр дахин холболтоор магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан. 63 айлын 9 давхар 5 ширхэг орон сууцны барилгын холболтын зургийг магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулан 2014 оны 2 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу 1 жил 8 сарын дараа магадлалын дүгнэлт гаргуулаагүй 63 айлын 9 давхар 5 ширхэг орон сууцны барилгын зургийг "Их хаадын цуваа" ХХК-д хүлээлгэн өгсөн. "Каркас зураг" ХХК-ийн 144 айлын 9 ширхэг, 72 айлын 4 ширхэг орон сууцны нийт 14 барилгын холболтын зургийн хувьд гэрээ цуцлагдсан мөн барилгын холболтын зургийг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй учир төлбөрийг төлөх боломжгүй байсан бөгөөд 9 давхар 63 айлын орон сууцны барилгын 5 ширхэг холболтын зургийг магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж өгөхийг дахин даалгаж гэрээнд заасан ажлын хөлс болох 36 000 000 төгрөгөөс 25 560 000 төгрөгийг "Каркас зураг" ХХК-д мөн зургийн ажлыг гүйцэтгэхэд оролцсон туслан гүйцэтгэгч нар болох "Түвшинжин" ХХК-д 7 560 000 төгрөг, "Арбэл-Алтай" ХХК-д 2 880 000 төгрөгийг тус тус төлсөн.

"Каркас зураг" ХХК-тай байгуулсан Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний 2.8 дахь хэсэгт "Барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг БНбД 11-04-99-ийн дагуу тусгай гэрээний үндсэн дээр зохион байгуулна" гэж заасан байдаг. БНбД 11-04-99-ийн 1.5 дахь заалтад "Зохиогчийн хяналтыг тухайн барилга, байгууламжийн зураг төслийг боловсруулсан байгууллага аж ахуйн нэгжийг төлөөлсөн зохиогчид нь хийнэ" хэмээн мөн заасан. Гэтэл "Каркас зураг" ХХК нь 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 01/2012 тоот Барилгын зураг төсөл боловсруулах аж ахуйн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн 9 давхар 63 айлын орон сууцны барилгын ажил эхлэхэд гэрээ болон БНбД-д заасан үүргээ тус компанийн захирал Б.Манлай биелүүлээгүй бөгөөд Барилгын ажлын явц дахь зохиогчийн хяналтын гэрээг эрүүл мэндийн шалтгаанаар барилгын ажлын явц дахь зохиогчийн хяналтаа биелүүлэх боломжгүй болсон хэмээн бидэнд мэдэгдсэн. Мөн Орхон аймгийн МХЕГ-ын 63 айлын орон сууцны барилгын зураг төсөлд хийсэн үзлэг шалгалтаар тус барилгын зурагт алдаа зөрчил гарсан, мөн 106 дугаар барилгын холболтын зураг байхгүй байсныг илрүүлж барилгын ажлыг зогсоосон. Ийнхүү "Каркас зураг" ХХК-ийн 9 давхар 63 айлын орон сууцны барилгын зураг төслөөр барилга баригдах боломжгүй болсон бөгөөд мөн тус барилгатай холбоотойгоор хийсэн Гараашийн зургаар баригдах боломжгүй болж цаашид "Евро эко төгөл" төсөлд "Каркас зураг" ХХК-тай хамтран ажиллах боломжгүй болсон.

"Их хаадын цуваа" ХХК болон "НГ" ХХК-тай 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр №12/14 дугаартай Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж шинээр 9 давхар 45 айлын орон сууцны барилгын зургийг боловсруулсан. Энэхүү гэрээний дагуу "НГ" ХХК болон "Их хаадын цуваа" ХХК-иудын "Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ" байгуулж 45 айлын 17 авто зогсоолтой 1 ширхэг орон сууцны барилгын зураг мөн холболтоор 45 айлын 17 авто зогсоолтой 5 ширхэг орон сууцны барилгын зургийг Барилгын хөгжлийн төвөөр Магадлалын Ерөнхий дүтнэлт гаргуулан хүлээлгэн өгсөн. Барилгын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээг 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 101,106 дугаар барилгууд 01/14 дугаартай, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 102,105-р барилгууд 02/15 дугаартай, 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 103, 104 дүгээр барилгууд 03/15 дугаартайгаар тус тус байгуулан ажиллаж байна. "Түвшинжин" ХХК-тай 9 давхар 45 айлын орон сууцны /цэвэр ус, бохир ус, халаалт салхивч, холбоо, дохиолол, цахилгааны/ барилгын зураг төсөл боловсруулах 2014/18 дугаартай гэрээг 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээг 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2014/05 дугаартай, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2015/01 дугаартайгаар тус тус байгуулан хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааныхаа хүрээнд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2 ширхэг, 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2 ширхэг, нийт 9 давхар 45 айлын 4 ширхэг орон сууцыг барьж Улсын Комисст хүлээлгэн өгсөн. "Каркас зураг" ХХК-ийн захирал Б.Манлай нь 63 айлын 6 ширхэг барилгын холболтын ажпын хөлсөнд авсан мөнгөө буцаан төлөөд дээрх холболтын зургуудаа авна гэж байсан боловч өнөөдрийг хүртэл дээрх төлбөрөө төлж барагдуулаагүй байна.

"Их хаадын цуваа" ХХК-иас 9 давхар 63 айлын орон сууцны барилгын холболтын зургийн ажлын хөлсөнд өгсөн 36 000 000 төгрөг болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж маш их хугацаа алдсан мөн өөр компанитай дахин гэрээ байгуулж орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлж бас дахин төлбөр төлсөн нь манай компанийн хувьд их хохирол амсаж байиа. Иймд "Каркас зураг" ХХК-д төлсөн 36 000 000 төгрөг болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан бөгөөд гэрээ цуцлагдсантай холбогдуулан гэрээний төлбөрт төлсөн 36 000 000 төгрөгийг "Каркас зураг" ХХК-иас буцаан гаргуулж "Их хаадын цуваа" ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч зургаа гэрээнд заасан хугацаанд өгөөгүй тул дахин хугацаа өгсөн боловч бас л өгөөгүй тул өөр компаниар дахин зураг хийлгэж барилгаа барьж байгаа. Нэхэмжлэгч нь манай талд байгаа 124 000 000 төгрөгийн гэрээг барилгын хөгжлийн төвд зориулж бага үнээр гэрээ хийсэн гэдэг нь үндэслэлгүй. Учир нь тэнд жишиг үнээр төлбөрөө тооцдог. Хугацаа нэмж олгоод байхад зургаа гүйцээж өгнө гээд алга болсон. Үүргээ биелүүлээчээ гэж захиалагчийн зүгээс удаа дараа шаардаж байсан. Биелүүлэхгүй болохоор нь гэрээгээ цуцаллаа гэж албан бичгээр мэдэгдсэн байгаа. Дүгнэлтээс харахад 8-9 сараар хугацаа хэтрүүлж, дутуу зураг өгөөд тэрийгээ гүйцээнэ гэсэн боловч гүйцээгээгүй. Гараашийн зураг нь 63, 72, 144 айлын орон сууцыг доогуур нь холбосон гарааш байсан ба дээрх барилга нь нэхэмжлэгчийн зургаар баригдаагүй тул энэ гараашийн зураг бас хэрэггүй болсон гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч "Их хаадын цуваа" ХХК-иас 237 900 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "Каркас зураг" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 810 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 451 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 347 450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Сүхбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон эрх, эрх чөлөөг хангах баталгаанд хамаарах ойлголт бөгөөд "хууль зүйн туслалцаа авах..." нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх" эрхтэй гэсэн заалтуудыг шүүх зөрчсөн. Хариуцагч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байгаа тухайгаа зохих ёсоор мэдэгдсэн, улмаар бидний сонгосон өмгөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа болохыг шүүхэд мэдэгдэн шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хангахгүйгээр, өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг нь ноцтой зөрчиж шүүх хуралдааныг хийсэн болно.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар нотлох баримтыг шалгуулах эрхтэй, Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон үндсэн эрх, эрх чөлөөг хангаагүй "Их хаадын цуваа" ХХК-д хууль шүүхийн өмнө эрх тэгш байх бололцоо олгохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх хуралдаанд хариуцагч "Их хаадын цуваа" ХХК-иас нэхэмжлэгчийн анх гаргасан нэхэмжлэлийн дагуу тус шүүхэд иргэний хэрэг үүсгэн хянагдаж хэрэгсэхгүй болсон хэргийн материалыг бүхэлд нь нотлох баримтаар татан авах, өмгөөлөгч нарын хурал давхацсантай холбогдуулан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг баримттайгаар гаргасан байхад хэргийн материалд өмгөөлөгч авсан тухай баримт байхгүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй, өмнө шийдвэрлэгдсэн хэргийн материалаас нотлох баримтыг өөр байдлаар авах боломжтой байсан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Хариуцагчийн гаргасан хүсэлтээр өмнөх хэргийн материалд шүүхийн журмаар цуглуулсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудаас гадна хариуцагчийн өмгөөлөгчтэйгөө байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байсан бөгөөд эдгээр баримт тухайн шүүхэд өөрт нь байсан учраас тухайн хэргийн материалд үндэслэн мэтгэлцэнэ гэсэн ойлголтой байсан.

Гэтэл шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авахгүй гэж шийдвэрлэсний дараа буюу шүүх хуралдаан эхэлсний дараа нэхэмжлэгчээс хэргийн материал дутуу байгаа талаар мэдүүлж улмаар өмнө шийдвэрлэгдсэн хэргийн материалыг нотлох баримтаар өгсөн байгаа гэж тайлбарласны дагуу шүүгч тус хянагдаж байгаа маргаан бүхий өмнө шийдвэрлэгдсэн хэргийн материалыг бүхэлд нь шүүх хуралдааны танхимд шүүгчийн туслахаар дамжуулан оруулж ирэн нэхэмжлэгчид холбогдох материалуудыг ялгаж хэрэгт нотлох баримтаар авсан. Энэ нь нэхэмжлэгч өмнөх хэргийн материалд байсан баримтуудыг шүүхэд шинээр гаргаж өгөөгүй, хавтаст хэргээс өөрт хамаатай, өөрийн гаргаж өгсөн материалуудаа ч ялгаж аваагүй байсныг харуулсан. Энэ үед манайхаас шүүхэд өмнө нь гаргаж өгсөн баримтууд хэргийн материалд хамт орж ирсэн бөгөөд бидний баримтын хамтад нь авч үзэхийг хүссэн боловч авч хэлэлцээгүй зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтыг ялган авч түүндээ үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх болсон бөгөөд хариуцагчийг нотлох баримтгүйгээр мөн өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оруулсан болно.

Хариуцагч шүүх хурал зарласан өдрийн өмнөх өдөр хэргийн материалтай танилцсан байсан. Харин нэхэмжлэгч хэргийн материалтай танилцаагүй байсан тул хурал эхлэхийн өмнө хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч шүүх хурлын өмнө хэргийн материалтай танилцахдаа хэргийн материалыг дутуу байна гэж мэдэгдээгүй атлаа хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсний дараа хэргийн материал дутуу байна гэж мэдэгдэн хариуцагчийн танилцаагүй нотлох баримтуудыг нэмж хэргийн материалд авч, хариуцагчид танилцуулалгүй, танилцах боломжийг хангалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2, 25.1.3-д заасан эрхийг эдлүүлэхгүй хязгаарласан, хуулийн зөрчил гэж үзэх ёстой. Шүүгчийн туслахаар дамжуулан шүүх хуралдааны танхимд өмнө нь шийдвэрлэсэн хэргийн материалыг бүхэлд нь оруулж ирсэн атлаа хариуцагчид холбогдох, хариуцагчийн гаргаж өгч байсан материалыг хэрэгт ач холбогдолтой эсэхийг анхаарч үзэлгүй, тусад нь ялган тавьж зөвхөн нэхэмжлэгчид хамаатай, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн материалуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан эхэлсний дараа нотлох баримт нэмж авсан. Эдгээр үйлдэл нь шүүгч хэргийн зохигчид ялгавартай хандсан, улмаар алагчилсан, ялгаварлан гадуурхсан үйлдэл мөн гэж үзнэ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хууль зөрчин хууль бусаар цуглуулсан нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд хууль бусаар цуглуулсан нотлох баримтад үндэслэн гаргасан шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд хуулиар тогтоосон үндэслэл журамд нийцүүлэн дахин хэлэлцүүлж өгнө үү. Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлийг бүрэн гүйцэд бичээгүй, шийдвэртээ нийцүүлэн өөрчилсөн байна. Шүүхэд өөрт нь гаргаж өгсөн нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөхийг хүссээр байтал шүүхийн шийдвэрт манайхыг тайлбараа нотлоогүй холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэсэн үндэслэл зааж тус компаниас 237 900 000 төгрөгийг үндэслэлгүй гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Каркас зураг” ХХК нь хариуцагч “Их хаадын цуваа” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 258 710 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хариуцагчид 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг ирүүлэх хугацааг тогтоож, улмаар шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гаргахаас өмнө 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэж баримтад гарын үсэг зуруулжээ.                                                                             /хэргийн 28, 51 дүгээр тал/    

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргах, өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, бүрдүүлэх, цуглуулах талаар хүсэлт гаргах боломжоор хангагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан нөхцөл бүрдсэн үед шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргах учиртай. Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахаас өмнө хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүх хариуцагчийн хариу тайлбар түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг ирүүлэх талаар тогтоосон хугацаа дуусаагүй буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт хангалттай бүрдсэн гэх үндэслэл зааж 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдааныг хийхээр товлосон байна.                                         /хэргийн 30 дугаар тал/       

Шүүгч хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цугларсан нөхцөлд шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцүүлэх захирамж гаргах байтал хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад уг захирамжийг гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ.                                                                      

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд шүүх хариуцагчид 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэргийн материал танилцуулсанаас хойш хэрэгт цугларсан баримтуудыг хариуцагчид танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулсан гэж үзэх боломжгүй, талуудын мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийг авч үзэхэд хэргийн нотлох баримттай холбоотой гаргасан хариуцагчийн тайлбар дутуу тусгагдсан, шүүх хуралдаанд яригдсан зүйлийг товчлохдоо агуулгыг өөрчилж, бүрэн бичээгүй байх атлаа шүүх хуралдааны тэмдэглэлийг зохих ёсоор бүрэн гүйцэд, үнэн зөв болгон бичиж баталгаажуулах талаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүхийн албан хэрэг хөтлөлтөд нийцэхгүй хэлбэрээр бичиж хариу өгсөн байгааг хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй юм. Шүүх хуралдааны бус цагт хуульд тухайлан заагаагүй асуудлаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүгч шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар захирамж гарган шийдвэрлэх учиртай.                                                                  /хэргийн 75 дугаар тал/

 

Зүй нь шүүх хуралдааны тэмдэглэлийг 3 хоногийн дотор бэлэн болгож хэргийн оролцогчоос уншиж танилцах хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээрт уншиж танилцуулах, алдаатай бичигдсэн бол 3 хоногийн дотор засвар оруулах эсэх асуудлыг даргалагч шийдвэрлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, 93.3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Должин шүүх хуралдааныг Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн хичээлийн лекцийн цагтай шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх шийдвэрлээгүй нь буруу байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд төлөөлөх эрх бүхий өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хамгаалах, өмгөөлөлийн үйлчилгээ үзүүлэх нь өмгөөлөгчийн үндсэн үүрэг тул хичээлийн лекцийн цаг давхцах нь шүүх хуралдаан хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан биш шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хуульч, өмгөөлөгч нь эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах боломж нь өмгөөлөгчийн үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд болон шүүн таслах ажиллагааг явуулахад саад болох үндэслэл байх учиргүй болно.

 

Мөн хэргийн баримтаар өмгөөлөгч Ч.Болдбаатарт шүүх хуралдааны товыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн байтал 2 хоногийн дараа буюу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тов мэдэгдсэн баримт ирүүлснээс үзвэл 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 9.00 цагт давхардуулан шүүх хуралдаанд оролцохоор гарын үсэг товд зурсан нь тухайн өмгөөлөгчийн бусдад үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой тул өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагчид 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн бөгөөд хариуцагч өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжит хугацааг шүүхээс олгосон байх тул хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон нотлох баримт бүрдүүлэх журам зөрчигдсөн, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/06640 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 347 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ