Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/1354

 

2015 оны 8 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2015/1354

Улаанбаатар хот

 

 

Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, гуравдагч этгээд Д, гуравдагч этгээд Бгийн өмгөөлөгч З нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучнаар/ 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 334 дүгээр шийдвэрт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Бын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид тавуулаа Б ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хувь нийлүүлэгчдийн хурал хуралдаж Б миний бие өөрийн эзэмшлийн хувьцааны 32,27 хувийг 29.010 төгрөгөөр худалдахаар болж тогтоол гаргасан. Миний хувьцааг худалдан авахаар болсон Б, Д нар нь өнөөдрийг хүртэл хувьцаа худалдан авсан төлбөрөө төлөөгүй байгаа учир бүртгэлийг хүчингүй болгуулахаар өргөдлөө Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн. 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдөр компанийн бүх гишүүдийн хурлын протоколд тэмдэглэсний дагуу хурлын шийдвэрийн 3 дахь заалтыг зөрчиж, төлбөрөө төлөөгүй байж миний эзэмшлийн хувьцааг нэр дээрээ шилжүүлж авсан учир бүртгэлээ шүүхээр хүчингүй болгуулах шаардлага үүсч байна. Иймд Б ХХК-ийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн хурлын протокол, тогтоолыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү компанийн хувьцаа эзэмшигчээр Б, Д, Б, Н, З нар бүртгэгдсэн. Энэхүү компанийн хувьцааг Б 38000 ширхэг, Д 22500 ширхэг, Б 16500 ширхэг, Н 9700 ширхэг, З 3200 ширхэг хувьцаа эзэмшиж байсан. Б 17955 ширхэг хувьцааг Дд, Бд 11055 ширхэг хувьцааг зарахаар болсон бөгөөд хувьцааны үнийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байсан учраас иргэний хэргийн шүүхэд хандсан. Бүртгэлийн байгууллага бүртгэл хийхдээ алдаа гаргасан гэж үзэж байна. Учир нь тодорхойлолт үндэслэн хувьцаа эзэмшигч нарын нэрийг өөрчилсөн бүртгэлийг хийсэн бөгөөд хэрэв нэмэлт материал шаардсан бол энэ асуудал үүсэхгүй байсан. Өөрөөр хэлбэл эрх шилжүүлсэн гэрээ, мөнгө төлсөн баримтыг шаардсан бол өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. Тухайн үед энэ тодорхойлолт дээр Б гарын үсэг зурсан нь үнэн. Таны хувьцааны үнийг төлөх хэрэгтэй байна гээд тодорхойлолт дээр гарын үсэг зуруулсан байдаг. Тодорхойлолтыг үндэслээд мөнгөө өгсөний дараа улсын бүртгэлд өөрчлөлт оруулах ёстой гэсэн ойлголт Бд байсан. Б, Д нар хувьцааны үнийг төлөхгүй нэхэмжлэгчийг 10 гаруй жил хохироож байна. Хуулийн этгээдийн бүртгэлийг шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийн жагсаалтанд зааснаар эрх шилжүүлэх гэрээ гэж байдаг ба тухайн үед хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагаас худалдах, худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээг шаардах ёстой байтал үүнийг шаардаагүй. Тодорхойлолтод Б хувьцаагаа худалдсан хэмээн тодорхой бичсэн боловч тухайн баримтад хэдэн ширхэг хувьцааг хэдэн төгрөгөөр худалдсан, худалдаж авч байгаа хүн нь мөнгөө төлсөн эсэх нь харагддаггүй. 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын протоколыг улсын бүртгэгч судалсаны үндсэн дээр бүртгэлийн ажиллагаа хийсэн байх. Гэхдээ энэ протоколын 3 дахь заалтаар худалдан авах гэрээг хувьцааг худалдагч, худалдан авагч талууд байгуулсны үндсэн дээр төлбөр тооцоог гүйцэтгэнэ гэсэн заалт өнөөдрийг хүртэл хэрэгжсэн зүйл байхгүй. Иймд Б ХХК-ийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бүрдэл дутуу материалаар эзэмшигчийг өөрчилж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд урьд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2002 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүх гишүүдийн хурлын шийдвэрээр Б өөрийн 42,27 хувиас 12,3 хувийг буюу 11050 ширхэг хувьцааг Бд, 19,97 хувийг буюу 17955 ширхэг хувьцааг Дд худалдаж 10 хувийн хувьцаатай үлдсэн байна. Н өөрийн эзэмшлийн 9700 ширхэг хувьцааг Бд, З өөрийн мэдлийн 3200 ширхэг хувьцааг Бд худалдсан байна. Ингэснээр компанийн нийт хувьцааны 45 хувийг Д, 45 хувийг Б, 10 хувийг Б нар эзэмших болсон. 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн шийдвэр болон өөрийн хүсэлтээр Б хувьцаа эзэмшигчээс хасагдаж Д 90 хувь, Б 10 хувийг эзэмшиж байсан байна. 2005 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б өөрийн хүсэлтээр хасагдаж Д дангаар 100 хувь эзэмшиж, 1 гишүүнтэй болсон байна. 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 1047 дугаар шийдвэрийн дагуу Быг Б ХХК-ийн 10 хувийн эзэмшигчээр бүртгэсэн байна. Улмаар 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Быг өөрийнх нь хүсэлтээр хасч Д дангаар 100 хувийн хувьцаа эзэмшиж, 1 гишүүнтэй болсон байна. Б ХХК-ийн хувийн хэрэгт авагдсан баримтад Б нь Б ХХК-ийн өөрийн мэдлийн 32,27 хувийг Б, Д нарт худалдсан нь үнэн гэсэн тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэн хавсаргасан байна. Иймд Бын Б ХХК-ийн 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэр, тогтоолыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 334 дүгээр шийдвэрээр: 1999 оны Компанийн тухай хуулийн 17.4-т заасныг баримтлан Б ХХК-ийн Бүх гишүүдийн хурлын 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэгч Бын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ...Шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох баримт цуглуулах, мөн хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартай холбогдуулж доорхи хүсэлтийг гаргасан. Татварын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулах, хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах журмыг гаргуулах гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан бөгөөд шүүх манай хүсэлтийг хэлэлцээд захирамж гаргах ёстой байтал гомдол гаргах эрх хязгаарласан. Энэ процессийн зөрчил гэж үзэж байна. Хариуцагч улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахад журам байдаггүй бөгөөд ирсэн баримтыг өөрсдөө дотоод итгэлээр үнэлж бүртгэдэг байсан гэж байгаа нь хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагын буруутай үйлдэл юм. Өөрөөр хэлбэл Б ХХК-ийн 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэрийн 3 дахь хэсэгт худалдан авах гэрээг хувьцааг худалдагч, худалдан авагч талууд байгуулсны үндсэн дээр төлбөр тооцоог гүйцэтгэх гэсэн заалтыг улсын бүртгэгч бүрэн судалж бүртгэлд өөрчлөлт оруулах учиртай байсан. Хэрэв энэ заалтыг нарийн судалж хувьцаа худалдан авах гэрээг нэмэлтээр шаардаж бүртгэхээс татгалзсан бол Б хохирохгүй байсан. Иймд хэрэгт ач холбогдолтой хүсэлтийг хангахаас татгалзаж гомдол гаргах эрх хязгаарласан, нотлох баримт цуглуулах захиргааны шүүхийн үүргээ биелүүлэхээс татгалзсан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь шүүх нэхэмжлэгч Бын Б ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

Тодруулбал, Б нь Б ХХК-ийн 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлж өөрийн эзэмшлийн хувьцааны 12,3 хувь буюу 11.055 ширхэг хувьцааг Бд, 19,97 хувь буюу 17.955 ширхэг хувьцааг Дд худалдахаар шийдвэрлэсэн байх ба уг хурлын тэмдэглэл, тогтоол болон түүний өөрийнх нь гаргасан тодорхойлолтыг үндэслэн 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан, тэрээр өөрөө хүсэлтээ гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул Б нь тухайн өдөр улсын бүртгэлд өөрчлөлт орсон тухай мэдсэн гэж үзнэ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд Б ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан 2002 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш даруй 12 жил 6 сарын хугацаа өнгөрсөн атал нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн нь дээрхи хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1047 дугаар шийдвэрээр Быг Б ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 402 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 337 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 385 дугаар тогтоолоор Б ХХК-ийг тусгаарлан Буянт дэлгүүрийн барилгын 45 хувийг Бд олгож, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 10484 дүгээр захирамжаар Бын нэхэмжлэлтэй, Б, Д нарт холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.6-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба дээрхи хугацаанд Б ХХК-ийн 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар хувьцаа шилжүүлсэн асуудал байнга хөндөгдөж байсан нь нэхэмжлэгч энэ талаар мэдэж байсныг давхар нотлох нотолгоо болж байна.

 

Хэргийн 3 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 8/8617 тоот албан бичгээр иргэн Бын гаргасан хүсэлтэд хариу өгсөн нь хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх, хугацаа зогссон болон тасалдсан гэж үзэх үндэслэл болж чадахгүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараах үйл баримт ач холбогдолгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа тул Б ХХК-ийн бүх гишүүдийн хурлын 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, тогтоолыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн гэх давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 334 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Бын нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б ХХК-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснийг хүчингүйд тооцуулах-ыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгон, Бын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаармагадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН