Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/46

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

Улсын яллагч Ц.Баатарсүрэн,

Шүүгдэгч Б.Тогтохдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Төмөрхуяг овгийн Батдоржийн Тогтохдоржид холбогдох 2126000000067  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, Төмөрхуяг овгийн Батдоржийн Тогтохдорж /РД:ЙД02211038/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Төмөрхуяг овгийн Батдоржийн Тогтохдорж нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Богд сум 7 дугаар багийн Арц-1 хорооллын 6 дугаар гудамжны 50 тоот хашаанд хохирогч П.Наранхүүгийн зүүн нүдний дээд хэсэгт өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      Шүүгдэгч Б.Тогтохдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна” гэв.

      Хохирогч П.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хадам ээжийн хашаанд Тогтохдорж  миний зүүн нүд рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би сумын эмнэлэгт  очиж  нүдний дээд хэсэгтээ нэг оёдол тавиулсан.Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20 хуудас/,

      Гэрч Б.Бумандолгорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед гэртээ ирээд угаалга хийх гээд байж байтал манай 3 настай хүүхэд утас нэхээд байхаар нь өөрийн эзэмшлийн Samsung S9 маркийн гар утсаа өгсөн чинь аваад аавынх руу орсон. Аавынд хүмүүс том дуугараад байхаар нь ороход Наранхүү ээжтэй хэрэлдээд байсан. Тухайн үед манай охин аавын баруун талын оронд дээр миний гар утсаар юм үзээд сууж байсан. ...П.Наранхүү мотоциклио хашаан дотроос асаагаад гараад явсан. Тэгээд ээж гэр лүүгээ орчихоод буцаж манайд орж ирээд “миний гар утас байхгүй байна, чи миний утас руу өөрийнхөө утсаар залгаад өг” гэхээр нь миний утас байхгүй, охин аваад танайд орсон гэж хэлээд ээжийн хамт аавынд ороод жи мобайлын дугаараар 96062208 дугаар луу залгасан чинь хүн авчихаад ярихгүй сонсоод байсан. ...Хажуу айлын Оюунгэрэл эгчийн дугаараас Д.Наранхүүгийн 90648885 дугаар луу нь залгасан чинь хадам ээжийнхээ гэрт байна гэж ярихаар нь дүү Тогтохдоржийн хамт Наранхүүгийн хадам ээжийнх нь хашааны үүдэнд очсон чинь Наранхүү өмнөөс гараад ирэхээр нь өмнөөс нь очоод “утсаа авъя” гэсэн чинь Наранхүү өмнөөс байхгүй гэчихээд айл руу орох гээд байхаар нь би мөрөн дээрээс нь татсан чинь хажуугаас манай дүү Тогтохдорж “чи яагаад манайхныг дээрэлхээд байгаа юм” гээд нэг удаа зүүн нүдний дээд талд өшиглөсөн. Тэгтэл хажуу айлаас Тогоо эгч гарч ирээд “наад хүнээ яагаад нүдээд байгаа юм” гэж хэлэхээр нь “энэ хүн манайхаас гар утас аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд Наранхүүг аваад дүү бид хоёр гэртээ харьсан. Тэгтэл араас Тогоо гэх эгч залгаад “манай хашаанд нэг утас байна” гэж хэлэхээр нь дүү Тогтохдоржийн хамт очиж үзтэл ээжийн Note-2 маркийн гар утас сим картгүй байхаар нь ээжид аваачиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 хуудас/,

 

   Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд хамар хашааны Уламбаяр эгч гэрт орж ирээд “гар утас алга болчихсон байна. Миний утас руу залгаад өгөөч” гэхээр нь би Уламбаяр эгчийн 96535478 дугаар луу залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд Наранхүүгийн дугаар луу залгасан чинь би ээжийнд байна гэж хэлсэн. Тэгээд Тогтохдорж, Бумандолгор хоёр яваад Наранхүүг дагуулж ирсэн. Тогтохдорж, Бумандолгор хоёр “гар утас гаргаад өг” гээд нэхээд байж байтал Тогоо гэх эмэгтэй миний утас руу залгаад манай хашаан доторх машин доогуур нэг утас шидсэн байна гэж хэлсэн. Тэгээд Тогтохдорж, Бумандолгор хоёр яваад аваад ирсэн. Уг гар утас нь Уламбаяр эгчийн гар утас байсан. Тогтохдорж Наранхүүг гэртээ авчраад цохиж зодоогүй. Нүдний дээд талаас нь бага зэрэг цус гарчихсан байсан. Яг аль нүд байсныг нь санахгүй байна. Б.Тогтохдорж нь үг дуу цөөнтэй, төлөв даруу хүүхэд байгаа юм. Бүрэн бус дунд боловсролтой, Богд сумын 2 дугаар баг Булан нуур гэх газар аав ээж болон 2 дүүгийн хамт мал маллаж амьдардаг. Бусдад тусархуу, хүний үгнээс гардаггүй хүүхэд байгаа юм. Согтууруулах ундаа хэрэглэдэггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,

  

   Гэрч Б.Тогтуундуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Б.Тогтохдорж нь миний төрсөн ах Дашдондовын Батдоржийн 2 дахь хүүхэд нь байгаа юм. Богд сумын 2 дугаар багт аав, ээж, дүү нарын хамт мал маллаж амьдардаг. Б.Тогтохдорж  нь 2017 онд 9 дүгээр анги төгссөн, бүрэн бус дунд боловсролтой, төлөв даруу үг цөөнтэй, хүнд тусархуу, архи уудаггүй, их тайван, архи дарс хэрэглэдэггүй. Би Тогтохдоржийг хүнд гар хүрч уурлаж байхыг мэдэхгүй юм байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/,

  

   Шүүгдэгч Б.Тогтохдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай ээж намайг дуудахаар нь би гэрт ортол Наранхүү надаас хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би Наранхүү ахын баруун шанаа хэсэгт нэг удаа цохьсон. Дараа нь ээж, эгч хоёрын гар утсыг авах гэж Наранхүүгийн хадам ээж Батдуламын хашаанд очиход Наранхүү утас өгөхгүй байхаар нь зүүн нүднийх нь дээд хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би түрхэн зуурын уур уцаараасаа болоод ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм үйлдэл гаргахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

 

    Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №80 дугаартай

 

1.Үзүүлэгч П.Наранхүүгийн биед зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-12 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2126000000067 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 25 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай 2126000000067 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 53 хуудас/ ,

 

Шүүгдэгч Б.Тогтохдоржийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №18 дугаартай тодорхойлолт, БГ201721474 дугаартай суурь боловсролын гэрчилгээний хуулбар,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Д.Батдоржийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2020 оны тооллогын баримт  /хх-32, 34-35, 40-41, 47 хуудас/,

 

            Хохирогч П.Наранхүүгийн шүүхэд ирүүлсэн “П.Наранхүү миний бие Б.Тогтохдоржид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч Б.Тогтохдорж нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Богд сум 7 дугаар багийн Арц-1 хорооллын 6 дугаар гудамжны 50 тоот хашаанд хохирогч П.Наранхүүг “гар утас авсан” гэх шалтгаанаар түүний зүүн нүдний дээд хэсэгт нэг удаа өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Тогтохдорж  нь хохирогч П.Наранхүүгийн эрүүл мэндэд “зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

    Хохирогч П.Наранхүүгийн “...Манай хадам ээжийн хашаанд Тогтохдорж  миний зүүн нүд рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,  

    Гэрч Б.Бумандолгорын ”...2021 оны 01 дүгээр сарын 21-ний орой 22 цагийн үед хажуу айлын Оюунгэрэл эгчийн дугаараас Д.Наранхүүгийн 90648885 дугаар луу нь залгасан чинь хадам ээжийнхээ гэрт байна гэж ярихаар нь дүү Тогтохдоржийн хамт Наранхүүгийн хадам ээжийнх нь хашааны үүдэнд очсон чинь Наранхүү өмнөөс гараад ирэхээр нь өмнөөс нь очоод “утсаа авъя” гэсэн чинь Наранхүү өмнөөс байхгүй гэчихээд айл руу орох гээд байхаар нь би мөрөн дээрээс нь татсан чинь хажуугаас манай дүү Тогтохдорж “чи яагаад манайхныг дээрэлхээд байгаа юм” гээд зүүн нүдний дээд талд өшиглөсөн. Тэгтэл хажуу айлаас Тогоо эгч гарч ирээд “наад хүнээ яагаад нүдээд байгаа юм” гэж хэлэхээр нь “энэ хүн манайхаас гар утас аваад явчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд Наранхүүг аваад дүү бид хоёр гэртээ харьсан. Тэгтэл араас Тогоо гэх эгч залгаад “манай хашаанд нэг утас байна” гэж хэлэхээр нь дүү Тогтохдоржийн хамт очиж үзтэл ээжийн Note-2 маркийн гар утас сим картгүй байхаар нь ээжид аваачиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-07 хуудас/,

     Гэрч Б.Оюунгэрэлийн ”...2021 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө 22 цагийн орчимд хамар хашааны Уламбаяр эгч гэрт орж ирээд “гар утас алга болчихсон байна. Миний утас руу залгаад өгөөч” гэхээр нь би Уламбаяр эгчийн 96535478 дугаар луу залгасан чинь холбогдохгүй байсан. Тэгээд Наранхүүгийн дугаар луу залгасан чинь би ээжийнд байна гэж хэлсэн. Тэгээд Тогтохдорж, Бумандолгор хоёр яваад Наранхүүг дагуулж ирсэн. Тогтохдорж, Бумандолгор хоёр “гар утас гаргаад өг” гээд нэхээд байж байтал Тогоо гэх эмэгтэй миний утас руу залгаад “манай хашаан доторх машин доогуур нэг утас шидсэн байна” гэж хэлсэн. Тэгээд Тогтохдорж, Бумандолгор хоёр яваад Наранхүүг дагуулж  ирсэн. Тогтохдорж гэртээ ирчихээд Наранхүүг зодоогүй. Наранхүүгийн нүдний дээд талаас нь бага зэрэг цус гарчихсан байсан. Яг аль нүд байсныг нь санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,  

     Шүүгдэгч Б.Тогтохдоржийн яллагдагчаар өгсөн “...Ээж, эгч хоёрын гар утсыг авах гэж Наранхүүгийн хадам ээж Батдуламын хашаанд очиход Наранхүү утас өгөхгүй байхаар нь зүүн нүднийх нь дээд хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,   

     Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №80 дугаартай :  Үзүүлэгч П.Наранхүүгийн биед хөмсөг, зүүн нүдний дээд зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 11-12 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02  дугаар сарын 10-ны өдрийн 2126000000067 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.Тогтохдоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.11

            Шүүгдэгч Б.Тогтохдорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 Шүүгдэгч Б.Тогтохдорж бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч П.Наранхүүгийн шүүхэд ирүүлсэн “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч Б.Тогтохдорж хүлээн зөвшөөрсөн тул  прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Тогтохдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ. 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тогтохдоржийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

    Шүүгдэгч Б.Тогтохдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Наранхүү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тогтохдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

            Шүүгдэгч Төмөрхуяг овгийн Батдоржийн Тогтохдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөрхуяг овгийн Батдоржийн Тогтохдоржийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тогтохдоржид шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч Б.Тогтохдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Наранхүү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тогтохдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тогтохдоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.