| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2021/0019/э |
| Дугаар | 2021/ШЦТ/15 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/15
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүгдэгч Б.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хөвх овгийн Батсүхийн Батцэцэгт холбогдох 2026002550012 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Хөвх овгийн Батсүхийн Батцэцэг /РД:ВП92030500/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Хөвх овгийн Батсүхийн Батцэцэг нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт “Урьхан" нэртэй цайны газраас “Huawei P30 Lite” загварын гар утас буюу гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Д.Одончимэгт бага хэмжээнээс дээш хохирол болох 800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Батцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Тухайн зоогийн газар ороод сандал дээр суусан чинь хажуу талын сандал дээр утас байхаар нь аваад гарсан. Надад хулгай хийх санаа байгаагүй. Миний буруу, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Д.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр “Урьхан” зоогийн газар ажлаа хийж байсан юм. Би утсаа хаана тавьснаа санахгүй, утсаа олохгүй байснаас хойш Баянхонгор аймгаас хот руу явж байгаа хүмүүс орж ирж хоол идсэн. Нэг эмэгтэй хоол идэх гэж байгаад болиод гараад явчихсан. Би тэр эмэгтэйг миний утсыг авсан гэж бодсон. Дараа нь гар утсаа хүлээж авах үед тэр хоол идэх гэж байгаад больчихсон хүүхэн мөн байсан. Тэр хүүхэн утас оллоо гэж бодоод л аваад явсан юм шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Гэрч Э.Баяр-Золбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...2020 оны 11 дүгээр сарын 07-ны орой 18 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн Өлзийт сумаас 1 хүн суулгаад Улаанбаатар хот руу явах замдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Урьхан” зоогийн газарт хоол идсэн. Тэгээд цааш явж байгаад Тарны цагдаагийн постон дээр цагдаа нар манай машинд зорчиж явсан Батцэцэгийг шалгахад “Huawei P30 Lite” маркийн гар утсыг гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,
Шүүгдэгч Б.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумаас Улаанбаатар хот руу явж байсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирээд “Урьхан” гэх цайны газар хоол идэхээр зогссон. Би хүүхэдтэйгээ хамгийн урд талын ширээн дээр суусан. Миний сандлын хажууд саарал өнгөтэй том дэлгэцтэй гар утас байсан. Тэгэхээр нь баруун гараараа тэр гар утсыг аваад өмсөж явсан гадуур хувцасныхаа халаасанд хийсэн. Тэгээд хоол идэлгүй гараад машинд суучихсан. Надтай хамт явсан бусад хүмүүс хоол идчихээд гарч ирсэн. Тухайн үед би утсыг гаргаж ирж үзээгүй. Тарны уулзвар дээр миний сууж явсан машиныг цагдаа зогсоогоод намайг чи гараад ир гээд дуудсан. Цагдаа надаас “Өвөрхангай аймгаас утас алга болсон байна. Та авсан уу” гэж асуусан. Би энэ утас уу гээд гаргаад өгсөн. Би утсыг авснаас хойш огт унтраагаагүй оролдоогүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Huawei P30 Lite” гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хохирогч Д.Одончимэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хохирогч Д.Одончимэгт “Huawei P30 Lite” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №11/43 дугаартай “Хохирогч Д.Одончимэгийн эзэмшлийн “Huawei P30 Lite” маркийн гар утас 1 ширхэг 800000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 30-33 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2026002550012 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 35 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 61 хуудас/
Шүүгдэгч Б.Батцэцэгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-47/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46 хуудас/,
Хохирогч Д.Одончимэгийн шүүхэд ирүүлсэн “Б.Батцэцэгээс “Huawei P30 Lite” маркийн гар утсаа буцааж авсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Батцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Батцэцэг нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урьхан" цайны газраас “Huawei P30 Lite” загварын гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч Д.Одончимэгт 800000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Батцэцэг нь гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Д.Одончимэгийн “...Би тухайн өдөр “Урьхан” зоогийн газар ажлаа хийж байгаад утсаа хаана тавьснаа санахгүй, утсаа олохгүй байснаас хойш Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу явж байгаа хүмүүс орж ирж хоол идсэн. Нэг эмэгтэй хоол идэх гэж байснаа болиод гараад явчихсан. Дараа нь гар утсаа хүлээж авах үед тэр хоол идэх гэж байгаад больчихсон хүүхэн мөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
Гэрч Э.Баярзолбоогийн ”... 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумаас 1 хүн суулгаад Улаанбаатар хот руу явах замдаа Өвөрхангай аймгийн Арвайхээр “Урьхан” зоогийн газарт хоол идсэн. Тэгээд цааш явж байгаад Тарны цагдаагийн постон дээр цагдаа нар манай машинд зорчиж явсан Батцэцэгийг шалгахад “Huawei P30 Lite” маркийн гар утсыг гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 хуудас/,
Шүүгдэгч Б.Батцэцэгийн “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумаас Улаанбаатар хот руу явж байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирж “Урьхан” гэх цайны газар хоол идэхээр зогссон. Миний сандлын хажууд саарал өнгөтэй том дэлгэцтэй гар утас байсан. Тэгэхээр нь баруун гараараа тэр гар утсыг аваад өмсөж явсан гадуур хувцасныхаа халаасанд хийсэн. Тэгээд хоол идэлгүй гараад машинд суучихсан. Тарны уулзвар дээр миний сууж явсан машиныг цагдаа зогсоогоод нэг цагдаа надаас “Өвөрхангай аймгаас утас алга болсон байна. Та авсан уу” гэж асуухад би авсан утсаа гаргаж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Huawei P30 Lite” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 хуудас/,
2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хохирогч Д.Одончимэгт “Huawei P30 Lite” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №11/43 дугаартай “Хохирогч Д.Одончимэгийн эзэмшлийн “Huawei P30 Lite” маркийн гар утас 1 ширхэг 800000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 30-33 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2026002550012 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай”, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоолууд /хх-ийн 61 хуудас/
Хохирогч Д.Одончимэгийн шүүхэд ирүүлсэн “Б.Батцэцэгээс “Huawei P30 Lite” маркийн гар утсаа буцааж авсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгч Б.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Батцэцэгт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Батцэцэг нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.Одончимэгийн Б.Батцэцэгээс “Huawei P30 Lite” маркийн гар утсаа буцааж авсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хохирогч Д.Одончимэгт “Huawei P30 Lite” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-12 хуудас/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч Б.Батцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Б.Батцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.Батцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-т “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Батцэцэгт дээрх хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Батцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Одончимэгт “Huawei P30 Lite” маркийн гар утсыг буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөвх овгийн Батсүхийн Батцэцэгийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөвх овгийн Батсүхийн Батцэцэгийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батцэцэгт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Батцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Одончимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.