Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/00394

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч дүүрэг, хороо, байрны давхарт байрлах, /регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар /, Г ТББ-ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: дүүрэг, хороо, тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Т.Ц-т холбогдох

6,323,224 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, хариуцагч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюун-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ТББ нь Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Интернэйшнл Доорвэй боловсрол, спортын байгууллагыг төлөөлж Т.Цтай 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр сургалтын гэрээ байгуулсан. Т.Ц нь 2016 онд АНУ-д амжилттай суралцаж ирээд 2016 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гарган 2013 оны сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулсан. Манай байгууллагын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж АНУ-д сургах бүх судалгааг хийж, сургуулийн урилга, шаардагдах баримт материалыг бүрдүүлсний зэрэгцээ тэтгэлэгт хамруулж АНУ-д суралцахад зуучлаж тэтгэлэгт хамруулж өгсөн. Гэтэл Т.Ц АНУ-д суралцах хугацаандаа тэтгэлэг авч байгаагүй, манай байгууллагыг гэрээгээр хүлээсэн үүргээ биөлүүлээгүй мэтээр маргаж улмаар сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу виз, зуучлал, сургуулийн урилга, орчуулга, сургалт, судалгааны зардал нийт 500 ам.доллар, сургуулиас олгосон тэтгэлэг 2000 ам.доллар, илгээмж 106 ам.доллар нийт 2,606 ам.доллар буюу 6,323,224 төгрөгийг Т.Цаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Ц шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ний өдрийн 181/ШШ2016/00536 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар Г ТББ-аас 20,853,000 төгрөгийг гаргуулж Т.Ц, О.У нарт олгож, 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1741 дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00536 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар Т.Ц, О.Урангоо нарын Г ХХК-тай байгуулсан сургалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Г ХХК-иас 20,583,000 төгрөгийг гаргуулж Т.Ц, О.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00002 дугаартай тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1741 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.6 дахь гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх гэж, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд гэснийг хүчин төгөлдөр бус хэлцэлд гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд 6,323,224 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ТББ нь хариуцагч  Т.Цт холбогдуулан  АНУ-д суралцахад зуучилж виз, зуучлал, сургуулийн урилга, орчуулга, сургалт, судалгааны зардал нийт 500 ам.доллар, илгээмж 106 ам.доллар, сургуулиас олгосон тэтгэлэг 2000 ам.доллар нийт 2,606 ам.доллар буюу 6,323,224 төгрөгийг  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Ц нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00002 дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул  хохиролд 6,323,224 төгрөг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 5 дугаар сарын 13-ны  өдөр “Сургалтын гэрээ”  байгуулагдаж, Т.Ц, О.У нар Г ТББ-ыг Америкийн нэгдсэн улсын Интернэшнл Доорвэй байгууллагын албан ёсны төлөөлөгч нэрээр Work and Study хөтөлбөрийн нэрийн дор сургалтын төлбөрийн 50-70 хувийн хөнгөлөлт үзүүлж суралцах хугацаанд  мэргэжлийн дагуу оффисийн ажилд зуучилж мэргэжлээр нь дадлагажууулан мастерийн боловсрол эзэмшүүлнэ гэж гэрээ байгуулан тус бүр 5,100 ам.доллар авсан боловч гэрээ биелэгдээгүй, Г ТББ нь Америкийн нэгдсэн улсын Интернэшнл Доорвэй байгууллагын төлөөлөгч биш байсан. Бид зардал мөнгөө өөрсдөө дааж сургуульд сурсан гэх үндэслэлээр хохирол 26,583,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаан үүсч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00536 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар Г ТББ-аас 20,583,000 төгрөгийг гаргуулж Т.Ц, О.У нарт олгож, нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1741 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00536 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар Т.Ц, О.У нарын Г ХХК-тай байгуулсан “Сургалтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Г ТББ-аас 20,583,000 төгрөгийг гаргуулж Т.Ц, О.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00002 дугаартай тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1741 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын 56 дугаар зүйлийн 56.6 дахь гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх гэж, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд гэснийг “хүчин төгөлдөр бус хэлцэлд” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хяналтын шатны тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч Г ТББ нь АНУ-д суралцахад зуучилж виз, зуучлал, сургуулийн урилга, орчуулга, сургалт, судалгааны зардал нийт 500 ам.доллар, илгээмж 106 ам.доллар, сургуулиас олгосон тэтгэлэг 2000 ам.доллар нийт 2,606 ам.доллар буюу 6,323,224 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага  гаргасан нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6.Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж заасан зохицуулалтанд хамаарахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд тэдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсэх үеийн ханшаар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэг ам. долларыг 2426,41 төгрөгөөр тооцож 2.606 ам доллар буюу 6.323.224 төгрөг шаардсан байх ба нэхэмжлэгч Г ТББ нь 6,323,224 төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа ирүүлээгүй нь нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2‑т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.

Иймд Т.Цт холбогдох 6,323,224 төгрөг гаргуулах тухай Г ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

                                                                                                                 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан үндэслдэл тогтоогдохгүй байх тул Т.Цт холбогдох 6,323,224 төгрөг гаргуулах тухай Г ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Г ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,130 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ