Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  Хэргийн индекс:166/2022/0013/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Д.Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2118000000376 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, урьд:

-2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Д.Б-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дархан- Уул аймаг Дархан сумын 14-р багт байрлах “Компорт” зочид буудлын 2 давхрын шатнаас Б.Б.Б-г өшиглөж унаган эрүүл мэндэд нь зүүн гарын шуунд битүү хугарал, нүүрэнд цус хуралт бүхий” хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.Д.Б- нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дархан- Уул аймаг Дархан сумын 14-р багт байрлах “Компорт” зочид буудлын 2 давхрын шатнаас Б.Б.Б-г жийж унаган эрүүл мэндэд нь зүүн гарын шуунд битүү хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Д.Б- нь хохирогч Б.Б.Б-г “бусадтай хардаж, буудлын өрөөнөөс гарч ирэхгүй удлаа” гэх шалтгаанаар түүнийг шатнаас жийж унагасан үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Д.Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Манай эхнэр халуун ус ажиллуулдаг. Тэр өдөр манай эхнэр хоёр хүүхдээ орхиод гарсан байсан. Би Эрдэнэт рүү гараад явж байсан. Тэгтэл манай хүүхдийг гадаа явж байна гэж хүн хэлсэн учраас эргэж ирээд эхнэр лүү ярьж, очиж авах гэхэд тийм зүйл болсон.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Дарханбаатар 850005** дугаараас гаргасан Дархан сумын 14-р багт байрлах “Компорт” зочид буудалд хүмүүс зодолдоод байна” гэх дуудлагыг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23:23 цагт хүлээн авсан.  /хх 5/,

 

3.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл...”...Бичлэгийн 23 цаг 04 минут 19 секундэд хохирогч Б.Б.Б- шатаар доошоо бууж байхад нөхөр Д.Д.Б- нь нуруу руу нь жийж унагааж байна. ”  /хх 8/,

 

            4. Хохирогч Б.Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед найзуудтайгаа удаан уулзаагүй байсан болохоор нэлээн удаан юм ярьж суусан. Энэ үед манай нөхөр хүлээж тэсэлгүй орой 22 цаг өнгөрч байхад манай өрөөний хаалгыг өшиглөөд ороод ирсэн. Тухайн үед би гарах гэж байсан болохоор би нөхрөө аваад гарсан. Энэ үед буудлын ажилтан гэх залуу араас ирсэн. Манай нөхөр хажуугаар зөрөхдөө буудлын ажилтныг түлхсэн. Ингээд буудлын ажилтантай манай нөхөр маргалдаад эхэлсэн. Буудлын ажилтантай зодолдоод байж байхад манай нөхрийг цагдаа нар аваад явсан....Намайг хэн түлхэж унагаасан талаар би мэдэхгүй байна. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

            5. Гэрч Д.П- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2 давхрын баруун талын шатар явж байхад нөгөө эрэгтэй хүнтэй цуг явж байсан эмэгтэй шатны уруу унасан. Тэгэхэд нөгөө эрэгтэй хүн миний хойноос ирээд намайг зуураад байсан. Тэгээд цуг явж байсан эмэгтэйгээ янз бүрээр хараагаад байсан.” гэх мэдүүлэг /хх 19-20/,

            6. Гэрч Ш.Д- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөгөө эмэгтэй шатаар буух гэж байхад нь би хажуугаар нь зөрөөд шатаар бууж байхад нөгөө эрэгтэй хүн шатаар буух гэж байгаа эмэгтэй хүний араас жийж шатны уруу унагасан.” гэх мэдүүлэг /хх 24/,

7. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 764 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Б.Б.Б-гийн биед зүүн гарын шуунд битүү хугарал, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Б.Б.Б-гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

-Б.Б.Б-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 28-29/,

8. Шүүгдэгч Д.Д.Б-ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 38-42/, тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 45-19/,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Б-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч Б.Б.Б-гийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 14/”, шүүгдэгч Д.Д.Б-ын...” гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа” зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б- оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 140000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Улсын яллагч шүүгдэгч Д.Д.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал,  шүүгдэгч Д.Д.Б-  хувиараа хөдөлмөр эрхэлдэг тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасныг хянан үзэхэд шүүгдэгч Д.Д.Б- сар бүр тодорхой хэмжээгээр орлого олдог нь Хаан банкны ................ дансны хуулгаар тогтоогдож байх тул торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Д.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Б.Б.Б- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх 14/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 140000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Б- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

   6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ