Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

 

 

    2022            05           11                                      2022/ШЦТ/362                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт З-ын А-д холбогдох эрүүгийн 21100 0479 1237 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Д.Отгонбат нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хэсгийн ахлах байцаагч ажилтай, ам бүл 7, өвөө, эмээ, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Д овогт З-ын А /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.А нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Хан-Уул дүүргийн 15-р хороо, АПУ 50-25 тоот айлд хэрэлдэж зодолдоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад Р.Б-д “гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчлийн асуудал гаргасан учраас 7-30 хоног баривчилдаг” хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны байранд байрлах өөрийн албаны байранд бэлнээр 300.000 төгрөг авч залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч З.А-өөс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би цагдаагийн байгууллагад 10 жил ажиллаж байна. Багаасаа хүсэж эрмэлзэж байсан ажилдаа хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. Ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж, өөрийгөө буруутгаж байна, сэтгэл зүйн дарамтад орж байна. Ард түмний төлөө ажиллаж байгаад ийм хэрэгт холбогдлоо. Өнөөдөр хэргийн үнэн мөнийг олох байх. Б надад 300.000 төгрөг өгсөн, М надад 300.000 төгрөг өгсөн гэж байна. Би мөнгө огт аваагүй. Бийн хувийн байдлыг харвал байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архидан согтуурдаг, танхайрдаг, агсам тавьдаг, ойр орчим амьдарч байгаа хүмүүстээ айдас хүйдэс төрүүлдэг түүхтэй, Цагдаагийн байгууллагын санд бүртгэгдсэн хүн.

Ийм хүн цагдаагийн алба хаагч, хууль хүчний байгууллагад дуртай байх уу, энэ ,хүнд байнгын таслан сэргийлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Байнгын согтууруулах ундаа хэрэглэдэг хүн цаашид өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдалд халдана. Энэ хүн намайг 300.000 төгрөг авсан гэж байна. Ямар учраас Алтантөр гэж байгааг ойлгохгүй байна. Би чин шударгаар ажиллаж, хоёргүй сэтгэлээр явж ирсэн. Би хөдөө суманд ажиллаж байсан. Хотод ирээд хорооны цагдаа дээр ажиллаж байна. Иргэдтэй хамгийн ойр галын шугам дээр ажиллаж байсан. Хэзээ ч хүн, цагдаа, эмнэлэг, шүүхэд баяр хөөртэй, баярлалаа гэж орж ирдэггүй. Зодуулчихлаа, хүчирхийлүүллээ, дээрэмдүүллээ гэж орж ирдэг.

Би 4 дүгээр сарын 21-ний өдөр 27 нас хүрсэн. Өөрийнхөө амьдралыг бодож явж байсан бол өнөөдөр гэр бүлтэй болох байсан. Би ажлын төлөө, төрийн төлөө, улс орны төлөө ажиллаж гэр бүлтэй болоогүй. Хүмүүс тайван амгалан байг гэж хүсэж одоог хүртэл явсан. Авлигатай тэмцэх газраас намайг 5 сараас эхлэн дуудаж шалгасан. Золжаргал комиссар надаас гэрчээр мэдүүлэг авсан. 2021 оны 10 дугаар сард яллагдагчаар мэдүүлэг авахдаа надтай нэг ширээнд сууж байсан оюутан ахуйн найзад “найздаа хууль тайлбарлаж өг” гэж хэлсэн. Би хууль зүйн ухааны магистр. Надтай ийм байдлаар харьцаж байхад хувь хүнтэй яаж харьцах вэ. Хувь хүний нууц гэдэг зүйл байхгүй болсон байна. Ажил дээр хүртэл намайг залилан хийгээд явдаг гэж ярьдаг. Манай ангийн залуу намайг хараад гайхсан. Миний сэтгэл зүй маш хэцүү байна. Би Бөөс мөнгө аваагүй. Залуу хүн цаашид хийж бүтээх, гэмт хэрэгтэй тэмцье, бүтээе гэсэн бодолтой байгаа. 2020 оны 5 сарын дундуур 102 дугаарт “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байранд “иргэн ар гэртээ бага насны хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэж байна” гэсэн дуудлага ирсэн. Өмнөх өдөр нь Бийг эрүүлжүүлэх байранд хонуулсан байсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлж эрүүлжүүлдэг. Тухайн үед Бтэй уулзахад урьд өмнө цагдаагийн байгууллагад бүртгэлтэй байсан. Гэр бүлийн хүчирхийллээр, танхайрсан гэж 2014 оноос хойш бүртгэлтэй байсан. Би биечлэн уулзаж ямар зөрчил гаргасан бэ, юу болохгүй байна вэ гэж асуусан. Зөрчил гаргасан хүнд шууд ийм арга хэмжээ авна гэж хэлэхгүй. Эхлээд ямар учраас согтууруулах ундаа хэрэглэдэг вэ, удаа дараа ийм зүйл гаргаж байна вэ гэж асуусан. Бийн гаргасан зөрчил нь бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурсан зөрчил байдаг. Б 2 охинтой, эхнэр нь 50 орчим насны хүн байдаг. Согтууруулах ундаа хэрэглэдэг хүнтэй хамт байдаг, зодуулдаг хүн өөрөө өдөж байгаад зодуулдаг болчихдог. Сэтгэл зүйд нь тэгж нөлөөлдөг. Эхнэр нь “гомдол санал байхгүй” гэж хэлсэн. Дуудлага өгсөн хүн нь Бийн 12 дугаар ангийн охин байсан. Би Бд “та ингэж болохгүй, ийм арга хэмжээ авагдана” гэж хэлсэн. Түүнээс мөнгө мөнгө төгрөг авсан асуудал байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 0479 1237 дугаартай хэргээс:

 

1. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгсийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас (хэргийн 1-р хавтас 19-29 дэх тал),  

 

2. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай материал (хэргийн 1-р хавтас 110-121 дэх тал),

 

3. Цагдаагийн Ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5б/3563 дугаартай албан бичиг, хавсаргах нотлох баримтууд (хэргийн 1-р хавтас 193-214 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын сүүлээр гэртээ бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа өөрийн хамаатан охинд хэдэн юм хэлсэн. Гэтэл цагдаад дуудлага өгч, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтсээс цагдаа нар ирж, намайг эрүүлжүүлэх байр луу авч явж эрүүлжүүлсэн. Маргааш өглөө нь 18-р хорооны цагдаагийн хэсгийн байранд хүргэгдэж очсон.

Би одоо цагдаагийн хэсгийн алба хаагчийн нэрийг санахгүй байна, надад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил гаргасан учраас 7-30 хоног баривчилдаг гэхээр нь би “би баривчилгаанд явж чадахгүй” гэхэд “тэгвэл таныг 300.000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Тэгээд би ээжтэйгээ утсаар ярихад манай хамаатан Чанцалдуламын нөхөр М ирсэн юм. Тэгэхэд цагдаагийн алба хаагч нь торгож байгаа талаар хэлэхэд манай хүргэн дүү М 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш цагдаагийн газраас намайг дуудаагүй.

Би цагдаагийн газраас гараад хүргэн Мд 300.000 төгрөгийг нь өгсөн. Сүүлд 2020 оны 12 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх асуудлын талаар асууж тайлбар авсан. Цагдаагийн алба хаагч надад “Зөрчлийн хуулиар торгоно” гээд 300.000 төгрөг авсан, харин хэрхэн шийдвэрлэсэн талаар хэлээгүй, баримт өгөөгүй. Тухайн үед надаас мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан. Би гомдолтой байна. Цагдаагийн алба хаагч торгуулийн хуудас өгөөгүй учир мөнгөө нэхэмжилж байна. ...Манай дүү цагдаагийн алба хаагч мөнгө авсныг гэрчилнэ. Бид хамт байсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 124-125, 3-р хавтас 01 дэх тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.М-ийн гэрчээр өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим би эхнэр Чанцалдуламын хамт гадуур явж байхад эмээ утсаар яриад “ах нь цагдаагийн хэлтэс дээр байна гэнэ ээ, очоод юу болсныг тодруулаад мэд” гэхээр нь бид хоёр Б ахын байгаа газрын хүнийх нь утас руу залгахад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Оргил сургуулийн хажуу талд байрлах хорооны цагдаагийн хэсэг дээр байна” гэж хэлсэн. Ингээд бид хоёр очиход Б ах сууж байсан ба юу болсон талаар тодруулахад “гэртээ байж байхад цагдаа нар ирж авсан, хажуу айл дуудлага өгсөн юм байна” гэж хэлсэн.

Уг цагдаагийн хэлтсийн Алтан гэх нэртэй, бүтэн нэрийг нь санахгүй байна, цагдаагийн алба хаагч манай ахын гаргасан зөрчлийн талаар хэлээд “300.000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Би “картаар шилжүүлж болох уу” гэхэд “бэлнээр авна” гэсэн учир би Зайсан стар худалдааны төвийн 1 давхарт байрлах АТМ-ээс 300.000 төгрөгийг бэлнээр авч, уг цагдаагийн алба хаагчид бэлнээр өгөөд бид гурав явсан.

Цагдаагийн алба хаагчийн зүгээс ямар нэгэн баримт өгөөгүй. Сүүлд 2020 оны 12 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх асуудлын талаар асууж, тайлбар авсан бөгөөд би картын хуулгаа гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 128 дахь тал),

 

6. Хэрэгт гэрчээр асуугдсан Л.М-ийн Хаан банк дахь депозит дансны хуулга баримт (хэргийн 3 дугаар хавтас 10-11 дэх тал),  

 

7. Цагдаагийн Ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5б/3563 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан З.А-д Цагдаагийн дэслэгч цол олгосон тухай ЦЕГ-ын даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/298 дугаартай тушаал, мөн түүнийг ажлаас чөлөөлж, томилсон ЦЕГ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/181 дугаартай тушаал, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/196 дугаартай тушаал, албан тушаалын тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, боловсролын гэрчилгэ зэрэг баримтууд (хэргийн 1-р хавтас 192-214 дэх тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З.А-ийн гэрчээр өгсөн:

“...Би Цагдаагийн байгууллагад 6 дахь жилдээ ажиллаж байна. 2016-2018 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр, 2018-2021 оны 02 дугаар сар хүртэл Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо хариуцсан хэсгийн байцаагчаар тус тус ажиллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүл хамгаалалт хариуцсан байцаагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Миний ажил үүргийн хуваарь бол өөрийн хариуцсан хорооны нутаг дэвсгэрт олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчил шалган шийдвэрлэх, мэдээ тайлан, судалгаа гаргах, хяналт тавих, хариуцсан нутаг дэвсгэрт дүн шинжилгээ хийх, эргүүл шалгах хийх чиг үүрэгтэй ажилладаг.

Би Л.М, Р.Б гэх хүмүүсийг огт танихгүй. Одоо хугацааг нь санахгүй байна. Р.Б-тэй холбоотой зөрчлийн хэрэг материалыг шалгаж шийдвэрлэж байсан. Эдгээр хүмүүсээс бэлнээр 300.000 төгрөг авсан зүйл байхгүй. Р.Б-ийн хувьд эрүүлжүүлэгдсэн байсан. Намайг хүлээн авч шалгахад Р.Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Торгуулийн арга хэмжээ огт аваагүй.” гэсэн мэдүүлэг,

 

- мөн түүний яллагдагчаар өгсөн: “...Би Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.Б-тэй ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Тухайн иргэний гаргасан зөрчил нь зөрчлийн шинжгүй байсан учир татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд торгох үндэслэл байхгүй. Би Р.Б-ийг танихгүй, ажил хэргийн шугамаар нэг удаа уулзсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 130, 245 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 162 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас 187 дахь тал), суурь боловсролын гэрчилгээний хуулбар баримт (хэргийн 1-р хавтас 206-208 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.А-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч З.А нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Хан-Уул дүүргийн 15-р хороо, АПУ 50-25 тоот айлд байнга архидаад, хэрэлдэж зодолдоод байна” гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч шалгаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн шинжгүй хэмээн татгалзаж шийдвэрлэсэн атлаа, зөрчил гаргасан гэх Р.Б-ийн эрх зүйн мэдлэг дулимаг байдлыг далимдуулан  “бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурч гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил гаргасан учраас 300.000 төгрөгөөр торгоно” гэсэн ойлголт төрүүлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч, өөрийн албан ажлын өрөөнд 300.000 төгрөгийг торгууль нэрээр бэлнээр авч, ашигласан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа И.Баттөгсийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн илтгэх хуудас (хэргийн 1-р хавтас 19-21, 29 дэх тал), 

- Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай материал (хэргийн 1-р хавтас 110-121 дэх тал),

- Цагдаагийн Ерөнхий газрын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5б/3563 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан З.Ад Цагдаагийн дэслэгч цол олгосон тухай ЦЕГ-ын даргын 2016 оны 06 сарын 08-ны өдрийн Б/298 дугаартай тушаал, мөн түүнийг ажлаас чөлөөлж, томилсон ЦЕГ-ын даргын 2018 оны 03 сарын 20-ны өдрийн Б/181 дугаартай тушаал, 2021 оны 02 сарын 22-ны өдрийн Б/196 дугаартай тушаал, албан тушаалын тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, боловсролын гэрчилгэ зэрэг баримтууд (хэргийн 1-р хавтас 192-214 дэх тал),

- хохирогч Р.Б-ийн: “...2020 оны 5 дугаар сарын сүүлээр гэртээ бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа өөрийн хамаатан охинд хэдэн юм хэлсэн. Гэтэл цагдаад дуудлага өгч, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хэлтсээс цагдаа нар ирж, намайг эрүүлжүүлэх байр луу авч явж эрүүлжүүлсэн. Маргааш өглөө нь 18-р хорооны цагдаагийн хэсгийн байранд хүргэгдэж очсон. Би одоо цагдаагийн хэсгийн алба хаагчийн нэрийг санахгүй байна, надад гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил гаргасан учраас 7-30 хоног баривчилдаг гэхээр нь би “би баривчилгаанд явж чадахгүй” гэхэд “тэгвэл таныг 300.000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн.

Тэгээд би ээжтэйгээ утсаар ярихад манай хамаатны дүү Чанцалдуламын нөхөр М ирсэн юм. Тэгэхэд цагдаагийн алба хаагч нь торгож байгаа талаар хэлэхэд манай хүргэн дүү М 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш Цагдаагийн газраас намайг дуудаагүй. Би Цагдаагийн газраас гараад хүргэн дүү Мд 300.000 төгрөгийг нь өгсөн.

Сүүлд 2020 оны 12 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх асуудлын талаар асууж тайлбар авсан. Цагдаагийн алба хаагч надад Зөрчлийн хуулиар торгоно гээд 300.000 төгрөг авсан, харин хэрхэн шийдвэрлэсэн талаар хэлээгүй, баримт өгөөгүй. Тухайн үед надаас мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан. Би гомдолтой байна. Цагдаагийн алба хаагч торгуулийн хуудас өгөөгүй учир мөнгөө нэхэмжилж байна. ...Манай дүү цагдаагийн алба хаагч мөнгө авсныг гэрчилнэ. Бид хамт байсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 124-125, 3-р хавтас 01 дэх тал),

- гэрч Л.М-ийн: “...2020 оны 5 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим би эхнэр Чанцалдуламын хамт гадуур явж байхад эмээ утсаар яриад “ах нь цагдаагийн хэлтэс дээр байна гэнэ ээ, очоод юу болсныг тодруулаад мэд” гэхээр нь бид хоёр Б ахын байгаа газрын хүнийх нь утас руу залгахад “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Оргил сургуулийн хажуу талд байрлах хорооны цагдаагийн хэсэг дээр байна” гэж хэлсэн.

Ингээд бид хоёр очиход Б ах сууж байсан ба юу болсон талаар тодруулахад “гэртээ байж байхад цагдаа нар ирж авсан, хажуу айл дуудлага өгсөн юм байна” гэж хэлсэн.

Уг цагдаагийн хэлтсийн Алтан гэх нэртэй, бүтэн нэрийг нь санахгүй байна, цагдаагийн алба хаагч манай ахын гаргасан зөрчлийн талаар хэлээд “300.000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Би “картаар шилжүүлж болох уу” гэхэд “бэлнээр авна” гэсэн учир би Зайсан стар худалдааны төвийн 1 давхарт байрлах АТМ-ээс 300.000 төгрөгийг бэлнээр авч, уг цагдаагийн алба хаагчид бэлнээр өгөөд бид гурав явсан.

Цагдаагийн алба хаагчийн зүгээс ямар нэгэн баримт өгөөгүй. Сүүлд 2020 оны 12 дугаар сард Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх асуудлын талаар асууж, тайлбар авсан бөгөөд би картынхаа хуулгыг гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 128 дахь тал),

- гэрч Д.Мөнх-Эрдэнийн Хаан банк дахь депозит дансны хуулга баримт (хэргийн 3 дугаар хавтас 10-11 дүгээр тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

“Залилах” гэм хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар тодорхойлсон ба уг гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн нь залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан.

 

Өөрөөр хэлбэл, бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шунахай сэдэлтээр, шууд санаатайгаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах хууль бус үйлдлээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрхэлж буй албан тушаал, албаны чиг үүрэг, албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг бусдыг хуурч, төөрөгдүүлэх арга болгон ашиглаж  эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нь захиран зарцуулах эрхийг хууль бусаар өөрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдол нь залилах гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн гэж үзэх үндэслэл болох юм.

 

Хэргийн шүүгдэгч З.А нь гэмт хэрэг гарсан 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагчаар, цагдаагийн ахлах дэслэгч цолтой үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан нь түнийг тухайн албан тушаалд томилсон ЦЕГ-ын даргын 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/181 дугаартай тушаал, албан тушаалын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон ба тэрээр Цагдаагийн албаны тухай хуульд заасан тусгай чиг үүрэг бүхий төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтны хувьд Зөрчлийн тухайн хуулийн Тавдугаар бүлэгт тухайлан заасан нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч эрх бүхий албан тушаалтан юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.А нь “хохирогч Р.Б-өөс торгуулийн мөнгө гэж 300.000 төгрөг аваагүй, хохирогч, гэрч нар нь үндэслэлгүй худал мэдүүлэг өгсөн байна” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “өөрийн үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгагдаж тогтоогдоогүй, гэмт үйлдлийн санаа зорилго, гэм буруугийн хэлбэр болон шалтгаант холбоог эргэлзээгүй тогтоож чадаагүй, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх н.Чанцалдуламыг хэрэгт гэрчээр асуугаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн хохирогчийг зөв тогтоосон эсэх, нөгөө талаар З.Аийн холбогдсон хэрэгт өрсөлдөх хэм хэмжээг хэрэглэх /Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйл/ боломжтой эсэх асуудалд прокуророос хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн зэрэг зөрчилтэй байдлууд байгаа тул хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай үндэслэлээр прокурорт буцааж өгнө үү” гэх санал дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцсэнийг шүүх хүлээн авч хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.  

 

Хэргийн хохирогч Р.Б-, гэрч Л.М нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, хохирогч Р.Б- (хэргийн 2-р хавтас 124-125, 3-р хавтас 01 дэх тал) болон гэрч Л.Мөнхтөр (хэргийн 2-р хавтас 128 дахь тал) нарын мөрдөн шалгах ажиллагааны ажиллагааны явцад “...зөрчил шалган шийдвэрлэсэн эрх бүхий цагдаагийн албан тушаалтанд торгуулийн мөнгө гэж 300.000 төгрөг өгсөн” талаар тогтвортой өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байхаас гадна тэдгээр нь өр авлага, өс хонзон зэрэг хувийн сэдэлттэй таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх сэжиг бүхий үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч З.А нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Хан-Уул дүүргийн 15-р хороо, АПУ 50-25 тоот айлд байнга архидаад, хэрэлдэж зодолдоод байна” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авч, Р.Б-ийг эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлэн, түүнээс 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэг авч, улмаар 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн шинжгүй хэмээн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа, зөрчил гаргасан гэх Р.Б-ийн эрх зүйн мэдлэг дулимаг байдлыг далимдуулан “бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурч гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй зөрчил гаргасан учраас 300.000 төгрөгөөр торгоно” гэсэн ойлголт төрүүлэн, өөрийн албан ажлын өрөөнд 300.000 төгрөгийг торгууль нэрээр бэлнээр авсан, уг гэмт үйлдэл нь Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс явуулсан шалгалтаар илэрсэн болох нь тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь “албан тушаалын байдлаа ашиглан, хуурч, ...бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон хэдий ч “Залилах” гэмт хэргийн “...зохиомол байдлыг зориуд бий болгосон...” гэх шинж нь үгүйсгэгдсэн, нотлогдоогүй тул шүүх зөвтгөн шийдвэрлэсэн ба энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх, шүүгдэгч З.Аийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б-ийн эд хөрөнгөд 300.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлсөн болох нь Мөнгөн шилжүүлгийн мэдүүлэг (хэргийн 57 дахь тал) баримтаар нотлогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.       

 

Шүүгдэгч З.А нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 1-р хавтас 187 дахь тал) тогтоогдсон ба энэ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох юм.

 

Шүүгдэгч үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан З.Ад 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг гурван жилээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт З.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                      

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Д овогт З-ын А-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар З.А-ийг 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд З.А нь 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хохирогч Р.Б-д нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.  

 

5. Энэ хэрэгт З.А нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан З.А-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.БАЗАРХАНД