Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

 

 

2019         5              02                                              2019/ДШМ/413

 

   

Ц.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Ш.Алтанцэцэг,

            шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч О.Сайнгэрэл,

            хохирогч Т.Э,

            нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар улсын яллагчийн эсэргүүцлээр Ц.Бд холбогдох 1810009840384 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Батлаг овгийн Цйн Б, 1979 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш- орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12 дугаар байрны  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон үедээ 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ” хорооллын 12 дугаар байрны тоотод өөрийн гэртээ нөхөр Т.Этай маргалдаж байхдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний хэвлийд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас Батлаг овгийн Цийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Цржийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цжийн Бг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бгийн цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, Эрүүгийн 1810009840384 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эх, үрсийн хагацал гэж ямар аймшигтай зүйл болохыг мэдлээ. Өөрийн буруутай үйлдлээс болж хань ижлээ өвчтэй болгосондоо харамсаад барахгүй байна. Би бага насны 5-18 насны хоёр хүүхэдтэй. Эхнэр хүний үүргээ ухамсарлаж, биелүүлээгүйн улмаас хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг минь харгалзан надад оногдуулсан хорих ялаас хасч өгнө үү...” гэжээ.

 

Прокурор Ш.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэнэ”, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан бөгөөд гэрч, хохирогч аль нь ч “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэг хүлээсэн байдаг бөгөөд хэрэв худал мэдүүлэг өгсөн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж, байцаалт авсан байдаг тул тэдний мэдүүлэг хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан баримт мөн болно” гэснийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан зохих журмын дагуу авсан гэрч И.Батбүрэн, А.Амарсайхан, хохирогч Т.Э, шүүгдэгч Ц.Б нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр, шүүх хуралдаанд тэдний зориуд үгсэн тохиролцож урьдаас бэлдсэн нэг ижил мэдүүлэгт хөтлөгдөн шүүгдэгч Ц.Бгийн “хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Т.Эыг хутгалж хүнд хохирол санаатай учруулсан” хэргийн бодит үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ хорооллын 12 дугаар байрны 17 тоотод өөрийн гэртээ нөхөр Т.Этай маргалдан түүний хэвлийд нь хутгалж эрүүл мэндэд нь баруун талд суганы дунд шугамаар 9-10 хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч өрцийг нэвт хатган элэгний баруун 4, 5 дугаар сегмент, цөсний хүүдийг гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Т.Э /1хх 12-17/, гэрч С.Батбүрэн /1хх 20-21, 22-23/, А.Цэрэндорж /1хх 24-25/, шинжээч Т.Номинцэцэг /1хх 81-82/, шүүгдэгч Ц.Б /1хх 76-77/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4941 тоот дүгнэлт /1хх 29/, мөн хүрээлэнгийн шинжээчийн 4380, 4381 тоот, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 178 тоот дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-9/, мөрдөгчийн тэмдэглэл /1хх 11/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /1хх 66-69/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /1хх 92-93/, Т.Эын өвчний түүх /1хх 96-113/ зэрэг бичгийн баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл бусад болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бгийн “нөхөртэйгөө маргалдах явцдаа гал тогооны хэсэгт байсан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, хохирогч Т.Эыг хутгалж хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад үндэслэлгүйгээр зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Хохирогч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санаатай хутгалсан гэж үзэхгүй байна...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бгийн өмгөөлөгч О.Сайнгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэм буруугийн шүүх хуралдаанаас эхлэн өмгөөлөгчөөр оролцсон. Прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлэг дуусч гэм буруугийн шүүх хуралдаан болсон байсан учраас хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд хууль зөрчиж авагдсан, Ц.Б өөрөө яллах дүгнэлтээ гардаж авахдаа яллах дүгнэлтийн хавсралтыг аваагүй гэх ноцтой зөрчлүүдийг анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Шүүхээс гэм буруугийн хурал хэлэлцэж байгаа учраас нотлогдохгүй байна, шүүгдэгчийн сэдэлтийг нотолж чадаагүй учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс хэргийн зүйлчлэл буруу, Ц.Бгийн үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэж байгаа учраас прокурор шүүхэд хэргийг шилжүүлэхдээ дараах зүйл заалтыг зөрчсөн. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаагүй. Эд мөрийн баримтаар хутга хураагдаагүй. Хутгыг хурааж авсан тогтоол байхгүйгээс гадна, хэргийн газрын үзлэгийг хийхдээ мөн хууль зөрчсөн. Эд мөрийн баримтыг хурааж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар оролцсон этгээдэд нэг хувийг нь гардуулж өгдөг. Тухайн үед гэрч Батбурам нь хэргийн газар үзлэг хийхэд байсан. Мөн хуулийн 23.1 дэх заалтын мөн зөрчсөн. Тухайн үзлэгийг хийхдээ хөндлөнгийн гэрч нарыг оролцуулсан байдаг. Эдгээр хүмүүсийн гэрийн хаяг, утасны дугаар байдаггүй. Зөвхөн гарын үсэг л зурсан байдаг. Хавтас хэргийн 5 дугаар талд хөндлөнгийн гэрч Пүрэвжаргал, Амарсайхан гэх хүмүүсийн гарын үсэг нь ижилхэн байдаг. Үзлэг хийсэн баримт нь хэрэг хянан шийдвэлэх ажиллагааны шаардлагыг хангахгүй. Нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг нотолж чадаагүй. Хавтас хэргийн 14 дүгээр талд тухайн хэрэг болсон өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн байцаагч хохирогч Т.Эаас гэрчээр байцаалт авч, гарын үсэг зурсан. Гэрчээр байцаалтад зурсан гарын үсэг дараагийн хохирогчоор байцаалт өгсөн мэдүүлгийн гарын үсэг илт зөрүүтэй. ...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Т.Э хагалгаанд орсон. Нямдорж гэх эмч “биеийн байдал муу байгаа учраас мэдүүлэг өгөх боломжгүй” гэж хэлсэн. Хавтас хэргийн 14 дүгээр талд мөрдөн байцаагч Гэмтлийн эмнэлэгт очиход ямар ч мэдүүлэг өгөх боломжгүй байна хэмээн тодорхойлолт бичсэн атлаа 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр байцаалт авсан. Үүнийг прокурор сая хэлэхдээ хохирогчийн анхны мэдүүлэг үнэн гэж хэллээ. Гэтэл хагалгаанд ороод мэдүүлэг өгөх боломжгүй, биеийн байдал хүнд байсан хүн гэрчээр мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй. Хэрэв мэдүүлэг өгсөн байна гэж үзвэл биеийн байдал хүнд байх үед нь авсан мэдүүлэг нотлох баримт болохгүй. Тухайн мэдүүлгийг анх авахдаа Үндсэн хууль сануулаагүй учир энэ нь нотлох чанараа алдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд эд мөрийн баримтыг хураан авах, хураан авахдаа заавал тэмдэглэл үйлдэж, хураалгасан болон хамт байсан хүнээр гарын үсэг зуруулна. Эсхүл түүнийг эзэмшигчид нь гардуулж өгнө, өмгөөлөгчид нь өгнө гэснийг зөрчсөн. ...Мөн яллах дүгнэлтийг гардуулж өгөхдөө хуудасны дугаар, хавсралт хуудас дугаарыг бичээгүй. Яллах дүгнэлт 3 хуудас байгаа атлаа хавсралт хэсэгт хуудасны дугаар бичигдээгүй. Энэ нь нөхөж хийсэн байж болзошгүй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийг мөрдөн шалгахдаа хэт нэг талыг барьж, хэргийг хурдан шийдэх гэж, эсвэл хайхрамжгүй хандсан юм уу процессын олон ноцтой зөрчлүүд байсаар байтал анхан шатны шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь үнэн. Харин өнөөдрийн шүүх хуралдаанаар прокурор анхан шатны шүүх хууль зөрчсөн гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Прокурор өөрөө хэрэг хянан шийдвэрлэх явцад ямар нэгэн зөрчил гарвал түүнийг илрүүлж, арилгах үүрэгтэй. Гэтэл өөрөө үүргээ гүйцэтгээгүй, ийм хэрэг шүүхэд шилжүүлчихээд хууль зөрчлөө гэж ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Ц.Бгийн хамрын мурийлттай зураг хавтас хэрэгт авагдсан. Хохирогч Т.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тодорхой байна. Мөн 1 дүгээр сарын 20-ны өдөр хамрын хагалгаанд орох байсныг прокуророос шүүхэд хэргийг шилжүүлэхдээ түүнийг хорьсон учир хамрын хагалгаанд орж чадаагүйн улмаас Ц.Бгийн зүүн талын хамар нь өтгөн, шингэнээр дүүрч амьсгалах боломжгүй байгаа. Баруун талын хамрыг хугалсан. Хоригдож байгаа хугацаанд биеийн байдал амьсгалж чадахгүй хэцүү байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байвал хохирогч Т.Эын үйлдлийг яагаад шалгахгүй байна вэ. Хамар, хавиргыг нь хугалсан. Үүнийг өөрөө ч мэдүүлсэн. Гэрч Сэрсмаа, Цэрэндорж, Бүрэнбат нар мэдүүлэг өгсөн байхад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг үндэслэлээр Т.Эт эрүүгийн хэрэг үүсгэхгүй зөвхөн тухайн үед үйл явдал тодорхойгүй шалгасан хэрэгт Ц.Б яагаад ял эдлэх ёстой вэ. Хэрэг шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй байгаа учир хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Батлаг овгийн Цэрэндоржийн Баярмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, ял шийтгэл оногдуулжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх тухайн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

 

Анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинж шалгуурт тохирч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийдэг.

 

Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцдэг.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бгийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг хуульд нийцүүлэн тогтоож, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч  Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон үедээ 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ” хорооллын 12 дугаар байрны 17 тоотод өөрийн гэртээ нөхөр Т.Этай маргалдаж байхдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний хэвлийд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Баярмаа: “...би том охины өрөөнөөс гараад коридорт түүнийг гаргахгүй гээд хувцаснаас зуурч байхад тэрээр угз татаад л гараад явсан. ...Би Эрхэмбаярын биед хохирол учруулна гэж байхгүй, хүүхдийнхээ эцгийг хутгалчихаад коридор луу түлхэж гаргаж байх тийм хүч чадал надад байхгүй...” /1хх 77/, “...Би Эрхэмбаярын биед санаатайгаар гэмтэл учруулаагүй. Эрхэмбаяр гэрээсээ гарах гэхэд нь би араас нь зуурсан. ...Би Эрхэмбаярыг санаатайгаар хутгалаагүй. Эрхэмбаяр гэрт орж ирээд хэвлий хэсэгт зүсэгдсэн гэж хэлсэн. Гэтэл их хэмжээний цус гарсан тул сандраад түргэн дуудсан. ...Би хохирогч Эрхэмбаярын биед санаатай гэмтэл учруулах шалтгаан байгаагүй. ...Эрхэмбаярыг гэрт орж ирэхэд түүний хэвлий хэсгээс цус гарч байгааг мэдсэн. ...Тухайн үед Батбүрэн бид хоёр Эрхэмбаярыг худлаа баашилж байна гэж бодсон. Гэтэл нилээн их хэмжээний цус гархаар нь цусыг нь тогтоосон...” /2хх 1-20/,

 

хохирогч Т.Э: “...Тухайн үед согтуу байсан болохоор ухаан санаа орж гараад зарим зүйлийг огт санахгүй байна. ...Баярмаа л миний баруун хавирга орчимд нэг удаа хутгалж, надад гэмтэл учруулсан байх...” /1хх 14/, “...Би 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 2 найзтайгаа уулзаад хороололд нэг газар архи уусан. Тэгээд би шөнө гэртээ харьсан. Тэгээд унтаж байгаад сэрээд өглөө болж байна гэж бодож, гадагшаа архи уухаар гарсан. Гэтэл Баярмаа намайг гэрээс гаргахгүй гэсэн. Тухайн үед харанхуй байсан. Тэгээд би ширээн дээрээс хутга аваад Баярмааг “цаашаа бай” гэж хэлээд хаалгаа саваад гэрээсээ гарсан. Тэгээд орцонд сууж байтал хэвлийн хэсгээр халуун оргиод байхаар нь гэдсээ хартал хэвлийн хэсэгт зүсэгдсэн байсан. Тэгээд гэр лүүгээ буцаж орох гээд хаалгаа цохитол манай гэрийн хаалгыг Батбүрэн онгойлгосон. ...Тэгээд Баярмааг тохойлдож байгаад өөртөө гэмтэл учруулсан...” /2хх 1-20/,

 

гэрч М.Батбүрэн: “...Тэгтэл Эрхэмбаяр Баярмааг цохих шиг санагдсан. Тэгээд хаалга нүдээд байхаар нь би том өрөөнөөс босоод үүд рүү очиход Эрхэмбаярын гэдэснээс цус гарсан байдалтай байсан...”/1хх 21/, “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажил дээрээ байхад Баярмаа залгаад “Эрхэмбаяр гараад явчихсан, манайх тоггүй байна, чи ирээд хань болоод өг, Танан бид хоёр айгаад байна” гэхээр нь би “ажлаасаа эртхэн тараад Танан та хоёртой кино үзье, би та хоёрыг очиж авъя” гэж хэлээд гэрээс нь авч кино үзчихээд Баярмаагийн гэрт нь буцаж ирсэн. Тухайн үед гэр нь харанхуй, цахилгаанаа таслуулсан байсан. Орой Эрхэмбаяр гаднаас согтуу орж ирээд унтсан. Тэгээд унтаж байгаад нэг сэрэхэд Эрхэмбаяр, Баярмаа хоёр хоорондоо хэрэлдээд, Баярмаа “гарч яах гээд байгаа юм бэ, архи байгаа” гэж хэлэх шиг болсон. Гэтэл Эрхэмбаяр “гарнаас тавь” гээд хаалга хаагдах чимээ сонсогдсон боловч удалгүй буцаад хаалга тогшсон. Тухайн үед би Эрхэмбаяр, Баярмаа хоёрыг хоёулаа гарсан гэж ойлгоод хаалгыг нээхээр очиход Баярмаа гал тогооныхоо өрөөнд ганцаараа сууж байсан. Хаалгыг нээхэд Эрхэмбаярын фудволк цус болсон байхаар нь “юу болсон юм бэ” гэхэд Баярмаа гүйж ирсэн, Эрхэмбаяр гэртээ орж ирээд шалан дээр унасан. Би орц руу гарч харахад орцонд цус болчихсон байсан. ...Эрхэмбаяр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийхээ дараа Баярмаад агсам тавиад байдаг. Тухайн үед Эрхэмбаяр, Баярмаа хоёр чанга дуу гаргаж маргалдаагүй болохоор гайгүй байх гэж бодсон...” /2хх 1-20/,

 

гэрч А.Амарсайхан “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө 01 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12-17 тоотод хэвлийн тус газраа хутгалуулсан гэх мэдээлэлд хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тухайн үед Баярмаа өөрийгөө хутгалуулсан хүний эхнэр гэж байсан. Хэргийн газрын бүрэлдэхүүн гэрт ороход “би нөхрөө хутгалчихлаа” гээд байсан. Тэгээд би нөхрөө хутгалчихсан юм уу гэж асуухад толгой дохиод “тиймээ” гээд их согтсон байдалтай байсан...” /1хх 90/, А.Цэрэндорж “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед Баярмаагийн найз Батбүрэн над руу залгаад “Баярмаа бид хоёр ярилцаад байж байхад Эрхэмбаяр өөрийн ухаангүй шахам орж ирээд Баярмаатай маргалдсан, нэг мэдэхэд Эрхэмбаярын гэдэс орчмоос цус гарч байхаар нь түргэн тусламж дуудчихсан. Эрхэмбаярыг Цэргийн төв эмнэлэг рүү аваад явсан” гэж хэлсэн...” /1хх 24-25/, Ж.Сэрсмаа “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний шөнө Цэрэндорж надад “Баярмаагийн найз Батбүрэн ярьж байна, Баярмаа, Эрхэмбаяр хоёр маргалдаад байсан, Баярмааг цагдаа аваад явчихлаа, Эрхэмбаяр цус алдаад байхаар нь түргэн дуудчихлаа” гэж ярьж байна гэж хэлсэн...” /1хх 26-27/,

 

шинжээч эмч Т.Номинцэцэг “...Эрхэмбаярын биед учирсан дээрх гэмтлүүд нь Цэргийн төв эмнэлгийн өвчний түүхээс үзэхэд ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна. Шинжээчийн дүгнэлтэд дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж бичиглэлийн алдаа гаргасан байна...” /1хх 81-82/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Эрхэмбаярын биед баруун талд суганы дунд шугамаар 9, 10-р хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрч өрцийг нэвт хатган элэгний баруун 4, 5 дугаар сегмент, цөсний хүүдийг гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цээж хэвлийн хөндийн цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан...” болохыг тогтоосон 4941 дугаар дүгнэлт /1хх 29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хэргийн газрын үзлэгээр бинтэд бэхжүүлсэн улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн байна. Уг цус нь В /III/ бүлгийн харьяалалтай” болохыг тогтоосон 4380 дугаар дүгнэлт /1хх 30/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...хар өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд дээж хүрэлцэхээргүй байгаа тул бүлгийн харьяалал, хүний, амьтны аль болохыг тогтоох боломжгүй...” болохыг тогтоосон 4381 дугаар дүгнэлт /1хх 33/,

 

Сэтгэцийн эрүүл мэндий үндэсний төвийн “...Ц.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Б нь болсон үйл явдлыг зөв тайлбарлан мэдүүлэх чадвартай, Ц.Б нь сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримтгүй, Ц.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” болохыг тогтоосон 178 дугаар дүгнэлт /1хх 155-157/-үүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-9/, хохирогч Т.Эын өвчний түүх /1хх 96-113/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримт, учирсан хор уршигийн шалтгаан холбоог нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Прокурор Ш.Алтанцэцэгийн “...үндэслэлгүйгээр зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн утга бүхий улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь, Монгол Улсын  Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлагын нийтлэг үндэслэл, зарчмуудыг тогтоон, нийгэмд аюултай ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох талаар нэг бүрчлэн тодорхойлон хуульчилсан.

 

Шүүх аливаа эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн субъектив талыг зайлшгүй тогтоох ёстой бөгөөд уг хэрэг чухам ямар гэмт хэрэг болох, түүний бүрэлдэхүүн, үндсэн шалгуур шинж, хөөн хэлэлцэх хугацаа, харьяаллын тухай асуудлыг авч үздэг.

 

Өөрөөр хэлбэл, ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүн нь эрх зүйн хэм хэмжээгээр урьдчилан тодорхойлсон гэм буруутайд тооцогдох иргэн /хуулийн этгээд/,-ийн нийгэмд харш үйлдэл, эс үйлдэхүйг бүрдүүлэгч шинжүүдийн нийлбэр юм.

 

Мөн хууль зүйн ач холбогдлоор гэмт хэргийн заавал байх шинж, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, эсхүл хариуцлагыг үгүйсгэх нөхцөл байдал, албан тушаалтан эсхүл иргэн, хуулийн этгээдэд холбогдох гэх мэт тухайн хуульд заасан нэмэгдэл болон үндсэн шинжийг нэг мөр шалгаж тогтоодог.

 

Эдгээрийг шалгасны эцэст шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

 

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

 

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 14-ний орой шүүгдэгч шүүгдэгч Ц.Б согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн, 2.67 хувийн согтолттой байсан бөгөөд түүний нөхөр Т.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирээд эргэж гарна гэж тэд өөр хоорондоо маргах явцад хохирогч Т.Э нь Ц.Бгийн гарт нь байсан хутганд хутгалагдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон ба үүнд шүүгдэгч Ц.Бгийн шууд санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг урхамсарлаж, түүний улмаас хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдээгүй, тухайн хор уршигт зориуд хүргэсэн гэх сэдэлт, санаа зорилго тогтоогдсонгүй гэж дүгнээд шүүгдэгч Ц.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан хэмээн хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн нотлон тогтоожээ.

 

Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлд гэрч М.Батбүрэн болон хохирогч Т.Э нарт хууль сануулсан талаар тусгагдсан, мөн хууль сануулсан баримтад тэд гарын үсэг зуржээ. /2хх 11-12/

 

Дээрх байлдаас үзэхэд гэрч М.Батбүрэн болон хохирогч Т.Э нарын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг худал гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг үндэслэж анхан шатны шүүх прокуророос Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдал зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ц.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэх юм.

 

 Иймд шүүгдэгч Ц.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, прокурор  Ш.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: