Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2020/0664/З |
Дугаар | 128/ШШ2020/748 |
Огноо | 2020-12-02 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2020/748
2020 оны 12 сарын 02 өдөр Дугаар 0748 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Ж
Хариуцагч: НЗД
Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот захирамжийн хавсралтын 43 дахь хэсэг буюу Ө.Ж-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 23,900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, Б.Б-У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Ө.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Ө.Ж нь НЗД-ын 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, 8 дугаар байрны хажуу талд 841 м.кв газрыг эзэмших эрхийг авсан. Тухайн газарт барилга барихаар төлөвлөн архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл зэргийг аваад ажлаа эхлүүлээд байхад 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр НЗД-ын А649 тоот захирамжаар дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжийг хүчингүй болгуулахаар 2013 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг маргаан 4 жил гаруй үргэлжилж байгаад тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот шийдвэрээр НЗД-ын дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож Ө.Ж-ийн газар эзэмших эрхийг нь сэргээсэн. Энэ шийдвэрийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимаас анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн магадлал тогтоол гарсан. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 21-ний адар уг маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн НЗД-ын А******* тоот захирамжаар Ө.Ж-ийн газар эзэмших эрхийг нь 15 жилийн хугацаагаар сэргээсэн. 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахин шинэчлэн гэрчилгээ олгосон. Шүүхээр 4 жил гаруй хугацаанд шүүхээр маргаантай байх хугацаанд өмнө гарч байсан архитектур төлөвлөлтийн даалгавар болон бусад зөвшөөрлийн хугацаа нь дууссан байсан учир өнгөрсөн хугацаанд хугацаа нь дууссан зөвшөөрлүүдээ дахин авахаар зэхэж байсан. 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр барилга барихаар бэлдэж байсан барилгын суурь болон хашааг буулгаж, 5 дугаар сарын 23-ны өдрийн хагас сайн өдөр барилга барихаар ухсан байсан нүхийг шороо асгаж тэгшилсэн. Яагаад тэгшилсэн тухай учрыг нь лавлахад НЗД-ын тамгын газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэлд “стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашааг стандартад нийцүүлж шинэчлэн сайжруулах тухай” мэдэгдлийг газар эзэмшиж байсан иргэдэд хүргүүлсэн энэ мэдэгдлийн дагуу арга хэмжээ аваагүй учир НЗД-ын 5 дугаар сарын 27-ны өдрийн А******* дугаар захирамж гараад, захирамжийн биелэлтийг хангаж байна гэсэн. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу арга хэмжээ авч байна гэж байгаа боловч 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ийм хурал хийгээд, захирамж гарсан ч захирамжаа газар эзэмшигч Ө.Ж-т эрх бүхий байгууллага, албан тушаалтын зүгээс мэдэгдээгүй байдаг. Гэнэт 5 дугаар сарын 22-ны өдөр газар дээр нь ирээд газрын хашааг нь нурааж, маргааш нь нүхийг нь булах үйл ажиллагаа явуулж эхлэхэд ийм асуудал үүсээд байгааг мэдсэн. Тухайн үед хүмүүс газраа булуулахгүй, хашаагаа нураалгахгүй гэж эсэргүүцэхэд цагдаагийн байгууллагаас саатуулсан байдаг. Үүний дараа судалж үзэхэд НЗД-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдийн ******* тоот захирамжаар “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг тус тус үндэслээд хавсралтад заасан газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн хуулийн этгээдийн барилгын түр хашааг албадан буулгаж газрыг чөлөөлсүгэй гэх” захирамж гарсан. Уг захирамжийн 43 дахь хэсэгт стандартын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр Ө.Ж-ийн газрыг хамруулсан байсан.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйл, 59 дүгээр зүйлд “...зохих зөвшөөрөлгүйгээр эсвэл дур мэдэн газар эзэмшсэн бол” гэх үндэслэл байдаг. Гэтэл Ө.Ж нь төрийн эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөлтэйгөөр газрыг эзэмшиж байхад хуулийн буруу зүйл заалт хэрэглэж захирамж гаргаж хашаа буулгаж, ухсан газрын булсан нь хууль бус юм...” гэв.
Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Стандартын шаардлага хангаагүй орчны аюултай байдал үүсгэсэн, барилга барих зориулалтаар газрыг ухаад олон жилийн турш хашаалаад орхисон үйлдэлд НЗД-ын 2019 оны ******* дугаар захирамжаар “...Нийслэлийн нутаг дэвсгэрт өнгө үзэмжгүй, үзэгдэх орчныг хязгаарласан, нийтийн эзэмшлийн зам талбайг хашсанаас иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашаалснаас хөрсний ус ихээр хуримтлагдан, ахуйн хог хаягдал дүүрч орчныг бохирдуулсан зэрэг нийт 379 байршилд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдийн судалгааг гаргасан. Энэ дотор иргэн Ө.Ж-ийн эзэмшил бүхий газар байсан. 379 байгууллагын жагсаалтыг манай байгууллагаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2020 оны 02 дугаар сард цахимаар болон олон нийтийн телевизүүдээр стандартын дагуу шинэчлэх сайжруулах тухай иргэн аж ахуйн нэгжүүдэд уриалга гаргасан. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын дүүрэг хариуцсан мэргэжилтнүүдээр дамжуулан тухайн дүүрэг дээр оршиж байгаа барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжүүдэд албан мэдэгдлийг өгч ажилласан. Үүний дагуу 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн НЗД-ын зөвлөлийн хурлаар “стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө аюулгүй байдалд хохирол учруулж байгаа барилга угсралтын талбарын түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах арга хэмжээ авч, зөрчлөө арилгаагүй албан байгууллага иргэний хашааг албадан буулгаж гаргасан зардлыг холбогдох байгууллага иргэн аж ахуйн нэгжээр нөхөн төлүүлэхийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга н.Э, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга н.Төмөрдуламд, Нийслэлийн цагдаагийн газрын удирдах газрын дарга н.Ядамдоржид, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга н.Ууганбаяр нарт” үүрэгдүүлж өгсний дагуу иргэн Ө.Ж-ийн хашааг албадан буулгаж, ухсан нүхийг булах ажил хийгдсэн. 5 дугаар сарын 15-ны өдрийн хурлын үүрэг даалгаврыг эрчимжүүлэхээр 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар эрчимжүүлэх тухай тэмдэглэл өгөгдсөн. Үүний дагуу 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зөрчлийг арилгах арга хэмжээ авч ажилласан...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “НЗД-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот захирамжийн хавсралтын 43 дахь хэсэг буюу Ө.Ж-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, дээрх хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 23,900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” гэж тодорхойлжээ.
Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс “…НЗД шүүхийн шийдвэрийг үндэслэн 2017 оны 10 дугаар. сарын 05-ны өдрийн А/******* тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг сэргээж, тус газрын газар эзэмших гэрчилгээг 15 жилийн хугацаагаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шинэчлэн олгосон байхад манай барилгын суурь ухаж, гадуур нь татсан хашааг буулгаж, барилгын суурь цутгахаар ухсан нүхийг булж хууль бус үйл ажиллагаа явуулсан” гэж, хариуцагчаас “…нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангаагүй олон жил хашаалснаас хөрсний ус ихээр хуримтлагдан ахуйн хог хаягдлаар дүүрч орчныг бохирдуулсан гэж иргэдээс гомдол ирсний дагуу шалгалт явуулж маргаан бүхий газрын хашааг буулгаж нүхийг булах ажиллагаа хийгдсэн нь маргаан бүхий газар эзэмшигчийн эрхэд халдаагүй…” гэж маргажээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар Тогтоолоор иргэн Ө.Ж-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 8 дугаар байрны урд байрлах 842 м.кв газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон НЗД-ын шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогчид маргаан бүхий газрын эзэмших эрхтэй маргаагүй болно.
НЗД-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “газар албадан чөлөөлөхтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай” А /******* дугаар захирамжаар НЗД-ын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдааны тэмдэглэлд заасны дагуу стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын талбайн түр хашааг стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд зохих арга хэмжээ аваагүй хавсралтад заасан газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн барилгын түр хашааг буулгаж, газрыг чөлөөлүүлэхээр захирамжилж, уг захирамжийн хавсралтын 43 дугаар талд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 15 дугаар сургуулийн зүүн хойно иргэн Ө.Ж-ийн эзэмшлийн хашааг стандартын шаардлага хангаагүй гэж үзжээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор “нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах” журам баталж, НЗД-ын 2019 оны “Хотын стандартын баримт бичгийг мөрдүүлэх тухай” А/456 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өмчийн хэлбэрээс үл хамаарч хашаа, хайс, түр хашаа, амьд хайсыг хотын стандарт, норм, дүрэмд нийцүүлэн барьж, ашиглахыг үүрэг болгожээ.
Мөн НЗД-ын 2020 оны “Нэг хот- Нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай А/01 дүгээр захирамжийн хүрээнд стандартын бус, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбогдуулан стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хог хаягдалтай ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаа бүхий газруудын судалгааг гаргаж, арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгож, энэ ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нөгөөтэйгөөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг дарга 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 72 тоот албан бичгээр НЗД-д “…тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр хорооллын 8 дугаар байрны урд тал, Александр 20 дугаар байрны хойно байрлах иргэн Жүгдэрийн эзэмшил газар нь 2012 оноос хойш барилгын нүх ухаж орхиод 8 жил болж, уг нүхэнд хог ихээр хуримлагдаж, дулааны улиралд борооны ус дүүрч өмхийрдөг тул 8, 9, 10, 20 дугаар байрны 384 өрхийн 1450 гаруй иргэд салхивчаа онгойлгох боломжгүй гэж иргэдээс удаа дараа гомдол гарч өдийг хүрч байгаа тул арга хэмжээ авч өгөх”-ийг хүсэж, уг албан бичгийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгчид 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 02-04-334/621 дугаартай албан шаардлагыг хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Улсын байцаагчийн албан шаардлага, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд, уг газарт 8 дугаар байрны оршин суугчид болон тус байрны СӨХ-ийн цэвэрлэгчид ахуйн хог хаягдал хаядаг талаарх тодруулгыг Ө.Ж гаргасан байна.
Хэдийгээр маргаан бүхий газар иргэн Ө.Ж-ийн эзэмшил газар боловч 2013 оноос 2017 он хүртэл шүүхийн маргаантай байж, тус газарт хийлгэсэн үйлчилгээтэй орон сууцны Архитектур төлөвлөлтийн даалгаврыг дахин хийлгээгүй байх тул нэхэмжлэгчийн “…барилга барихаар ухсан нүхийг буцаан булсан нь хууль бус” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
НЗД-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамж нь НЗД-ын 2020 оны 12 дугаар хуралдааны тэмдэглэлд заасан стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа барилга угсралтын талбайн түр хашааг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Засаг даргын захирамжид заасны дагуу стандартад нийцүүлэн шинэчлэн сайжруулах зорилготой байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэсэн”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцсэн байна.
Учир нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “газар төрийн хяналт хамгаалалтад байх” зарчмын хүрээнд иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн хүрээнд бодит нөхцөлийг тогтоож, зохих шаардлагыг тавьж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулсан хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-д “газрыг үр ашигтай, зохистой ашиглах хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” үүрэгтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд маргаан бүхий НЗД-ын 2020 оны ******* захирамжийн Ө.Ж-т холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргээгдэхээргүй байна.
Нэгэнт маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн үндэслэлтэй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул 23,900.000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч энэ тохиолдолд суурийн нүх ухсаны төлбөр 16,700.000 төгрөг, барилгын гадна хашааны төлбөр гэх 7,200.000 төгрөг нийт 23,900.000 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 35 дугаар зүйлийн 35.3.2-д заасныг баримтлан Ө.Ж-ийн НЗД-д холбогдуулан гаргасан “НЗД-ын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай захирамжийн хавсралтын 43 дахь хэсэг буюу Ө.Ж-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, дээрх хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 23,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ