Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Чулуухай овогт Д.Ж-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, энэ жил 60 нас хүрч байна. Улсад 22 жил ажилласан. Үүнээс 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 17-ныг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд үхэрчинээр, мөн 1992 оны 02 сарын 7-ноос 1992 оны 12 сарын 31-ийг хүртэл Дундговь аймгийн Өлзийт сумын 2-р таван жил хувьцаат компанид үхэр маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул гэрч нарын мэдүүлэг, цалингийн тодорхойлолтыг үндэслэн 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ж  нь Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 17-ныг хүртэл, Дундговь аймгийн Өлзийт сумын ‘’2 дугаар таван жил’’ ХК-д 1992 оны 02 сарын 17-ноос 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчинаар  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

 Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын архиваас гаргаж өгсөн Д.Ж-ын 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991, 1992 оны цалин, хөлсний түүвэр тодорхойлолт,

Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 02/33 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлээс Д.Жд  олгосон 1984 оны 05, 07, 09 сар, 1985 оны 04, 09, 11, 12 сар, 1986 оны 03, 06, 10 сар, 1987 оны 02, 06, 12 сар, 1988 оны 03, 07, 08 сар, 1989 оны 02, 03 сар, 1990 оны 01, 10 сар, 1991 оны 01, 03, 11 сар, 1992 оны 01, 02, 03, 07, 08 сарын цалингийн тооцооны хүснэгт,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 08/35 дугаартай лавлагаагаар: ‘’Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл нь 1956 оны 02 сарын 13-нд байгуулагдаж, 1992 оны 02 сарын 17-нд ‘’2-р таван жил’’ ХК болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан болно’’ гэжээ.

Гэрч Д.А , Б.О , М.С  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Д.Ж-ын Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Өлзийт сумын ‘’2 дугаар таван жил’’ ХК-д 1992 оны 02 сарын 17-ноос 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 36 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Ж-ын Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил ХК-д 1992 оны 02 сарын 17-ноос 1992 оны 09 сарын 01-нийг хүртэл тус тус малчинаар ажиллаж байсан нь хэргийн 6, 8-59-р хуудсанд авагдсан цалингийн хөлсний тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Харин нэхэмжлэгчийн 1992 оны 09 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил ХК-д ажиллаж байсан байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч 1992 оны 10 сард хүүхэд төрүүлсэн гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 09 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг хүртэлх хугацааны ажилласан жилийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Чулуухай овогт Д.Ж-ыг Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 17-ны өдрийг хүртэл, Дундговь аймгийн Өлзийт сумын ‘’2 дугаар таван жил’’ ХК-д 1992 оны 02 сарын 17-ны өдрөөс 1992 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР