Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

       Улсын яллагч Г.Цолмонгэрэл

        Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******т холбогдох 2126000000045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ийн ******* /РД:/,

      Үйлдсэн хэргийн талаар:

       Шүүгдэгч ******* овгийн *******ийн ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үүрийн 06 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар  багийн дугаар байрны тоотод оршин суух хаягтай хохирогч *******ыг гэрт нь зодож баруун 6 дугаар хавирганы зөрүүтэй хугарал гэмтэл үүсгэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

 Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой гэртээ байхад ******* ирж шөнийн 3 цагийн үед намайг хоол хийгээд өг гэсэн. Би “чадахгүй, тэр хоол иддэг газраа очиж ид” гээд уурлаад аашилчихсан. Тэгээд ******* босоод хувцсаа өмсөж байгаа харагдсан. Бид хоёр хамт газар унтаж байсан юм. Хувцсаа өмсөөд гарах гэж байснаа эргэж ирээд дэвсэх шиг болсон. Аль хөлөөрөө яаж дэвссэнийг хараагүй. Тэгэхдээ хөлөөрөө дэвссэнийг мэдэрсэн. Би дуугарч чадахгүй баруун талаараа хажуулдаад хэвтсэн чинь гайгүй амьсгаа авч болж байсан. Би өглөө босоод эмнэлэгт очиж үзүүлтэл хавирга хугарсан байна гэсэн. ******* намайг дэвсчихээд юу ч ярилгүй гараад явсан. Миний 1 хавирга хугарсан. Одоо гайгүй болчихсон болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд рентген зураг авахуулсан нь зураг авалтын журнал, рентгений хариу бичилтийн журналд бүртгэгдсэн байна. *******ын регистрийн дугаар бүхий рентген зурагнаас харахад баруун талын 6 дугаар хувирга суганы дунд шугамаар хөндлөн хугарсан зөрөө багатай харагдана. Уушиг, зүрхэнд өөрчлөлтгүй байсан. Тухайн үед суурин ажиллах  рентгений аппарат эвдэрсэн, зөөврийн эмчилгээний аппарат ашиглаж байсан тул рентгений зургийг хальсан дээр хэвлэх, CD-д хуулах боломжгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

   Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн  мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

  Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №55 дугаартай

1.Үзүүлэгч *******ын биед баруун 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын эд мөрийн баримт хураан авах тухай 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 54 хуудас/,

Мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч *******ын рентген зургийг эд мөрийн баримтаар хураан авах тухай санал /хх-ийн 53 хуудас/,

Мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч *******ын рентген зургийг дискэнд хуулбарлаж эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 55 хуудас/,

Мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч *******ын рентген зураг бүхий диск 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 56 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026000000045 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 01 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 62 хуудас/ ,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-40/, Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42 хуудас/,

Хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн “Би *******т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж,  шүүгдэгч *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  06 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар  багийн 400 дугаар байрны 19 тоотод байх гэрт нь хохирогч *******ыг хэвтэж байхад нь дэвссэний улмаас түүний эрүүл мэндэд баруун 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Хохирогч *******ын “...******* 2021 оны 01 дүгээр сарын 12-ны орой босоод хувцсаа өмсөж байснаа эргэж ирээд цээжин дээр дэвсэх шиг болсон. Аль хөлөөрөө дэвссэнийг хараагүй. Би дуугарч чадахгүй баруун талаараа хажуулдаад хэвтсэн. Маргааш өглөө нь босоод эмнэлэгт үзүүлэхэд хавирга хугарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Гэрч *******гийн ”...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* нь Бүсийн оношилгооны төвд рентген зураг авахуулсан нь зураг авалтын журнал, рентгений хариу бичилтийн журналд бүртгэгдсэн байна. ******* нь регистрийн дугаар бүхий рентген зурагнаас харахад баруун талын 6 дугаар хувирга суганы дунд шугамаар хөндлөн хугарсан, зөрөө багатай харагдана. Уушиг, зүрхэнд өөрчлөлтгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №55 дугаартай: Үзүүлэгч *******ын биед баруун 6 дугаар хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо хүчин зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/,

Мөрдөгчийн 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хохирогч *******ын рентген зургийг дискэнд хуулбарлаж эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-56 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2026000000045 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч *******, Э.Эрхэмбаяр нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №55 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн “Би *******т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******ын рентген зураг бүхий CD1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. ******* овгийн *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус  дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******ын рентген зураг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.