Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 127

 

 

“Оймон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/05400 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Оймон” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Азжаргалд холбогдох

 

Орон сууцны үлдэгдэл төлбөрт 69 221 230 төгрөг, алдангид 18 689 670 төгрөг нийт 87 910 900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ц.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ц.Азжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгончимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Нийслэлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 70 дугаар байр 28 тоотод оршин суух иргэн Ц.Азжаргалаас барилгын материал худалдаж авсан бөгөөд төлбөрийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Санрайс орон сууц, үйлчилгээний цогцолборын барилгаас тодорхой хэмжээ, тоо бүхий орон сууцаар хийхээр тохирсон. Ингээд хариуцагчаас 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд 314 218 770 төгрөгийн барилгын материал авсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Санрайс орон сууцны барилгын 6 дугаар блокын 37 тоотод байрлах 95,86 м.кв 4 өрөө орон сууц, мөн 6 дугаар блокын 13 тоотод байрлах 95,86 м.кв 4 өрөө орон сууцыг м.кв-ын үнийг 2 000 000 төгрөгөөр тооцож, нийт 383 440 000 төгрөгийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын 52, 53 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт 2015 оны 2 дугаар улиралд багтаан бидний зүгээс Ц.Азжаргалд орон сууцыг ашиглалтанд оруулан хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ хугацаанд нь биелүүлж 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гаргуулан өгсөн. Улмаар 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчтай тооцооны үлдэгдлээ нийлсэн бөгөөд нийт 69 221 230 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг манай компанид төлөхөөр болсон. Хариуцагч Ц.Азжаргал тухайн өдөр бидэнд төлбөрөө төлөх хугацаа тогтоосон баталгаа гаргаж өгсөн бөгөөд энэхүү баталгаанд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 69 221 230 төгрөгийг бүрэн төлж барагдуулах, хэрэв үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлийн дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.1 хувийн алданги төлөх талаар гарын үсгээ зурж өөрийн биеэр бидэнд гаргаж өгсөн. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.23 дахь хэсэгт “захиалагч нь гэрээний дагуу төлбөрөө 14 хоногоос дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлөх үүргийг” хүлээсэн. Гэрээний дээрх заалтаар төлбөр төлөх хугацааг захиалагч нь 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэж өөрөө баталгаа гарган тогтоож, бид хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх хугацаанд Ц.Азжаргал манай компанид нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй байна. Хариуцагч нь төлбөр төлөх хугацааг 270 хоногоор хэтрүүлээд байгаад бөгөөд хоног тутам ногдуулах алданги 69 221 төгрөг, нийт 18 689 670 төгрөгийн алданги тооцогдоод байна. Иймд хариуцагч Ц.Азжаргалаас өнгөрсөн хугацаанд манай компанид нийлүүлсэн барилгын материалд төлбөрт тооцож өгсөн байрны үнийн зөрүү 69 221 230 төгрөг, үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаанд тооцсон алданги 18 689 670 төгрөг, нийт 87 910 900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Азжаргал миний бие тус компанид 2012 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 414 008 700 төгрөгийг барилгын материал худалдсан. Бид нийлүүлэгдсэн барааны тооцоо нийлэх талаарх шаардлагыг цаг тухайн үед нь “Оймон” ХХК-ийн захирал Х.Батсайханд удаа дараа тавьж байсан боловч ямар нэгэн шалтаг хэлэн тооцоо нийлдэггүй байсан. Бид нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санрайс орон сууцны барилгын 06 дугаар блокын 37 тоотод байрлах 95,86 м.кв 4 өрөө орон сууц, мөн 6 дугаар блокын 13 тоотод байрлах 95,86 м.кв 4 өрөө орон сууцыг м.кв-ын үнийг 2 000 000 төгрөгөөр тооцож нийт 383 440 000 төгрөгийн орон сууцны үнийг “Оймон” ХХК-д худалдсан 414 008 700 төгрөгийн барилгын материал үнийн дүнгээс тооцож үлдэгдлийг тус компаниас нэхэмжлэх эрхтэй байх юм гэж ойлгоод баталгаанд гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэгч “Оймон” ХХК-ийн нэхэмжилсэн байрны үнийн зөрүү 69 221 230 төгрөг, үлдэгдэл төлбөр болох үүргээ биелүүлээгүй хугацаанд тооцсон алданги 18 689 670 төгрөг, нийт 87 910 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Азжаргалаас 69 221 230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Оймон” ХХК-д олгож, үлдэх 18 689 670 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Оймон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 597 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Азжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 504 056 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Оймон” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Азжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарт гардуулж өгөөгүй. Шүүх хуралдаан болохоос 1 цагийн өмнө утсаар мэдэгдсэн тул миний бие шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Ц.Азжаргал, Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал нар “Оймон” ХХК-д 2012-2015 он хүртэл хугацаанд барилгын материалыг зах зээлийн тухайн үеийн ханшаар “Оймон” ХХК-тай үнэ тохиролцон худалдаж байсан. Ц.Азжаргал миний бие нь Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал нарын хамт “Оймон” ХХК-д зээл буюу баартраар өгсөн нийт барилгын материалын үнэ 414 008 700 төгрөгөөс “Оймон” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Санрайс хотхон гэх нэртэй орон сууцнаас “Оймон” ХХК-тай Ц.Азжаргал миний бие нь 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уг орон сууцны 6 дугаар блокын 37 тоотод байрлах, 65,86 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц 1 ширхэг, 6 дугаар блокын 13 тоотод байрлах 95, 86 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2015 оны 2 дугаар улиралд хүлээж авахаар гэрээ хийсэн. Худалдаж авах орон сууцны 1 м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр үнэлсэн Ц.Азжаргал миний бие нийт орон сууцны 191,72 м.кв-ын үнэ болох 383 440 000 төгрөгийн барилгын материалыг байрны үнэд өгөхөөр тохиролцож гэрээ байгуулж, гэрээний дагуу “Оймон” ХХК-д байрны төлбөрт өгөх нийт 383 440 000 төгрөгийн барилгын материалыг “Оймон” ХХК-д 100 хувь өгсөн. Ц.Азжаргал миний бие нь “Оймон” ХХК-д өгсөн бараа материалыг тооцоогоо нийлэх гэхэд “Оймон” ХХК-ийн захирал Х.Батсайхан нь хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулсаар байгаад 2012-2015 он хүртэл хугацаанд 1 удаа тооцоо нийлж бараа материал авсан дүнгээр бодоогүй. “Оймон” ХХК-д Ц.Азжаргал, Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал нарын нийт хүлээлгэн өгсөн 414 008 700 төгрөгөөс орон сууцны үнэ болох 383 440 000 төгрөгийг хасаж тооцоод зөрүү болох 30 568 700 төгрөгийг “Оймон” ХХК-иас нэхэмжлэхэд харин та нар манай компанид 69 221 230 төгрөгийг өгөх ёстой гэж дарамталдаг. 2012-2015 он хүртэл хугацаанд “Оймон” ХХК-ийн менежер Эрдэнбаатар, Давга, Чимгээ нар нь “Оймон” ХХК-д хүлээлгэн өгсөн нийт бараа материалыг баримтжуулж гарын үсгээр худалдан авалт хийж байсан. “Оймон” ХХК нь Ц.Азжаргал, Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал нарт “Оймон” ХХК нь нийт 314 218 770 төгрөгийн бараа авсан гэж орон сууцны үлдэгдэл  болох 69 221 230 төгрөгийг нэхэмжилж дарамталдаг. Манай өгсөн бараа материалын үнэ болох 414 008 700 төгрөгийн дүнг худалдаж авсан орон сууцны үнэд тааруулах гэж бараа материалын үнийн дүнгээс хасаж тооцоод 383 440 000 төгрөгөөр бодож гаргасан нь бидний баримтад тулгасан тооцоогоор худлаа тооцоо хийсэн болно. “Оймон” ХХК-ийн захирал Х.Батсайхан нь менежер Эрдэнэбаатарт 50 780 000 төгрөгийг Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал, Ц.Азжаргал нарт хүлээлгэж өг гэж явуулсан гэдэг гэтэл “Оймон” ХХК-ийн менежер Эрдэнэбаатар нь Х.Батсайхан захирал надад ийм мөнгө өгч байгаагүй гэдэг. “Оймон” ХХК-ийн захирал Х.Батсайхан нь худал мэдүүлэг бичиж шүүхэд гомдол гаргасан. Иймд “Оймон” ХХК-д өгсөн нийт 414 008 700 төгрөгийн бараанаас орон сууцанд төлсөн 383 440 000 төгрөгийг “Оймон” ХХК-д суутгаад үлдэгдэл зөрүү болох 30 568 700 төгрөгийг “Оймон” ХХК-иас нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд Ц.Азжаргал, Б.Хоролбаян, Ц.Отгонжаргал, гэрчээр Ц.Бат-Эрдэнэ “Оймон” ХХК-ийн менежер Эрдэнэбаатар нарыг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч зохигчдын хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Оймон” ХХК нь хариуцагч Ц.Азжаргалд холбогдуулан орон сууцны үлдэгдэл төлбөр 69 221 230 төгрөг, алданги 18 689 670 төгрөг, нийт 87 910 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны үнэд нийт 383 440 000 төгрөг төлөхөөс 414 008 700 төгрөгийн үнэ бүхий барилгын материал нийлүүлсэн гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах, хөрөнгө оруулалтын 53, 52 дугаар гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Оймон” ХХК нь хариуцагч Ц.Азжаргалаас барилгын материал худалдан авч түүний төлбөрт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр баригдаж байгаа “Санрайс үйлчилгээ, орон сууцны цогцолбор” хотхон Б-1 барилгын 6 дугаар блок, 4 дүгээр давхар, 13 тоот 95,86 м.кв талбай бүхий 191 720 000 төгрөгийн орон сууц, мөн барилгын 10 дугаар давхар 37 тоот, 95,86 м.кв талбай бүхий 191 720 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг тус бүр хариуцагч Ц.Азжаргалын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулиийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.

 

            Хариуцагч Ц.Азжаргал нь дээрх хоёр орон сууцны төлбөрт 383 440 000 төгрөг төлөхөөс 314 218 770 төгрөгийн барилгын материал нийлүүлж талууд тооцоо нийлсэн бөгөөд үлдэгдэл 69 221 230 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан төлөх, энэхүү хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхийг зөвшөөрсөн талаарх баталгаа гаргажээ.   /хэргийн 14 дүгээр тал/

 

            Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж заасан тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Азжаргал нь орон сууцны үлдэгдэл төлбөр 69 221 230 төгрөгийг нэхэмжлэгч “Оймон” ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Оймон” ХХК-д хариуцагч Ц.Азжаргалаас гэрээний үүрэгт 69 221 230 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алдангид 18 689 670 төгрөг гаргуулах тухай хэсгийг талууд үүрэг гүйцэтгэх хугацааг гэрээ болон баталгаанд тохиролцоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

 Хариуцагч Ц.Азжаргал нь нэхэмжлэгч “Оймон” ХХК-д 414 008 700 төгрөгийн үнэ бүхий барилгын материал хүлээлгэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Азжаргалаас 69 221 230 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Оймон” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв боловч шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны талаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримталсныг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэг болгон өөрчлөлт оруулах боломжтой.

 

Хариуцагч Ц.Азжаргалд шүүх хуралдааны товыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/05400 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ц.Азжаргалын төлсөн 504 056 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                                               ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА 

 

                                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ