Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Боржигон овогт С.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.С-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С  нь гэрээгээр олгогдоогүй эрхийг дур мэдэн хэрэглэж 145800000 төгрөгийн үнэ бүхий зам талбайн байгууламж, гурлын бөөний дэлгүүр болон бусад хөдлөх эд хөрөнгийн төлбөр тооцоог өнөөг хүртэл барагдуулалгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй, олдохгүй байна. Мөн утас нь холбогдохгүй, ямар дугаар дээр байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй болоод байна.

Иймд Ц.С-ийн оршин суух хаягийг тодруулж, эрэн сурвалжилж өгнө үү. Ц.С  нь Өмнөговь аймгийн Номгон сумын гаралтай бөгөөд Улаанбаатар хотод байдаг сурагтай байна гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.С-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Ц.С  нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суух хаяг нь тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ын С-ийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрэн сурвалжлуулах ажиллагааг гүйцэтгэхийг  Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Ц.С  нь Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат ба Улаанбаатар хотод оршин сууж байж болзошгүй гэх.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох   Ц-ын С-ийг эрэн сурвалжилсугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц-ын С-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Л.ХИШИГДЭЛГЭР