Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Лангандай овогт Д.Г-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1958 онд төрсөн. Энэ жил 60 нас хүрч байна. Улсад 27 жил ажилласан. Үүнээс 1975 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд хоньчиноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг, гарын үсгийн зөрчилтэй байгаа тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн  ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1975 оны 01 сарын 09-ний өдөр Д.Г-д олгосон 1975 оны 1-12 сар, 1976 оны 1-12  сар, 1977 оны 1-12 сар, 1978 оны 1-12 сар, 1979 оны 1-12 сар, 1980 оны 1-12 сарын цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1981 оны 04 сарын 25-ны өдөр Д.Г-д олгосон 1981 оны 1-12 сар, 1982 оны 1-12 сар, 1983 оны 1-12 сар, 1984 оны 1-12 сар, 1985 оны 1-12 сар, 1986 оны 1-12 сар, 1987 оны 1-12 сар, 1988 оны 1-12 сар, 1989 оны 1-12 сар, 1990 оны 1-12  сарын цалин хөлсний бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,

 Дундговь аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1979 оны 10 сарын 15-нд Д.Г-д олгосон 1980,  1981, 1982, 1983, 1984 оны 7 сарыг хүртэл хугацааны  цалин, татварын бичилттэй МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэх,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1973 оны 06 сарын 01-нд Д.Г-д олгосон №08282 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэх,

Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 02/19 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Д.Г-д  олгосон 1975 оны 1, 7 сар, 1976 оны 4 сар, 1977 оны 7, 12 сар, 1978 оны 2, 3 сар, 1980 оны 3 сар, 1981 оны 1, 3 сар, 1982 оны 1, 12 сар, 1983 оны 9, 10, 11, 12 сар, 1985 оны 1, 9 сар, 1986 оны 11 сар, 1987 оны 1, 9 сар, 1988 оны 7, 10 сар, 1989 оны 7 сар, 1990 оны 6, 11, 12 сар, 1991 оны 9 сарын цалингийн тооцооны хүснэгт,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 08/21 дугаартай лавлагаагаар: ‘’Луус сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 03 сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 02 сарын 09-нд Шинэ хөдөлмөр хоршоо болон өөрчлөгдсөн болно’’ гэжээ.

Гэрч О.О , Б.З , Г.М  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Д.Г-ын Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг  хүртэл хоньчиноор ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Г-ын Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл хоньчиноор ажиллаж байсан нь хэргийн 6-7-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтэр, 8-9-р хуудсанд авагдсан бат илэрхийлэх, нэгдлийн гишүүний үнэмлэх, 11-37-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Лангандай овогт Д.Г-ыг Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1975 оны 1 сарын 1-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР