| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2010/00593/И |
| Дугаар | 757 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 757
| 2018 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 101/ШШ2018/00757 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............. тоотод оршин суух, Н.Оын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............... тоотод оршин суух, П.Э холбогдох
100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Мягмарнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фасебүүкийн үнэгүй зар мэдээгээр Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 104.5 радиогийн баруун талд тус хорооны 1 дүгээр гудамж, 12 тоот хашаан дахь нийтийн байранд өрөө хөлслүүлнэ гэсэн зарыг уншсан. Ингээд тухайн байранд очиход хөлслүүлэх өрөөнд нь айл байсан бөгөөд өнөөдөр гарна гэсэн. Би 18 цаг өнгөрөөгөөд ирье гэж хэлээд явсан ба намайг урьдчилгаа төлбөрт 100.000 төгрөг өг гэсэн.
Би тэр өдрөө П.Эгийн ......... тоот данс руу нь урьдчилгаа 100.000 төгрөгөө шилжүүлсэн.Орой 19 цагийн үед ирэхэд нөгөө айл нь гараагүй байсан ба шөнө нүүсэн. Нүүснийх нь дараа би зарим эд зүйлээ зөөн авчирч тэндээ хоносон. Уг өрөө нь их хүйтэн байсан тул би өглөө 8 цаг 30 минутын орчим хөлслөхөө болилоо гэдгээ хэлж өдөр 12 цагт түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн.
П.Э миний 100.000 төгрөгийг нөгөө өрөөнд нь хүн орохоор өгнө гэж байснаа сүүлдээ өгөхгүй гэх болсон. Би тухайн өрөөнд шөнө нь ороод өглөө нь хөлслөхөө болилоо гэдгээ хэлсэн. Анх надад өрөөгөө хөлслүүлэхдээ дулаахан гэж байсан боловч маш хүйтэн байсан тул би хөлслөхөө больсон.
Иймд миний 100.000 төгрөгийг Д.Эгаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Э шүүхэд гаргасан тайлбартаа:
Н.О нь манайд өрөө хөлсөлсөн. Хүн амьдарч байсан, маш тохиолог, 30 м.кв талбайтай, наран талдаа цонхтой, дотроо ариун цэврийн өрөөтэй дулаан байрыг хүнийг нь гаргачих, би түрээслэнэ гээд хэлээд нүүн орсон. Түрээсийн төлбөр 200.000 төгрөг төлөх ёстой байсан. Надад байгаа нь 100.000 төгрөг байна, үлдсэнийг нь удахгүй өгнө гэж тохирсон. Гэвч үлдсэн төлбөрөө өгөөгүй. Харин ч бид хохирсон. Нэхэмжилж буй 100.000 төгрөгийг төлөхгүй гэж үзэж байна гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч П.Эд холбогдуулан 100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч П.Эгийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороон дахь нийтийн байрны 1 өрөөг хөлслөн суух болсон талаар талууд хэн аль нь тайлбарласан байна.
Хөлслөгч буюу нэхэмжлэгч Н.О нь хөлслүүлэгч буюу хариуцагч П.Эд 100.000 төгрөг төлсөн нь Н.Оын Хаан банк дахь депозит дансны хуулгаар тогтоогдсон ба хариуцагч П.Э дээрхи 100.000 төгрөгийг авсан талаараа маргаагүй болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.О нь хариуцагч П.Эд өрөө хөлслөх төлбөрт зориулан шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч П.Эгаас 100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.От олгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч П.Эд 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу шүүх хуралдаан болохоос 4 хоногийн өмнө мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч Н.Оын хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч П.Эгаас 100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.От олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Оын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эгаас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.От олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН