Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    Хэргийн индекс:166/2022/0008/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч С.С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д  холбогдох эрүүгийн 2118002120365 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Дархан сумын 8-р баг, 14-р байрны орцны үйлчлэгч ажилтай, ам бүл 4, ээж дүү нарын хамт *******,******* оршин суудаг, урьд:

-2004 оны 01 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152-р зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, С.Б-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С.Б- нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг 20-н 4-р байрны 1 дүгээр орцны 3 давхрын цахилгааны шийдээс 5 ширхэг тоолуур, подвалын 1 ширхэг тоолуур нийт 6 ширхэг тоолуурыг нууцаар хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 480000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч С.С.Б- нь 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг 20-н 4-р байрны 1 дүгээр орцны 3 давхрын цахилгаан шийдний 5 ширхэг тоолуур, подвалын 1 ширхэг тоолуур нийт 6 ширхэг тоолуурыг хувийн ашиг олох зорилго, сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч С.С.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Орцны жижүүр хийж байсан хүнтэй архи ууж байгаад, хонох газар байхгүй тэр газар хоносон. 4 тоолуурыг нь буцаагаад өгсөн. 2 нь алга болсон байна лээ. Нуусан газраас алга болсон байна лээ. Хоёр тоолуурын мөнгийг өгөөгүй байгаа.” гэв.

            2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 07 дугаар сарын 07-ны өглөө үүрээр төвөөс мэдээлэл ирсэн. 20-4 дүгээр байрны 3 давхрын тоолуур хулгайлаад явсан, газар дээрээ баригдсан, цагдаад  мэдээлэл Т- гэх хүн өгсөн. Комисс газар дээр нь ажиллахад 16 автоматыг таслаад 1, 3, 6, 9, 12 подвалийн 1 ширхэг нийт 6 ширхэг тоолуур байхгүй, монтажийг бүрэн гэмтээсэн байсан. Үүний дагуу цагдаад гомдол мэдээлэл өгч шалгуулсан. 6 ширхэг тоолуураас 4 ширхэг тоолуур хүлээж авсан. 160000 төгрөгийг гэм буруутайд этгээдээс гаргуулмаар байна.

 

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...- Г.М-ээс бичгээр гаргасан “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн эзэмшлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, 20/4 дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхарт байрлах цахилгаан тоолуур алдагдсан байна” гэх гомдлыг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 20:42 цагт хүлээн авсан.  /хх 4/,

 

4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”...цоожийг авч төмөр хаалгыг онгойлгож үзэхэд төмөр хайрцагны 1-р эгнээнд  5 ш саарал өнгийн тоолуур, 2-р эгнээнд 5 ш саарал өнгийн тоолуур нийт 10 ш тоолуур байв. ...2-р эгнээний тоолуурны доод хэсэгт 5 ш нүхтэй хөндлөн төмөр хоёр талыг хананд бэхэлж гагнасан төмөр хоосон байв.”  /хх 5-8/,

 

            5. Гэрч Д.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 сарын 06-ны шөнө 02 цагийн орчим гэртээ эхнэр хүүхдийн хамт унтаж байхад гэрийн хаалга тогших чимээ гараад байхаар нь босоод хаалга тайлахад манай 4 тоотын залуу “ахаа хүн тоолуур аваад байна. Та гараад ир” гэж хэлэхээр нь би гарахад 4 тоотын залуугаас гадна өөр эрэгтэй хүн манай гэрийн хаалганы үүдэнд 1 ширхэг цахилгаан тоолуур тавьчихсан байсан. Тухайн үед 3 цагдаа орж ирээд тэр хүнийг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 17/,

            6. Гэрч С.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 сард Дархан зах дээр явж байгаад өөрийн төрсөн ах С.С.Б-тай таарсан. Харин тухайн үед С.С.Б- ах согтуу явж байсан. Тэгээд би гэртээ харъя гэж хэлэхэд надтай хамт явсан юм. Тухайн үед С.С.Б- ах эндээс юм авах хэрэгтэй байна гэж хэлээд намайг Буян захын хойд талын гражын хажууд дагуулж очсон. Тэгээд тухайн гражны хажууд ургасан байсан өвсөн дотроос шуудайтай зүйл гаргаж ирэхээр нь “энэ юу юм бэ” гэхэд тоолуур хүнийх гэж хэлсэн. Шуудайг нээж үзэхэд тоолуур 3 ширхэг байсан. С.С.Б- ах согтуу байсан учраас нарийн учрыг хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх 19/,

            7. Гэрч Э.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд гэртээ найз Д- хамт хоол, цай хийж идчихэд сууж байсан.  Харин шөнө 00 цагийн орчим тог тасарсан. Тэр үед би тогны хязгаарлалт хийж байгаа юм байна гэж бодоод тоогоогүй байж байхад манай найз явлаа гээд гэрээс гараад явсан. Гарахдаа чи шийтээ шалгаад үзчихгүй юу гэж хэлэхээр нь би тоохгүй байж байхад дээрээс төмөр хаалганы чихрах чимээ гараад согтуу бололтой энд тэнд гишгээд шатаар бууж байгаа хөлийн чимээ сонсогдохоор нь нь би цонхоор харахад согтуу бололтой эрэгтэй хүн орцноос гараад явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад төмөр хаалга чийхрах чимээ сонсогдохоор нь би дээшээ 3 давхар руу гарахад хар хувцастай эрэгтэй хүн 3 давхрын тоолуурын шийдээс 1 ширхэг тоолуурыг салгаад газар тавьсан байдалтай байсан. Тэгээд дахиад 1 ширхэг тоолуурыг шийдээс салгах гээд байж байсан.” гэх мэдүүлэг /хх 21/,

8. “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “цахилгаан тоолуур /хэрэглэж байсан/ 6 ширхэг” 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 480000 төгрөг байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 30/,

 

9. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хоногийн мэдээ /хх 49-50/,

 

10. Технологийн зөрчил судлан бүртгэх хуудас, зөрчлийн акт /51-57/,

 

11. Эд зүйл хураан авах прокурорын зөвшөөрөл, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 64-68/

 

12. Шүүгдэгч С.С.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 44-47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 73/,

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г.М-ийн “үлдэгдэл хохирол төлбөрөө 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгнө гэсэн учир ял, эрүүгийн хариуцлага дээр саналгүй.” гэсэн, шүүгдэгч С.С.Б-ы...” гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна, үлдэгдэл хохирол төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө өгнө.” гэх саналыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн үлдэгдэл хохирол төлбөр 160000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулах, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.С.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч С.С.Б-ы гэмт үйлдлийн улмаас бусдад 480000 хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г.М- нь алдагдсан 6 ширхэг цахилгаан тоолуураас 4 ширхэг тоолуурыг биет байдлаар нь буцаан авсан болох нь /64-68ху/ эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр тогтоогдож байгаа ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөрийн үлдэгдэл 160000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн дотор нөхөн төлж барагдуулахаа илэрхийлснийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Г.М- нь хүлээн зөвшөөрснөө шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр өгсөн тул шүүгдэгч С.С.Б-аас 160000 төгрөг гаргуулан Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.С.Б-ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д  зааснаар шүүгдэгч С.С.Б-д нөхөн төлөхөө илэрхийлсэн үлдэгдэл хохирол төлбөр 160000 төгрөгийг 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж барагдуулах, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

   4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.С.Б-аас 160000 төгрөг гаргуулан Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-нд олгосугай.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С.Б- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ