Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2020/709

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 02 өдөр           Дугаар 128/ШШ2020/0709          Улаанбаатар хот

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Нэхэмжлэгч: Б.У,

           Хариуцагч: НДЕГХШГУАХ Л.А, Д.Э, Б.З, П.У,

         Нэхэмжлэлийн шаардлага: “НДЕГУБийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай  актын Б.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,  хариуцагч Л.А, Д.Э, Б.З, П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М нар оролцов.

               ТОДОРХОЙЛОХ нь:     

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.У нь нөхөр болох н.Б-тай 1997 онд гэр бүр болж хоёр хүүхэд төрүүлэн амьдарч байсан бөгөөд нөхөр маань 2013 оны  9 дүгээр сарын 04-ний өдөр авто ослоор нас барсан. Нөхөр нас барахад би 3 сартай жирэмсэн хоцорсон ба бага хүү маань  2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрж гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон юм.  2012 онд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцуулах тухай хууль батлагдаж  2013 онд хүмүүс ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж байх үеэр нөхөр бид хоёр нөхөн тооцуулахаар баримт материалаа бэлдсэн байсан ба нөхөр гэнэтийн ослоор нас барсан тул би сумын нийгмийн даатгалын байцаагчаас асууж байгаад нөхрийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах хүсэлт өгсөн. Миний нөхөр болох Д.Бы ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 9 жил 6 сараар нөхөн тооцсоныг баталгаажуулсан. Баталгаажилтын хуудас нь 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн. Уг баримтыг үндэслэн охин Б.Э, хүү Б.Ү нартаа тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад хандаж, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч эхэлсэн. Гэтэл 2019 оны 10 дугаар сард сумын нийгмийн даатгалын байцаагч намайг дуудаад хяналт шалгалт хийгдэж танд нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр өгөхийг зогсоосон та халамжийн санд баримтаа бүрдүүлж өгөөрэй албан ёсны акт ирээгүй байгаа ирэхээр нь танилцуулна гэсэн. Ингээд халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон, удалгүй 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сумын нийгмийн даатгалын байцаагч надад тэжээгчээ алдсаны тэтгэвэр өгөхийг зогсоосон. Би тэтгэвэр илүү эсвэл дутуу авч байгаагаа мэдэхгүй жирийн нэг өрх толгойлсон эмэгтэй. Ийм их мөнгийг төлөх бололцоо байхгүй. Иймд НДЕГУБийн  2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* тоот акт миний эрх ашгийг хохироож байх тул надад холбогдох хэсгийг хянаж үзэж шийдвэрлэж өгнө үү. Мөн н.Б-ын байцаагчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн уг маргаан бүхий актыг тавьсан байдаг. н.Б-ын буруутай үйл ажиллагаа гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас үзээд байгаа гэдэг нь ойлгомжгүй байна...” гэв.

Хоёр. Хариуцагч нар нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Э нь Б.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь болохоос н.Б-ынтай холбоотой асуудлаар ямар нэгэн тайлбар болон хуулийн дагуу тайлбар хийх эрхгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдсэн. Уг шалгалтын нэгдүгээрт Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт хэр зэрэг хангаж ажиллаж байгааг шалгадаг. Шалгалтын хүрээнд Б.У-гаар илүү авсан тэтгэврийг төлүүлэх шийдвэр гаргаагүй. Иймд нэхэмжлэгч талаас энэ тал дээр маргах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь илүү авсан тэтгэврийг н.Б-ыг хариуцна гэсэн. Н.Э нь н.Б-ын төлөөлөгч биш учир тайлбарлахгүй байх. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад “даатгуулагч нас барсан тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болдог” Б.У-гийн нөхөр нь 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан. Гэтэл нас барсан хүний шимтгэл төлөх үүрэг дуусгавар болсон байхад манай байцаагч амьд мэтээр нөхөн даатгалд хамруулсан байдаг.  Эрх үүрэг нь дуусгавар болсон хүний нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож авсан нь байцаагчийн буруу мөн 2014 онд нөхөн даатгалын хууль хэрэгжиж эхлээд нас барсан иргэд нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаад нас барсан хүмүүс 270000 төгрөгийн шимтгэл өгсөн байдаг. Нөхөн даатгал нь 78000 мянган төгрөгийг нэг удаа тушаагаад сар бүр 270000 мянган төгрөг авдаг, жилийн турш 3000000 сая гаруй төгрөгийг авдаг зохицуулалт байдаг учир амьд байгаа хүн хамаарагдана.  Нас барсны дараа ар гэрийнхэн нь хамрагдсан тохиолдолд нөхөн даатгалын батламжийг цуцлах мөнгийг буцааж олгох гэсэн чиглэл 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс олгогдсоор байхад манай байцаагч нас барсны дараагаар нөхөн даатгалд хамруулсан. Мөн сум гэдэг бол жижиг ойролцоогоор мянга хүрэхгүй хүнтэй хаана хэн нас барсан гэдгийг сайн мэдэж байдаг. Гэтэл энэ байцаагч нар нас барсан хүнийг хамруулсан буруутай үйлдэл байсан учир бид Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар гэм буруутай ажилтан албан тушаалтан хариуцна гэдгээр н.Б-ын байцаагчид хариуцуулж шимтгэлийг гаргуулахаар акт тавьсан. Б.У-гаар төлүүлэх улсын байцаагчийн акт гараагүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа НДЕГУБийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай актын Б.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн удирдамжийн дагуу нэр бүхий улсын ахлах байцаагч нар Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст “нийгмийн даатгалын тухай багц хуулиуд, Зөрчлийн болон, Төсвийн тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль, тушаал, шийдвэрийн  хэрэгжилт”-ийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацааг хамруулан шалгаж, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “илүү олгосон тэтгэврийг төлүүлж, дутуу олгосон тэтгэврийг нөхөн олгох тухай” ******* дугаартай актыг үйлджээ.

Дээрх актын  хавсралтад “шалгалтаар илэрсэн төлбөр зөрчлийн жагсаалт”-ын 6-д “Хөвсгөл аймгийн Тариалан сумын тэтгэвэр авагч Б.У-г Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчиж тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон” зөрчил гаргасан гэж үзэж сарын тэтгэвэр болох 270,000 /хоёр зуун далан мянган/ төгрөгийг 57 сар илүү авсан гэж үзэж 12,786,000 /арван хоёр сая долоон зуун наян зургаан мянган/ төгрөгийг хариуцсан байцаагч төлүүлж, нэхэмжлэгчид нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэжээгчээ алдсаны  тэтгэврийг зогсоож”, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч талаас “...миний нөхөр нас барах үед би гурван сартай жирэмсэн байсан тул гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон. 2012 онд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль батлагдаж 2013 онд хэрэгжиж эхлэнгүүт манай нөхөр бид хоёр баримт материалаа бэлтгэж байтал гэнэт манай нөхөр автын ослоор гэнэт нас барсан, миний нөхөр Д.Б-ын ажилласан жил болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг улсаас 9 жил 6 сараар нөхөн тооцсоныг баталгаажуулж, баталгааны хуудас ирсэн тул охин Б.Э, хүү Б.Ү нарт 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байсныг зогсоож, нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь миний болон гурван хүүхдийн минь эрх ашгийг зөрчиж байна”  гэж, хариуцагчаас “...Д.Б нь 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т  “даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон” тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болохоор заасан...” гэж маргажээ.

Хариуцагч нарын “...улсын байцаагчийн 2018 оны ******* дугаартай актаар  Б.У-гийн илүү авсан тэтгэврийн зөрүү 12,786.000 төгрөгийг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Учир нь тус маргаан бүхий захиргааны актаар Б.У-гийн асрамжид байдаг насанд хүрээгүй хүүхдүүдийн авч байсан тэжээгчээ алдсан тэтгэврийг зогсоож, урьд авч байсан тэтгэврийг илүү олгосон болохыг тогтоож байгаа тул Д.Б-ны гэр бүлийн гишүүдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “илүү тогтоолгож авсан тэтгэврийг нөхөн төлүүлэх үндэслэл нь хуурамч  баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэрэг зөрчлийг тэтгэвэр тогтоолгогч этгээд шууд санаа зорилготойгоор өөрөө үйлдсэн түүнийгээ нийгмийн даатгалын  байгууллагад гаргасан болох нь эргэлзээгүйгээр тогтоогдсон бол “тэтгэврийг үндэслэлгүй, эсхүл илүү тогтоолгож авсан” гэж үзэхээр байна. Мөн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан тэтгэвэр тогтоогчийн бүрдүүлж өгсөн материалыг хянан шалгах, зөрчил илэрвэл арилгуулахаар шаардах, хэрэв тэтгэвэр тогтоох үндэслэлгүй тохиолдолд тэтгэвэр тогтоохоос татгалзах эрхтэй байна.

Иргэн Б.У-г анх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 9 жил 6 сараар нөхөн тооцуулахаар, мөн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргах үед түүний баримтыг хүлээн авч хянаж, баталгаажуулсан нийгмийн даатгалын байцаагч, ахлах байцаагч, дарга нар нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2010 оны 163 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-д заасны дагуу баримт бичгийн бүрдэл, баталгаажилтыг урьдчилан хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, баримт бичгийн бүрдлийг тэтгэврийн эрх үүсэх үед нь бүрэн хангуулах, мэргэжлийн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх үүргээ биелүүлэх боломжтой байсан.

Хариуцагч нар Д.Б-ыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасны дагуу шимтгэл төлж ажилласан хугацааны болзлыг хангаагүй учир түүний гэр бүлийн гишүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох боломжгүй гэж үзжээ.

Гэвч эрх бүхий захиргааны байгууллагаас Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэж үзэж Д.Б-ын  ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 9 жил 6 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулж,  170001132 дугаартай “Баталгаажилтын хуудас” олгожээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Чиглэл өгөх тухай” 1/811 дугаартай албан бичгийг аймаг, дүүрэг /нийслэл/-ийн  Нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ийн дарга нарт хүргүүлжээ. Уг албан бичиг нь “...тухайн иргэн нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүлийн болон бусад холбогдох этгээд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нас барсан иргэний 1990-2000 онуудад тасарсан ажилласан  жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцно” гэжээ.

2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс мөрдөгдсөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох тухай хуулийн зорилт нь өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1995-2000 оны  хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд нөхөн тооцох харилцааг зохицуулахад орших бөгөөд энэ хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болжээ.

Дээрх хуулийн зорилтоос үзвэл, энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг авах эрхийг нийгмийн шилжилтийн явцад ажил эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэдэд олгосон нэг удаагийн үйлчлэл бүхий хууль юм.

Тэгвэл нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагч нараас Д.Б-ын  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 9 жил 6 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулж 1720001132 тоот батламж гардуулсан байхад түүний насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон тохиолдолд шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно” гэж заасан заалтыг үндэслэн хөндсөн нь буруу байна.

Хариуцагч нараас “...нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/811 албан бичгээр иргэн нас барснаас хойш хугацаанд түүний гэр бүлийн болон бусад холбогдох этгээд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар бүртгүүлж, ажилласан жилийг нөхөн тооцуулсан бол үүнийг хүчингүйд тооцох чиглэл өгсөн” гэж тайлбарлаж байгаа хэдий ч Нийгмийн даатгалын ерөнхий газрын албаны www.ndaatgal.mn вэб хуудсанд “...ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хууль мөрдсөнөөс хойш баримт бичгээ бүрдүүлж чадалгүйгээр нас барсан иргэдийн нас барахаас өмнөх 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож болно” гэсэн тайлбарыг байршуулжээ

Гэтэл хариуцагч нийгмийн даатгалын сангаас нэхэмжлэгчид олгосон  тэжээгчээ алдсаны тэтгэврийг шимтгэл төлж, ажилласан хугацааны болзол хангаагүй гэж зогсоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй” гэж заасныг зөрчжээ.

Энэ хэргийн тухайд нас барсан иргэний ажилласан жил, тэтгэврийн асуудлыг бус харин түүний насанд хүрээгүй хүүхдүүдэд олгосон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудлыг хөндөж байгаа бөгөөд нэгэнт эрх бүхий захиргааны байгууллагаас талийгаачийн  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцож олгосон баталгааны хуудас өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актаас нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, НДЕГУБ-ийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай  актын Б.У-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                  

 

 

                 

                       ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ