Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ............. даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....... овогт Г.М -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ......... овогт Ц.Х  , ............ овогт Д.А нарт холбогдох 16221600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч Ц.Х-ын 2015 оны 12 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д , хариуцагч Д.А , хариуцагчийн өмгөөлөгч Д.Д , нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагч Ц.Х , Д.А нарт 11000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 1 сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн. Хариуцагч нарт 11 сая төгрөгийг тус болох үүднээс О.М-аас сарын 10 хувийн хүүтэйгээр өөрөө зээлж авч өгч зээлдүүлснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа боловч намайг О.М-аас тус мөнгийг сарын 10 биш 8 хувийн хүүтэй зээлж авсан хэмээн маргаж байгаа. Гэвч О.М-ын мэдүүлгээр сарын 10 хувийн хүүтэй 11 сая төгрөгийг авсан гэдэг нь нотлогддог. Намайг О.М-д 2015 оны 8 сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 сарын 17-ны өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд 4400000 төгрөгийг төлсөн гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2015 оны 12 сарын 17-ны өдөр 11000000 төгрөгийн дүнтэйгээр зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагч нар 2015 оны 12 сарын 17-ны өдөр гэрээ байгуулах үедээ мөнгө аваагүй, гэрээг Ц.Х-тай байгуулсан гэж маргаж байгаа хэдийч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт ‘’...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзнэ’’ гэсэн заалтаар хариуцагч нарын зээлсэн 11000000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, ийнхүү гэрээ байгуулснаас хойш хугацааны хүүг 2015 оны 12 сарын 22-ны өдрөөс эхлэн төлсөн. Тодруулбал гэрээний дагуу сар бүр 6 сарын хугацаанд төлөгдөх 1100000 төгрөгийн хүүг 2015 оны 12 сарын 22, 2016 оны 01 сарын 18, 2016 оны 02 сарын 16, 2016 оны 03 сарын 30, 2016 оны 06 сарын 11, 2016 оны 06 сарын 11-нд төлсөн.  Бид зээлийн гэрээний 2.6 дахь хэсгийн заалтаар зээлийн хүү төлөх хугацааг сард нь буюу зээл төлөх тухайн сардаа багтаан өгч, зээлийг хугацааны эцэгт бөөнд нь төлөхөөр тохирсон боловч  2015 оны 04 сард зээл төлөх хугацааг 45 хоног, 5 сард 11 хоног, үндсэн зээл төлөх хугацааг 485 хоногийн хугацаагаар тус тус хэтрүүлсэн. 2016 оны 06 сарын 11-ний өдөр зээлийн хүү төлөх хүүгээс гадна 300000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг алданги, үндсэн зээлээс хасч тооцсон буюу 2016 оны 06 сары 11-ний төлсөн 300000 төгрөгөөс 114000 төгрөгийг тэдний төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээр тооцогдох алдангийн дүнгээс 185600 төгрөгийг үндсэн зээлийн дүнгээс тус тус хасч тооцсон.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээл 10814400 төгрөг, гэрээний дагуу тооцогдох алданги 5407200 төгрөг, нийт 16211600 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Х  шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүхэд гаргасан тайлбартаа: Анх Д.А нь 2015 оны 08 сарын 12-ны өдөр Г.М , Г.Ч  нартай уулзаж 11000000 төгрөг зээлэх талаар ярилцан тохиролцож тухайн өдөр миний бие гар дээрээ бэлэн 9900000 төгрөг хүлээн авч 1100000 төгрөгийг Г.М  уг өдрөө хүүнд нь тооцон авч үлдсэн гэсэн. Бидний зүгээс зээлдүүлэгчид 11300000 төгрөгийг төлсөн ба зээлсэн үнийн дүнгээс 2400000 төгрөгийг илүү төлөөд байгаа. Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ‘’Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө  шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ’’, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ‘’Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана’’, ‘’Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно’’ гэж тодорхой заасан байдаг. Зээлдүүлэгчийн хувьд мөнгө шижлүүлэн өгсөн өдрөө буюу 2015 оны 08 сарын 12-ны өдөр бичгээр гэрээ огт байгуулаагүй, харин 4 сарын дараа буюу 2015 оны 12 сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан хэдий ч гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасанчлан дүр үзүүлсэн хэлцэл байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд зээлдэгчээс  бид 9900000 төгрөг зээлсэн, уг зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан төдийгүй 2400000 төгрөгийг илүү төлөөд байгаа учир уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч  Г.М  нь хариуцагч Ц.Х , Д.А нараас зээлийн үлдэгдэл 10814400 төгрөг,  2016 оны 06 сарын 17-оос 2017 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 5407200 төгрөг нийт 16221600 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Ц.Х  нь нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц.Х, Г.М  нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

  1. Нэхэмжлэгч Г.М-ийн16221600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

 

 Талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Г.М  нь хариуцагч Д.А-д 11000000 төгрөг зээлүүлэхээр аман хэлбэрээр гэрээ байгуулсан гэх боловч нэг сарын хүүнд тооцож 1100000 төгрөгийг суутган 9900000 төгрөгийг А-д зээлүүлсэн байна. Талууд хүү тооцохоор харилцан тохиролцсон байх боловч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д заасан бичгээр хийх шаардлагыг хангаагүй,  хариуцагч А нь нэхэмжлэгч Г.М-аас 9900000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан байх тул талуудын хооронд 9900000 төгрөгний хүүгүй зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

            Хариуцагч Д.А нь 2015 оны 9, 10, 11 дугаар саруудад нэхэмжлэгч Г.М-д нийт 3300000 төгрөгийг буцаан төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

            2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ц.Х  нарын хооронд 6 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй  зээлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна. /ХХ-5/

            Хариуцагч Ц.Х  нь зээлийн гэрээ байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмчлөлдөө мөнгө шилжүүлэн аваагүй боловч нэхэмжлэгч Г.М-тай зээлийн гэрээ байгуулсан байх тул хүүтэй мөнгө зээлэх хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэстэй байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д / ....... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн ........хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ/  зааснаар нэхэмжлэгч Г.М  нь Ц.Х  6600000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. /2015 оны 08 сарын 12-ны өдрийн 9900000 төгрөгний зээлээс 2015 оны 8, 9, 10 саруудад төлсөн нийт 3300000 төгрөгийг хасч тооцсон болно/  Зээлийн гэрээг бичгээр байгуулснаас хойш буюу  2015 оны 12 сарын 17-ны өдрөөс хойш хариуцагч Ц.Х , Д.А  нар нь  нэхэмжлэгчид 5500000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Дээрхи 5500000 төгрөгнөөс 6600000 төгрөгний зээлийн хүүнд 3960000 /660000*6= 3960000/ хасч тооцон үлдэгдэл 1540000 төгрөгийг зээлийн үлдэгдлээс хасч  хэрэг хянан шийдвэрлэх өдрийн байдлаар 5060000 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байна гэж дүгнэлээ. /1-Р ХХ -240-241/ 

            Нэхэмжлэгч  нь 2016 оны 06 дугаар сарын 17-ноос 2017 оны 11 дугаар сарын 02- ны өдрийг хүртэлх хугацааны алдангийг гаргуулахаар нэхэмжилж байна. 5060000 төгрөгний зээлийн үлдэгдлийн алданги хоногт 10560 төгрөг бөгөөд  нийт 501  /2016.06.18-2017.11.02 хүртэл/  хоногт тооцогдох алданги 5290560 төгрөг байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т /..... анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”/ зааснаар зээлийн үлдэгдэл 5060000 төгрөгний 50 хувь буюу 2530000 төгрөгний алдангийг тооцон хариуцагч Ц.Х , Д.А нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч Ц.Х , Д.А нараас нийт 7590000 гаргуулан нэхэмжлэгч Г.М-д олгож нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

  1. Хариуцагч Ц.Х-ыг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

2015 оны 12 сарын 17-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Ц.Х-ын сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.  Тус зээлийн гэрээг хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “ хууль зөрчсөн ..... хэлцэл” буюу  нэхэмжлэгч Г.М-аас эхнэр А нь зээлсэн байтал зээлийн гэрээг нөхөр Ц.Х-тай байгуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт  М-аас 9900000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд орон сууц худалдаж авах зорилгоор урьдчилгаа бүрдүүлэх гэж авсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч Ц.Х  нь 2017 оны 01 сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд “ 2015 оны 08 сарын 12-нд эхнэр бид 2 байранд орно гээд урьдчилгаа мөнгө хайж байсан. Эхнэр бид 2 нэхэмжлэгчтэй найз нөхөд байгаа юм..... хугацаандаа хүүг нь төлж байсан. 12 сарын 17-нд 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан“ гэх хурлын тэмдэглэлээр 2015 оны 08 сарын 12 ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зээлдэгч тал Ц.Х , Д.М  нар болох нь нотлогдож байна гэж дүгнэлээ. /1-Р ХХ-46-65

              Иймд Ц.Х , Г.М  нарын хооронд 2016 оны 12 сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хүчин төгөлдөр байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             

              Нэхэмжлэгч Г.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265971 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х, Д.А нараас 136390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар хариуцагч Ц.Х, Д.А нараас 7590000 /долоон сая таван зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Ц.Х-ын 2015 оны 12 сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгч Г.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265971 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Х , Д.А нараас 136390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ