Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2015/0476

 

 

2015 оны 10 сарын 14 өдөр     Дугаар 221/МА2015/0476

 

 

Ч.Т , Ц.Ж , Ц.Д нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.Т , Ц.Д , Ц.Ж , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэрт нэхэмжлэгч нэхэмжлэгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Т , Ц.Ж , Ц.Д нарын нэхэмжлэлтэй, ХӨАЗД д холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ХӨАЗД-ын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт гаргахыг даалгах, уг газар дээр дахин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар газар эзэмших шийдвэр гаргахыг даалгах гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2012 оны 107 дугаар тогтоолоор Цагаан уул тэрхэн ХХК-ийн уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын 2013 оны А/84 дүгээр захирамж нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж гарсан. 2009 оноос хойш тухайн газар нь маргаантай байсан тул газар эзэмшүүлэх гэрээг жил бүр дүгнэх боломжгүй байсан. Манай аймгийн хувьд газрын чанарын хянан баталгаа 1999 оноос хойш хийгдээгүй. Улсын дээд шүүхийн тогтоолд өмнө нь эзэмшиж байсан 2500 м.кв газар дээр 3871 м.кв газрыг олго гэсэн учир нэмээд захирамж гаргасан. гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улсын дээд шүүхийн 249 дүгээр тогтоол хүчин төгөлдөр учир энэ асуудлаар маргах шаардлагагүй. Газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх үндэсгүй. Нэхэмжлэгч нар нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. Мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсэн ба газрын хянан баталгааг хийлгэсэн нэг ч аж ахуйн нэгж аймгийн хэмжээнд байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ч.Т , Ц.Д , Ц.Ж  нарын ХӨАЗД д холбогдуулан гаргасан "ХӨАЗД-ын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт гаргахыг даалгах, уг газар дээр дахин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах" нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: 1. Процессын алдаа гаргасан:

Гуравдагч этгээд гэх Ж.А нь "ЦУТ " ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон байхад түүнийг шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцуулан тавьсан хүсэлт, шаардлагыг нь хангасан нь процессын алдаатай болсон. Учир нь Ж.А нь өөрийгөө "ЦУТ " ХХК-ийн захирал гэж тайлбарладаг боловч Хөвсгөл аймгийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ЦУТ  ХХК-ийн хувийн хэрэгт түүнийг захирлаар томилсон шийдвэр, улсын бүртгэлийн албан ёсны нэмэлт, өөрчлөлт байдаггүй, мөн энэ талаар албан ёсны лавлагаа хэрэгт авагдаагүй. Ж.А шүүх хуралдаанд дээр "ЦУТ  ХХК"-ийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр өөрийгөө гүйцэтгэх захирал гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан хэмээн харуулдаг боловч уг өөрчлөлт нь тамга тэмдэггүй, он сарыг хуурамчаар үйлдсэн байсан тул хүчин төгөлдөр бус юм. Энэ талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын зүгээс тайлбар хэлдэг боловч шүүх бүрэлдэхүүн үүнийг хэрэгсээгүй юм. Ж.А нь өөрийгөө гүйцэтгэх захирал гэдгийг баталж чадахгүй тохиолдолд компанийг төлөөлөх эрхтэй болохыг нотлох хууль ёсны итгэмжлэл авах боломжтой байтал /энэ талаар өмнө хойшлогдсон шүүх хуралдааны үеэр түүнд үүрэг болгосон/ энэ шаардлагыг мөн хангаагүй. Иймээс Ж.А нь гуравдагч этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд юм.

2.    Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн:

Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг захиргаанд даалгах шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нарын зүгээс захиргааг хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа тул түүнийгээ хэрэгжүүлэн захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Уг шаардлагын үндэслэлийг гуравдагч этгээд болон захиргаа нь Газрын тухай хуулийн дараах зүйл заалтыг удаа дараа зөрчсөн гэж үзсэн. Үүнд: ГтХ-ийн 34.2 "Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ." гэснийг газар эзэмшигч буюу гуравдагч этгээд болон захиргаа зөрчсөн болох нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 4/196, 2015 оны 4/306 тоот тайлбар, хариуцагч. гуравдагч этгээдийн тайлбараар нотлогддог. ГтХ-ийн 35.3.4-ийн дагуу Газар эзэмшигч нь "газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх" үүрэгтэй боловч энэхүү үүргээ нэг ч удаа биелүүлж байгаагүй нь мөн дээр дурдсан албан бичиг, хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар нотлогддог. ГтХ-ийн 34.7 "Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшилд олгож байгаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээг тухайн газар эзэмших гэрээний хавсралт болгоно. гэсэн байхад хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн газар эзэмших гэрээний хуулбарт энэ баримт хавсаргагдаагүй байдаг. ГтХ-ийн 34.8 "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ." гэсэн байхад энэ үүргээ газар эзэмшигч болон захиргаа аль аль нь биелүүлж байгаагүй байдаг.

Дээр дурьдсан баримтууд нь газар эзэмшигчийн зүгээс Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг удаа дараа зөрчсөн болохыг баталж байгаа бөгөөд энэ нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийн дагуу "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" гэсэн нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэ тохиолдолд захиргаа гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлэхгүй байгаа учраас захиргаанд үүргээ хэрэгжүүлэхийг даалгахыг нэхэмжлэгч нарын зүгээс шаардсан билээ.

Гэтэл шүүх шийдвэртээ "...Захиргааны байгууллага,... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлэхийн тулд газар эзэмшигчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэх, Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг өөрөө эсхүл эрх бүхий байгууллагаар тогтоолгож, өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна" гэжээ.

Нэгдүгээрт, ГтХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 нь захиргаанд эрх олгосон заалт биш, харин үүрэг болгосон заалт юм. Хоёрдугаарт, захиргаа чухамхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тухайлбал гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхгүй байгаа, газар эзэмшигч үүргээ биелүүлээгүй байхад хууль зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон зэрэг хууль бус үйл ажиллагаа, эс үйлдэхүй гаргаад байгаа учраас л нэхэмжлэгч нарын зүгээс энэхүү хууль бус эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх үүнийг захиргааны өөрийн бүрэн эрх мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн нэхэмжлэгч нарын гаргасан хууль зүйн үндэслэл бүрт тайлбар хийлгүй орхигдуулсан нь хэргийн нөхцөл байдлыг бүх талаас нь бүрэн үнэлээгүй учир шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна. Энэхүү шаардлагын хүрээнд үүссэн нөхцөл байдал болон нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл нь УДШ-ийн 2010 оны 249, 2012 оны 107 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн үйл баримттай огтхон ч холбоогүй, харин эдгээр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэн гарсан ХӨАЗД-ын 2013 оны А/84 тоот захирамж гарснаас хойш үүссэн газар эзэмшигч болон захиргааны хууль бус үйл ажиллагааны талаар маргаж буй юм.

Захиргааны актыг хүчингүй болгох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нарын зүгээс ХӨАЗД-ын 2013 оны А/84 тоот захирамж нь анхнаасаа алдаатай гарсан байна гэдгийг захиргааны хэрэг үүсгэгдсэний дараа нотлох баримт цуглуулах үйл ажиллагааны үед олж тогтоосон тул шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэмж тодруулсан билээ. Тодруулбал, ХӨАЗД-ын 2013 оны А/84 тоот захирамж нь 6351м2 газрыг ЦУТ  ХХК-д олгосон байдаг. Гэтэл УДШ-ийн 2010 оны 249, 2012 оны 107 дугаар тогтоолоор тус компанид 3871м2 газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу олгохоор шийдвэрлэгдсэн байдаг. Захиргаа ийнхүү газрын хэмжээг нэмэгдүүлсэн үндэслэлээ тайлбарлахдаа "ЦУТ  ХХК" нь анх "Од ХЭАА" нэртэй байхдаа Мөрөн сумын засаг даргын 1996 оны 159 дүгээр захирамжаар 2500 м2 газартай байсан, 1999 оны 159 дүгээр захирамжаар 5428 м2 газартай болсон, 2007 оны 22 дугаар захирамжаар 6577 м2 газрыг "ЦУТ " ХХК-д шилжүүлсэн. Учир нь "Од ХЭАА" нь "ЦУТ " ХХК болж өөрчлөгдсөн гэдэг. Гэвч Од ХЭАА-н эзэмшиж байсан газраас 3871 м2 баталгаажаагүй байсан тул мөн Мөрөн сумын засаг даргын 2008 оны 146 дугаар захирамжаар 3871 м2 газрыг нэмж олгосон. /үүнийг ХӨАЗД  хүчингүй болгосны улмаас маргаан үүсэж УДШ-ийн 2010 оны 249, 2012 оны 107 дугаар тогтоолууд гарсан байдаг/. Иймээс өмнө нь эзэмшиж байсан газар дээр нь шүүхийн шийдвэрийн дагуу 3871 м2 газрыг нэмээд 6351 м2 газар болгож олгосон" гэдэг.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд "Од ХЭАА" нь "ЦУТ  ХХК" болсон гэдэг нь нотлогддоггүй. Хэдийгээр шүүхийн шийдвэрт дурьдсанчлан "Од ХЭАА"-ийн эзэн Далайжаргалын хүсэлт байдаг боловч уг хүсэлтийг үндэслэн тус ХЭАА нь "ЦУТ " ХХК гэдэг хуулийн этгээд болж өөрчлөгдсөн гэдэг нь нотлогддоггүй. Тухайлбал "ЦУТ " ХХК-ийн үүсгэн байгуулсан гэрээ, дүрэм зэрэг нь шинээр хуулийн этгээд байгуулахад бүрдүүлдэг бичиг баримтууд байдаг. Түүнээс гадна Од ХЭАА-н хөрөнгө нь сүүлчийн бүртгэлээр 20 сая төгрөг байсан байтал "ЦУТ " ХХК-ийн эхлэлтийн тайлан нь 35 мянган төгрөг байдаг. Энэ бүхэн нь "ЦУТ " ХХК нь Од ХЭАА-ын өөрчлөгдсөн хэлбэр биш харин шинээр үүссэн компани байна гэдгийг харуулж байгаа юм. Энэ тохиолдолд газар эзэмших эрх шууд шилжих тухай ойлголт байхгүй юм. Хамгийн ноцтой нь захиргаа болон гуравдагч этгээдийн тайлбар, 2009 оны 50-61/308 тоот Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт зэргээр Од ХЭАА нь 2007 онд өөрийн эзэмшлийн газрыг "ЦУТ " ХХК-д шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг үндэслэн Мөрөн сумын засаг даргын 2007 оны 2 сарын 14-ны 22 дугаар захирамж гарсан, энэхүү газар дээр нь мөн сумын засаг дарга 2008 оны 146 дугаар захирамжаар баталгаажаагүй байсан 3871 м2 газрыг нэмж олгосон гэдэг.

Гэтэл Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хувийн хэрэгт Од ХЭЭА нь 2001 онд татан буугдсан байх бөгөөд "ЦУТ " ХХК нь мөн 2001 онд үүсгэн байгуулагдсан байдаг. Гэтэл аль 2001 онд татан буугдсан ХЭАА нь 2007 онд өөрийн газрыг бусдад шилжүүлэх тухай хүсэлт гаргасан байх бөгөөд түүнийг үндэслэн захиргаа газрыг "ЦУТ " ХХК-д шилжүүлсэн, дараа нь тухайн газар дээр нь нэмж газар олгосон нь ГтХ-ийн 38 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн байна. Тодруулбал ГтХ-ийн 38.3.2. шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; 38.3.3. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг шалгалгалгүйгээр захирамж гаргасан нь хууль бус байна. Учир нь Од ХЭАА нь 2001 онд татан буугдсан учраас түүний эзэмшиж байсан эрхийн гэрчилгээ нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус байсан байна. Өөрөөр хэлбэл Од ХЭАА нь газар эзэмшигч байхаа больсон байна. Мөн ЦУТ  ХХК нь шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд болохоос бус Од ХЭАА-ын өөрчлөгдсөн хэлбэр биш юм. Гэтэл шүүх шийдвэртээ "...Н.Д нь Од ХЭАА-г ЦУТ  ХХК болгон улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг 2001 оны 7 сарын 21-ний өдөр гаргаж байсан ба энэхүү хүсэлтийн дагуу Од ХЭАА-г татан буулгаж, ЦУТ  ХХК болгон өөрчилсөн нь тодорхойгүй байгаа, мөн Од ХЭАА-н эзэмшиж байсан 2500 м2 газрыг ЦУТ  ХХК-д хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн нотлох баримт тус газрын хувийн хэргийн материалд байхгүй байгаа боловч нэхэмжлэгч нарын эзэмшиж, үйл ажиллагаа явуулдаг үл хөдлөх хөрөнгө нь энэхүү 2500 м2 бүхий газартай ямар нэгэн хамааралгүй, харин УДШ-ийн 2010 оны 249 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн 3871 м2 газарт байрладаг нь нэхэмжлэгч нарын тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр нэгэнт тогтоогдсон байна" гэжээ. Нотлох баримтуудаас үзэхэд Од ХЭАА нь анхнаасаа 6577 м2 газар эзэмшиж байсан бөгөөд үүнийгээ ЦУТ  ХХК руу 2007 онд шилжүүлсэн гэдэг. Гэтэл уг газрын 3871м2 газар нь баталгаажаагүй тул Мөрөн сумын засаг даргын 2008 оны 146 дугаар захирамж гарсан гэдэг. Нэхэмжлэгч нарын газар нь эдгээр газрын аль хэсэгт нь хамаарч байгаагаас үл хамааран ерөөсөө 2001 онд татан буулгасан Од ХЭАА нь 2007 онд "өөрийн эзэмшил газрыг" ЦУТ  ХХК-д шилжүүлэх үндэслэл байсан эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр /үнэндээ бол хууль зөрчсөн байна гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн байна/ "нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөггүй учраас" хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Энэхүү үйл баримт нь УДШ-ийн өмнө гарсан тогтоолуудаар хэлэлцэгдээгүй шинээр илэрсэн нөхцөл байдал байхад үүнийг нэгэнт тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ :

 

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.  Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ч.Т , Ц.Д , Ц.Ж  нарын нэхэмжлэлтэй, ХӨАЗД д холбогдох 1-р хавтас 228 хуудас, 2-р хавтас 218 хуудас хэргийн ирүүлсэн бөгөөд дээрх 2 хавтас хэргийн хүрээнд уг хэргийг хянав.

 

2.  Нэхэмжлэгч нарын Процессын алдаа гаргасан, Ж.А нь гуравдагч этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд болох нь тогтоогдсон гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийн тухайд: Гуравдагч этгээд ЦУТ  ХХК нь анх 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч, 100 хувь хувьцааг эзэмшигч нь Н овогтой Д болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн тус компанийн хувийн хэрэг дэх баримтуудаар тогтоогдож байна. Уг компанийн үүсгэн байгуулагч Н.Д болон Ж.А нарын хооронд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан Баталгааны гэрээ байгуулагджээ. Ж.А нь дээрх гэрээний дагуу өөрийгөө компанийн захирал гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. ЦУТ  ХХК-ийн дүрмийн Наймдугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Гүйцэтгэх захирлыг компанийн үүсгэн байгуулагч ерөнхий захирлын тушаалаар томилно гэж заажээ. Ж.А-ийг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилсон тушаал гараагүй байна.

 

Баталгаа гэдэг нь алданги, торгууль, дэнчин гэдэгтэй адил үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэг юм. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэх ёстой /үүрэг хүлээсэн /хэн нэг этгээд хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрвээ гүйцэтгэж чадахгүй бол уг үүргийг өөрөө хангаж өгөхөө амлаж байгаа хэлбэр юм. Дээрх гэрээ Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлтэй нийцэхгүй тул компанийн гүйцэтгэх захирлыг томилсон гэж үзэх боломжгүй.

 

ЦУТ  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Ж.А-ийг гүйцэтгэх захирлаар томилсоныг бүртгэсэн байгаа боловч юуг /Компанийн тухай хуульд заасан ямар эрхийн актыг/ үндэслэн бүртгэсэн болох нь тодорхойгүй, уг бүртгэл нь тамга тэмдгээр баталгаажаагүй байна.

 

Гэвч Улсын Дээд шүүхийн 2010 оны 249 дүгээр тогтоолтой хэрэг, 2012 оны 107 дугаар тогтоолтой хэрэгт Ж.А-ийг ЦУТ  ХХК-ийг төлөөлөх эрхтэй гэж үзээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэж байсан тул нэхэмжлэгч нарын процессын алдаа гаргасан гэх энэхүү гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.

3.  Хуулийг буруу хэрэглэсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох ёстой гэсэн агуулга бүхий гомдлын талаар: ЦУТ  ХХК-д ХӨАЗД-ын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны А/84 дүгээр захирамжийг үндэслэн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газар эзэмших эрхийг гэрчилгээг олгожээ. Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараар ЦУТ  ХХК нь аймгийн Засаг даргын 2013 оны А/84 дүгээр захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг авахаас өмнө байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгэж байгаагүй нь тогтоогдож байна.

Энэ талаар анхан шатны шүүх Учир нь Захиргааны байгууллага, албан тушаалтан газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлэхийн тул газар эзэмшигчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэх, Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг өөрөө эсхүл эрх бүхий байгууллагаар тогтоолгож, өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Давж заалдах шатны шүүхээс Улсын Дээд шүүхийн 2010 оны 249 дүгээр тогтоолд 3781 м.кв газрыг эзэмшүүлэх ёстой гэж заасан гэж үзээд нэхэмжлэлийн зарим хэсгийг (А/84 дүгээр захирамжийн 6351 м.кв газарт холбогдох хэсэг) хангаж шийдвэрлэсэн тул уг захирамжийн дагуу олгогдсон эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

Эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь тухай газрыг хязгааргүй хугацаанд эзэмших ёстой гэсэн үг биш бөгөөд Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдсэн үед газар эзэмших эрхийг дуусгавар болгох газар эзэмших гэрээ, гэрчилгээг хүчингүй болгох учиртай. Нэхэмжлэгч нар нь дээрх нөхцөл бүрдсэн гэж үзсэн үедээ эрх бүхий этгээдэд хандаж хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй юм.

 

4.  Үндсэн хууль зөрчиж, Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолууд хянаж байна, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэх гуравдагч этгээдийн тайлбарын талаар: Улсын дээд шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дүгээр тогтоол нь Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг, Улсын дээд шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тогтоол нь Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 02 сарын 29-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг тус тус хянаж гаргажээ. Өөрөөр хэлбэл, 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар болон 2012 оны 02 сарын 29-ний өдрийн байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр гарсан тогтоолууд юм.

 

Нэхэмжлэгч нарын хүчингүй болгохыг хүссэн маргаан бүхий акт болох А/84 тоот захирамж нь 2013 оны 04 сарын 17-ны өдөр гарсан байна. Иймд цаг хугацааны хувьд сүүлд гарсан захиргааны актыг үндэслэлийг Улсын дээд шүүх урьдчилан шийдвэрлэсэн байсан гэж үзэх боломжгүй.

 

ХӨАЗД-ын 2013 оны А/84 тоот захирамж нь шинээр гаргасан захиргааны акт байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргалгүй харин шийдвэр гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

5.  ХӨАЗД-ын 2013 оны А/84 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын талаар: ХӨАЗД  тухайн захирамжийг гаргахдаа Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 249 дүгээр тогтоол, 2012 оны 107 дугаар тогтоол болон Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 35 дугаар зүйлийн 35.1.6, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал зэргийг үндэслэн гаргажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 249 дүгээр тогтоолд ЦУТ  ХХК-д 3871 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг ХӨАЗД д даалгасугай гэж тодорхой заасан байна. Түүнчлэн гуравдагч этгээдээс Улсын Дээд шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дүгээр тогтоолыг хэрэгжүүлж, ЦУТ  ХХК-д 3871 м.кв газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг аймгийн Засаг даргад үүрэг болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байсныг Улсын Дээд шүүхийн 2012 оны 107 дугаар тогтоолоор ... уг газрыг тухайн компанид үргэлжлүүлэн эзэмшүүлж шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгасан Улсын Дээд шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байна гэж дүгнээд 2012 оны 107 дугаар тогтоолоороо нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байжээ.

Улсын дээд шүүхээс 3871 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр байхад үндэслэлгүйгээр илүү хэмжээгээр газар эзэмшүүлсэн болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нараас Од ХЭАА-н эзэмшиж байсан 2500 м2 бүхий газрыг ХӨАЗД-ын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 дүгээр захирамжаар ЦУТ  ХХК-д шилжүүлсэн нь буруу, Од ХЭАА нь ЦУТ  ХХК болж, хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөн, татан буугдсан болох нь тогтоогдохгүй байгаа, Од ХЭАА-аас ЦУТ  ХХК-д газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу шилжүүлээгүй нь хууль зөрчсөн гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1/1037 дугаартай албан бичгээр ирүүлсэн ЦУТ  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргийн материалаас дүгнэвэл ЦУТ  ХХК-ийн захирал Н.Д нь Од ХЭАА-г ЦУТ  ХХК болгон улсын бүртгэлд бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг 2001 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гаргаж байсан ба энэхүү хүсэлтийн дагуу Од ХЭАА-г татан буулгаж, Од ХЭАА-г ЦУТ  ХХК болгон өөрчилсөн болох нь тодорхойгүй байгаа, мөн Од ХЭАА-н эзэмшиж байсан 2500 м.кв газрыг ЦУТ  ХХК-д хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн нотлох баримт тус газрын хувийн хэргийн материалд байхгүй байгаа гэж зөв дүгнэлт хийжээ.

 

Хэдийгээр гуравдагч этгээдээс Од ХЭАА нь ЦУТ  ХХК болсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. ЦУТ  ХХК-г байгуулсны дараа тус компанийн захирал хүсэлт гаргах бус харин Од ХЭАА нь өөрийн зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх тухай хүсэлтээ гаргах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх талаар Од ХЭАА хүсэлт гаргах ёстой байхад ЦУТ  ХХК-ийг үүсгэн байгуулсны дараа тус компанийн захирал хүсэлт гаргаснаар Од ХЭАА ЦУТ  ХХК болж өөрчлөгдөх боломжгүй юм.

Түүнчлэн ЦУТ  ХХК-ийн дүрмээс үзэхэд энэ нь зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилж байгаа бус харин шинээр үүсгэн байгуулж буй компанийн дүрэм гэж ойлгогдож байна. Мөн Од ХЭАА нь өөрийн зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх тухай ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэгчийн Од ХЭАА-н хөрөнгө сүүлийн бүртгэлээр 20 сая төгрөг байсан байтал ЦУТ  ХХК-ийн эхлэлтийн тайлан 35 мянган төгрөг байдаг. Энэ бүхэн нь ... ЦУТ  ХХК нь Од ХЭАА-н өөрчлөгдсөн хэлбэр биш харин шинээр үүссэн компани гэдгийг харуулж байна гэсэн тайлбарыг үгүйсгэх ямар нэгэн нотлох баримт байхгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Од ХЭАА-гаас ЦУТ  ХХК-д газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлсэн гэх ямар нэгэн захирамж, баримт үгүй байна.

 

Иймд Од ХЭАА-н эзэмшиж байсан гэх 2500 м.кв газрын тухайд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-т заасан үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болжээ гэж дүгнээд уг газрын тухайд эрх бүхий Засаг дарга Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгах боломжтой байх тул аймгийн Засаг дарга тухайн тогтоолын дагуу 3871 м.кв газрыг эзэмшүүлэх агуулга бүхий захирамж гаргах ёстой байжээ гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иймд ХӨАЗД-ын 2013 оны А/84 дүгээр захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

6.  Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх гуравдагч этгээдийн тайлбарын талаар: ХӨАЗД-аас 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 дүгээр захирамжийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн, мэдэгдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүйн дээр нэхэмжлэгч нар нь уг захирамжтай холбогдуулан аймгийн Засаг даргад гомдлоо гаргаж, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/744 дугаартай албан бичгээр өгсөн хариуг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор буюу 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

7.  Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул гуравдагч этгээд эрсдэлээ өөрөө хүлээх ёстой. Тэрээр Од ХЭАА нь өөрчлөгдөн зохион байгуулагдаж, ЦУТ  ХХК болсон гэх боловч тэр байдал нь нотлогдохгүй, харин ч ЦУТ  ХХК нь шинээр үүсгэн байгуулагдсан компани гэж үзэхээр байгаа, мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн, Ж.А өөрийгөө компанийн гүйцэтгэх удирдлага мөн, ЦУТ  ХХК-ийн 50 хувийг өөрийгөө эзэмшдэг гэж ойлгодог хэмээн тайлбарладаг боловч энэ бүх байдлууд нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

8.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дах хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна. гэж заажээ. Од ХЭАА нь одоогийн ЦУТ  ХХК юм гэсэн дүгнэлтийг хийхэд шаардлагатай нотлох баримт үгүй, түүнчлэн Од ХЭАА-г ЦУТ  ХХК мөн юм гэж нотлох баримтыг үндэслэж /түүнийг дурьдаж, иш татаж, үнэлж/ гарсан шийдвэр үгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1.  Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ХӨАЗД-ын 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 дүгээр захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Од ХЭАА-н 2001 он хүртэл эзэмшиж байсан 2500 м.кв газрыг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг даалгаж, газар эзэмшигчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР