Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2022/0016/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа, Ц.Ганхуяг

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.М-О , түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т   овогт Б-ны М-О т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000402 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Т овогт Б-ны М-О  /РД: .......... /, ......... оны ........  дугаар сарын ..... -ны өдөр ...........  аймагт төрсөн, ........  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, .................  ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ..........  аймгийн Дархан сумын ...... дугаар багийн .........  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.М-О  нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө ........  аймгийн ......  сумын ........  дүгээр багийн .......... дугаар байрны ....... тоотод хувийн маргааны улмаас иргэн Э.Л-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны салстын болон 2 зовхины цус хуралт няцралт, нүдний алимны доргилт нүүр ба дагзны зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-О  мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 15-аас 16-ыг шилжих шөнө 12 цагийн үед хөдөөнөөс 4 залуу гэрт орж ирсэн. Ирэхдээ 2 шил согтууруулах ундаа авч ирсэн. Тэрийгээ ууж дуусгаад нэмж 1 шил архи уусан. Тэгж байтал хохирогч намайг хэл амаар доромжлоод байхаар нь тэсвэр алдан гар хүрсэн. Миний үйлдлийн улмаас Э.Л  гэмтсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Эрүүгийн 2118000000402 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.Л-ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 12 дугаар сарын 01, 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан сумын 14 дүгээр баг 30/2 дугаар байрны 47 тоотод өөрийн найз болох М-О , Б нартай хамт гэртээ “Ауриг” нэртэй 0,75 литрийн 1 шил болон тал архийг хувааж ууцгаасан. Тэгээд бид нар согтоод халаад байж байсан чинь М-О  манай гэрт намайг байхгүй үед пиво уугаад архидсан байсан болохоор би М-О т хандаж “Айлд ингэж болохгүй. Байж чадахгүй бол яваарай.” гэж хэлсэн. Тэгсэн чинь М-О  шууд над руу уурлаад “Одоо болно. Яасан их юм ярьдаг юм” гэж хэлээд гараараа зүүн нүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би босож ирээд “Ах нь чамайг цохихгүй” гэж хэлсэн чинь босож ирээд ганцаараа намайг нүдсэн. Тэгээд би ухаан алдаад нэг мэдсэн чинь өглөө сэрсэн. Өглөө сэрэхэд нүд тагларсан, дүүрэн цус нөж болчихсон байсан. Тухайн үед гайгүй байх гээд хэвтэж байсан чинь гэрийнхэн оройхон ирээд эмнэлэг авч үзүүлсэн. Тэгээд Саран эмнэлэгт томографт үзүүлэхэд нүдний ухархай цөмөрсөн байна гэж хэлсэн. Надад нийт 4,714,000 төгрөгийн хохирол учирсан. Түүнээс 1842,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа. Эмчилгээний зардалд 2,839,485 төгрөг, замын зардалд 74,522 төгрөг болсон. Мөн би өвчтэй байх хугацааны 1 сарын цалингаа нэхэмжилж байна. Би 1,800,000 төгрөгийн цалин авдаг байсан.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 831 дугаартай “...Э.Л-ын биед зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны салстын болон 2 зовхины цус хуралт няцралт, нүдний алимны доргилт нүүр ба дагзны зүүн хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Л-ын биед тогтоогдон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Э.Л-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

Б.М-О ын хэрэг бүртгэлтэд 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрчээр, 12 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...Би тухайн үед Э.Л-ын гэр болох ......  сум ...... дугаар багт байрлах ....  баарны цаад талд байрлах ........  байрны .-....- тоотод байсан. 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчим Л ганцаараа ирсэн. Орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан мөн архи авч орж ирсэн. Тэгээд намайг унтах гэж байхад хамт архи ууя гэж татсаар байгаад босгосон. Бид хоёр 2 шил 0,75 литрийн Ауруг нэртэй архи хувааж уусан. Архиа уугаад нэлээн удаан суусан. Тэгсэн Л  согтуудаа намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид хоёр маргалдаж хэрэлдэж байгаад би уураа барьж дийлэхгүй Л ыг цохисон. Хаана нь цохисноо санахгүй байна. Би Л ыг 10 гаруй удаа цохисон. Би түүнд хохирлын мөнгө гэж 1,842,000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлж барагдуулна. Би түүнийг цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 40, 49 дэх тал/,

 

Шүүгдэгч Б.М-О ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 53 дахь/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримт болон хохирлын баримт зэрэг  хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.М-О ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М-О  нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 30/2 дугаар байрны 41 тоотод хувийн маргааны улмаас иргэн Э.Л ыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны салстын болон 2 зовхины цус хуралт няцралт, нүдний алимны доргилт нүүр ба дагзны зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М-О  нь согтуурсан үедээ иргэн Э.Л ыг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны салстын болон 2 зовхины цус хуралт няцралт, нүдний алимны доргилт нүүр ба дагзны зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М-О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.М-О  болон түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд Э.Л ын эрүүл мэндэд учирсан зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүдний алимны салстын болон 2 зовхины цус хуралт няцралт, нүдний алимны доргилт нүүр ба дагзны зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.М-О т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4,714,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 2,531,537 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, шүүгдэгч нь хохирлоос 1,842,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс 689,537 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүхээс тогтоосон 689,537 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардал, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-О-д 320 нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...Шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлоо төлж барагдуулсан бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл тул шүүгдэгчид доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж, оногдуулсан ялыг хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.М-О  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Б.М-О ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.М-О т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М-О ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал,  ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-О т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М-О  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Б-ны М-О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-О т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-О т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М-О  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР