Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00220

 

2018 оны 01 сарын 23 өдөр         Дугаар 181/ШШ2018/00220           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Магма төв, 300 тоотод байрлах, “Х” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Хүүхдийн урлан, 8-р байр, 43 тоотод оршин суух, Алаг адуун овогт Найдангийн  овогт Л/РД: /-д холбогдох,

 

525 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компанитай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн Найдан овогтой Л Сүхбаатар дүүрэг, 6 хороо, Хүүхдийн урлан 8 байр 43 байрлах орон сууцандаа Америк улсад үйлдвэрлэгдсэн PUREPRO ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авахаар гэрээ бичгээр байгуулсан ба урьчилгаанд 500 000 төгрөг төлсөн үлдэгдэл 1 750 000 төгрөгөө зээлээр төлөхөөр болсон.

Улмаар 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд cap бүр 350 000 төгрөгийг төлөх замаар төлж дуусах байсан боловч одоогийн байдлаар 350 000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөнгө төлөхөөс зайлсхийсээр байна.

Бидний тохирсон гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар алданги төлөхөөр зохицуулсан тул алдангид 175 000 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Н.Лд холбогдуулан үлдэгдэл төлбөрт 350 000/гурван зуун тавин мянга/ төгрөгийг, алдангид 175 000/нэг зуун далан таван мянга/ төгрөгийг, бүгд 525 000/таван зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н.Лд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэлд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түмэндэмбэрэлийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Н.Лд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шуудангаар мэдэгдсэн байх боловч хариуцагч Н.Л нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Лгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Н.Лгээс бүгд 525 000/таван зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 175 000/нэг зуун далан таван мянга/ төгрөгийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Тус Гэрээний 2-ын 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2 250 000/хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий ус цэвэршүүлэх төхөөрөмжийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь урьдчилгаа төлбөрт 500 000/таван зуун мянга/ төгрөгийг төлөх, үлдэгдэл төлбөр болох 1 750 000/нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, сар бүр 350 000/гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлж, төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн .... тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгөх, хариуцагч нь нэхэмжлэгчид үнийг тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх тул Зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.-т “Гэрээнд дараахь нөхцөлийг заавал тусгана:”, 263.2.3-т “төлбөл зохих хүүгийн хэмжээ;”, 263.4-т “Энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзэх бөгөөд ... эд хөрөнгийн үнийг төлнө ....” гэж заасан.

 

Зохигчид Гэрээнд төлбөл зохих хүүг тусгаагүй байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх заалтад зааснаар Гэрээг байгуулсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үнийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь 2 250 000/хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үнэд нэхэмжлэгчид 1 900 000/нэг сая есөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ус цэвэршүүлэх төхөөрөмжийн үнийн үлдэгдэл төлбөрт 350 000/2250000-1900000=350000/ /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Лгээс 350 000/гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хүсэлийн цэнгэг ус” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Лгээс 350 000/гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хүсэлийн цэнгэг ус” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Н.Лгээс бүгд 525 000/таван зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс 175 000/нэг зуун далан таван мянга/ төгрөгийн шаардлагаас татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 11 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Л энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ