Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 340

 

 

 

 

 

 

 

2019         4                16                                               2019/ДШМ/340

 

 

                                                  Ж.Рид холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Ширэндэв,

шүүгдэгч Ж.Рийн өмгөөлөгч Л.Нинжбат,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Я.Мөнхтөр, түүний өмгөөлөгч Л.Энхбуйр, М.Дэмбэрэлдагва,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Р, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Рид холбогдох эрүүгийн 201301000389 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Жгийн Р, 1959 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан автоматикийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үед “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/,

 

Ж.Р нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Зүүн өмнөд бүсийн салбарын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засварлах үйл ажиллагааны зардлыг Улсын онцгой комиссын шийдвэрээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж шийдвэрлэсэн үед хуурамч баримт бичиг бүрдүүлж аваарыг устгах ажлын зардлын тайланд сэлбэг хэрэгсэл гэсэн нэрээр баримт бүрдүүлж зах зээл дээр 65.700.000 төгрөгийн өртөг бүхий “Huyndai Trailer” загварын авто чиргүүлийг 89.900.000 төгрөгөөр худалдан авч компанид 24.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Говийн бүсийн салбарын байр худалдан авах 300 сая төгрөгийн төсөв батлаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3 дахь заалтыг зөрчин Үнэлгээний хорооны гаргасан хууль бус хурлын тэмдэглэлийг үндэслэн тендер зарлалгүй “Говийн тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонжаргалтай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/83 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г шууд байгуулж, зах зээлд 141.800.000 төгрөгийн үнэлгээтэй байсан Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах 946 м2 оффисын барилга, 5876 м2 газар, 630 кв-ын трансформатортай 10-0.4 кв-ын иж бүрэн хаалттай ТП бүхий объект зэрэг барилга байгууламжийг 300.000.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төсвөөс 250.000.000 төгрөгийг “Говийн тэнгэр” ХХК-ийн Хас банкны 5000432064 тоот дансанд 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлж 108.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Ж.Р нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3 дахь заалтыг зөрчин Говийн бүсийн салбарын барилгыг зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр буюу 300 сая төгрөгөөр “Говийн тэнгэр” ХХК-иас худалдан авахаар тус компанийн захирал С.Отгонжаргалтай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/83 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г шууд байгуулж С.Отгонжаргалын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хэрэгжүүлсний төлөө С.Отгонжаргалаас 2014 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Ү.Мөнхтөгс, тус компанийн жолооч Н.Ганбаатар нараар зуучлуулан 16.000.000 төгрөгийн, 2014 оны 5 дугаар сард 7.000.000 төгрөгийн, нийт 23.000.000 төгрөгийн хахууль авсан,

мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчиж үнэлгээний хороо байгуулалгүй, тендерт оролцох компанийн ерөнхий болон санхүү, техникийн нөхцөлийг хангасан эсэхийг тогтоолгүйгээр “Тэдэ Энержи” ХХК-д давуу байдал олгож тус компаниас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмнөд дэд станц “SFSZ11-1110/63 МVА маркийн 2.800.000.000 төгрөгийн өртөгтэй 2 ширхэг хүчний трансформаторыг худалдан авахаар 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шууд гэрээ байгуулж БНХАУ-ын иргэн QI JINSHAN /Ку Жин Шан/-ний ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө түүнээс 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхнэр С.Оюунчимэгээр дамжуулан 100.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхнэр С.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банкны 458028586 тоот дансаар 5.300 ам.доллар буюу 9.911.000 төгрөгийг, нийт 109.911.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Ж.Рийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2, 22.4 дүгээр зүйлийн 4, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүгдэгч Ж.Рид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, шүүгдэгч Боржигон овгийн Жжийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ давтан урвуулж, их хэмжээний хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Рид холбогдох хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ давтан урвуулж их хэмжээний хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рийг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Рид оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рийн шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Рийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 132.911.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөнөөс гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Роос 132.400.000 төгрөгийг гаргуулж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Рид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Р гаргасан давж заалдах гомдолдоо: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм бурууг болон надад оногдуулсан 4 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж өөрийгөө үзэж байна. Давж заалдах гомдлын үндэслэл нь:

1. Трайллер авсан тухайд прокурорын ялласан шиг тоноглолын гэмтэл биш. Энэ бол том аваар, байгалийн гамшиг. Ийм үед гүйцэтгэх захирал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар шууд гэрээ хийсэн. Гэрээг 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хийж, 8 сард багтааж “Хьюндай” трайллерийг авна гэж тохирсон. Шууд мөнгийг нь төлөөд трайлерийг компанид авах боломжгүй байсан тул эхлээд түрээсээр авч ажиллуулж “ажлын хөлс” нэрээр 6.500.000 төгрөгийн төлбөр хийсэн. Энэ талаар хавтас хэрэгт бүх баримт буюу Тээвэр, механизмын хэлтсийн дарга Мөнх-Үүрдийн мэдүүлэгт яагаад түрээсэлсэн, ямар авах үйлдвэрийн шаардлага байсан, хэн авахыг шаардсан, хэн гардаж худалдаж авсан тухай бий. Ингээд гэрээний дагуу 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр трайллерийн үнэ 79.000.000 төгрөгийг “Их харгуй” ХХК-д шилжүүлж “Хьюндай” трайллерийг онцгой хэрэгцээгээр ерөнхий инженер Ц.Жаргалсайханы шийдвэрээр худалдан авсан. Иймээс би албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл хийгээгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт намайг буруутгасаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараа нь төлбөр хийж, “Хьюндай” трайллерийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит компанид бодитоор худалдаж авснаас 1-2 сарын дараа ерөнхий нягтлан бодогч Ц.Норовжамц, Санхүү эрхэлсэн орлогч дарга Балдорж, хэлтсийн дарга Ганбаатар, ахлах эдийн засагч Мөнгөнцэцэг, тэгээд ерөнхий нягтлан бодогч Ц.Норовжамц өөрөө бүх холбогдох нягтлан бодогч нараар гарын үсэг зуруулсан 500 гаруй хуудас, том хавтас байгалийн гамшиг устгахад зарсан эд хөрөнгө, мөнгөний тайланг танилцуулж гарын үсэг зуруулсан. 500.000.000 гаруй төгрөгийн аваарт, гамшгийн нөхөн төлбөр авах гэсэн юм гэж хэлсэн. Би гарын үсэг зурсан. Тэгээд энэ нөхөн төлбөрийг Балдорж дарга, санхүүгийнхэн хөөцөлдөж Улсын онцгой комиссоор уламжлан Сангийн яамнаас 300.000.000 гаруй төгрөгийг компанидаа олж авсан. Би гарын үсэг зурахдаа “машин механизм хөдлөх хөрөнгөө яагаад тайландаа оруулаагүй юм” гэсэн. Тэгэхэд “захирлаа нөхөн төлбөрөөр хөдлөх хөрөнгө механизмын нөхөн төлбөр олгогдоогүй л” гэсэн. Би ерөнхий нягтлан Норовжамцад “битгий бич” гэж үүрэг болгож амаар болон бичгээр шийдвэр, үүрэг, даалгавар өгөөгүй. Өөр 2-3 механизм авсан бөгөөд тэд бас тайланд байхгүй л байгаа. Адилхан энэ үйлдэлд намайг хуурч мэхэлсэн, хуурамч баримт бичиг үйлдсэн гэж буруутгасаныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ажил үүргийн хувьд компанидаа өгч байгаа нөхөн төлбөрийг дутуу ч гэсэн авчрах ёстой, үүрэгтэй. Би энэ үйлдэлд буруугүй. Надад оногдуулсан ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Дараа нь 23.000.000 төгрөгийн хохирол буюу үнэлгээний тайлангийн тухайд Авлигатай тэмцэх газрын Цэдэн-Иш тогтоол үйлдэж үнэлгээчин Энхбаатар томилогдсон. Үнэлгээчин Энхбаатар үнэлгээ хийх эрхгүй. Гэхдээ гарын үсэг зурсан үнэлгээ хийсэн гэж хаацайлж байгаа. Тогтоогүй үнэлгээчин Оюунчимэг үнэлгээг буруу хийж 24.000.000 төгрөгийн хохирол гаргасан. Би энэ хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Авлигатай тэмцэх газар тогтоол гаргасан хүнээрээ үнэлгээ хийлгэхгүй юм бол яах гэж тогтоол гаргасан юм. Би ч гэсэн үнэлгээний компаниар хийлгэж болно биз дээ. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Цэдэн-Иш үнэлгээний компанитай үгсэн хуйвалдаж 24.000.000 төгрөгийг зохиомлоор гаргасныг нотолъё. Үнэлгээчид зах зээлийн жишгээр гэж тайлангаа гаргасан. Гэтэл “Их харгуй” компанийн захирал “Хөх чоно” мэдүүлэгтээ би энэ “Хьюндай” трайллерийг 60.000.000 гаруй төгрөгөөр БНСУ-аас худалдаж авчирсан гэсэн. Гэтэл энд авч ирээд 65.700.000 төгрөгөөр зарах уу. Далайн эргээс тээвэр, замын зардал, гаалийн болон бусад татварууд тооцогдоно. Ийм амьдралгүй бодит биш үнэлгээ гаргаж, захиалгаар худлаа тайлан хийж, мөнгөн дээр ажиллаж, ажлаа хийж явсан хүнийг хохироож төлбөрт оруулж, ял шийтгүүлж байгаад гомдолтой байна. Эсрэгээрээ би оновчтой, шуурхай, онцгой төлөвлөгөөтэй зохион байгуулалттай ажилласны үр дүнд 3-4 хоногийн дотор улс орноо, компаниа олон тэрбум төгрөгийн хохирлоос аварч гамшгийн голомтод гардаж ажиллаж Эрчим хүчний яамнаас сайшаагдаж байсан. Ингэж улсад хэдэн тэрбум төгрөгийн хохирол учруулахгүйн тулд энэ “Хьюндай” трайллерийг 89.900.000 төгрөг битгий хэл илүү үнээр ч авах байсан. Энэ миний ажлын шаардлага, эрх, үүрэг, улс орны өмнө хүлээсэн хариуцлага юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоолд хохирогч Я.Мөнхтөр, гэрч Б.Мөнхжаргал, ерөнхий нягтлан Ц.Норовжамц нарын мэдүүлэг намайг буруутгах үндэслэл болж чадахгүй. Зүгээр л “Хьюндай” трайлерийг 2013 оны 8 дугаар сард худалдаж авсан үйлдэл процессыг хэлж байгаа болохыг анхаарна уу. Мөн Авлигатай тэмцэх газар, прокурорын шатанд би өөрийгөө хамгаалах боломжоор хангагдаагүй тул “Итгэлт эстимейт” компанийн үнэлгээчдийг анхан шатны шүүхэд гэрчээр оруулж мэтгэлцэх гэсэн боловч урд нь шүүхийн захирамж байсаар байтал шүүгч Б.Мөнхбаяр нэг ч гэрч шүүхэд оруулахгүй балмад аргаар шүүх хурал хийж надад маш хүнд ял өгч, намайг хохироосон. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Цэдэн-Иш, прокурор Б.Ширэндэв, шүүгч Б.Мөнхбаяр нар нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

2. Энэ хэрэг дээр намайг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанид хууль зөрчиж 108.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан. Би Төрийн бус орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай хуулийн дагуу тендер зарлах гэж үнэлгээний хороо байгуулсан. Байгуулсан Үнэлгээний хорооны 100 хувийн шийдвэрийн дагуу хуулийн хүрээнд би үнэлгээний хорооны шийдвэрийг дагасан. Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл эцсийн шийдвэр байна гэж хуульд заасан. Үнэлгээний хорооны шийдвэрийн дараа би хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Ү.Мөнхтөгсөөс “тендер зарлахгүй юм уу, яагаад ийм шийдвэр гаргаваа гэж асууж” байсан. Тэгэхэд Ү.Мөнхтөгс “Дундговь аймагт үйлдвэр техникийн зориулалттай оффис болгож ашиглах цор ганц объект энэ” гэж хэлсэн. Үйлдвэрийн зориулалтаар давхар ашиглах оффисийн байр байдаггүй. Энэ объектыг анх олж, захирал С.Отгонжаргалыг надтай ажлын өрөөнд маань 1 удаа уулзсан хүн бол Дундговь аймгийн Отгонжаргалын багын найз Мөнхтөгс өөрөө. Гэрчүүдийн мэдүүлгээр батлагдана. Би гэрч Ц.Жаргалсайхан, Я.Гансүх нарын мэдүүлэг шиг энэ объектыг худалдаж авах үүрэг даалгавар хэнд ч өгөөгүй. Гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Би хүмүүс ятгаж, ганцаараа шийдээгүй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Цэдэн-Иш гэрчүүдийг айлгаж, дарамталж хэрэг хүлээлгэнэ, шоронд хийнэ гэж сүрдүүлсэн. Эсвэл Ж.Рийн талаар хөтөлж асууж, түүнд хэрэг үүрүүлэх мэдүүлгүүдийг авсан. Энэ тухай гэрч Алтанхуяг, Норовжамц нар надад хэлж байсан. Би тэгж хардсан. Энэ нь бүх үнэлгээний хорооны гишүүд юу ч ойлгоогүй, мэдээгүй тийм байж буруугаа хүлээж өршөөлд хамрагдах хүсэлт гаргасан явдал юм. Авлигатай тэмцэх газрын энэ үйлдэл гэрч Я.Гансүх “би ярьсан, халамцуу байсан” гэх мэтээр мэдүүлэг өгсөн байхад Авлигатай тэмцэх газрын байцаагч, прокурор, шүүх энэ 2 СD-г хэрэгт авахгүй нотлох баримт болгохгүй байна. Яагаад шүүхийн захирамж байхад шүүгч Б.Мөнхбаяр нь гэрч Ү.Мөнхтөгсийг шүүх хуралд гэрчээр оруулахгүй байна. Яагаад Дундговь аймгийн төвд өөрийнх нь найзынх нь эзэмшил объектыг худалдаж авах бүх худалдан авалтыг гардан зохион байгуулсан, компанийн хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ү.Мөнхтөгс өөрөө жолооч Н.Ганбаатартай хамт авлигын 23.000.000 төгрөгийг авчихаад захирал Ж.Р ганцаараа буруутан болдог билээ. Шүүх хурал дээр миний өөрийгөө хамгаалж өмгөөлөгчийн хамт мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчлөө. Мөрдөгч Цэдэн-Иш Өршөөлийн хуулиар барьцаалсан. Шүүхээр шийдэх ёстой. Би улсад 108.000.000 төгрөгийн хохирол учруулаагүй. Учир нь, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Цэдэн-Иш тогтоол гаргаж захиалга өгч, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй баг байгуулж худлаа хуурамч 108.000.000 төгрөгийн хохирол гаргасан. Бид бас энэ талаар 14 зүйл заалт алдааг нь ил болгож шүүхэд өгсөн. Шүүх мөрдөн байцаалтаар Цэвээн-Орлон шинжээчээс огт хамаагүй асуудлаар байцаалт авсан. Энэ асуудлаар Цогтзандан шүүгч нугацтай хянуур ажиллаж гэрчүүдийг хуралд оролцуулж захирамж гаргаж байхад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр гэнэт Цогтзандан шүүгчийн хуралд оруулсан гэрчүүдийг нэгийг нь ч шүүхэд оруулалгүй намайг өөрийгөө хамгаалах эрх, мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчлөө. Үүнийг засаж холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү. Хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дундговь аймгийн төвд байрлах хуучин аймгийн хүнсний үйлдвэрийн барилгыг миний дараа томилогдсон захирлууд намайг ажилдаа буцаж томиглогдож ирнэ гээд хэрэг болгох гэж албаар тордож ашиглахгүй царцаасан. Сая 2018 онд энэ барилгын нөгөө зүүн жигүүрийг 5 жилийн дараа 250.000.000 төгрөгөөр Дундговь аймгийн хуучин Засаг дарга Од-Эрдэнэ худалдаж авсан. Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс мөн урд нь Идэр шүүгч нар мөрдөн байцаалтад үнэлгээний тайланг буцаахад үнэлгээчин Цэвээн-Орлон хажуу байшинг нэг хүн 131.000.000 төгрөгөөр авсныг зах зээлийн жишиг үнэ гэж огт тайланд байхгүй бидний маргаагүй шал өөр юм ярьсан. Авлигтай тэмцэх газрын мөрдөгч Цэдэн-Иш байцаасан болж ам таглаад буцааж шүүх руу явуулсан. Үүнийг прокурор, шүүх аль нь ч авч хэлэлцээгүй. Ө.Мөнхбаяр гэрчүүдийг нэмж биечлэн хуралд оролцуулаагүй маш ноцтой алдаа гаргаж надад ял оноосон. Үнэлгээний тайланд 14 зүйлд алдаа байгааг шүүхэд хуулийн дагуу өгснийг анхааралдаа авна уу.

3. Дундговь аймгийн Мандалговь хотын төвд компанийн Говийн бүсийн салбарт оффисын барилга объект худалдаж авахдаа 23.000.000 төгрөгийн авлига авсан гэж намайг буруутайд тооцож хүнд ял оноосон. Эхлээд 16.000.000 төгрөг 2014 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр бэлнээр авлига авсан гэж гүтгүүлэн шүүхээс ял авлаа. Би яагаад нэг ч төгрөг аваагүй байж гүтгэлгийн хүмүүсийн хуйвалдсан мэдүүлгээр хэрэгтэн болдог юм. Гомдолтой байна. Анхан шатны шүүхийн 57 дугаар тогтоолд Ч.Мөнхтөгсийн намайг буруутгасан мэдэгдэлд “...би өөрөө шийдье” гээд утсаа салгасан гэнэ. Би хэнтэй ч ярьж хэлээгүй. Тэр тусмаа утсаар ярьж Отгонжаргалаас 16.000.000 төгрөг аваагүй, хүн явуулаагүй, Н.Ганбаатараар Ү.Мөнхтөгсөд 5.000.000 төгрөгийг авлига болгож өгөөгүй. Гэрч Н.Ганбаатарын мэдүүлэгт “Ж.Р захирал намайг Отгонжаргалтай уулзаад ир...” гэсэн нь намайг ор үндэсгүй гүжирдэж Ү.Мөнхтөгстэй үгсэн хуйвалдсан. Үүнийг гэрч С.Отгонжаргал “би танд хахууль өгсөн гэж мэдүүлэг өгөөгүй” гэж надад хэлдэг. Түүнээс гадна би С.Отгонжаргалтай дээр ярьсанчлан өрөөндөө л ганц удаа уулзаж байсан, утсаар ч ярьж үзээгүй. Өөрийн удирдлага дор байгаа хүнтэйгээ тэгэх тусмаа жолоочтойгоо ийм хахууль яриад зогсох хүн би биш. Харин Отгонжаргалын мэдүүлэгт Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нар миний нэрийг барьж урдаас ярьж тохирсон нь нотлогдоно. Дээрээс нь гэрч Н.Ганбаатарын Ж.Рид “би мөнгө өгөөгүй” гэсэн CD бичлэгээр нотлогдоно. Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нар 16.000.000 төгрөгийн авлига авч хувааж авсан нь өөрсдийнх мэдүүлэгт байгаа үйлдлүүдээр батлагдана. Би Н.Ганбаатарт “эмчилгээнд нь тусална, мөнгө төгрөг өгнө” гэж юу ч ярьж байгаагүй. Харин компани журмын дагуу мөнгө өгсөн. Ийм үгээр өөрсдийн авилгын хэрэг, залилан хийснээ хүн хэрэгт хийх замаар ял завшиж байна. Энэ хэргийг ялгаж салгахын тулд би прокурор, шүүхэд Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар, С.Отгонжаргал нарыг гэрчээр оруулах хүсэлт гаргасан. Захиалгатай юм шиг шууд дайраад явсан. Надад маш хүнд ял өгсөнд би гомдолтой байна. Иймд миний ямар ч оролцоогүй надаас гадуур хийгдсэн энэ гэмт хэргийг дахин шийдэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ү.Мөнхтөгс, Кун Жин Шан, Шуан Чуан нараас авлига авч тэрийгээ бас намайг авсан болгож, тэр хэрэг нь прокурорт хэрэгсэхгүй болсон, гэрч Н.Ганбаатар удаа дараа манай өмгөөлөгч Г.Батбаярыг гуйж, шахаж, шаардаж “шүүх хуралд оролцуулахгүй байхад туслаач би айгаад байна” гэсэн байсан. Түүнчлэн Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатарын бүх мэдүүлгүүд “би ойлгохдоо зуучилсны мөнгө гэж бодсон” “ойлгосон” гэх мэт үг хэрэглэж завшиж авсан гэхгүй байгааг шүүгчид анхааралдаа авна уу. Түүнээс С.Отгонжаргал нар авилга авсан гэж намайг хэлээгүй. Түүнээс гадна уг объектыг худалдаж авах хөрөнгө мөнгийг удаан хугацааны явцад жил дамнан “Цахилгаан дамжуулах сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл, Төрийн өмчийн хорооны баталсан тогтоол шийдвэрийн дагуу гүйцэтгэсэн. Касснаас авсан 4.000 ам.долларын хувьд гэрч Ү.Мөнхтөгсийн мэдүүлэг өгсөн шиг би Мөнхтөгс, Н.Ганбаатар нарт “касснаас бэлэн мөнгө ав” гэж ямар ч ам яриа, үүрэг өгөөгүй. Манай компани санхүү бүртгэл, нягтлан бодох ажиллагаа ингэж явагддаггүй. Ядаж надаас ерөнхий нягтлан Ц.Норовжамц нь ирж асууна биз дээ. Бэлэн мөнгө санхүүгээс зөвхөн тушаал, гарын үсэг, цохолтоор гардаг. Жолооч Н.Ганбаатар эмчилгээнд 11.000.000 төгрөг аваа л, дээр нь 4.000 ам.доллар касснаас бэлэн аваа л ямар эрх дархтай хүн юм. Энэ талаар тодруулах хэрэгтэй. Гэрч Н.Ганбаатар БНСУ-д эмчилгээ хийлгээгүй. Би эмчилгээний асуудлыг компанийн захиргааны дарга Одмаагаас дуулснаас өөрөөр огт дуулаагүй. Явах талаараа ч надад хэлээгүй. Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нар өөсрдөө дур зоргоороо ямар аргаар касснаас бэлэн мөнгө авсныг би мэдэхгүй. Сүүлд нь надад ерөнхий нягтлан С.Норовжамц ийм юм ярьж орж ирсэн. Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нар өөрсдөдөө худлаа ярьж, хууран мэхэлж касснаас бэлэн мөнгө авчихаад тэрийгээ авилгынхаа мөнгөөр төлсөн гэмт хэрэгтэн. 4.000 доллар дээр би ямар нотлох баримт, үндэслэлээр хэрэгтэн болдог юм бэ. Яагаад Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Цэдэн-Иш, Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нарын гүтгэлэг, мэдүүлгээр нэг талыг барьж, түүнийг нь прокурор хянахгүй, шүүгч гэрчээр шүүх хуралд оруулахгүй байна вэ. Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нарыг авлига авсныг С.Отгонжаргал мэдүүлгээрээ нотолсон. Би анх удаа 2017 оны 10 дугаар сард гэрийнхээ гадаа, мөн бааранд С.Отгонжаргалын амнаас сонссон. Компанийн хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Ү.Мөнхтөгс найз Н.Ганбаатараар дамжуулж 5.000.000 төгрөг авсан нь нотлогдож байхад, мөн өөрөө 2.000.000 төгрөг хэн авсан нь тодорхойгүй. Түүнээс гадна Н.Ганбаатар 11.000.000 төгрөг, 4.000 доллараар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, баримтгүй зүгээр дэлгүүрийн хэдэн баримтаар БНСУ-д эмчлүүлснийг нотолж болохгүй. Би гэрч болж байгаа Ж.Рийг ялд унагасан нь эсрэгээрээ Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нар авлига авсан гэмт хэрэгтнүүд мөн гэж үзэж байна. Авилга авсан Ж.Р яахаараа авлига авчихаад нэг ч төгрөг өөртөө авч үлдэхгүй Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нарт тараагаад өгчихдөг юм. Би өртэй юм уу, энэ хоёрт ямар нэгэн гэмт үйлдлээр барьцаатай юм уу. Ийм тэнэг үйлдэл хаа ч байхгүй. Би хуулийн байгууллагуудад өндөр албан тушаалтнуудад хандана. Энэ авлигын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж дахин хүсэж байна.

4. БНХАУ-ын иргэн Ку Жин Шанаас “…ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй  үйлдлийг хийж...” гэж шүүхийн тогтоолд буруутгасан. Энэ шүүхийн шийдвэрийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эсрэгээрээ хийх ёстой ажлаа хийж одоо хүртэл хүчин төгөлдөр, Өмчийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан Эрчим хүчний яамны сайдын тушаал, үүрэг даалгаврыг төрийн захирах, захирагдах ёсонд нийцүүлж компанийн захирлын хувьд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээгээ биелүүлж ажилласан. Би ямар ч буруугүй. Авлигын тухай би БНХАУ-ын иргэн Ку Жин Шанаас авилга өгөхийг шаардаагүй, хээл хахуул аваагүй. Ку Жин Шан ганцаараа 2-3 удаагийн зөрүүтэй мэдүүлгээр улс төрчидтэй үгсэн хуйвалдаж гүтгэсэн, зохион байгуулалттай бүлэг хүмүүс зохиомол хэрэг үүсгэсэн.

Түүнээс авилгын хэргийн талаар би юу ч мэдэхгүй. Би эхнэрээрээ дамжуулж авлига аваагүй. Хятад улсын иргэн Ку Жин Шаныг генерал томилогдоод сар болоогүй байхад утасдаж миний дотно, ойрын хүн хамтарч ажиллаач гэж над руу явуулсан. Утсаар ярьсны маргааш Шуан Чуангийн хамт ирж танилцсан. Б.Хурцтай байнга, уулзлаа, ярьлаа, хоолонд орсон гэж ярьдаг байсан. Өөр ч холбоотой төрийн өндөр албан тушаалтан бий. Хятад иргэн Ку Жин Шан, Шуан Чуан хоёр үргэлж хамт явдаг, сүүлдээ манай компаниар байнга эргэлддэг болсон. Би ганцаарчлан уулзаж байгаагүй, хуульд тааруулж авлига нэхсэн шаардсан гэж худал мэдүүлэг нэмэлт мөрдөн байцаалтаар өгч зохиомол хэрэг бий болгож түүндээ өөрийн компанид ажилладаг Хулан, Мөнхцэцэг нарыг ашигласан, улс төрийн зохиомол хэрэгт оролцож гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ улс төрийнхөө зорилгодоо Монголын Ардчилсан Холбооны өмгөөлөгч Пүрэвбаатарыг өмгөөлөгч нэрээр ашигласан. Би өөрөө Монгол Ардчилсан Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, орон нутаг, дүүргийн асуудал хариуцаж 8 жил цалин авч ажиллаж байсан. Ку Жин Шан 2014 оны сүүлээс намайг “та улс төрийн ажиллагаагаа битгий явуул дарга нар юм яриад байна хэрэггүй шүү дээ” гэдэг байсан. 2-3 удаа ингэж хэлэхэд нь би маш их гайхаж “чамд ямар хамаатай юм” гэж 1 бус удаа хэлсэн. Өөрөөр болон өмгөөлөгч Пүрэвбаатараар 4-5 удаа утсаар, биеэр уулзуулж энэ ярьсан 100.000.000 төгрөг дээр зээлийн гэрээ хийчихье тэгвэл асуудалгүй гэж байсан. Манай эхнэр С.Оюунчимэг рүү бас Бээжингээс ярьж зээлийн гэрээ хийгээч гэж Равдандорж захиралд хэлж өгөөч гэж гуйсан байсан. Тэгээд Уугангэрэл гэж хүний утас өгч ярь гэсэн байсан. Энэ тухай өмгөөлөгч Г.Батбаяр мэднэ. Намайг гэрээ хийж болохгүй гэсэн, тэгж зөвлөсөн. Энэ бүгдийг ярьж нүүрэлдэж нотолж, мэтгэлцэж шүүхэд удаа дараа хүсэлт гаргахад шүүгч Идэр, Цогтзандан нар зөвшөөрч шийдсэн ч шүүгч Мөнхбаяр, улсын яллагч Ширэндэв нар шүүхийн үндсэн зарчим болсон мэтгэлцээний зарчмыг алдагдуулж хүчиндэж нэг талыг барьсан. Энэ балмад шүүх хуралдааныг эсэргүүцэж, гомдолтой байна. Зүгээр л явж байсан Цогтзандан шүүгчийн Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Сандагсүрэн хүсэлт гаргаж болиулсан. Шүүгч Мөнхбаяр, Сандагсүрэн, Ширэндэв нар энэ зохиомол хэргийг зохион байгуулахад оролцож байна гэж үзэж байна. Шүүх хуралдааныг маш түрэмгий, хурдан өмгөөлөгчийн ярианд хугацаа тавьж, шүүгдэгчийг хамгаалсан нотлох баримтын хуудсыг хэлүүлэлгүй хэргийг шийдсэн.

Манай эхнэр С.Оюунчимэгийг Хулан, Мөнхцэцэг нарыг танихгүй, мэдэхгүй гэж мэдүүлэг өгсөн. Түүнчлэн нэмэлт мөрдөн байцаалтаар гэрч Хулан зөвхөн нүүрэлдэхэд танихгүй, мэдэхгүй гэж хэлснийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Цэдэн-Иш урьд нь өгсөн мэдүүлгийг ахиж хуулж Хуланг байцаасан болгож бичихэд эхнэр С.Оюунчимэг “ингэж болохгүй шүү дээ, байцаагчаа” гэхэд “ингэж бичдэг юм” гээд хуурамч мэдүүлэг үйлдсэн баримт нь байгаа. С.Оюунчимэгт авлига дамжуулсан гэсэн тулгалтыг эсэргүүцэхээр эрүүгийн хэрэг үүсгэсэн, хорино гэж айлган сүрдүүлэн хүч хэрэглэсэн. Гэрч Хулан, Мөнхцэцэг нар манай эхнэр С.Оюунчимэгийн зүс царай, үс гэзэгний өнгө, хэлбэр, автомашины хэлбэр хэмжээг тойм төдий маш буруу мэдүүлсэн байдаг. Ку Жин Шаны манай эхнэр С.Оюунчимэгийг төсөөлж хэлснийг гэрч Хулан, Мөнхцэцэг нар харсан юм шиг ярьж чадах вэ. Мөрдөгч Цэдэн-Иш, гэрч Ү.Мөнхтөгс нар Ку Жин Шаныг, Шуан Чуанг таниулах ажиллагаа хийж жүжиглэсэн шигээ юм болсон.

Улс төрийн зорилготой байсан нь Я.Гансүхийн ярианы бичлэгээр /CD/ нотлогдоно. Бичлэг хийсэн утас нь байсаар байтал нотлох баримт болгоогүй. Мөрдөгч Цэдэн-Иш, прокурор, шүүх авч хэлэлцээгүй. Генерал Б.Хурц, Б.Билэгт нар ойр дотно гэдгийг хүмүүс мэднэ. Би ч энэ талаар мэднэ. Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын орлогч Сандагсүрэн, Ширэндэв, шүүгч Б.Мөнхбаяр нар хуулийн дагуу ажиллаж шийдэж байсан. Шүүгч Идэр, Цогтзандан нарыг ямар нэгэн аргаар өөрчилж, нөгөө “хонгил”-оор оруулж, хууль зөрчиж, хүчиндэж балмад шүүхийн ажиллагаа, хуралдааныг хийж /захирамж байхад нэг ч гэрчгүй/ шүүгдэгч миний өөрийгөө хамгаалах эрхийг минь хөсөрдүүлж маш хүнд ял тулгалаа. Би компанид хохирол учруулах нь битгий хэл ажил авахад 3.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. Компанийг 2015 оны 5 дугаар сард ажлаа өгөхдөө 2015 онд алдагдалгүй ажилладаг компани болгосон. Ж.Рийн өөрийгөө хамгаалсан нотлох баримтын түүвэр хавтас хэргийн хуудасны дугаартай өмгөөлөгч Нинжбатад байгаа.

Иймд давж заалдах гомдлыг минь сайн уншиж улс төрийн нөлөөгүй, хараат бус, үнэн зөв шударга, худал хуурмаг хуйвалдааныг ялгаж, салгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Рийн өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ж.Рид үүсгэсэн эрүүгийн 201301000389 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг дор дурдсан үндэслэлээр гаргаж байна. Үүнд:

Нэг. “Хьюндэй Трайлер” маркийн авточиргүүл худалдан авсан тухай.

Няцаалт, нотлох баримтууд, үндэслэл: 2013 оны 7 дугаар сарын 05-нд Хэнтий аймгийн Мөрөн сумаас 20 км зайд маш том аваар, байгалийн гамшиг бүхий осол болсон юм. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Эрчим хүчний сайдын 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 93 дугаартай "Аваар, саатлыг сэргээн босгох тухай" тушаал гарсан. Уг тушаалыг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчаар Ж.Рийг томилж яаралтай ослыг арилгах үүрэг өгсөн юм. Ослыг арилгах явцад онц чухал шаардлагатай эксковатор, бульдозер, трактор зөөх шаардлага гарч ард томилогдон үлдсэн комисст үүрэг өгөхөд комиссын гишүүд ярилцаад, Ц.Жаргалсайхан санаачилж, Тээвэр механизмын хэлтсийн дарга Г.Мөнх-Үүрд шинэ трайлер машин зээлээр худалдан авч явуулсан. Ж.Р нь аваарыг устгах ажлыг газар дээр нь биечлэн удирдаж байсан тул 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаартай дээрх тушаалаараа “...шаардагдах хөрөнгийг саадгүй гаргах материал сэлбэгийг захиалж бэлтгэн, худалдан авах...” ажлыг Тэргүүн дэд захирал Ц.Жаргалсайхан, Ерөнхий нягтлан бодогч Ц.Норовжамц, Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Я.Гансүх, Тээвэр механизмын хэлтсийн дарга Г.Мөнх-Үүрд нарт даалгасан байсны дагуу комиссын гишүүдийн санаачилгаар авточиргүүлийг зээлээр худалдан авсан. Тухайн үед хийсэн Тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээнд Г.Мөнх-Үүрд гарын үсэг зурсан бөгөөд Г.Мөнх-Үүрд тайлбарлахдаа “Хэрэв түрээсээр ашиглах бол, заавал худалдаж ав гээд байна. Эхлээд Түрээсийн гэрээ байгуулаад дараа нь худалдан авах гэрээгээ байгуулахаар болсон” гэж хэлсэн. Тийм учраас 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулаад, улмаар 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Худалдах- худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Энэ хоёр гэрээ нь хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан байна. Эдгээр нөхцөл байдал нь Г.Мөнх-Үүрдийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн тайлбар, 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Авто трайлер чиргүүл хүлээн авсан актад “Аваарын үед онцгой шаардлага гарсан тул төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгсөн” гэсэн,

гэрч Ц.Жаргалсайхан, Ц.Норовжамц нарын өгсөн мэдүүлэг, Г.Мөнх-Үүрдийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр нотлогддог. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” шууд гэрээ байгуулахаар хуульчилсан байсан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 05-нд болсон осол аваар нь энэхүү заалтад хамаарах нөхцөл байдал үүссэн юм.

Процессын алдаа: Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагч А.Ганбаярын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол”-оор /1хх 170/ трэйллерийн үнэлгээг хийлгэх зорилгоор шинжээчээр зөвхөн “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн С.Энхбаатарыг томилжээ. Гэтэл үнэлгээг “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Г.Оюунчимэг, Б.Батзаяа гэх хүмүүс хийгээд гарын үсэг зурж, тамга дараад ирүүлсэн байдаг. Шинжээчээр томилогдсон С.Энхбаатар нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин мөн эсэх тодорхойгүй байна. Эрх бүхий албан тушаалтны томилсноос өөр этгээд шинжээчээр ажиллаж үнэлгээг гаргасан байна. Ийм нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14-т “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтыг зөрчсөн үйл явдал боллоо. Энэ алдааг арилгуулах үүднээс шүүх хуралдаанд үнэлгээ хийсэн шинжээч Г.Оюунчимэгийг оролцуулах өмгөөлөгчийн хүсэлтийг шүүгч Б.Мөнхбаяр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн юм. Шүүгч Б.Мөнхбаяр яллах дүгнэлтийг хуулж тавиад шийтгэх тогтоолоо бичсэн нь гайхал төрүүлсэн. Авточиргүүл худалдан авсан “Худалдах-худалдан авах тухай гэрээ”-ний тухай өмгөөлөгчид бид цөөнгүй ярьсан, энэ гэрээ хэрэгт хавсаргагдсан байхад энэ тухай нэг үг үсэг ч байхгүй, үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаа нь сонирхолтой. Уг нь энэхүү авточиргүүлийг яг ид осол аваарын үед буюу 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Худалдах-худалдах авах гэрээ байгуулж авсан бөгөөд гэрээнд төлбөрийг “2013 оны 8 дугаар сарын 25-ны дотор барагдуулна” гэсэн заалтын дагуу 2013 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн байдаг. Эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэдэг зарчим үйлчлээгүй. Ж.Р нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д “гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” шууд гэрээ байгуулах хуулийн заалтын хүрээнд худалдан авалт хийсэн ба энэ тулгамдсан нөхцөл байдалд үнэ наймаалцах, буулгах боломж угаасаа байдаггүй тул 2002 оны Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар түүний албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Хоёр. “Говийн тэнгэр” компаниас объект худалдан авахаар сонгон шалгаруулсан тухай.

Няцаалт, нотлох баримтууд, үндэслэл: “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай “Говийн бүсийн салбар байгуулах тухай” тогтоолоор Говийн бүсийн салбарыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 6 дугаар

сарын 05-ны өдрийн 13 дугаартай “Говийн бүсийн салбарын төвийг шилжүүлэх тухай” тогтоолоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн “Говийн бүсийн салбар”-ын төвийг Дундговь аймгийн төв Мандалговь суманд шилжүүлсэн байдаг. Үүний дагуу “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Төрийн өмчийн хорооны удаа дараагийн тогтоолууд гарч нийт 300 сая төгрөгийн төсөв батлагдсан. Гүйцэтгэх захирал Ж.Р “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн “Говийн бүсийн салбар”-ын Мандалговийн хэсгийн ажлын бэлтгэл, түүнд шаардлагатай байгаа материал хангамж, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь танилцаж судлуулахаар Я.Гансүх, Ү.Мөнхтөгс, Ц.Батбаатар нарыг Говийн бүсийн салбарын Мандалговийн хэсэгт ажиллах томилолт өгч явуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1-д заасны дагуу 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн А/115 тоот тушаалаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Говийн бүсийн салбарын аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар объектыг худалдан авахад сонгон шалгаруулалт хийх Үнэлгээний хороо байгуулж, уг ажлыг зохион байгуулж нийлүүлэгчийг сонгон шалгаруулж, гүйцэтгэх захиралд танилцуулахыг үнэлгээний хорооны дарга Ц.Жаргалсайханд үүрэг болгосон шийдвэр гаргасан. Энэхүү үнэлгээний хороо нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 100 хувийн ирцтээгээр хуралдаж “Говийн тэнгэр” ХХК-ийн объектыг худалдан авахаар бүх гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, уг шийдвэрийг Ж.Рид танилцуулахаар болсноо “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Говийн бүсийн салбарын Мандалговь хэсэгт аж ахуй үйлдвэрлэлтийн зориулалттай объект худалдаж авахад нийлүүлэгч сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл 1” хөтөлж баталгаажуулсан байдаг. Уг тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд үнэлгээний хорооны гишүүд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д заасны дагуу хуралдаж “Говийн тэнгэр” ХХК-ийн объект нь аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдах бүрэн боломжтой, Мандалговь аймгийн төвд үүнээс өөр аж ахуй, үйлдвэрлэлийн байр болгох объект байхгүй, ганцхан объект байгаа учир худалдан авахаар үнэлгээний хорооны хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр худалдан авах үнэлгээний дүгнэлт гарч, Үнэлгээний хорооны дарга Ц.Жаргалсайхан нь дээрх шийдвэрийг танилцуулсны үндсэн дээр Ж.Р захирал худалдан авах зөвшөөрөл олгосон байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д зааснаар үнэлгээний хорооны дүгнэлт нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байдаг юм. Ж.Рийн “Тендер зарлаж худалдан авах ажиллагааг явуул” гэсэн нь үнэлгээний хороо байгуулснаар батлагддаг.

Гэтэл мөрдөн байцаалтын явцад үнэлгээний хорооны гишүүд нь үнэлгээний хорооноос гарсан тэмдэглэлийг анх удаа харж байгаа мэтээр худал мэдүүлэг өгч, Ж.Рийг үүрэг даалгавар өгч хүчээр “Говийн тэнгэр” ХХК-ийн объектыг худалдан авалт хийлгэсэн мэтээр гүжирдсэн байдаг. Энэ нь Ж.Р, Ү.Мөнхтөгс, С.Отгонжаргал, Я.Гансүх нарын уулзсан уулзалтын ярианы бичлэг дээр Я.Гансүхийн “...байцаагч намайг Ж.Р энэ объектыг “Шууд худалдан ав” гэж худал хэлүүлэх гэж намайг 3 цаг байцаалаа” гэсэн яриа болон бусад баримтаар нотлогддог. Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан гэрчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй байдаг. Тухайлбал:

Г.Лхагвасүрэн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Үнэлгээний хороо хуралдсан. Тус хурал дээр “Говийн тэнгэр” ХХК-ийн барилгаас өөр аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай том хашаатай объект байхгүй байна. Байхгүй гэсэн тодорхойлолт аймгийн захиргаанаас ирүүлсэн. Төрийн өмчийн хорооноос 2013 онд 160 сая, 2014 онд 140 сая төгрөгөөр объект худалдан авах зөвшөөрлийг үзүүлж байсан, барилгын зургийг үзүүлсэн. Зах зээлийн судалгаа хийсэн 300 сая төгрөгөөр авахад ашигтай байна, хамаагүй доогуур байна гэж Алтанхуяг хэлсэн. Ингээд Үнэлгээний хорооноос “Говийн тэнгэр” ХХК-иас худалдан авахыг олонхийн саналаар зөвшөөрч, үнэлгээний хорооны шийдвэрийг гүйцэтгэх захиралд танилцуулах болсон. Нэгэнт өөр барилга байхгүй тул шууд худалдан авалт хийхийг дэмжсэн. Надад хэн нэгэн нөлөөлөөгүй”, “...Үнэлгээний хороо 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/115 тоот тушаалаар байгуулсан байсан. Үнэлгээний хорооны дарга ерөнхий инженер Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Алтанхуяг байсан. Намайг үнэлгээний хороонд орсон тушаал авчирч өгсөн. Говийн бүсийн конторын сонгон шалгаруулалт хийх үнэлгээний хороо байсан. Үнэлгээний хороо 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ерөнхий инженерийн өрөөнд хуралдсан ба нарийн бичгийн дарга Алтанхуяг нь тухайн орон нутгийг судлахад “Говийн тэнгэр” ХХК-ийн барилгаас өөр аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай том талбай хашаатай ийм объект байхгүй байна гэсэн тодорхойлолт аймгийн захиргаанаас ирүүлсэн, мөн Төрийн өмчийн хорооноос 300 сая төгрөгөөр худалдан авахыг зөвшөөрч, үнэлгээний хорооны шийдвэрийг гүйцэтгэх захиралд танилцуулах болсон. ...Үнэлгээний хорооны хурал дээр тухайн объектын зургийг өнгөтөөр харуулж байсан ба Гансүх дарга өөрөө очиж судалсан гэж байсан. Зах зээлийн судалгаа хийсэн 300 сая төгрөгөөр авахад ашигтай, ханшнаас хамаагүй доогуур байна гэсэн. Анхны орж ирсэн үнийн санал 400 сая төгрөг гэснийг 300 сая төгрөг болгож /Отгонжаргал, Мөнхтөгс, Гансүх, Равдандорж нарын уулзалтын бичлэгт энэ талаар ярьсан байдаг/ буулгасан гэж Алтанхуяг хэлж байсан. Үнэлгээний хорооноос “шууд гэрээ байгуул” гэж үүрэг өгөөгүй. Шийдвэр бол гараагүй удирдлагад санал болгосон. Энэ компанийг шалгаруулсан тухай мэдэгдэл өгье гэж хурлаар хэлэлцээгүй” гэж, гэрч Алтанхуяг өгсөн мэдүүлэгтээ "...2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар үнэлгээний хороо байгуулагдаад 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр анхны хурал хийсэн. Уг хурал дээр “Говийн тэнгэр” ХХК-ийн барилга газрыг судалж ирсэн талаарх баримтыг хэлтсийн дарга танилцуул гээд би үнэлгээний хорооны хурал дээр танилцуулсан. “Энэ барилгаас өөр авчих шаардлага хангасан барилга байхгүй байна тийм учраас шууд авъя гэж хэлээрэй” гэж Мөнхтөгс хэлсэн.” гэж тус тус мэдүүлсэн байдаг.

Шийтгэх тогтоолд энэ объектыг худалдан авахад Ж.Рийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль"-ийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” гэснийг зөрчсөн гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл шүүх Ж.Рийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээний хороо байгуулж сонгон шалгаруулалт явуулсныг хүлээн зөвшөөрсөн атлаа 46.1.2-т заасан захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй гэж үзжээ. Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж чадаагүй үйлдэл нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг болдоггүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлд заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан ...хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас...” гэж заасан байна. “Албаны эрх мэдлээ урвуулан ашиглах” гэснийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно гэсэн байна.

Тэгвэл Дундговь аймгийн Мандалговь суманд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн “Говийн бүсийн салбар”-ыг байгуулах, уг салбарын ажлын байр, барилга байгууламж худалдан авахад Ж.Рид ямар ч хувийн ашиг сонирхол байхгүй, байх ч боломжгүй юм. Учир нь энэ объект нь хэзээ ч хувийн өмчид очихгүй, улсын онцгой объектын төрөлд хамаарах учиртай. Шийтгэх тогтоолд энэ объектыг худалдан авахад Ж.Рийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль’’-ийн 46 дугаар зүйл бол “Захиалагчийн эрх, үүрэг’'-ийг тодорхойлсон хуулийн зохицуулалт юм. Ж.Р захирал үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах эрхтэй, үүрэгтэй албан тушаалтан юм. Үүргээ хэрэгжүүлсэн хүнийг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй. ...“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг хэрэгжүүлсний төлөө албан тушаалаа урвуулсан гэж ял шийтгэл амсах ёсгүй.

Процессын алдаа: Мөрдөн шалгах явцад Ж.Рийг “Говийн тэнгэр” ХХК-иас объект худалдан авсан гэх үйлдлийн хохирлын хэмжээг бүрэлдэхүүнтэй шинжээчдийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоохдоо ноцтой алдаа гаргасан байдаг. Тухайлбал: Засгийн газрын 2010 оны “Барилгын нэгж талбайн төсөвт өртөг, төсвийн жишиг үнэлгээ батлах тухай” 336 дугаар тогтоолоор баталсан нэг м.кв талбайн жишиг үнэ 529.490 төгрөг юм. Үүнийг 2013 оны үнийн өсөлтийн индекс 1,94-өөр авч үзвэл 2013 оны жишиг үнэ 718.329 төгрөг, дээр нь барилгын үнийг зохицуулах индекс 0,82, барилгын нийт талбай 955,3 м.кв гэж үзвэл 562.700,149 төгрөг гэж гарч байгаа юм. Үнэлгээний тайланд эхлээд 562.700.178 төгрөг гэж бичиж явснаа гэнэт хаанаас ч    юм бүрэн орлуулалтын өртөг 353.735.600 төгрөг гэсэн тоо гаргаад ирсэн байдаг. Энэ 353.735.600 төгрөг гэсэн тоо гарч ирснээр үнэлгээ огцом буурч төгрөг болсон байдаг. Бидний зүгээс маш олон удаа энэ “шидэт” 353.735.600 тооны гарал, үүсэл, арифметик тооцооллын талаар асуудлыг тавьсан боловч улсын яллагч нэг ч удаа тайлбарлаагүй бөгөөд шүүгч Б.Мөнхбаяр энэ үйл баримтыг “нүдээ аниад” хэргийг шийдвэрлэсэн. Түүгээр үл барам бидний зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнө энэ нөхцөл байдлыг, тооцооллын зөрүүтэй учир шалтгааныг тодруулах зорилгоор үнэлгээ хийсэн шинжээчид болох Д.Ганхуяг, С.Цэвээнролом, К.Касиран нарын хэн нэгнийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьсныг шүүгч Б.Мөнхбаяр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ бол мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх заалтыг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн юм. Худалдан авсан объект, барилга байгууламжийн үнэлгээг алдаатай хийснээс болж их хэмжээний хохирол учруулсан мэт, албан тушаалаа урвуулсан мэт нөхцөл байдал үүссэнээс Ж.Рийг гэм буруутайд тооцож шүүх ноцтой алдаа гаргалаа. Арифметик тооцооллын алдааг зөвтгөж залруулбал “Говийн тэнгэр” ХХК-иас худалдан авсан объектын үнэ 300 сая төгрөгөөс илүү гарч байгаа юм. Тийм учраас Ж.Рийг хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлгүй юм.

Гурав. “Говийн тэнгэр” компанийн захирал С.Отгонжаргалаас хахууль авсан гэх үйлдлийн тухай.

Няцаалтууд, нотлох баримтууд, үндэслэл: Миний үйлчлүүлэгч Ж.Р нь “Говийн тэнгэр” ХХК-ийн захирал гэх С.Отгонжаргалтай гэрээ байгуулахаас өмнө, гэрээ байгуулах үед ч огт уулзаж аливаа тохиролцоо хийж байгаагүй болно. Харин С.Отгонжаргалын нутгийн танилууд болох Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нар нь Ж.Р захирлын нэрийг ашиглаж С.Отгонжаргалд худал хэлж, түүнийг хууран мэхэлж хээл хахууль авсан нөхцөл байдлууд тогтоогдоод байгаа. Энэ асуудлыг Авилгатай тэмцэх газарт шалгагдаж эхлэх үед Ж.Р захирал мэдсэн байдаг бөгөөд Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нар нь үгсэн хуйвалдаж, Ж.Р захирлын нэрийг ашиглаж С.Отгонжаргалаас авсан мөнгөө Ж.Р захирлын заавраар авсан мэтээр удаа дараа худал мэдүүлэг өгсөн байдаг. Угтаа Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нарын үйлдэл нь хүний нэрийг барьж бусдыг итгэлийг эвдэж мөнгө авсан залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл л байдаг. Ж.Р нь нэг ч удаа С.Отгонжаргалтай утсаар ярьж байгаагүй. С.Отгонжаргал ч үүнийг баталдаг. Н.Ганбаатар, Ү.Мөнхтөгс нар үгсэн хуйвалдаж хүний нэр барьж бусдаас мөнгө авчихаад хуулийн байгууллага шалгаад ирэхээр Ж.Рийн заавраар хийсэн мэтээр гүтгэсэн мэдүүлэг өгсөн байдаг.

Дээрх зүйлс нь цэвэр гүтгэлэг болохыг Ж.Рийн жолоочоор ажиллаж байсан Н.Ганбаатарын Ж.Ртой ярьсан ярианы СD бичлэгээр нотлогддог. Түүнчлэн С.Отгонжаргалын удаа дараагийн мэдүүлгүүдээр тухайн мөнгө цаас өгөх, авах тохироог зөвхөн Н.Ганбаатар, Ү.Мөнхтөгс нартай хийсэн байдаг. Н.Ганбаатар, Ү.Мөнхтөгс нар нь “Тохирсон мөнгөө авъя” хэмээн удаа дараа С.Отгонжаргалтай утсаар холбогдож, мөнгөө очиж авч байсан зэргээр нотлогддог. Гэтэл Н.Ганбаатар, Ү.Мөнхтөгс нар нь мэдүүлэгтээ Ж.Р нь “С.Отгонжаргалтай ярьчихсан очиж мөнгө авчир гэдэг байсан” мэтээр худал мэдүүлдэг. Тухайлбал:

С.Отгонжаргал яллагдагчаар өгсөн “2015 оны 12 дугаар сарын 30-нд хувьцаа эзэмшигч Х.Монгол-Эрдэнэтэй уулзахдаа барилга объектыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанид зарсан учир цаад хүмүүст 10 хувийг өгөх болсон гэдгийг хэлсэн. Түүнийгээ ч дэвтэр дээр бичсэн байгаа. Дэвтэр дээр Ү.Мөнхтөгст 16 сая төгрөг гэж бичигдсэн. Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нарын зүгээс барилгыг худалдаж авна цаанаа дарга удирдлагадаа тодорхой хэмжээний мөнгө өгнө гэдгийг урьд надтай уулзахдаа хэлж байсан. Би тохиролцоо ёсоор эхний орж ирсэн 160 сая төгрөгөөс 16 сая төгрөгийг 2014 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “Түшиг” их дэлгүүрт байрлах “Хас” банкнаас авч яг тэр дэлгүүрийн өмнө зогсоол дээр Н.Ганбаатарт өгсөн. 2014 оны 5 дугаар сарын 07-нд 40 сая төгрөг орж ирсний дараа Ү.Мөнхтөгс над руу яриад “мөнгө шилжүүлсэн тохиролцсон мөнгөө авъя яаралтай 7 сая төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь “Дансаа өгчих” гэсэн “Бэлнээр авах хэрэгтэй, кассанд мөнгө тушаах хэрэгтэй байна” гэсэн. Тэгэхээр нь хүү Баярмагнайгийн данс руу 7 сая төгрөгийг шилжүүлсэн. Хүү бэлнээр авч Төмөр замын соёлын ордны ойролцоо Ү.Мөнхтөгст өгсөн.” гэх мэдүүлэг, С.Отгонжаргалын өгсөн “...2012 оноос хойш баруун талын махны зоорины урд хэсгийг зарахаар худалдан авах хүн хайж байсан. Х.Монгол-Эрдэнэ бид 2 ярилцаж байгаад “баруун талын махны зоорины урд хэсгийн объектоо 300 сая төгрөгөөр заръя” гэж тохиролцоод “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанид зарсан. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компаниас байр сонирхож байна гэдгийг мэдсэн. Өмнөговь явж байгаа хүмүүс манай ресторанд хоол идээд “үйлдвэрийн байр зарна” гэсэн үү гэж байсан. Би дагуулж аваачаад үзүүлсэн. Дараа нь Монгол-Эрдэнэтэй холбогдож уулзаад “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанид ажилладаг Ү.Мөнхтөгс гэдэг хүнтэй уулзахаар болсон. Тэгээд амралтын өдөр хороололд 3-уулаа уулзсан. ...Тэгээд “танайх байр сонирхож байгаа манайд ийм байр газар байна” гээд зургийг үзүүлсэн. “Би болох талаар хэлээд үзье” гэсэн. Дараа нь тэдний компаниас “зарах гэж байгаа обьектын үнийн саналаа ирүүлнэ үү” гэсэн. Тэгээд 400 сая төгрөг гэсэн үнийн санал бичээд Гансүх, Мөнхтөгс нартай уулзсан. Тэгээд нэлээд хугацааны дараа дуудсан. Гансүхтэй ярилцаад 300 сая төгрөгөөр зарахаар болоод гэрээг хийсэн” гэсэн мэдүүлэг, С.Отгонжаргалын яллагдагчаар “2013 оны намар Мөнхтөгс нь “манай байгууллага Говийн бүсийн салбарыг Дундговь аймагт татах гэж байгаа, объект худалдан авахаар судалж байгаа гэсэн. Манай баруун талын объект газар байгаа үүнийг танайд өгмөөр байна. Даргатайгаа яриад өг, өгөх юмыг өгнө” гэсэн. Тэгээд Гансүх, Мөнхтөгс нар ирж үзсэн. “Үнийн саналаа өгөөрэй” гэж хэлээд явсан. Хойноос нь очиж үнийн санал 40 сая төгрөгөөр өгсөн. Мөнхтөгс над руу яриад “Манайх авахаар болсон, ирж гэрээ хий” гэсэн. ...Гэхдээ гэрээ хийх үед Ганбаатар нойлд намайг дагуулж “Ер нь 10 хувь шүү би даргад хэлж хөөцөлдөж байгаа шүү” гэсэн. Тэгээд Равдандоржийн өмнөөс жолооч нь яваад байгаа юм байна гэж ойлгосон. 2013 оны 12 дугаар сард 160 сая төгрөг компанийн дансанд орж ирсэн Ганбаатар над руу яриад “Хотод хэзээ ирж 16 сая төгрөгөө өгөх юм бэ” гэсэн. “Дансаар хэрэггүй хотод бэлнээр өгөөрэй” гэсэн. Тэгээд би хотод ирээд “Түшиг” их дэлгүүрийн доорх нэг давхарт байдаг “Хас” банкны салбараас 16 сая төгрөгийг бэлнээр авч Н.Ганбаатар луу утсаар хэлсэн. Гарч ирээд машины хаалгыг нээгээд 16 сая төгрөгийг өгөөд олон юм ярилгүй буугаад явсан. Би Равдандорж л явуулсан юм байна гэж ойлгосон. Ямар ч хүн жолоочид мөнгө өгөхгүй шүү дээ. Нэг удаа утсаар Мөнхтөгс ярихдаа Ганбаатар эмчилгээнд яваад ирсэн байгаа гэж хэлж байсан. ...2014 оны 10 дугаар сард 50 сая төгрөг манай компанийн дансанд орж ирэхэд Мөнхтөгс над руу яриад мөнгө шилжүүлсэн “Хувиа өг, яаралтай хэрэгтэй байна” гэсэн. “Шилжүүлчих үү" гэхэд “Хүнээр дамжуулаад бэлнээр өгчих” гэхээр нь хүү Баярмагнайгийн данс руу мөнгө шилжүүлж хүүгээр өгүүлсэн. Яг 10 хувийг өгнө гэж Мөнхтөгстэй яриагүй. Ганбаатартай ярьсан. “Объектыг газар, трансформатортай зарна” гэх асуудлыг Мөнхтөгстэй ярьсан. “Даргатайгаа яриад өг” гэж би хэлсэн. Ганбаатар Мөнхтөгс нараар дамжуулж Равдандоржид 23 сая төгрөгийг өгсөн. Ганбаатартай тохирсон 10 хувийг Мөнхтөгс авъя гэж байсан” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогддог.

Хахууль өгсөн гэх С.Отгонжаргал, авсан гэх Ж.Р нар хахууль өгөх, авах тухай нэг ч удаа утсаар ярилцаж байгаагүй, биечлэн нэг л удаа бусад хүмүүсийн хамтаар уулзалдаж байсан бөгөөд, мөн л мөнгө төгрөг өгөх, авах тухай ярилцаж үзээгүй болохыг хахууль өгсөн гэх С.Отгонжаргал, Ж.Р нарын мэдүүлгээр нотлогддог. Түүнчлэн хахуульд өгсөн гэх мөнгөнөөс нэг ч төгрөг Ж.Рийн гар дээр ирээгүй, дансанд нь ч ороогүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.

Ж.Рийн хувьд С.Отгонжаргалаас өөрөө, эсхүл бусдаар дамжуулан нэг ч төгрөг аваагүй. Ж.Рид хахууль гэх мөнгө гар дээр ирсэн гэх нэг ч нотлох баримт байдаггүй. Харин Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нар нь Ж.Рийн өмнөөс, нэрийг нь барьж бусдыг залилах гэмт үйлдэл гарсан байж болзошгүй болохыг мөрдөн байцаагчид анхаараагүй, энэ чиглэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй улмаас Ж.Р хилс хэрэгт яллагдаад байна. Үүгээр үл барам залилангийн хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг гэрч хэмээн үзэж тэдний мэдүүлгүүд Ж.Рийг яллах нотлох баримтууд болсон.

Өөрөөр хэлбэл Ү.Мөнхтөгс, Н.Ганбаатар нар нь бусдыг гэмт хэрэгт гүтгэх замаар үйлдсэн гэмт хэргээсээ бултах, ял завших, өөрт ашигтай эрх зүйн байдлыг бий болгосон байх тул тэдний мэдүүлгүүдээр хүн яллаж болохгүй ба энэ хэргийн нотлох баримтаас мэдүүлгүүдийг хасах ёстой байсныг шүүгч Б.Мөнхбаяр “анзаараагүй”.

Иймд Ж.Рийг С.Отгонжаргалаас хахууль авсан гэх үйлдэл хөдөлбөргүй нотлох баримтуудаар тогтоогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллаж буй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

Процессын алдаа: Ж.Р, Н.Ганбаатар нарын хооронд яригдсан ярианы CD бичлэгт үзлэг хийгээд бэхжүүлсэн баримт хэрэгт бий. CD-нд бичигдсэн яриа нь хэн хэний дуу хоолой болохыг таах боломжгүй нөхцөл байдал бий болсон тул бидний зүгээс ...CD-нд бичигдсэн ярианы талаар тодруулж мэдүүлэг авах хүсэлт гаргасныг шүүгч Б.Мөнхбаяр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

Дөрөв. БНХАУ-ын иргэн Ку Жин Шанаас 100 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдлийн тухай.

Няцаалтууд, нотлох баримтууд, үндэслэл: Монгол улсын Эрчим хүчний сайдын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар тушаал гарч “Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, 2013-2014 оны нүүрсний аюулгүйн нөөц, өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар Монгол банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгож буй өөрт ногдох зээлийн хөрөнгөнөөс үйлдвэрлэлийн техник технологийн шинэчлэлд зориулан богино хугацаанд чанар, стандартын шаардлага хангасан тусгай зориулалтын тоноглол, материалыг нийлүүлэгч, угсралтын санхүү болон техник, хүн хүчний чадварлаг мэргэжлийн байгууллагаар гэрээ байгуулах замаар гүйцэтгүүлж, 2013 оны 4 дүгээр улиралд багтаан худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжилтийг хангаж ажиллахыг төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирал нарт даалгасан” билээ. Үүний дагуу Эрчим хүчний яамнаас холбогдох зөвшөөрлүүдийг авч, “Голомт банк"-наас зээл авсны дагуу 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Тэдэ Энержи” ХХК-тай гэрээ байгуулсан. Энэхүү ажлыг гүйцэтгүүлэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн болон аливаа хуулийн заалтыг зөрчөөгүй. Харин 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ку Жин Шанаас авсан 5.300 ам.долларыг Ж.Рийн эхнэр С.Оюунчимэг түр зээлж аваад, Ку Жин Шанд эхнэр хүүхэдтэйгээ байхад нь Хүүхдийн 100-д байрлах Калифорниа ресторанд хоол идэж байхад нь эргүүлэн өгсөн байдаг. Ку Жиншаан нь С.Оюунчимэгт зээлсэн гэх 100.000.000 төгрөгийг эхэн үедээ зээлсэн мэтээр мэдүүлэг өгч байгаад сүүлдээ Өршөөлийн хуульд хамрагдахын тулд Ж.Рид хээл хахууль өгсөн болж худал мэдүүлснээс харахад тэрээр анхнаасаа худал мэдүүлэг өгч Ж.Рийг санаатайгаар гүтгэсэн гэж үзэхээр байна. Ж.Р эхнэр С.Оюунчимэгээр дамжуулан БНХАУ-ын иргэн Ку Жин Шанаас 100.000.000 төгрөг бэлнээр, эсвэл дансаар аваагүй. Ку Жин Шан нь өөрөө Авилгатай тэмцэх газарт шалгагдаад 72 цаг хоригдохдоо “Та хоёр заавал холбоотой байх ёстой. Ганц худагт хорино” гэж байцаагч тулгаад байсан тул “Ж.Рийн эхнэр С.Оюунчимэгт 100.000.000 төгрөг зээлсэн" гээд “Айсандаа би тэгээд хэлчихсэн” юм гэж Ж.Рид сүүлд нь ярьсан байдаг. 100.000.000 төгрөгөө өөрийнхөө удирдлага дор ажилдаг эрх ашиг сонирхол нэгтэй хүмүүс болох Н.Хулан, Ч.Мөнхцэцэг нарыг гэрч болгон хэлүүлсэн. Энэ хүмүүс нь Ку Жиншаны дүрслэн хэлснээр буруу зөрүү машин, унаа, үс, гэзэг хэлбэр галбирыг оновчгүй хэлсэн байдаг. Улмаар энэ хэрэг шалгагдах явцад Ку Жин Шаны өмгөөлөгч Пүрэвбаатар “Чи Ку Жин Шанаас 100.000.000 төгрөг зээлсэн гэж гэрээ хийгээд өгөөч” гэж Ж.Роос удаа дараа утсаар болон биечлэн уулзаж гуйж байсан юм билээ. Ку Жин Шан, Ж.Р нар хахууль өгөх, авах тухай огт ярилцаж байгаагүй, хоёр удаа ажлын шугамаар уулзсан бөгөөд энэ уулзалтуудад Ку Жин Шантай байнга хамт явдаг БНХАУ-ын иргэн Шуан Чуан хамт байлцсан байдаг. Ку Жин Шаны хахуульд өгсөн гэх 100 сая төгрөгөөс нэг ч төгрөг Ж.Рийн гар дээр ирээгүй, дансанд нь ч ороогүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хээл хахууль авах гэмт хэргийн заавал байх нэг шинж нь халдлагын зүйл буюу хууль бус үйлдэл хийлгэх зорилгын үүднээс өгсөн мөнгө, эд хөрөнгө байдаг. Энэ төрлийн хэргийн объектив тал нь гэмт этгээд өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан үйлдлээр илэрдэг.

Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Гэтэл хахууль авсан нь огт тогтоогддоггүй. Ж.Рийн эхнэр С.Оюунчимэгийг 100 сая төгрөгийг Ку Жин Шанаас авсан хэмээн шүүх тогтоолоо. Гэтэл С.Оюунчимэг Ку Жин Шанаас 100 сая төгрөг авсан нь тогтоогддоггүй. С.Оюунчимэг өөрөө Ку Жин Шанаас 100 сая төгрөг огт аваагүй гэж мэдүүлдэг. Үйл баримтуудын шалтгаант холбоо тогтоогдохгүй байхад Ж.Рийг хахууль авсан гэж үзэх нь өрөөсгөл юм.

Иймд Ж.Рийг БНХАУ-ын иргэн Ку Жин Шанаас 100 сая төгрөгийн хахууль авсан гэх үйлдэл хөдөлбөргүй нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар яллаж буй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Процессын алдаа: Ж.Рид хахууль өгсөн гэх БНХАУ-ын иргэн Шуан Чуан, Ку Жин Шан нараас хахууль өгсөн нөхцөл байдал, хэргийн үйл баримтын талаар өмгөөлөгчид бид тодруулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 2.2-т “/өмгөөлөгч/ нь хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргах эрхтэй” гэсэн заалтуудыг үндэслэж тэднийг шүүхэд гэрчээр дуудаж гэрчийн мэдүүлэг авах хүсэлт гаргасныг шүүгч Б.Мөнхбаяр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан юм. Миний үйлчлүүлэгч Ж.Р болон түүний өмгөөлөгч Л.Нинжбат миний бие шүүгч Б.Мөнхбаярын хэргийг хэрхэн хянан шийдвэрлэсэн үйл явц, процесст маш их гомдолтой байгаа. Энэ хэргийг өмнө нь шүүгч Ё.Цогтзандан хянан шалгаж байхдаа өмгөөлөгчдийн зүгээс тавьсан шүүх хуралдаанд үнэлгээчин шинжээч Г.Оюунчимэг, шинжээчид болох Д.Ганхуяг, С.Цэвээнролом, К.Касиран нарын аль нэгийг, гэрч Н.Ганбаатар, Ү.Мөнхтөгс, С.Отгонжаргал нар, гэрч Ку Жин Шан, Шуан Чуан нарыг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шүүгчийн захирамж гаргасан бөгөөд энэ захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэжээ. Гэрч, шинжээчдээс мэдүүлэг, тайлбар авах боломжийг шүүгдэгчийн өмгөөлөгчдөд олгоогүйгээрээ шүүх мэтгэлцэх боломжоор талуудыг хангаж чадсангүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогдсонгүй. Үнэхээр энэ хэрэгт ач холбогдол бүхий бүх нотлох баримтууд, үйл баримтууд дээр талууд мэтгэлцээд шүүгдэгчийн гэм буруугтогтоосон бол миний үйлчлүүлэгчид гомдол зүйл байхгүй хэмээн тэрээр хэлж байна. Шударга шүүхээр хэргээ шийдвэрлүүлж чадсангүй хэмээн тэрээр гомдож байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийн дагуу миний үйлчлүүлэгч Ж.Рид холбогдох хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан бүх үндэслэлүүдээр хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг арилгуулан хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Я.Мөнхтөрийн өмгөөлөгч М.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Авточиргүүлийн хувьд тухайн үед гарсан аваар осол буюу бусдын үр дагаврыг арилгахад авточиргүүл тодорхой үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой. Мөн компанийн шаардлагын үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах шааардлагатай байсан байж болзошгүй. Гэхдээ хавтас хэрэгт авагдсан баримтуудаас ялангуяа прокурорын яллах дүгнэлтэд сэлбэгийн нэрээр нөхөж оруулсан гээд тодорхой заасан. Энэ ч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Хуулийн дагуу авточиргүүлийг аваагүй гэдэг нь тогтоогдож байна. Тендерийн тухай хуульд зааснаар 50-иас дээш сая төгрөгийн эд хөрөнгө худалдаж авах бол тендер зарлагдах ёстой. Тухайн үед тендер зарлагдах боломжгүй, түргэн шуурхай шийдвэрлэх асуудал байсан гэж ярьж байна. Хамгийн гол нь өөр материал, сэлбэгийн нэрээр оруулаад мөнгө гаргуулсан байгаа нь хуулийг зөрчсөн. Энэ тухай үнэлгээчид зохих дүгнэлтээ гаргасан. “Говийн тэнгэр” ХХК-иас авсан объектын тухай давж заалдах гомдолд бичсэн нь үндэслэлгүй. Сонгон шалгаруулалтгүйгээр худалдаж авсан. Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани нь өөрөө маш том компани. Тендерийн хуульд зааснаар захиалагч бараа эд материал худалдаж авах тухай асуудалд 50 саяас дээш төгрөгийн бараа материал худалдаж авахдаа заавал тендер зарлагдсан байх ёстой. Ямар хууль журам зөрчсөн талаар Төрийн өмчийн хорооны шалгалтын актуудад тодорхой заасан. Мөн гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтэд энэ талаар тодорхой заасан. Нөгөө талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь шинжээчдийн дүгнэлтийн талаар зөвшөөрөхгүй байсан бол тухайн үед нь асуудлаа гаргаад гомдол гаргаад шинжээчдийн дүгнэлтийг хянуулах боломжтой байсан. Эдгээр байдлаар хохирогч талаас шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол  үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Я.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Энхбуйр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гомдол гаргах үндэслэлийг тодорхой заасан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол гомдол гаргана. Тэгэхээр гомдол гаргах үндэслэл байхгүй байгаа. Ж.Рийг Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанид 2013 оноос ажиллах явцад Төрийн өмчийн хороо, Сангийн яам, Эрчим хүчний яам тус тусдаа болон хамтарсан ажлын хэсгийн шалгалтаар санхүүгийн шалгалтуудыг оруулахад нийтдээ 9 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. Үүнээс Ж.Рийг ажиллаж байх хугацаанд 3 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн. “Говийн тэнгэр” ХХК-ийг албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн зөрчил дээрх байгууллагуудаас шалгагдаад Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэнээр Эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа. Хохирол болоод хор уршиг тус компанийн хувьд бүрэн арилаагүй. “Говийн тэнгэр” ХХК-ийн учруулсан дээрх барилгыг худалдаж аваад үүний улмаас шууд ашиглалтад оруулах боломжгүй, үйл ажиллагаа явуулж чадаагүй. Худалдаж авснаас хойш нийтдээ 500 гаруй сая төгрөгийн зардал гарсан. Тухайн барилгыг дахин ашиглах боломжгүй, дахин шинээр барихаар болсон. Иймд бодит хор хохирол учирсан байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь өөрийнх нь эрхийн асуудал. Бодиттой хор хохирол арилаагүй байгаа учраас хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл бололцоо байхгүй. Харин ч шүүгдэгчид ашигтайгаар 4 үйлдлийг нь хөнгөрүүлж, 2 дахь үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон. 2016 оноос хойш шүүх хуралдаан болох гэж 6 сар орчим болсон. Энэ нь цаг хугацаа хожих гэсэн байдал харагдаж байгаа гэдгийг үгүйгэсгэхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Рийн 4 үйлдэлд прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэрэг үйлдээгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн 4 үйлдэл нь хангалттай тогтоогдсон. Тухайлбал: авточиргүүлийг худалдаж авсан асуудалд онцгой нөхцөл байдал үүссэн учраас шууд гэрээгээр худалдаж авсан, хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна. 2013 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт цахилгаан дамжуулах сүлжээний асуудал гарсан уу гэвэл гарсан. Тухайн үеийн нөхцөл байдал нь авточиргүүлийг ашигласан. Ашиглахдаа 4 хоногийн хугацаанд ашиглаад 6.500.000 төгрөгийн түрээсийн гэрээ байгуулан “Их харгуй” ХХК-д түрээслэж ашигласан төлбөр гээд шилжүүлсэн байсан. Цаашдаа авточиргүүл тухайн компанид хэрэгтэй гэх асуудал яригдаж худалдаж авах шаардлагатай гэж үзэн худалдаж авсан. Ингэхдээ 89.900.000 төгрөгөөр худалдаж авсан асуудалд нь аваарын асуудал аль хэзээний болоод дууссаны дараа буюу сарын дараа 8 сард нь худалдаж авсан. Шууд гэрээ байгуулсан, нээлттэй тендер зарлуулаагүй, хууль дүрмийнхээ асуудлыг биелүүлээгүй, шууд гэрээ байгуулаад авсан. “Говийн Тэнгэр” ХХК-иас барилга объект худалдаж авсан. Мөн үнэлгээний хороо байгуулаад хууль ёсны дагуу явсан ажиллагаа гэж тайлбарлаж байна. Гэвч хэргийн нөхцөл байдал арай өөр байгаа. Үнэлгээний хороо ганц удаа буюу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан. Нээлттэй тендер зарлаад, сонгон шалгаруулаад, харьцуулаад үнэлсэн асуудал огт болоогүй. Үүнийгээ ч Үнэлгээний хорооны гишүүд болон яллагдагчаар шалгагдахдаа хэлж байсан. “Би хууль дүрмийнхээ дагуу гаргаагүй нь үнэн, энэ асуудлаа бид нар хүлээн зөвөөрч байна” гэж хэлсэн. Нэг удаа хуралдаад “Говийн Тэнгэр” ХХК-иас барилгыг авах нь зүйтэй байна гэсэн ийм хурлын тэмдэглэл л гарсан байдаг. Энэ тэмдэглэлийг үндэслэн Ж.Р гэх хүн компанийг төлөөлөн гэрээ байгуулан тухайн барилгыг худалдаж авахаар шйидвэрлэсэн асуудалд мөн тендерийн тухай хуулийг зөрчсөн. Ингээд “Говийн Тэнгэр” ХХК-д давуу байдал олгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байна гэж үзсэн. Ийм хууль бус үйлдэл хийсний төлөө “Говийн Тэнгэр” ХХК-ийн захирал Отгонжаргал гэх хүнээс 23.000.000 төгрөгийн хахуул авсан байсан. Бүгд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэрээгээр худалдаж авсан. Ингэхдээ 16.000.000 нэг авсан, дараа 7.000.000 төгрөгөөр нэг удаа авсан. Энэ нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Мөн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн захирал Ку Жин Шан гэх хүнээс 100.000.000 төгрөгөөр 1 удаа, 5.300 ам.долларын мөнгөн дүнтэй хээл хахуул авсан. Энэ хахуулыг авсан шалтгаан нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанитай трансформатор нийлүүлэх гэрээг шууд байгуулсан. Үүнд Эрчим хүчний сайдын тушаал шууд гэрээ байгуулах ийм тушаалтай гэж ярьдаг. Сайдын тушаалын агуулгыг авч үзэхэд 2013 оны өвлийн ид ачаалал ихсэхээс өмнө шинэчлэлийн асуудалыг хийх зорилгоор шууд гэрээ байгуулж болно гэсэн байдаг. Гэтэл 2013 онд энэ гэрээний дагуу трансформатор нийлүүлэгдээгүй байсан. Бүтэн жилийн дараа буюу 2014 оны 6 дугаар сард гаалиар орж ирсэн баримтууд хавтас хэрэгт авагдсан. Шууд гэрээ байгуулах хуулийн шаардлага өөрөө хангагдахгүй байна. Гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй асуудалд шууд гэрээ байгуулна гэх асуудал энд байхгүй байна. Жилийн дараа нөгөө асуудал нь яригдаж байна. Ингэж бас хууль зөрчиж гэрээ байгуулсаныхаа хариуд 100.000.000 төгрөг, 5.300 ам.доллар авсан. Мөнгө авсан асуудалд хангалттай нотлох баримтууд тогтоогдсон. Үүнийг аваагүй, нотлогдоогүй гэж ярьж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан баримтуудыг яг юугаар үгүйсгэж байгаа нь тодорхойгүй. Тухайлбал 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байсан монгол ажилтан нярав, нягтлан болох Хулан, Мөнхцэцэг гэх хүмүүсийн мэдүүлэгт “Компаний захирал Алтан буюу Ку Жин Шан гэх хүний даалгавраар Оюунаа гэх хүнд тухайн өдөр 100.000.000 төгрөг гаргаж өг” гэж бид нарт үүрэг өгөөд Голомт банкныхаа данснаас мөнгө гаргуулж өгсөн гэж хэлдэг. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн Голомт банкны дансыг шалгаж үзэхэд тухайн өдөр буюу 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 100.000.000 төгрөгийг бэлнээр гаргасан байсан. Мөн өдрөө Ж.Рийн эхнэр Оюунчимэг гэх хүн “Ривер гарден” хотхонд байр захиалж, 100.000.000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Үүнийгээ Хосбаяр гэх хамаатаныхаа дүүгийн нэр дээр тухайн байрыг захиалаад 100.000.000 төгрөгийг тэр өдөр бэлнээр өгсөн. Үүнд Лхагва гэх “Ривер гарден” хотхоны менежерээс асуухад “100.000.000 төгрөг бэлнээр өгч манай байр захиалсан” гэж хэлдэг. Хавтас  хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо харилцан уялдаа холбоотойгоор хангалттай нотлогддог. 5.300 ам.долларын асуудал БНХАУ-ын хөрөнгө оруулалтай компанийн харилцах дансаар нь Оюунчимэг гэх хүний нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн байдаг. Дансаар орсныг үгүйсгэж чадахгүй учраас зээлсэн гэх асуудал ярьдаг. Энэ нь зээлсэн гэх асуудал хавтас хэрэгт байхгүй. Хэргийн бодит байдал өөр байгаа. Иймд хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ж.Рийн дээрх үйлдлүүд нь хангалттай нотлогдож тогтоогдсон. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хэргийг шүүхэд шилжүүлэхдээ үйлдэл бүрт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ашигтай хуулийг нь хэрэглэх нь зүйтэй гэж үзэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хоёр үйлдлийг нийлүүлэн давтан үйлдлээр гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөлийн хуульд хамруулан шийдсэн. Мөн хахууль авсан үйлдлийг давтан үйлдэл гэж үзэн гэм буруутайд тооцож, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Р нь;

1. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Зүүн өмнөд бүсийн салбарын цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг засварлах үйл ажиллагааны зардлыг Улсын онцгой комиссын шийдвэрээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргаж шийдвэрлэсэн үед хуурамч баримт бичиг бүрдүүлж аваарыг устгах ажлын зардлын тайланд сэлбэг хэрэгсэл гэсэн нэрээр баримт бүрдүүлж зах зээл дээр 65.700.000 төгрөгийн өртөг бүхий “Huyndai Trailer” загварын авто чиргүүлийг 89.900.000 төгрөгөөр худалдан авч компанид 24.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхжингийн: “...2013 оны 7 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл хугацаанд автотрайлер худалдаж авсан талаар Төрийн өмчийн хороонд мэдэгдээгүй, ...“2013 оны зорилт түвшинд уг трайлерын чиргүүлийг худалдан авах талаар тусгагдаагүй байна” гэсэн хариу өгсөн. ...хууль зөрчиж худалдаж авсан трайлерыг хуулийн дагуу худалдаж авсан мэтээр баримт бүрдүүлэхээр 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн өмчийн хороонд хандсан уу, эсвэл шинээр дахин трайлер худалдаж баримт бичиг бүрдүүлсэн үү мэдэхгүй байна...” /1хх 110-111/, Я.Мөнхтөрийн: “...2013 ооны 8 дугаар сарын 19-ний өдөр тухайн үед зах зээл дээр 65.7 сая төгрөгийн үнэлгээтэй байсан авточиргүүлийг нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Их харгуй” ХХК-иас аваарын нөхцөл байдал дууссаны дараа 89.9 сая төгрөгөөр шууд худалдан авалт хийж компанид хохирол учруулсан үйлдэлд уг авто чиргүүлийн зөрүү болох 24.2 сая төгрөгийг нэхэмжилж байна...” /1хх 238-240/,  

 

гэрч Д.Ганбаатарын “...2013 оны 9 дүгээр сард Мөнхжаргалын хамт Техникийн зах дээр явж байхад Мөнх-Үүрд дарга утсаар залгаж “трайлерын чиргүүлийг авах гээд байна, та хоёр очоод шалгаад байж бай” гэсэн үүрэг өгсөн...” /1хх 112/, Б.Мөнхжаргалын: “...Г.Мөнх-Үүрд дарга 2013 оны 8 дугаар сарын сүүлээр надтай утсаар ярьж “Их харгуй” ХХК-иас трайлерийн чиргүүл авахаар болсон чи очиж шалга ...Төмөртогоог том тээврийн хэрэгсэлтэй нь аваад яв гэж үүрэг өгсөн. ...тэгээд шалгаад байж байх үед Мөнх-Үүрд дарга өөрөө ирж трайлерийн чиргүүлийг үзэж “дугуйг сольж дуусангуут чирээд яваарай” гэж хэлээд явсан ...тэгээд би маргааш нь ажил дээр очиход трайлерийн чиргүүлийг авч ирсэн байсан..” /1хх 113/, Б.Хөхчонын: “..2013 оны 7 сарын эхээр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани нь манай “Их харгуй” ХХК-иас туршилтын маягаар трайлерийн чиргүүлийг аваад аваар болсон газар луу ачаад явсан. ..тэгээд 2013 оны 7 сарын сүүлээр билүү 8 сарын эхээр билүү ашигласан трайлерийн чиргүүлийг зарах уу гэж Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компаниас хүн ярьсан. ..тэгээд уг трайлерийн чиргүүлийг зарахаар болоод Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн хүмүүст хүлээлгэн өгсөн трайлерийн мөнгө 89,9 сая төгрөг манай дансанд орсон...” /1хх 116-117/, Ш.Уранчимэгийн “...трайлер 2 дугаар техник байсан, уг 2 дугаар техникийн мөнгийг захирлын цохолт, ерөнхий нягтлан Норовжамцын шийдвэр, нэхэмжлэлийн дагуу шилжүүлж байсан. Трайлер 80 гаруй сая төгрөг байсан...” /1хх 154-155/, Ц.Норовжамцын: “...2013 оны 7 сарын аваар болсон газар трайлерийн чиргүүл ашигласан. ..тэр үед мөнгө өгөөгүй дараа нь 8 сард мөнгийг нь шилжүүлсэн ...89,9 сая төгрөг шилжүүлсэн. Тэр үед гүйцэтгэх захирал Ж.Рид танилцуулж мөнгө шилжүүлэх болсон...” /1хх 120-121/ мөн түүний “..Зүүн бүс нутагт үүссэн аваарын хор уршгийг арилгах, сэргээн засварлахад гарсан зардлын задаргаанд автотрайлерийн чиргүүлийг дангаар нь оруулахаар гүйцэтгэлийн зардлаас хасагдах учраас өөр материал сэлбэгийн нэрээр нөхөн оруулсан. ...уг нь нөхөж оруулж болохгүй. ...анх 6.500.000 түрээсэлсэн. Дараа нь 8 сард худалдаж авч байна гээд намайг 89,9 сая төгрөгийг “Их харгуй” ХХК-ийн дансанд хий гэж гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр шилжүүлсэн...” /1хх 147-149, 160-161/,

 

Г.Мөнх-Үүрдийн сэжигтэн, яллагдагчаар: “...“Их харгуй” ХХК-ийн Хьюндай маркийн нам трайлерийг сонгож авсан. Худалдаж авах болсон шалтгаан нь өмнө нь хийгдэж байсан дэд станцын шинэчлэлтийн ажил, гэмтэлтэй трансформатор зөөх ажлуудад гаднаас өндөр үнээр трайлер хөлслөн ашигладаг байсан...” /1хх 181-188, 198-200/,

 

Автомашин, техникийн үнэлгээний тайлан /1хх 170-171/,

 

2. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Говийн бүсийн салбарын байр худалдан авах 300 сая төгрөгийн төсөв батлаагүй байхад албан тушаалын байдлаа урвуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3 дахь заалтыг зөрчин Үнэлгээний хорооны гаргасан хууль бус хурлын тэмдэглэлийг үндэслэн тендер зарлалгүй “Говийн тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонжаргалтай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/83 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г шууд байгуулж, зах зээлд 141.800.000 төгрөгийн үнэлгээтэй байсан Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах 946 м2 оффисын барилга, 5876 м2 газар, 630 кв-ын трансформатортай 10-0.4 кв-ын иж бүрэн хаалттай ТП бүхий объект зэрэг барилга байгууламжийг 300.000.000 худалдан авах гэрээ байгуулж, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төсвөөс 250.000.000 төгрөгийг “Говийн тэнгэр” ХХК-ийн Хас банкны 5000432064 тоот дансанд 3 удаагийн шилжүүлгээр шилжүүлж 108.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Ц.Жаргалсайханы яллагдагчаар: “..Үнэлгээний хороо нэг удаа 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдаад “Говийн тэнгэр” ХХК-ийн барилга объектыг шууд худалдан авахаар шийдвэрлэсэн. ...шууд худалдан авалт хийх шалтгаан нь гүйцэтгэх захирлын зүгээс ...“шууд худалдаж ав” гэсэн чиглэлийг надад өгсөн. ...би үнэлгээний хорооны гишүүдэд ерөнхийдөө ийм чиглэлтэй гэдгээ хэлсэн. Тэгээд өөр барилга объект байхгүй энэ объектыг хангамжийн хэлтсээс судалсан гэсэн тул шууд худалдан авалт хийж авна гэсэн шийдвэр гаргасан. ...анхнаасаа “Говийн тэнгэр” компанийн газар, барилгыг судлаад үнэ танилцуулга нь эхний хурал дээр бэлэн болчихсон байсан. ..захирлаас “худалдаж ав” гэсэн чиглэл авсан байсан болохоор энэ хурлаар ийм шийдвэр гаргасан. ...50 сая төгрөгөөс дээш үнэтэй худалдан авалт хийх тохиолдолд нээлттэй тендер сонгон шалгаруулалт явуулах хуулийн заалтыг би мэдэж байсан ...гэхдээ энэ заалтаа хэрэгжүүлж ажиллаж чадаагүй...” /6хх 42-43/

Т.Алтанхуягын яллагдагчаар: “...Тендерийн үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичгийн хувьд хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж чадаагүй гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...үнэлгээний хороо хуулийн дагуу ажиллаагүй, энэ барилга, объектыг худалдаж авах шийдвэр гарах нь ойлгомжтой байсан. ...наана нь бид нарт тэр талаар танилцуулсан байсан...” /6хх 46-47/,

Г.Лхагвасүрэнгийн яллагдагчаар: “...Тухайн үед хурал дээр Дундговь аймагт энэ объектоос өөр объект байхгүй энэ нь дэд бүтэцтэй ойрхон хамгийн боломжтой гэж танилцуулж байсан. ...би энэ хурлын шийдвэрийг эцсийн шийдвэр гэж огт бодоогүй, үнэлгээний хороо дахин хуралдаж зөвлөмж гаргах байх гэж бодож байсан боловч ахиж хуралдалгүй худалдан авах гэрээ байгуулагдсан байсан. ...миний хувьд тендерийн үнэлгээний хорооны гишүүний хувьд тендерийн хуулийн журмыг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” /6хх 55/,

Я.Гансүхийн сэжигтэн, яллагдагчаар: “...2013 оны 10 дугаар сард намайг болон хэлтсийн мэргэжилтэн Ү.Мөнхтөгсийн хамт бид хоёрыг томилолтоор Дундговь аймаг руу явуулсан. ...томилолтын удирдамж бичээд захирал дээр ороход “наад газрыг чинь авахаар болоод байгаа очоод үзээд ир, 400 сая гээд байгаа 300 саяд багтааж авна шүү” гэж байсан. ...“Говийн тэнгэр” компанийн захирал Отгонжаргалтай уулзаж тухайн объектыг үзсэн, үүний дараа ерөнхий инженер Ц.Жаргалсайханаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулсан. Тэгээд үнэлгээний хороо нэг удаа 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ерөнхий инженерийн өрөөнд хуралдаад шууд худалдан авахаар шийдвэрлэсэн. ...шууд худалдан авалт хийх болсон шалтгаан нь гүйцэтгэх захирлын зүгээс энэ барилга объектыг худалдаж авна гэсэн чиглэлийг надад өгсөн. Би нээлттэй тендер явуулах ёстой гэж Равдандорж захиралд хэлж байсан боловч захирлын зүгээс “за тэгээд судалгаа энэ тэр хийж байгаад л авчихаач” гэсэн. ...тэгээд энэ үнэлгээний хорооны гишүүд ерөнхийдөө чиглэл авсан байсан болохоор шууд худалдан авалт хийж авна гэсэн шийдвэр гаргасан. ...энэ хурал бол ерөнхийдөө дүр үзүүлэх төдий хурал байсан. ...хуулийн заалтыг би мэдэж байсан, гэхдээ энэ заалтаа хэрэгжүүлж ажиллаж чадаагүй. ...миний хувьд хуулийн дагуу худалдан авалтыг явуулах гэж олон удаа хэрэлдэж муудалцдаг байсан. ...захирлын зүгээс өөрийн шийдвэрээр шууд худалдан авалт хийх бодолтой байдаг...” /6хх 56-57, 58-59/,

гэрч Ц.Жаргалсайхан /5хх 182-183, 184-185, 186/, Б.Дашдаваа /5хх 187-188, 189/, Т.Самдандорж /5хх 190-191/, Б.Батлхагва /5хх 192/, Ц.Норовжамц /5хх 193, 194/, Я.Гансүх /5хх 195-196, 197-198, 199/, Ү.Мөнхтөгс /5хх 200-201, 203-204, 205/,

 

Шинжээч Б.Халиунаагийн “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47.1-д заасны дагуу үнэлгээний хороо байгуулах үнэлгээний хороо нь 34.2, 34.3 дахь хэсэгт заасны дагуу тендерт оролцогч байгууллага нь хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан ерөнхий болон техник, санхүүгийн чадавхийг үнэлсэний дагуу гэрээг байгуулах байсан гэтэл Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ж.Рийн зүгээс үнэлгээний хороо байгуулалгүй тухайн гэрээг байгуулсан нь “Тэдэ Энержи” ХХК-ийн талаар ямар нэгэн материал бүрдүүлж үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шууд гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Мөн шууд гэрээ байгуулсан гэрээний хуулбар, уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийг төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд хүргүүлнэ гэдийг тус тус зөрчсөн байна...” /4хх 37/ гэх мэдүүлгүүд,

 Үнэлгээний хорооны 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны “...үнэлгээний хорооны гишүүдийн 100% -ийн саналаар Говийн тэнгэр компаниас объектыг газрын хамт 300 сая төгрөгөөр худалдаж авах нь зүйтэй гэж шийдвэрлэв. ..шийдвэрийг үнэлгээний хорооны дарга Ц.Жаргалсайхан гүйцэтгэх захирал Ж.Рид танилцуулахаар болов...” гэсэн тэмдэглэл /8хх 247-249/,

 

Шинжээч Л.Амгалангийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “..Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ж.Рийн тушаалаар 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан. ...Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолт огт боловсруулаагүй, түүнчлэн хуулийн 34 дүгээр зүйлийг үндэслэн худалдан авах ажиллагааг хийх талаар хурлын тэмдэглэлд дурдсан байна. Энэ нь хуулийн 11, 19 дүгээр зүйл болон 7.2, 47.2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. ...Үнэлгээний хорооны 2013 оны 12 дугаар сарын 19-ний хуралдаанаар Дундговь аймагт Говийн бүсийн салбарын хэсэгт ажлын байрыг худалдан авахдаа нээлттэй тендер зарлан тендерийг хүлээн авч, нээлт хийж үнэлгээг зохих журмын дагуу хийж хуульд заасан шийдвэр гаргах ёстой байжээ. Гэтэл тендер шалгаруулалтыг зохих журмын дагуу хийгээгүй нь хуулийн 17, 20, 21, 22, 24, 25, 26, 27, 28, 29 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болжээ. ...Үнэлгээний хороо захиалагчид үнэлгээний дүгнэлт болон гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг гаргаж өгөөгүй нь хуулийн 28.16 болон Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерийн үнэлгээний заавар”-ын 8.5 болон 9 дэх заалтыг зөрчсөн байна. ...Захиалагч нь үнэлгээний хорооноос гаргасан үнэлгээний дүгнэлтэд бус зөвхөн хуралдааны тэмдэглэлд үндэслэн гэрээ байгуулсан нь 46.1.3 дахь заалтыг зөрчсөн байна. Мөн энэхүү гэрээ нь хуулийн 42.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ болохоор байна. ...Захиалагч хуулийн 46.1.2-т заасан үүргээ хэрэгжүүлэн хуулийн зөрчлийг арилгуулах үүрэгтэй байдаг. Гэтэл хууль зөрчсөн үйлдлийг залруулаагүй нь хуулийн 46.1.2 дахь заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /4хх 22-23/,

Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “...Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийг 946 м.кв оффиссын барилга, 5876 м.кв газар, 630 кВ-ын трансформатортай 10-0,4 кВ-ын иж бүрэн хаалттай ТП бүхий объект, барилга байгууламжийн үнэлгээг үнэлгээний зорилго болох хуулийн байгууллагын шинжилгээний зориулалтаар хийж байгаа тул зах зээлийн хандлагаар тооцсон үнэ цэнийг эцсийн үнэ цэнээр сонгон авсан бөгөөд үнэлгээний өдрийн байдлаар өнөөгийн үнэ цэнэ нь 141.800.000 төгрөг байна...” гэх дүгнэлт /11хх 155-181/,

 

Шинжээч Б.Халиунаагийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “...Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн захирал Ж.Р нь Эрчим хүчний сайдын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай тушаалын дагуу 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Тэдэ Энержи” ХХК-тай 13/50 дугаартай хүчний трансформатор нийлүүлэх гэрээ байгуулж 2,8 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийсэн үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухайн хуулийн 34.1,5-д ...заасныг үндэслэж шууд гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. ...хууль зөрчин шууд гэрээ байгуулахдаа хуулийн 34.2, 34.3 болон 8.2 “Энэ хуулийн 8.1,1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа ажил үйлчилгээ худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ” мөн 8.1.1 харьцуулалтын аргаар худалдан авч болох бараа ажил үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар”, 47.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна..." гэсэн дүгнэлт /4хх 35-36/,

3. Ж.Р нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3 дахь заалтыг зөрчин Говийн бүсийн салбарын барилгыг зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр буюу 300 сая төгрөгөөр “Говийн тэнгэр” ХХК-иас худалдан авахаар тус компанийн захирал С.Отгонжаргалтай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3/83 тоот “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г шууд байгуулж С.Отгонжаргалын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хэрэгжүүлсний төлөө С.Отгонжаргалаас 2014 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Ү.Мөнхтөгс, тус компанийн жолооч Н.Ганбаатар нараар зуучлуулан 16.000.000 төгрөгийн, 2014 оны 5 дугаар сард 7.000.000 төгрөгийн, нийт 23.000.000 төгрөгийн хахууль авсан болох нь:

Н.Ганбаатарын сэжигтэн яллагдагчаар: “...2014 оны 1 дүгээр сарын эхээр Равдандорж захирал намайг Отгонжаргалтай уулзаад ир гэсэн ...Отгонжаргалтай утсаар ярихад Түшиг их дэлгүүрийн урд хүрээд ир гэсэн би шууд машинтайгаа очиход Отгонжаргал гаднаас цүнх барьж ирээд хойд талын хаалгаар цүнхнээсээ боодолтой мөнгө гаргаж өгсөн. ...мөнгийг аваад Равдандорж захиралтай ярихад Мөнхтөгст 5 сая төгрөгийг нь өгчих гэсэн. ...тэгээд Мөнхтөгс 5 сая төгрөгийг өгөөд харьсан. ...намайг гэртээ байж бай гэсэн орой ажил дээр очоод машины голын хайрцагнаас мөнгийг гаргаж захиралд өгөхөд наад мөнгөө аваад эмчилгээндээ яв гэсэн. ...тэгээд би авсан...” /12хх 1-2, 3-5/,

 

С.Отгонжаргалын яллагдагчаар: “...Мөнхтөгс, Ганбаатар нарын зүгээс барилга худалдаж авна цаанаа дарга удирдлагадаа тодорхой хэмжээний мөнгө өгнө гэдгийг урьд надтай уулзахдаа хэлсэн байсан. ...би тохирсон ёсоороо эхний орж ирсэн 160 сая төгрөгөөс 16 сая төгрөгийг нь 2014 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Түшиг их дэлгүүрт байрлах Хас банкнаас авч уг дэлгүүрийн зогсоол дээр Равдандоржийн жолооч Ганбаатарт өгсөн. Дараа нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 40 сая, 10 сарын 22-ны өдөр 50 сая төгрөг цахилгаан дамжуулахаас манай компанийн дансанд шилжиж орж ирсэн. ...2014 оны 5 дугаар сард 40 сая төгрөг орж ирсний дараа Мөнхтөгс над руу яриад “нөгөө тохирсон ёсоор мөнгөө авъя, яаралтай мөнгөний хэрэг байна” гэхээр нь би 7 сая төгрөгийг өөрийн хүү Баярмагнайгаар өгүүлсэн...” /13хх 249/,

 

гэрч О.Баярмагнайгийн: “...2014 оны зун аав Отгонжаргал Дундговь аймгаас надруу яриад “Мөнхтөгс гэж хүнд 7 сая төгрөг яаралтай аваачаад өгчих, би чамд 7 сая төгрөгийг регистрийн дугаар нь өөрөө хүлээн авагчаар Хаан банкнаар шилжүүлчихье” гэсэн. Ингээд би Андуудын Хаан банкнаас 7 сая төгрөг авч, Мөнхтөгс рүү өгсөн. Утсаар нь ярьж Төмөр замын коллежийн орчим аваачиж өгсөн ямар учиртай мөнгийг би мэдэхгүй...” /10хх 235/, Ш.Уранчимэгийн: “...2014 оны 2 сарын эхээр касс тоолоход 4.000 ам.доллар дутуу байсан учрыг нярав Туяагаас асуухад “жолооч Ганбаатар нь тухайн мөнгийг ерөнхий нягтлан Норовжамцын ам шийдвэрээр өгсөн” гэж хэлсэн. ...тухайн 4.000 ам.долларыг буцаан авч тушаагаарай гэж хэлсэн. Гэтэл тушаахгүй яваад байсан. ...дансанд мөнгө нь байхгүй хирнээ бүртгэлээр яваад байсан юм. ...сар болгоны эцэст тооллогоор Норовжамцад хэлдэг байсан шийднэ гээд явдаг байсан. ...хэн шийдэх юм гэж асуухаар “Мөнхтөгс наадахыг чинь шийднэ” гэсэн. ...тэгээд би Мөнхтөгсөөс “4.000 ам.долларын асуудлаа шийдэж өгөөч” гээд шаардаж байсан. ..тэгээд Мөнхтөгс хар гялгар уутанд боосон 10.000, 20.000 төгрөгийн дэвсгэртээр 7 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн. ...4.000 ам.доллар хүрэхгүй байсан учир 1,3 сая төгрөг дутуу байна гэж хэлсэн. ...тэгээд сар гаруйн дараа Мөнхтөгс нэмж мөнгө өгсөн гэсэн...” /10хх 228/, Э.Уянгын: “...Би 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өмнөх нярав Даваагаас ажил хүлээлцэхэд хар өнгийн уутанд хийж скочоор ороосон 10.000-тийн дэвсгэртээр 1 боодол, 20.000-тын дэвсгэртээр 3 боодол, нийт 7 сая төгрөгийг надад 4.000 ам.доллар болгох юм гэж хүлээлгэн өгсөн. ..ажил хүлээлцэж байхад Даваа нь Мөнхтөгс зөрүү мөнгийг гүйцээн өгөх ёстой гэж тайлбарлаж байсан. ...тэгээд Мөнхтөгс зөрүү мөнгийг гүйцээн өгч нягтлан Уранчимэгийн хамт Ардын тэнд валютын цэг дээр очиж солиулж, 4.000 ам.доллар болгож кассанд авсан...” /10хх 231/ гэх мэдүүлгүүд,

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг зөрчиж үнэлгээний хороо байгуулалгүй, тендерт оролцох компанийн ерөнхий болон санхүү, техникийн нөхцөлийг хангасан эсэхийг тогтоолгүйгээр “Тэдэ Энержи” ХХК-д давуу байдал олгож тус компаниас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмнөд дэд станц “SFSZ11-1110/63 МVА маркийн 2.800.000.000 төгрөгийн өртөгтэй 2 ширхэг хүчний трансформаторыг худалдан авахаар 2013 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр шууд гэрээ байгуулж БНХАУ-ын иргэн QI JINSHAN /Ку Жин Шан/-ний ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний төлөө түүнээс 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхнэр С.Оюунчимэгээр дамжуулан 100.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхнэр С.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банкны 458028586 тоот дансаар 5.300 ам.доллар буюу 9.911.000 төгрөгийг, нийт 109.911.000 төгрөгийн хахууль авсан болох нь:

гэрч Н.Хулангийн: “...2014 оны 6 дугаар сард Jinshan Qi /Алтан/ захирлын бичиж өгсөн чекийн дагуу компанийн Голомт банкны 1105054095 дугаарын данснаас бэлнээр 100.000.000 төгрөг гаргуулан авч, уг мөнгийг Алтан захирлын үүргийн дагуу Оюунаа гэх хүнд бэлнээр өгсөн. ...би ажлаас гарахдаа Оюунаа гэх хүн рүү утсаар залгаж Тагнуулын газрын урд байрлах Голомт-1-ээс мөнгө авах талаар хэлсэн байсан. Тэгээд Голомт банкнаас мөнгө аваад утсаар ярьж байгаад Оюунаад өгсөн. ...Оюунаа гэх хүнд мөнгө өгөх гэж явахдаа ...Хангарьд ордны баруун талд байрлах авто зогсоол дээр очиж утсаар залгахад надаа машины дугаар хэлсэн. Тэгээд би машины дугаараар нь хайж байгаад нэг дунд гарын бараан өнгийн жийп машинтай хүүхэн байсан. ...жолоочийн хаалгыг нээж “Оюунаа гэх хүн мөн үү” гэж хэлэхэд “мөн байна” гэсэн. Тэгээд тухайн үед би мөнгө өгөөд явсан. Оюунаа гэх хүн мөнгө төгрөг тоолоогүй шууд авсан...” /5хх 208-210, 211-212/, Ч.Мөнхцэцэгийн: “...2014 оны 6 дугаар сард захирлын үүрэг даалгаврын дагуу өөрийн банкны данснаас 100.000.000 төгрөг авч, тухайн үед хамт ажилладаг байсан Н.Хулангийн хамт Оюунчимэг гэх хүнд Хангарьд ордны хажууд аваачиж өгсөн. ...2014 оны 7 дугаар сарын 30-нд Сундуй овогтой Оюунчимэг гэх хүүхэнд 5.300 ам.доллар шилжүүлсэн баримт нь надаа байгаа, уг мөнгийг манай захирал Qi Jinshan “шилжүүл” гэж үүрэг даалгавар өгсөн...” /5хх 214-215, 216-218, 219-221/, Г.Хосбаярын: “...Манай ээжийн төрсөн дүү С.Оюунчимэг “орон сууц худалдан авах гэсэн юм, чиний нэр дээр орон сууц захиалах гэрээ хийх гэсэн юм” гэж гуйхад би зөвшөөрсөн юм. Тэгээд тухайн үед явж орон сууц захиалах гэрээ байгуулж байсан. Гарын үсэг зурсан тухайн үед хаана ямар хэмжээтэй орон сууц худалдаж авах гэж байгааг хараагүй. Тэгээд хэд хоногийн дараа С.Оюунчимэг эгч утсаар холбогдож ...“Ривер гарден” хотхоны Номин дэлгүүрийн гадаа очиход С.Оюунчимэг нь өөрийн дунд гарын жийптэй явж байсан. Тэгээд надаа 100.000.000 төгрөг өгсөн. Уг мөнгийг би тоолохгүй шууд аваад Номин констракшн ХХК-ийн хүмүүст оруулж өгсөн юм. Тэгээд үүнээс хойш ямар нэгэн мөнгө төгрөг аваачиж өгөөгүй. ...дараа нь Оюунчимэг эгч миний нэр дээр захиалсан орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт тавихад би шилжүүлж өгсөн юм...” /5хх 233-234/, Н.Лхагвын: “...Уг байрыг 2014 оны 6 дугаар сард Г.Хосбаяр гэх эгч ирж үзсэн. ...тэгээд 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тухайн байрыг захиалж РӨ384318402 дугаартай гэрээ байгуулсан. ...2014 оны 9 дүгээр сард Г.Хосбаяр нь манай компаниас худалдан авсан байрыг С.Оюунчимэгт шилжүүлэх өргөдөл гаргасан. ...тэгээд эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Хосбаярын худалдан авсан байр С.Оюунчимэгт шилжсэн. ...Эхлээд урьдчилгаа гэж 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 100.000.000 төгрөг төлсөн...” /5хх 235-236, 237/,

Ку Жин Шан /Qi Jinshan/ яллагдагчаар: “...Манай компанийн хувьд урьд нь Цахилгаан дамжуулах сүлжээ компани болон бусад ижил төстэй компаниудад эрчим хүчний тоног төхөөрөмж нийлүүлж байсан бөгөөд 2013 оны 8 билүү 9 дүгээр сард байх Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ хувьцаат компани нь өмнөд дэд станцад шинээр трансформатор авах гэж байгааг нь мэдсэн байсан тул Равдандорж захиралтай албан өрөөнд нь очиж уулзаад “танайх шинээр трансформатор авах гэж байгааг мэдсэн юм, манай “Тэдэ Энержи” ХХК нь ийм хүчин чадал бүхий трансформатор нийлүүлэх боломжтой тул манай компанитай гэрээ байгуулаач” гэж хэлсэн. Равдандорж захирлын зүгээс “танай компанитай гэрээ хийж болно, надад шагнал байгаа юу” гэж асуусан. Би “болно” гэдгээ хэлсэн. Түүнээс яг мөнгөний тоо хэмжээ ярьж тохиролцсон зүйл байхгүй. ...ингээд хэд хоногийн дараа манай компанитай гэрээ байгуулахаар боллоо гэж хэлсний дагуу гэрээ байгуулсан. ...2014 оны 6 дугаар сард над руу Равдандорж захирал утсаар яриад “надад яаралтай 100 сая төгрөг хэрэг болоод байна, мөнгө байвал өгөөч” гэсэн. ...би Равдандорж захиралд манай компанитай гэрээ байгуулах юм бол шагнал өгнө гээд амласан байсан тул би уг мөнгийг өгөхийг зөвшөөрсөн. ...Равдандорж захирал надад нэг утасны дугаарыг өгөөд “энэ утсаар ярьж байгаад өгч” гэсэн. Би уг утасны дугаарыг болон 100 сая төгрөгийг компанийн данснаас гаргах чекийг бичиж нягтлан Хулан, нярав Мөнхцэцэг нарт өгч энэ дугаараар холбогдоод өгч гэдгийг хэлсэн. ...манай 2 ажилтан утсаар нь холбогдоод 100 сая төгрөгийг хүлээлгэж өгсөн байсан. ...үүний дараа 2014 оны 7 сарын сүүлээр байх над руу Равдандорж “Солонгос улсаас ярьж байна, эмнэлэгт үзүүлээд явж байна 5.300 ам.доллар дутчихаад байна” гэсэн би нэгэнт тусална гээд хэлсэн байсан тул зөвшөөрөхөд над руу дансны дугаар мессежээр явуулсан. Би мөн нягтлан, нярав нарт чек бичиж өгч данснаас мөнгө гаргуулаад Равдандорж захирлын өгсөн дансны дугаар луу нь шилжүүлчих гэж хэлсэн. Манай нярав 5.300 ам.долларыг шилжүүлсэн байсан. ...мөнгөө буцааж авсан зүйл байхгүй анхнаасаа буцааж өгч авахаар тохиролцсон зүйл байхгүй...” /14хх 71/,

Ү.Мөнхтөгсийн сэжигтэн яллагдагчаар: “...2013 оны 11 дүгээр сарын дундуур С.Отгонжаргал утсаар яриад “160 сая төгрөг компанийн дансанд орж ирсэн 10 хувиа Равдандорж захиралд яаж өгөх юм бэ” гэж асуусан. Би өөрөөс асуугаад эргээд яръя гэсэн. ...Равдандорж захиралд энэ тухай хэлэхэд “за ойлголоо, би өөрөө шийдье” гээд утсаа салгасан. ...удалгүй захирлын жолооч Ганбаатар 16 сая төгрөгийг Отгонжаргалаас авлаа гээд манай гадаа ирээд надад 5 сая төгрөгийг бэлнээр авчирч өгөөд “Равдандорж захиралд чамд өгөөрэй” гэсэн гэж хэлээд өгсөн. Би ойлгохдоо зуучилсны хөлс гэж бодсон. ...Равдандорж захирал 2014 оны эхээр надад амаар үүрэг өгч компанийн касснаас 4.000 ам.долларыг жолооч Ганбаатарт өгч явуулсан байсныг 2014 оны 4 дүгээр сараас намайг төл гэж шахсан. ...ингээд би Отгонжаргалтай холбогдож “кассанд 4.000 ам.доллар хэрэгтэй байна” гэхэд “надад 7 сая төгрөг байна” гэхээр нь би тэр мөнгийг нь авч, 4.000 ам.доллар болгож кассанд буцааж тушаасан...” /11хх 242-244, 245, 246, 247/ гэх өгсөн мэдүүлгүүд,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /4хх 38-39/,

С.Оюунчимэгийн Худалдаа хөгжлийн банкны 458028568 тоот дансанд 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5.300 ам.долларыг “Тэдэ Энержи” ХХК-иас шилжүүлсэн орлогын ордерын баримт /4хх 41/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Аливаа эрүүгийн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дараалал, шүүхэд олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шүүн таслах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулдаг.

 

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцнэ.

 

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч, шинжээч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, түүнд хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцсэн байна.

 

Хуулийг буцаан хэрэглэхэд шинэ хуулийг хуучинд хэрэглэх гэсэн ойлголтыг удирдлага болгон үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг.

 

 Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэдэг нь ялын төрөл, хэмжээ хөнгөрсөн, хариуцлага эсхүл шийтгэлээс чөлөөлөх шинэ нөхцөлүүдийг нэмсэн, хөөн хэлэлцэх хугацааг багасгасан зэрэг байдлаар илрэх бол ял шийтгэлийг хөнгөрүүлсэн хууль гэдэгт тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын дээд доод хугацаа, хэмжээг багасгасан, өмнө үйлчилж байсан хуульд зааснаас хөнгөн төрлийн шийтгэл оногдуулахаар хуульчилсан, хөнгөн шийтгэл сонгож хэрэглэх боломжтой буюу сонгох санкцыг тогтоосон хуулийг ойлгодог.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар прокуророос шүүгдэгч Ж.Рид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон тус тус өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ давтан урвуулж, их хэмжээний хохирол учруулсан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ж.Рид холбогдох хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ давтан урвуулж их хэмжээний хохирол учруулсан хэргийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн үндэслэл, журмын дагуу хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв тайлбарласан байна.

 

Шүүгдэгч Ж.Рийн “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”, түүний өмгөөлөгч Л.Нинжбатын “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүдийг арилгуулан хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Монгол Улсын  Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.

 

Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн субъектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шинж, хөөн хэлэлцэх хугацаа, харьяаллын тухай асуудлыг авч үздэг. Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүн нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутай тооцогдох иргэн /хуулийн этгээд/,-ийн нийгэмд харш үйлдэл, эс үйлдэхүйг бүрдүүлэгч шинжүүдийн нийлбэр юм.

 

Мөн хууль зүйн ач холбогдлоор гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан эсхүл иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.

 

Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Шүүгдэгч Ж.Рийн үйлдсэн гэмт хэрэг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Рид оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

 

Нөгөөтэйгүүр хавтас хэрэгт авагдсан гэрч Г.Жавхлантөгсийн “Алтан болон Тэнүүн нар Ж.Рийн ажил дээр нь очиж уулздаг байсан. Түүнээс Равдандорж манай ажлын байранд ирж байгаагүй. Энэ хүмүүс шууд ярилцаад уулздаг болохоор өөр хаана уулзалддаг байсан талаар надад сайн мэдэх зүйл байхгүй...”/5хх 224-225/, “...2015 оны наадмын өмнө “Тэдэ энержи” ХХК-ийн захирал Алтан намайг “хүрээд ир” гэж дуудсан. ...байгаа газар нь очиход Алтан захирал Мөнхтөгсийн утасны дугаарыг өгөөд “энэ хүнтэй утсаар ярьж байгаад энэ зүйлийг өг” гэж “Тэдэ энержи” ХХК-ийн бичигтэй цаасан уут өгсөн, ...уутан дотор нэг юм байсан, би юу байгааг задалж үзээгүй...” /5хх 226-227, 228, 229/, П.Отгонжаргалын “...эрх шилжүүлэх гэрээг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр манай охин Б.Үйлсттэй байгуулсан. Өмнөх эзэмшигч нь С.Оюунчимэг гэдэг хүн байсан. ...508 тоо байр байсан...” /5хх 241/, Я.Гансүхийн “...Ж.Р нь Төрийн өмчит хувьцаат компанийн худалдан авалтад оролцож, өөрийн таних, мэдэх компанийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах үүрэг даалгавар өгч байсан...”/5хх 195-196/, Ш.Ягаанцэцэгийн “...Ж.Р ... “чи ямар нэгэн банканд данс нээгээд өгөөч, би мөнгө хийх гэсэн юм” гэж хэлсэн. ...тэгээд Худалдаа хөгжлийн банканд данс нээгээд Равдандоржид өгсөн. Тэгээд нэг мэдэхэд дансанд их хэмжээний 299.000.000 төгрөг орж ирсэн байсан. Уг мөнгөнөөс хүү Дэлгэрбатад 65.000.000 төгрөг шилжүүлсэн, өөрийн эмчилгээнд 10 гаруй сая төгрөг зарцуулсан...” /6хх 5-6, 7/, Н.Сугаржавын “...“Говийн тэнгэр” ХХК нь 150 сая төгрөгөөр худалдана гээд зарагдахгүй байсан байшин байсан гэж манай мэргэжилтэн Ганзориг хэлсэн юм. ...Тендер зарлах ёстой байсан...” /10хх 192/, Д.Дэлгэрцогтын “...Хэсэгт объект авах шаардлага бол байгаагүй. ...Равдандорж нь Говийн бүсийн салбарыг Мандалговьт байршуулах асуудлыг надад тавьж байсан ба миний болон яамны зүгээс боломжгүй гэж үзэж Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэж байсан юм. Түүнээс хойш Өмнөговь аймагт байгуулж конторын барилга барих ёстой байтал Дундговь аймгийн Мандалговь сум дахь хэсэгт объект авахаар шийдвэрлүүлж өргөжүүлсэн байна. ...нээлттэй тендер зарлаж худалдан авах ёстой байсан...” /10хх 234/, О.Баярмагнайгийн “...2014 оны 7 дугаар сарын сүүлээр аав С.Отгонжаргал нь Дундговь аймгаас над руу яриад “Мөнхтөгс гэж хүнд 7 сая төгрөг яаралтай аваачиж өг, би чам руу регистрийн дугаараар чинь Хаан банкаар шилжүүлье, утсаар яриад өгөөрэй” гэсэн...” /10хх 235/, Н.Батбаатарын “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалт болон Худалдан авах ажиллагаа төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах журмыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн, уг зөрчил нь нийт зөрчлийн 90 гаруй хувийг эзэлж байсан...” /5хх 167-169/, Ку Жин Шан /Qi Jinshan/-ы “...Равдандорж захирлын зүгээс “танай компанитай гэрээ хийж болно, надад шагнал байгаа юу” гэж асуусан. Би “болно” гэдгээ хэлсэн. ...2014 оны 6 дугаар сард над руу Равдандорж захирал утсаар яриад “надад яаралтай 100 сая төгрөг хэрэг болоод байна, мөнгө байвал өгөөч” гэсэн. ...би Равдандорж захиралд манай компанитай гэрээ байгуулвал шагнал өгнө гээд амласан байсан тул би уг мөнгийг өгөхийг зөвшөөрсөн. ...Равдандорж захирал надад нэг утасны дугаарыг өгөөд “энэ утсаар ярьж байгаад өгчих” гэсэн. Би уг утасны дугаарыг болон 100 сая төгрөгийг компанийн данснаас гаргах чекийг бичиж нягтлан Хулан, нярав Мөнхцэцэг нарт өгч энэ дугаараар холбогдоод өгчих гэдгийг хэлсэн. ...манай 2 ажилтан утсаар нь холбогдоод 100 сая төгрөгийг хүлээлгэж өгсөн байсан. ...2014 оны 7 сарын сүүлээр байх над руу Равдандорж “Солонгос улсаас ярьж байна, эмнэлэгт үзүүлээд явж байна 5.300 ам.доллар дутчихаад байна” гэсэн би нэгэнт тусална гээд хэлсэн байсан тул зөвшөөрөхөд над руу дансны дугаар мессежээр явуулсан. Би мөн нягтлан, нярав нарт чек бичиж өгч данснаас мөнгө гаргуулаад Равдандорж захирлын өгсөн дансны дугаар луу нь шилжүүлчих гэж хэлсэн. Манай нярав 5.300 ам.долларыг шилжүүлсэн байсан...” /14хх 71/, Г.Хосбаярын: “...С.Оюунчимэг “орон сууц худалдан авах гэсэн юм, чиний нэр дээр орон сууц захиалах гэрээ хийх гэсэн юм” гэж гуйхад би зөвшөөрсөн юм. ...“Ривер гарден” хотхоны Номин дэлгүүрийн гадаа очиход С.Оюунчимэг нь ...надаа 100.000.000 төгрөг өгсөн. Уг мөнгийг би тоолохгүй шууд аваад Номин констракшн ХХК-ийн хүмүүст оруулж өгсөн юм. ...дараа нь Оюунчимэг эгч миний нэр дээр захиалсан орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт тавихад би шилжүүлж өгсөн юм...” /5хх 233-234/, шинжээч Б.Халиунаа /4хх 35-36, 37/, Л.Амгалан /4хх 22-23/ нарын мэдүүлгүүд, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /11хх 155-181/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Р болон түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарын гаргасан давж заалдах гомдлууд давхар няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Ж.Р нь “Говийн тэнгэр” ХХК-ийн захирал С.Отгонжаргалаас 23.000.000 төгрөгийн хахууль авсан, мөн БНХАУ-ын иргэн Ку Жин Шан /Qi jinshan/-аас 109.911.000 төгрөгийн хахууль авсан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Ж.Р болон түүний өмгөөлөгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар давж заалдах гомдол гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно” гэж заажээ.

 

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах шинжээчдийг томилжээ.

 

Харин шинжээчид нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах эрхгүй ба зөвхөн тэдний дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэх боломжгүй байдаг.

 

Дээрх байдлуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Рид холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.   

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Р болон түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: