Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/00085

 

М.Чинзоригийн нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00998 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн1368 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: М.Чинзориг

Хариуцагч: Э.Цогтгэрэл

Хариуцагч: Ц.Дэлгэрмөрөн

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 49.200.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах

 

Хариуцагч Э.Цогтгэрэлийн сөрөг нэхэмжлэл: Зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч Э.Цогтгэрэлийн төлөөлөгч Д.Нурболотын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Учрал, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Чинзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Э.Цогтгэрэлтэй 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу М.Чинзориг 30.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлэх, хүү эхний сард 5 хувь буюу 1.500.000 төгрөг, дараагийн сар 9 хувь буюу 2.700.000 төгрөг хүүтэй төлөхөөр тохирсон. Үүнээс хойш үндсэн төлбөр болон хүүг хариуцагч нар огт төлөөгүй. Э.Цогтгэрэл өөрийн өмч болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 816/3 тоот хаягт байрлалтай 110.9 м.кв хувийн орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанаас хойш алданги тооцоход алдангийн хэмжээ 15.000.000 төгрөг болсон. Үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн 2 сарын хүү нийт 4.200.000 төгрөг, нийт 49.200.000 төгрөг хариуцагч Э.Цогтгэрэл, Ц.Дэлгэрмөрөн нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Цогтгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Цогтгэрэл иргэн М.Чинзоригтой 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсантай маргахгүй. Маргаж байгаа зүйл бол зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээ бодитой хэрэгжээгүй. Зээлийн гэрээний 2.2-т заасны дагуу 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийг дансаар шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгөө өгөөгүй. Э.Цогтгэрэлд бодитоор мөнгө шилжүүлсэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа Хариуцагч Э.Цогтгэрэл болон Ц.Дэлгэрмөрөн нар миний бие Чинзоригоос 30.000.000 төгрөг зээлж авсан. Ц.Дэлгэрмөрөн, Л.Цэнд-Аюуш нар Угтаал Констракшн ХХК Ruby ломбардаас хугацаа хэтэрсэн хаагаагүй дөрвөн зээлтэй, хоорондоо харилцан тохиролцож уяан хатан байдлаар 10.000.000 төгрөгөөр хааж төлсөн болно гэсэн. Тэгэхээр энэ мөнгийг Э.Цогтгэрэлд өгсөн гэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Э.Цогтгэрэл нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны дансны хуулга гаргаж өгсөн. Энэ дансны хуулгаар Э.Цогтгэрэлд нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Дэлгэрмөрөн шүүхэд гаргасан тайлбартаа: М.Чинзориг Ц.Дэлгэрмөрөн надтай зээлийн гэрээг амаар байгуулсны үндсэн дээр 30,000,000 төгрөг олгохоор болсон ба ингэхдээ М.Чинзориг өөрийнх нь барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардтай байгуулсан 4 удаагийн зээлийн гэрээний үндсэн төлбөр 8,300,000 төгрөг хүүгийн хамт төлөх төлбөр болох 9,130,200 төгрөгийг 10,000,000 төгрөгөөр тооцон надад олгох 30,000,000 төгрөгийн зээлээс хасаж тооцон 20,000,000 төгрөгийг олгосон амаар тохиролцож авсан 30,000,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй харин хүү 4,200,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг нийт 19,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ

 

Хариуцагч Э.Цогтгэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  М.Чинзоригтой 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээ бодитоор хэрэгжээгүй. Зээлийн гэрээгээр М.Чинзориг нь зээлийн гэрээний 3-т заасны дагуу мөнгөө Э.Цогтгэрэлд өгснөөр гэрээ хэрэгжих байсан боловч гэрээ хэрэгжээгүй. Сөрөг нэхэмжлэл нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагатай. Хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслээд зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Чинзориг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: М.Чинзориг, Э.Цогтгэрэл нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч тамга дарж нотариат баталгаажуулсан. Гэрээг хуулийн дагуу байгуулсан. Гэрээнд үндсэн зээл, хүү, алданги тодорхой тусгасан бөгөөд журмын дагуу нотариатч энэ хоёр хүний гэрээг баталсан. Хариуцагч Э.Цогтгэрэл гэрээтэй холбоотой маргахгүй, харин түүний охин Ц.Дэлгэрмөрөн мөнгийг төлнө гэж удаа дараа шүүх хуралдаанд тайлбар гаргаж байсан. Иймд М.Чинзориг, Э.Цогтгэрэл нарын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ ямар нэгэн хууль зөрчөөгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00998 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Цогтгэрэл, Ц.Дэлгэрмөрөн нараас зээлийн гэрээний үүрэгт 49.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид М.Чинзоригтод олгож, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт зааснаар М.Чинзориг, Э.Цогтгэрэл нарын хооронд байгуулсан 2018.02.12-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай Э.Цогтгэрэлийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Цогтгэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол /17130/ 0 гудамж, 816/3 тоот хаяг байрлалтай 110.09 м.кв хувийн орон сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн /403.950+70.220/-474.150 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 307.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цогтгэрэл, Ц.Дэлгэрмөрөн нараас 474.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн1368 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00998 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Цогтгэрэлээс төлсөн 403.950 төгрөг, хариуцагч Ц.Дэлгэрмөрөнгөөс төлсөн 253.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Э.Цогтгэрэлийн төлөөлөгч Д.Нурболот хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дүгээр сарын 24-ны өдрийн 1368 дугаартай шүүхийн магадлал хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хариуцагч Э.Цогтгэрэл нь эс зөвшөөрч тус шүүхэд гомдлын үндэслэлийг ийнхүү гаргаж байна.

Нэхэмжлэгч М.Чинзориг болон хариуцагч Э.Цогтгэрэл нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийг дансаар хариуцагчид шилжүүлэхээр тохиролцсон боловч мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй бөгөөд зээл олгох үүргээ зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талыг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө гэх хүсэлтийн дагуу хэрэг хянан хэлэлцэгдсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул шүүхийн санаачлагаар хурал хойшлогдсон. Үүнээс хойш нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал нь хариуцагч Э.Цогтгэрэлд зээлийн гэрээний үүрэгт дансаар 5,000,000 төгрөг өгсөн, бэлнээр 25,000,000 төгрөгийг өгсөн гэж тайлбарладаг боловч хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаанд зээл олгосныг нотолж чадаагүй. Шүүх нэхэмжлэгчийн зөрүүтэй тайлбаруудыг хянаж үзээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй байхад 1368 дугаартай магадлалын 7 дугаар хэсэгт Шүүх хариуцагч Э.Цогтгэрэл гэрээнд заасан 30,000,000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбар гарган маргасан боловч түүний охин буюу Ц.Дэлгэрмөрөн тухайн гэрээний зүйлийг хүлээн авсан талаар маргаагүй гэжээ. Хариуцагч Ц.Дэлгэрмөрөнгийн авсан мөнгө нэхэмжлэгч М.Чинзориг болон хариуцагч Э.Цогтгэрэл нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөр гэдгийг хэрхэн, ямар нотлох баримтыг үндэслэж хамаатуулан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ Ц.Дэлгэрмөрөнгийн хариу тайлбарыг тусгахдаа Амаар тохиролцож авсан гэдгийг тусгаагүй Хариуцагч Ц.Дэлгэрмөрөн нэхэмжлэгч М.Чинзориг нар хамтран ажилладаг ба хоорондоо удаа дараа мөнгө зээлдүүлж, зээлж байсан гэдэг нь үйл баримт тэдгээрийн тайлбар, камерын бичлэгээр нотлогдсон байхад Э.Цогттэрэлийн охин гэдгээр хамаатуулж хэргийг шийдвэрлэсэн түүний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Шүүх Хариуцагч Э.Цогтгэрэл зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг өөрт нь шилжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардаж байсан гэх байдал тогтоогдоогүйгээс гадна хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл тэрээр шүүхэд удаа дараа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар тайлбар гаргасан байна гэжээ. Энэхүү баримтаар 20,000,000 төгрөг авсан гэдгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хариуцагч Э.Цогтгэрэлийг 30,000,000 төгрөг авсан гэх үндэслэл болохгүй бөгөөд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг хэрхэн авсныг, ямар нотлох баримтыг үндэслэж 49,200,000 төгрөгийг гаргуулахаар хэргийг шийдвэрлэсэн ойлгомжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж заасантай нийцэхгүй байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 1368 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

М.Чинзориг нь Э.Цогтгэрэл, Ц.Дэлгэрмөрөн нарт холбогдуулан зээлийн төлбөрт 49.200.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Ц.Дэлгэрмөрөн нэхэмжлэлээс 30.000.000 төгрөгийг зөвшөөрсөн, хариуцагч Э.Цогтгэрэл зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, маргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гомдлоор хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

        Хариуцагч Э.Цогтгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...мөнгийг дансаар шилжүүлээгүй, ...нэхэмжлэгчийн зөрүүтэй тайлбарыг хянаж үзээгүй, Ц.Дэлгэрмөрөнгийн амаар тохиролцсон гэсэн тайлбарыг шийдвэрт тусгаагүй... гэсэн агуулга дурджээ.

 

        Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

       Э.Цогтгэрэл нь М.Чинзоригтой 2018 оны 2 дугаар сарын 12-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 30.000.000 төгрөгийг 2 сарын хугацаагаар эхний сард 5 хувийн, дараагийн сард 9 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол 816/3 тоот хаяг байрлалтай 110.09 м.кв хувийн орон сууцыг барьцаалжээ /хэргийн 5-8 дугаар тал/.

 

Зохигчид хүү, алданги тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, өөрөөр хэлбэл зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэгч зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж, шаардлагаа зээл 30.000.000 төгрөг, хүү 4.200.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг гэж тодорхойлжээ.

 

       Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний зүйл болох 30.000.000 төгрөгөөс өмнөх зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг төлж, үлдэх 20.000.000 төгрөгийг хүлээн авснаа хариуцагч Ц.Дэлгэрмөрөн хүлээн зөвшөөрсөн, мөн хариуцагч Э.Цогтгэрэл дээрх зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөг авсан гэсэн тайлбарыг удаа дараа гаргаж байжээ /хэргийн 16,17, 38 дугаар тал/.

 

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч гэрээнд заасан 30.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, харин хариуцагч нар уг мөнгийг буцаан өгснөө нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

       Түүнчлэн нэхэмжлэгч гэрээний дагуу хүү, алданги шаардсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6зөрчөөгүй байна.

 

Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр, энэ тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Э.Цогтгэрэл, Ц.Дэлгэрмөрөн нараас 49.200.000 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээнэ.

 

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах, хүчингүй болгох боломжгүй болно.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00998 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1368 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Э.Цогтгэрэлийн төлөөлөгч Д.Нурболотын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 403.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ