Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                          Хэргийн индекс:166/2022/0009/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.О-, М.А-,

Шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-, У.Б-, М.Э- нарт холбогдох эрүүгийн 2118000000393 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Н.Б-

Монгол улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах их сургуулийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, У.Б-

Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, М.Э-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 3, 4 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан Ц.Ц.Р-гийн эзэмшлийн*******-** ******* улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 1100000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж авсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 3, 4 дүгээр байрны автомашины зогсоол дээр байрлуулсан Ц.Ц.Р-гийн эзэмшлийн*******-********* улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг обуд, дугуйг хувийн ашиг олох зорилго, сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан авч хулгайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо гэж дүгнэлээ.

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үеэл У.У.Б- рүү залгаж гэрт нь очиж уулзаад, М.М.Э- руу залгаж бид хоёр очиж байгаа шүү, залгахаар гараад ирээрэй гэж хэлээд очсон. М.М.Э-ын очиж уулзаад бид гурав салхинд гарахаар шийдсэн. Хотоос гараад 61-ийн гарам өнгөрч явахдаа 2021 оны 10 дугаар сарын 25-ны үеэр бидний найз н.Н- яаралтай 500,000 төгрөг хэрэгтэй байна, найз нь аавын машиныг унаж яваад мөргөлдсөн гээд дүнсгэр явж байсан талаар ярилцаж, яаж туслах вэ, найздаа туслах юмсан гэж ярилцсан. Тухайн үед бид гуравт бэлэн мөнгө байгаагүй учир хоорондоо ярилцаж байгаад, машины дугуй хулгайлж зараад мөнгөтэй болж, найздаа өгч болно гэж бодсон.” гэв.

2. Шүүгдэгч У.У.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Н.Н.Б- над руу залгаад гадна ирсэн байна, гараад ир гэхээр нь би гарч уулзсан. Бид хоёр М.М.Э-тай ярьж, гэрийнх нь гадна очиж, бид гурав уулзаж, амралтын өдөр юм чинь салхинд гарахаар явсан. Замдаа бид гурав ярьж яваад, н.Н- н.Г- руу залгаад хүний машины арыг хонхойлгосон, эцэг эхдээ хэлж чадахгүй байна, мөнгө байвал өгөөч гэж хэлсэн гэсэн тэгээд, машины дугуй аваад зараад найздаа 500,000 төгрөг олоод өгч болох юм байна гэж ярилцаад, Дархан руу явсан. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна, уучлаарай дахин ийм зүйл хийхгүй” гэв.

3. Шүүгдэгч М.М.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “У.У.Б-, н.Гэрэлээ хоёр гэрийн гадна ирж над руу залгасан. Амралтын өдөр юм чинь агаар салхинд гаръя гээд явсан. Замдаа явж байхад н.Н- машинаа мөргөлдүүлчихжээ мөнгө байна уу туслаач гэж ярьж байна лээ гэсэн. Бид нарт бэлэн мөнгө байгаагүй учир найздаа яаж туслах талаар ярьж байгаад, салхинд гарч байгаа юм чинь Дархан орж хүний машины дугуй авч, зараад мөнгөтэй болох юм байна гэж бодсон. Дарханд ирээд гайгүй обуд харагдахаар нь авсан. Уучлаарай.” гэв.

           

4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Дархан сумын 11-р баг, 3-р байрны гадна зогсоол дээр байсан********* ******* улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй алдагдсан” гэх гомдлыг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14:30 цагт хүлээн авсан.  /хх 10/,

 

5. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”цагаан өнгийн*******-********* улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байх ба уг тээврийн хэрэгслийн 4 дугуй байхгүй, машин доор дугуй тус бүрийн хажууд блок эвж байрлуулсан байдалтай байв.”  /хх 12-14/,

 

6. Эд зүйл түр хураан авах тухай тэмдэглэл “...Ц.Н- 217.50.17 размертай 4 ширхэг обуд дугуйг хэрэгт ач холбогдол болгон түр хураан авав. /хх 23/,

 

7. Иргэний нэхэмжлэгч В.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр манай байгууллагын зүгээс иргэн Г.А- Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгоор манай байгууллагаас 11.000.000 төгрөгийн зээлийг авсан бөгөөд одоогийн байдлаар 10.251.189 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тухайн 71-33 УАТ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр байгаа учраас манай байгууллагын зүгээс уг тээврийн хэрэгслийг авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 35/,

 

8. Хохирогч Ц.Ц.Р-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд өөрийн эзэмшлийн*******-********* улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслээ шинэ хорооллын 3, 4 дүгээр байрны голын машины зогсоол дээр байрлуулж тавиад гэр рүүгээ орсон бөгөөд тэндээ хөдөлгөөгүй 3 хонуулсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 13 цаг 30 минутын орчимд машинаа шалгах гээд машин дээрээ ирэхэд миний машины 4 талын обуд дугуйг тайлж аваад оронд нь 4 блок хийж тавиад явсан байсан.” гэх мэдүүлэг /хх 39/,

 

            9. Гэрч Ц.Н- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н.Б-ээс 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд гоёлын обуд авах зорилгоор Legon нэртэй 5 салаа хар саарал өнгийн 17.50.215 размерын обудтай дугуйг нийт 1.100.000 төгрөгөөр бодоод 950.000 төгрөгийг бэлэн тоолж өгөөд зөрүүнд нь өөрийн 15 размерын обуд дугуйг 150.000 төгрөгөөр бодож аваад 4 хонож байна. Тэгээд өнөөдөр тухайн обуд, дугуй гэмт хэргийн замаар алдагдсан гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд Н.Б-ээс мөнгөө авсан.” гэх мэдүүлэг /хх 41/,

10. “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “Тоёота Приус-30 маркийн********* ******* улсын дугаартай суудлын автомашины Legon нэртэй 215.50.17 размерын обудь дугуйтайгаа /хэрэглэж байсан/ 4 ширхэг нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1100000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 59-61/,

 

11. “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “Тоёота Приус-30 маркийн 71** УАТ улсын дугаартай саарал өнгийн S загварын лүүктэй, нарны зайн хураагууртай суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 22000000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх 69-70/ зэрэг болно.

 

Бусад нотлох баримтаар

 

1. Тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээ “...3.3 гэрээг тээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлэх: Төлбөрийг төлж дуусахаас өмнө бүртгүүлнэ. “Хас Хаан” ББСБ-н зээлээр төлнө.” /хх 102/, “Хас Хаан” ББСБ, Г.А- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 104-106/,  

 

2. 71-33 УАТ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 108/,

 

3. Шүүгдэгч У.У.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 110/, иргэний үнэмлэхийн лавлаа /хх 123/, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 125/, суурь боловсролын гэрчилгээ, Мандах их сургуулийн суралцагчийн тодорхойлолт /хх 130-131/, Хаан банкны дансны хуулга /хх 133-153/,

 

4. Шүүгдэгч Н.Н.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 111/, иргэний үнэмлэхийн лавлаа /хх 121/, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 124/, Хаан банкны дансны хуулга /хх 158-172/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 174/,

 

5. Шүүгдэгч М.М.Э-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 112/, иргэний үнэмлэхийн лавлаа /хх 122/, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 122/,  Хас банкны дансны хуулга /хх 154-157/, жолоочийн эрхийн лавлагаа /хх 173/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч Ц.Ц.Р-гийн “гэмт хэргийн улмаас надад 1100000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэхүү хохирлыг гэмт хэрэгт холбогдсон яллагдагч нар бүрэн төлж барагдуулсан, гомдол саналгүй” гэх тайлбар, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.4-д зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.А- шүүхэд гаргасан дүгнэлтдээ...”Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан ” шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэг Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэсэн байх тул шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б- нарыг өсвөр насны шүүгдэгчид тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэснийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б- нар сэтгэхүй, оюун санааны хөгжлөөрөө насандаа тохирсон, юмс үзэгдлийг мөн чанар, үр дагаврыг ухамсарлаж ойлгох чадвартай болохыг гэмт үйлдэлдээ хандаж буй тэдний үйлдлээр илэрч байна.

 

Шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба тэдэнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нарын гэмт үйлдлийн улмаас бусдад 1100000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан талаарх бичгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаар өгсөн тул тэднийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 71 **УАТ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэл нь “Хас Хаан” ББСБ-тай байгуулсан Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн график, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /104-106/,  “Хас Хаан” ББСБ-ийн өмчлөлийнх байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураан авах боломжгүй гэж үзэн түүний үнэ болох 22000000 төгрөгийг шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нараас хувь тэнцүүлэн тус бүр 7333334 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Б-, У.Б-, М.Э- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

   4.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 71 **УАТ улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 22000000 төгрөгийг хувь тэнцүүлж шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нараас 7333334 төгрөгийг  тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Н.Б-, У.У.Б-, М.М.Э- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ