Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2015/0127/З |
Дугаар | 221/МА2015/0541 |
Огноо | 2015-11-26 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 11 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2015/0541
2015 оны 11 сарын 26 өдөр | Дугаар 541 | Улаанбаатар хот |
Г.Э-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар шийдвэртэй, Г.Э-н нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1997-2005 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 2008-2009 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт офицер, 2009-2012 онд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар тус тус ажиллаж байсан.
Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 148 тоот тушаалаар тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн эрх зүйн тасагт мэргэжилтнээр томилогдож ажилласан. Ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд өөрийн мэдлэг боловсрол, туршлага, ур чадвараа дайчлан төрийн албан тушаал эрхлэх, мэргэжлийн дагуу салбартаа шударгаар ажиллаж байсан ба 2013, 2014 оны үр дүнгийн гэрээгээ А дүгнүүлж байсан.
Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаал нь миний эрхийг хөндсөн хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах гүйцэтгэх албан тушаалыг мэргэжлийн үндсэн дээр эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй гэж тус тус заасан ба миний хувьд төрийн албан тушаалыг эрхлэх мэдлэгтэй, боловсролтой, туршлагатай, ур чадвартай мэргэшсэн албан хаагч юм.
Би Цагдаагийн байгууллагын тухай хуульд заасны дагуу 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн тангараг өргөж төрийн тусгай албаны жинхэнэ албан хаагч болсон. Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 тоот тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дахь хэсэгт Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэжлийн шалгалт өгнө гэж заасан ба миний бие Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй, уг хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдаагүй болно.
Мөн дээрх тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ гэж заасан нь төрийн албанаас чөлөөлөх заалт биш төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах зохицуулалт бүхий заалт бөгөөд эдгээрийг үндэслэн намайг төрийн албанаас чөлөөлсөн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай илт хууль бус тушаал болжээ.
Дээрх үндэслэлээс харахад Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан тушаал нь эрх зүйн үндэслэлгүй захиргааны акт юм.
... Мөн Г.Э намайг төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад тэнцэж тангараг өргөөгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь зөрчиж, ялгаварлан гадуурхаж, тэгш бус хандсан гэж үзэж байна.
Иймд Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж байгаа учраас миний гомдлыг хуулийн хүрээнд шударгаар хянан шийдвэрлэж Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн тасгийн Гомдол, хүсэлт шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаалаар иргэн Г.Э-ыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн тасгийн гомдол хүсэлтийн шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтнээр томилсон. Түүнийг анх Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн томилсон ба уг хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшнээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасан байна.
Г.Э Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон албанаас халагдсан байсан ба Ашигт малтмалын газарт ажилд орох үедээ ажилгүй байсан нь Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасан төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн мэргэжлийн түвшнээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэсэн заалттай нийцээгүй болно.
Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчдаас шалгаруулж авна гэж заасан ба Г.Э нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 1993 оны 264 дүгээр тушаалаар Цагдаагийн дээд сургуулийн хуулийн ангид суралцаж 1997 онд цагдаагийн тангараг өргөсөн нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч биш, төрийн тусгай албан хаагч юм.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн тухайн тушаалын чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон ажлын байрны тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах эрхтэй байхаар заасан ба тухайн эрхийн хүрээнд ажлын байрны тодорхойлолтыг Г.Э-той шинэчлэн баталсан. Тухайн албан тушаалд мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Э-н ажлын байрны тодорхойлолтод агентлагийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хууль хяналтын байгууллагатай харилцаж, санал дүгнэлт тайлбар гаргах, шүүх хуралдаанд оролцох үндсэн зорилтын хүрээнд агентлагийн эрх ашгийг шүүхэд төлөөлж оролцоогүй тул төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй мэргэжилтэн гэж үзэж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах тохиолдлуудыг хуульчилж өгсөн ба 9.1.7-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн бол хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана гэж заасан.
Г.Э-ыг ажилд томилсон Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаал захиргааны актын хуульд нийцсэн байх шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 17.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй шийдвэр байсан.
Дээрх үндэслэлүүдээр Г.Э-ыг сонгон шалгаруулалтад тэнцэж төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй гэж үзсэн тул Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар ажилд томилсон тушаалын Г.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Ашигт малтмалын газрын даргын дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуульд нийцэж гарсан захиргааны акт тул иргэн Г.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан Г.Э-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоожээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч иргэн Г.Э-ыг Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаалаар тус газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн тасгийн гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтнээр томилсон байдаг. Гэтэл дээрх тушаал нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байсан тул Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаал гарч, холбогдох шийдвэрийг хуульд нийцүүлэх /залруулах/ арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаал нь хэд хэдэн үндэслэлээр хуулийн шаардлага хангахгүй байсан тул Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалаар төрийн байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрийг хуульд нийцүүлэх зарчмын дагуу өөрчлөх шийдвэр гаргасан. Энэхүү маргаан бүхий акт буюу Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй болохыг дор дурдсан үндэслэлүүдээр тодорхойлж байна. Үүнд:
... Сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн заалтын дагуу Ашигт малтмалын газарт ажиллаж байсан эсхүл бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд уг орон тоон дээр ажиллахыг хүссэн иргэдээс ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан албан хаагчийг авч ажиллуулахаар зохицуулсан байна.
Гэвч тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу буюу Ашигт малтмалын газарт ажиллаж байгаа болон төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа болон төрийн бусад байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас уг сул орон тоог нөхөх боломжгүй байжээ. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 17.4 дэх хэсэгт заасны дагуу сул орон тоог нөхөхөөр зохицуулсан. Гэвч Ашигт малтмалын газрын дарга 2013 оны 04 дүгээр сард уг сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн байсан. Тодруулбал, Ашигт малтмалын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Эрх зүйн тасгийн гомдол, хүсэлтийн шийдвэрлэлт хариуцсан ажлын байрны орон тоог нөхөхдөө тухайн үед төрийн албанд ажиллаж байсан иргэдээс сонгон шалгаруулаагүй, мөн төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс аваагүй байна.
Нэхэмжлэгч иргэн Г.Э нь тухайн үед буюу Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаал гарах үед Ашигт малтмалын газар болон төрийн бусад байгууллагад ажиллаж байгаагүй, мөн төрийн албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдээгүй байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч Г.Э-н анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар нотлогддог. Ийнхүү хуулиар тодорхойлсон шаардлагыг зөрчиж гарсан эрх зүйн актыг өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд Ашигт малтмалын газрын дарга 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаал гаргаж, өөрчилсөн байна.
... Ашигт малтмалын газраас 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3-3850 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газраас лавлагаа хүссэн албан тоот явуулсныг маргаан бүхий акт буюу АМГ-ын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалын үндэслэл болсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд уг Б/158 дугаар тушаалд дээрх лавлагааг дурдсан, эсхүл түүнийг үндэслэсэн ямар ч зүйл, заалт байхгүй болно.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.7 болон АМГ-ын даргын 2014 оны Б/158 дугаар тушаалд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй гэдэг нь иргэн төрийн албанд ороход тавигдах шаардлага болохоос төрийн албанд ажиллаж байхдаа албан үүргээ хэрхэн гүйцэтгэсэнтэй холбоотой зохицуулалт биш болно. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн гэж заасан бөгөөд уг заалтад заасан мэдлэг, ур чадвартай эсэхийг төрийн албаны мэргэшлийн шалгалтаар тогтоодог. Харин нэхэмжлэгч Г.Э нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамрагдаагүй тул төрийн албанд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй болно.
... Ашигт малтмалын газрын даргын 2014 оны Б/158 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт Энэ хуулийн 23.2, 24.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөн, 25 дугаар зүйл, 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас халагдсан хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө гэж заасан байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт дурдсан нэхэмжлэгч Г.Э төрийн албанд орохдоо төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн байх шаардлага хариуцагч Ашигт малтмалын газарт бус харин нэхэмжлэгчид хамааралтай болохыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д заасан байна.
Ашигт малтмалын газрын дарга Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийн хүрээнд, хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг төрийн албанд авсан шийдвэрийг хуульд нийцүүлэн өөрчлөх ажиллагаа хийснийг шүүхээс буруутган дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 17.1 болон уг хуулиар тогтоосон холбогдох стандартыг зөрчиж гарсан АМГ-ын даргын 2013 оны 148 дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан залруулсан Ашигт малтмалын газрын хууль ёсны шийдвэрийг анхан шатны шүүх буруутгасан нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлага хангаагүй асуудал ганц нэхэмжлэгч Г.Э-н тухайд яригдаагүй бөгөөд хуулийн уг шаардлага хангаагүй Ашигт малтмалын газарт томилогдон ажиллаж байсан 8 иргэнийг хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн болно.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ажилд томилогдон үр дүнгийн гэрээ байгуулан, цалин хөлс авч байснаараа Г.Э Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан төрийн албан хаагч төдийгүй 11.2-т заасны дагуу эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай гэсэн байна.
Гэтэл Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.Э-н хувьд Төрийн албаны хуулиар тодорхойлсон шаардлага хангаж томилогдоогүй тул хэдий төрийн албан тушаалд ажиллаж, цалин хөлс авч байгаа боловч төрийн жинхэнэ албан хаагчийн статусыг эдлэх боломжгүй юм.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар шийдвэр дээрх үндэслэлүүдээр хууль зүйн үндэслэлгүй байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/158 дугаар тушаалаар тус агентлагийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн эрх зүйн тасгийн Гомдол, хүсэлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Э-ыг ... төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага хангаагүй, сонгон шалгаруулалтад тэнцэж тангараг өргөөгүй, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 56 дугаар тушаалаар цагдаагийн албанаас халагдсан гэсэн үндэслэлээр түүнийг ажилд томилсон Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 148 дугаар тушаалын Г.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дараах байдлаар хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэгч Г.Э нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр ажилд томилогдож, үр дүнгийн гэрээ байгуулан хариуцагч байгууллагад 1 жил 6 сарын турш ажиллаж, түүнийгээ дүгнүүлэн, цалин хөлс авч байсан зэрэг нь холбогдох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч мөн гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан дээрх хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаар бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар хангагдах учиртай гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хариуцагчаас давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ... нэхэмжлэгч Г.Э-н хувьд Төрийн албаны хуулиар тодорхойлсон шаардлага хангаж томилогдоогүй тул хэдий төрийн албан тушаалд ажиллаж, цалин хөлс авч байгаа боловч төрийн жинхэнэ албан хаагчийн статусыг эдлэх боломжгүй юм гэж тайлбарласныг хүлээж авах боломжгүй юм.
Учир нь, нэхэмжлэгч Г.Э уг албан тушаалд ажиллахаар хүсэлт гаргаж холбогдох материалаа бүрдүүлж өгсөн байх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан томилсон, Г.Э-н анх ажилд орохоор гаргаж өгсөн материалд хуурамч баримтууд байгаагүй болох нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон нөхцөл байдал үүсээгүй байна.
Мөн нэхэмжлэгч Г.Э-н 2013, 2014 онуудын үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшнийг 91.0 А, 90.0 А үнэлгээгээр тус тус үнэлж, түүнийг нь дараагийн шатны дарга баталгаажуулсан болох нь илтгэх хуудсаар нотлогдсон, түүнчлэн ажиллаж байх хугацаандаа алдаа, зөрчил гаргаж байсан талаар баримт байхгүй байхад түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлүүдэд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэлүүдийн алинд ч хамаарахгүй байна.
Хариуцагчаас ... нэхэмжлэгч Г.Э нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад хамрагдаагүй тул төрийн албанд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй болно гэж давж заалдах гомдлын өөр нэг үндэслэлээ тодорхойлжээ.
Гэтэл хариуцагч Ашигт малтмалын газрын дарга хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад оролцох боломжоор хангаагүй атлаа түүнийг ...сонгон шалгаруулалтад тэнцэж тангараг өргөөгүй гэх үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн нь Г.Э-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Иймд, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ