Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 00259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, Чингүнжавын гудамж, Төрийн өмчийн II байранд байрлах, “О” УТҮГ/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаагийн гудамж, 112 тоотод оршин суух, Шандивууд овогт Жалхын Ж/РД: /-д холбогдох,  

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “О” УТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О” улсын төсөвт үйлдвэрийн газар нь Монгол Улсын Газрын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06-р сарын 12-ны өдрийн А/595 тоот шийдвэрийн дагуу 15 жилийн хугацаатай Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Дамбадаржаа гудамж 112 тоот хаягт байрлах 598 020 м.кв газрыг модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг.

2016 оноос тус газарт БНСУ-н хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах буцалтгүй хөрөнгө оруулалтаар эзэмшлийн газартаа бүтээн байгуулалт хийх гэсэн боловч зөвшөөрөлгүй буусан 17 иргэн хашаа хатган амьдраж “Ойн судалгаа, хөгжпийн төв” УТҮГ нь хууль ёсоор газраа эзэмшиж чадахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Дээрх хууль бусаар буусан айлуудад удаа дараа газар чөлөөлөхийг шаардсан боловч үл тоон өнөөг хүртэл тус төвийн эзэмшилийн газарт оршин суусаар байна.

Улмаар 2017 оны 03-р сарын 22-ны өдрийн 1/72 тоот албан бичгээр Сүхбаатар дүүргийн газрын алба болон холбогдох төрийн байгуулагаар шийдвэрлүүлэхээр гомдлоо гаргаж газар чөлөөлөх шаардах хуудсыг 2017 оны 05-р сарын 17-ны өдөр тус тус хүргүүлсэн боловч мөн л үл тоон холбогдох төрийн байгуулагын шаардагыг биелээгүй.

Иймд “О” улсын төсөвт үйлдвэрийн газарт Нийслэлийн засаг даргын А/595 тоот шийдвэрээр эзэмшүүлсэн Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Дамбадаржаа гудамж 112 тоот хаягт байрлах №000434708 тоот эзэмшлийн газарт хууль бусаар оршин сууж буй иргэн Ж.Жг эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ж.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Үндсэн хуулиин 1-р бүлгийн 6 дугаар заалт 1-5 дугаар зүйл,  2-р бүлгийн 3 дугаар заалт, 12, 13 дугаар заалт, 2 дугаар бүлгийн 18 дугаар заалт, 6 дугаар зүйлийн 3 дугаар заалт, Монгол Улсын газрын тухай хуулийн/Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газрыг 1 удаа үнэгүй өмчлүүлнэ/ гэсэн заалтуудыг үндэслэн:

БОНХАЖ яамны харъяа байгууллага болох “О” хэмээх байгууллага нь мод үржүүлэх, модлог ургамлын цуглуулга хийх газраа тухай үеийн Ойн яамны шийдвэрээр 1988-1992 онд их хэмжээний газарт төмөр хашаа бариулж, их хэмжээний газрыг хашин авч эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ авсан байна. Харин энэхүү байгууллага эзэмшихээр авсан энэ газартаа олон жилийн хугацаанд юу ч хийгээгүйгээс малын бэлчээр болж, зэрлэг ургамал ургасан байдалтайгаар байж байгааг ойролцоо оршин суугаа иргэд бүгд мэдэж байгаа.

Тухайн үед Ойн яамд ажиллаж байсан эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүс болох н.Дашдаваа /4 га/, н.Эрдэнэтөгс /1 га/, н.Эрдэнэсүрэн /1 га/, н.Цогоо /1 га/, н.Дамдинсүрэн, н.Мягмаржав, н.Гэрлээ нар их хэмжээний газар өмчлөн авч хаус, орон сууц барьж, худаг ус гаргаж, мод тарьж болох ашигтай газруудыг авсан ба мод үржүүлэх, судалгаа шинжилгээ хийх боломжгүй, намаг, шавартай, булаг шандтай, хужирмаг хөрс, гуу жалга, дов сондуултай эзэнгүй газруудыг нь эзэнгүй хаясан байна. Энэ эзэнгүй болсон ойролцоогоор 8 орчим га газар 2010, 2011 оноос эхлэн иргэд суурьшиж эхэлсэн. Ингээд гол, булаг шанд нь ширгэж, эзэнгүй хаягдсан газар нь хуурайшиж, айлууд ихээр буух болсон. 2010-2017 оны хооронд, 6 жилийн хугацаанд ямар ч байгууллага, хувь хүн манай эзэмшлийн газар гэж шаардлага тавьж, маргалдаж байгаагүй байна.

2012 онд УИХ-д нэр дэвшиж байсан н.Гантөмөр, н.Очирбат нарт энэ хэсэг газрыг иргэдэд өмчлөөд өгөөч гэж иргэд хүсэлтээ амаар хэлэхэд, “Энэ газрыг бид мэдэхгүй, харъяа дүүрэг, хороо, газрын алба ч мэдэхгүй, БОНХАЯ-ы харъяа газар мэднэ” гэж хэлсэн.

Энэ газар мод үржүүлэх, судалдаа шинжилгээ хийх боломжгүй намаг шавартай, булаг шандтай, нойтон чийгтэй, усархаг хөрстэй, хужирлаг хөрстэй, урд талаараа Сэлх хэмээх жижиг гол урсаж, гуу жалгатай, дов сондуултай, урд талаараа 4-5 булаг оргилон гарч, өвлийн хүйтэнд хөлдөн хагарч, мөсөн толио үүсдэг газар болохыг Ойн яаманд олон жил ажилласан эрх мэдэлтэн, албан тушаалтан, ажилтан нь мэдээд хэн ч эзэмшихгүй, эзэнгүй орхисон нь туйлын үнэн билээ.

Энэ газрыг иргэдийн өмчлөл өгөх нилээд олон үндэслэл бий. Үүнд:

Энэ газар судлагаа шинжилгээ хийх боломжгүй газар гэж хэний ч эзэмшилд байхгүй орхигдсон газар болох нь дээрх баримтуудаас батлагдаж байна.

О нь өөрийн ашиглах, эзэмших газраа бүрэн авч хашаа хашсан нь одоо хүртэл хэний ч нүдэнд ил байна.

Мөн тус газар нь ашигтай газраа холбогдох дээд газрынхаа эрх мэдэлтэнд дээрэмдүүлсэн гэж дүгнэж болохоор  байна.

Ашиглах боломжгүй гээд хаясан газраа тус газар амьдарч байгаа иргэдтэй булаацалдах шаардлагагүй гэж үзэх үндэслэл байна.

Мөн дээр хэлсэнчлэн ашиглах боломжгүй, ашиггүй газар гэдгийг Оийн ажилтнууд мэдэж ойлгохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Ойн яаманд ажиллаж байсан хүмүүс газар авч өмчлөн бүхэл бүтэн гэр хороолол үүссэн байна. Хуульд зааснаас илүү их хэмжээний газар авсан дээрх хүмүүсийн газрыг төр хураан авч иргэдэд эзэмшүүлэх нь хуульд нийцэж байна.

2010 оноос хойш ашиггүй хэмээн хаягдаж орхигдсон энэ газар суурьшаад 6-7 жил болсон айл өрхүүд засаг захиргаагүй, тог цахилгаангүй, амьдрал ахуйгаа залгуулж, эзэнгүй төрд дарамт үзүүлэхгүйгээр амьдарч ирснийг хүндэтгэн үзэж, ашиггүй газар, эзэнгүй иргэдэд энэ суурьшсан газрыг нь өмчилж өгөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна.

О хэмээх байгууллага тус газрыг эзэнгүй орхиод, таг дуугүй байж байгаад, 5 жил болсны дараа иргэдээс нэхэмжилж байгаа хожимдсон нэхэмжлэл нь хорхойтсон шуналыг биелүүлэх хуулийн хугацаа нь аль хэдийнээ өнгөрсэн гэж бүрэн үндэслэлтэй байна.

Ашиггүй газар эзэнгүй суурьшсан иргэдийн буруу гэж үзэх ямар ч үндэслэлгүй байна.

О нь 5 жилийн хугацаанд тус газрыг ашиглаагүй, таг дуугүй байсан нь буруу гэж үзэх үндэслэлтэй байна.

 Энэ хугацаанд тус газрыг О нэхэмжлээгүйгээс харахад энэ газар нь хэний ч эзэмшилд байгаагүй гэдгийг бүрэн нотолж байна.

Тус газар амьдарч байгаа иргэдэд 2017 оны 3 сараас эхлэн 1 удаа шаардах хуудас, 1 удаа дээрээс авсан Солонгос бичигтэй кадарстрын зураг зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлж, хожимдсон нэхэмжлэл өгсөн. 2017 онд авсан кадарстрын зураг нь хуурамчаар бүрдүүлсэн материал байна гэж үзэх үндэслэлтэй.

Тус газар байгаа иргэд нь хөгжлийн бэрхшээлтэй, даралт болон зүрх судасны өвчтэй, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, ганц бие эмэгтэйчүүд, улсад олон жил ажилласан өндөр настан зэрэг амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхүүд байгаа учир төр иргэдэдээ энэрэнгүй үзлээр хандаж, газрыг нь өмчлүүлж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол улсын иргэнд хэн ч халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд заалтыг зөрчиж, суурьшсан иргэдийн эрхэд халдаж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан учир эрүүгийн хэрэг үүсгэж, сэтгэл санааны дарамтад оруулсан хохирлыг төлүүлэн өгөх нь зүйтэй.

О 3-5 жил болоход ганц ч мод тариагүй, судалгаа шинжилгээ хийлгээгүйгээр үл барам, хаягдсан газар хаяг, пайз ч байхгүй учир иргэд тус газар ирж суурьших болсон учир тус төв уг газраа төрд хуулийн дагуу буцааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна.

Солонгосын жижиг компанитай хамтран хуурамч бичиг баримт бүрдүүлж, Монгол иргэдээс суурьшсан газрыг нь дээрэмдэн авч газар шороогоо, эх орноо худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба Солонгосчуудаас хээл хахууль авсан байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байна.

О нь газрынхаа төлбөрийг төлж байсан эсэхийг шалгаж, төлөөгүй иргэд, байгууллагаар газрын төлбөрийг төлүүлэх нь зүйтэй.

Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу иргэддээ газрыг нь өмчлүүлэн өгч иргэдэд үйлчлэх үүргээ яаралтай хэрэгжүүлээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлье.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                          

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “О” УТҮГ нь хариуцагч Ж.Жд холбогдуулан газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ж.Ж нь “О” 3-5 жил болоход ганц ч мод тариагүй, судалгаа шинжилгээ хийлгээгүйгээр үл барам, хаягдсан газар хаяг, пайз ч байхгүй учир иргэд тус газар ирж суурьших болсон учир тус төв уг газраа төрд хуулийн дагуу буцааж өгөх нь зүйтэй гэж үзэж байна гэх тайлбар гаргасан.

 

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч “О” УТҮГ-т 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр баталгаат шуудангаар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяад 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “О” УТҮГ, түүний өмгөөлөгч Л.Золзаяагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.Жд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч хариуцагч Ж.Ж нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Жгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/595 тоот захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, нэгж талбарын 143057/0023 дугаар бүхий 598 020/таван зуун ерэн найман мянга хорь/ м.кв газрыг 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 15/арван тав/ жилийн хугацаатай газар эзэмших эрхийн үндсэн дээр эзэмшиж байгаа болох нь 000434708 дугаар Төрийн байгууллагын Газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газрын байршлын кадастрын зургийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 16-р хороонд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй оршин сууж байгаа бөгөөд уг газрыг чөлөөлж өгөхөөс татгалзаж байгаа болох нь хариуцагчийн хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн № 3283 тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн газрын албаны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № 11/817 албан бичгийн хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа ... байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”, 92 дугаар зүйлийн 92.1-т “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч ... хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчлөгчийн нэгэн адил газар эзэмших эрх нь зөрчигдсөн гэж үзвэл хариуцагчаас зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, нэгж талбарын 143057/0023 дугаар бүхий газрыг чөлөөлөхөөс татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах, 000434708 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэхэмжлэгчийн эзэмшил газраас албадан чөлөөлөх үндэслэлтэй болох нь 000434708 дугаар Төрийн байгууллагын Газар эзэмших эрхийн гэрчилгээний болон 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газрын байршлын кадастрын зургийн хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Жг Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах, 000434708 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэхэмжлэгч “О” УТҮГ-ын эзэмшил газраас албадан чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Жг Сүхбаатар дүүрэг, 16-р хороо, Дамбадаржаа гудамж, 112 тоот хаягт байрлах, 000434708 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй нэхэмжлэгч “О” УТҮГ-ын эзэмшил газраас албадан чөлөөлсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “О” УТҮГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ж.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ж энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ