Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 122

 

 

М.Уранбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Уранбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Вишнфанд ББСБ” ХХК-д холбогдох

 

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Е16/06/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Уранбилэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Уранбилэг нь анх "Вишнфанд ББСБ" ХХК-д 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь салбарын нягтлан бодогчоор ажилд орсон. Би ажилд орсноосоо эхлэн нягтлан бодогчийн үүрэгт ажлаа ямар нэгэн алдаа зөрчилгүй гүйцэтгэж ирсэн. Намайг "Вишнфанд ББСБ" ХХК-ийн захирал Э.Уянга, хүний нөөцийн захирал Г.Алтантуяа нар нь үнэнч шударгаар ажиллаж зүй ёсны шаардлага тайлбар гаргадаг надад дургүйцэн тус байгууллагын гадаад удирдлагуудад худал буруу мэдээлэл өгч үүний уршгаар намайг урьд нь ажлаас 2 удаа хуулийн үндэслэлгүйгээр халж хохироож байсан. Би зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж шүүх "Вишнфанд ББСБ" ХХК-ийн хууль зөрчсөн буруутай үйлдлийг тогтоож намайг 2 удаа ажилд эгүүлэн томилох шударга шийдвэр гаргаж байсан. Улмаар шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр эсэргүүцэж намайг ажилд эгүүлэн авахгүй гэж мэдэгдлийг бичгээр өгч надад сэтгэл зүйн маш их дарамт учруулж байсан. Иймд би аргагүйн эрхэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж гүйцэтгэлийн албаны ажиллагааны дагуу ажилдаа эргэн орсон боловч надад байнгын дарамт шахалт үзүүлдэг байсан болно. Намайг сэтгэл зүйн дарамтанд оруулсаны дараа “Вишнфанд ББСБ” ХХК-ийн хуульч ирээд Сэлэнгэ салбарыг татан буулгаж таныг ажлаас халах болсон мэдэгдлийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр надад өгсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 2 хоногийн дараа буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр "Вишнфанд ББСБ" ХХК-иас миний цейфны илүү түлхүүрийг явуулж Сэлэнгэ салбарын захирал Б.Оюунбилэгээр цейф онгойлгуулж миний ажлыг надад мэдэгдэлгүйгээр хүлээж авсан. 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн өглөө хуульч ирээд намайг дуудаж ажлаас чөлөөлөх тушаал өгсөн. Тус тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус тушаал гэж би үзэж байгаа учир шүүхэд хандаж байна. Салбарыг татан буулгаж байж чамайг ажилгүй болгоно гэж хэлж байсан үйлдлээ хэрэгжүүлсэн явдалд би гомдолтой байна. Учир нь энэ компанийн үйл ажиллагаа нь татан буулгах нөхцөлд хүрээгүй хэвийн байсан болно. Намайг ажил хийлгэхгүй гэсэн зорилгоор мэдэгдэл өгөөд ажилд очуулаагүй миний ажлыг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээж авсан байсан. Энэ нь намайг 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлаас халсан явдал гэж би үзэж байна. Энэ компани Сэлэнгэ салбараас намайг л ганцхан ажлаас халсан, Улаанбаатар хотын өөр салбарууд руу шилжүүлэн ажиллуулж ажлын байраар хангасан юм. "Вишнфанд ББСБ" ХХК нь урьд өмнө нь намайг ажилд минь эгүүлэн оруулсан шүүхийн шийдвэрт их дургүйцэж Үйл ажиллагааны захирал Э.Уянга нь “чи яасан их шүүхээр явж ажилдаа ордог хүн бэ, компани юугаа хийх нь шүүхэд ер нь ямар хамаатай юм бэ гэж дарамталж байсан төдийгүй чамайг татан буулгаж зайлууллна даа хэмээн заналхийлж байсан тэр эсэргүүцлээ гүйцэлдүүлж зохиомлоор дүр үзүүлж салбарыг татан буулгасан нэрийдлээр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд би дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан "Вишнфанд ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Е16/06/10 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажлаас хуулийн үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Уянгын гарын үсэг бүхий Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг надад өгсөн бөгөөд уг мэдэгдэлд 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу цуцлах болсон тухай дурдсан. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Уянга нь "Вишнфанд ББСБ” ХХК-ийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд биш тул энэхүү мэдэгдэл нь хууль зүйн хүчин чадалгүй, эрх зүйн баримт бичиг нь хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэхгүй. Энэ нь тус байгууллагын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн мэдээллээр нотлогдож байна. 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд "Вишнфанд ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Э.Уянга нь гүйцэтгэх захирал хэмээн гарын үсэг зурж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчсөн тул 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, "Вишнфанд ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Уянгын гарын үсэг бүхий, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн огноотой Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хууль зөрчсөн мэдэгдэл болохыг тогтоож хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалинд ногдох Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьцаа эзэмшигч нь компанийн урьд жилүүдийн үйл ажиллагааны мэдээ санхүүгийн байдал, дотоодын бие даасан ажлын хэсгийн мэдээ, тайлан, гүйцэтгэх удирдлагын санал зэргийг 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар хүлээн авч, танилцаад 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр байгууллагын үйл ажиллагааг үр дүнтэй болгон, гүйцэтгэлийг сайжруулж, компанийн зардлыг бууруурлах зайлшгүй шаардлагын үүднээс компанийн бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, шаардлагатай шийдвэр гаргаж ажиллах үүрэг, чиглэлийг төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн болно. Хариуцагчийн ТУЗ нь Компанийн тухай хууль, Компанийн дүрэмд заасан бүрэн эрх болон хувьцаа эзэмшигчээс өгсөн чиглэлийн дагуу шийдвэр гаргаж, хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгаж, холбогдох эрх бүхий байгууллагуулгын бүртгэлээс хасуулах шийдвэрийг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №06/16 дугаар шийдвэрээр гаргаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг хариуцагчийн гүйцэтгэх удирдлагад даалгасан. Нэгэнт эрх бүхий этгээдийн шийдвэрээр хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгахаар шийдвэрлэж, орон тоо нь хасагдсан тул хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбарын ажилчид болох салбарын захирал Б.Оюунбилэг, салбарын нягтлан бодогч албан тушаалтай нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагч хөдөлмөрийн гэрээг цуцлахаас 45 хоногийн өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн болно.

Сэлэнгэ салбарын захирал Б.Оюунбилэг нь 3 хүртэлх насны хүүхэдтэй ба Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас халахыг хориглосон тул өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр "аж ахуйн нэгж, байгууллагын салбар, нэгж татан буугдсан" үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №Е16/06/10 дугаар тушаалаар цуцалсан болно. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрт заасан ажил хүлээлцэх өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь салбарын ажлын байранд нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гардуулан өгч ажлаа хүлээлцэх, салбарын нягтлан бодогчийн хувьд өөрт нь хадгалагдаж байгаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг хүссэн боловч нэхэмжлэгч нь ажил хүлээлцэхээс эрс татгалзан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гардаж авсан. Хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбараа татан буулгах шийдвэр нь Компанийн удирдлагын зохих түвшиний этгээдүүдээс өөрийн бүрэн эрхийн дагуу гаргасан бизнесийн шийдвэр бөгөөд нэхэмжлэлд дурдсан зүйлстэй хамааралгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зарим үйл баримтууд нь бодит байдалтай нийцэхгүй байгааг энд дурдах нь зүйтэй. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл үгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хариуцагч нэхэмжлэгчтэй 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хариуцагч талын удирдлагаас эрх олгосны дагуу Э.Уянга нь хариуцагч талыг төлөөлөн гарын үсэг зурсан бөгөөд энэ нь Иргэний хууль болон холбогдох бусад хуулийн дагуу үйлдэгдсэн тул Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажил олгогч нь 30-45 хоногийн өмнө мэдэгдэх тухай заасны дагуу хариуцагч нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч талд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг бичгийн хэлбэрээр хүргүүлсэн бөгөөд энэхүү мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд хүчингүй болгох хуулийн үндэслэлгүй юм. Дээрх үндэслэлээр "ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах" нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч М.Уранбилэгийг "Вишнфанд ББСБ" ХХК-ийн Сэлэнгэ салбарын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 064 825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч М.Уранбилэгт олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч М.Уранбилэгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч "Вишнфанд ББСБ" ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч "Вишнфанд ББСБ" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 47 987 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: …Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2005/4 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 510 дугаар магадлал болон тухайн шүүхийн шийдэрийн дагуу нэхэмжлэгчийг Сэлэнгэ салбарын нягтлан бодогчоор үргэлжүүлэн ажиллуулахаар болсон хариуцагчийн гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн S14/06/10 дугаар тушаал зэрэг тухайн хэрэгт огт хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримтуудыг дурдаж үнэлсэн байна. Дээрх нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг хариуцагчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцласан нь үндэслэлтэй эсэх талаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолгүй юм.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл бүрдсэн талаар ач холбогдол бүхий нотлох баримтууд болох 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хариуцагчийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6/16 дугаартай, хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгах тухай тогтоол, салбарыг татан буулгах эрх бүхий этгээдийн шийдвэрийг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж хүргүүлсэн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №14/100/93 дугаар албан бичгийг холбогдох өргөдлийн маягтийн хамт, хариуцагчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №14/100/93 дугаар албан бичгийн дагуу хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбарын зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тушаал болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан анхан шатны шүүхэд гаргасан боловч анхан шатын шүүх дээрх нотлох баримтуудыг үнэн зөвөөр үнэлээгүй бөгөөд дээрх нотлох баримт болон хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг үндэслэн хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар татан буугдсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн бодит бус, буруу дүгнэлтийг хийсэн байна. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр салбарыг татан буулгах эрх бүхий этгээд болох төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан даруйд хүчин төгөлдөр болсоноор Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгах ажиллагааг хариуцагчийн гүйцэтгэх удирдлага эхлүүлсэн. Салбарыг татан буулгах ажиллагаа нь эрх бүхий этгээдийн шийдвэрээс хойш тодорхой хугацаанд үргэлжлэх процесс бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг хэрэгжүүлэх, тухайн салбарын ажилтнуудын эрхийг хангах үүднээс ажлаас халах тухай мэдэгдлийн хугацаа болон ажилтанд олгосон цалин хөлс, тэтгэмжид ногдох нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг тооцон холбогдох төрийн албадуудад тухайн салбараас тайлан гаргах бололцоог ханган хугацаа тооцсоноор салбарыг татан буулгах ажиллагаа дуусгавар болдог. Хариуцагч энэ бүх ажиллагааг гүйцэтгэснээр 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбарын үйл ажиллагааг бүрэн зогсоон салбарыг татан буулгах ажиллагааг дуусгасан болно. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар хуулийн этгээдийн салбар нь тухайн хуулийн этгээдийн дотоод зохион байгуулалтын нэгж бөгөөд дангаар хуулийн этгээдийн эрхгүй. Иймд хуулийн этгээдийн салбарыг татан буулгах ажиллагаанд хуулийн этгээдийн эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, улсын бүртгэлээс хассанаар дуусгавар болох зарчим хамаарахгүй бөгөөд хуулийн этгээдийн дотоод нэгжийн хувьд тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр гарч салбарын үйл ажиллагааг зогсоосноор салбарыг татан буугдсан гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагчийн хувьд тухайн салбарын ажилтнуудад цалин хөлс, тэтгэмжийг бүрэн төлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгон холбогдох тайланг төрийн албадад гаргаснаар Сэлэнгэ аймаг дахь салбарын үйл ажиллагааг зогсоосон. Хариуцагч нь банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг тул Сэлэнгэ аймаг дахь салбараа татан буулгасан эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэн салбарын зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох бүртгэлийг хийлгэх үндэслэл бүрдэх юм. Гэхдээ салбар татан буугдсан талаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд мэдэгдэж Улсын бүртгэлийн гэрчилгээнд холбогдох тэмдэглэгээг хийлгэж байгаа нь тухайн салбарыг татан буулгах ажиллагааг хүчин төгөлдөр болгож байгаа ажиллагаа биш, харин тухайн хуулийн этгээдийн салбар татан буугдаж хүчин төгөлдөр болсныг мэдэгдэж байгаа ажиллагаа юм. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журмын дагуу банк бус санхүүгийн байгууллагын салбарыг татан буулгах шийдвэрийг хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хорооны салбарын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэдэг тул хариуцагч тал энэхүү хугацааг тооцоолон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэлд заасан 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 6 хоногийн өмнө буюу 6 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр хариуцагчийн гүйцэтгэх удирдлага салбарыг татан буулгах шийдвэр гарсныг Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн болно. Гэвч Санхүүгийн зохицуулах хороо тодорхойгүй шалтгаанаар салбарын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргалгүй удааширсан бөгөөд энэ нь тухайн цаг хугацаанд давхацсан Улсын их хурлын ээлжит сонгууль болж байгаатай холбоотой, улмаар эрх бүхий албан тушаалтан томилогдоогүй байгаа хэмээх шалтгаан хэлж байсан ба 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр сая хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбарын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү бүртгэлийн ажиллагаа удааширсан нь хариуцагч талын хүсэл зоригоос хамаараагүй болно. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь зөвхөн тухайн салбарт олгосон зөвшөөрлийг хүчингүй болгож байгаа шийдвэр боловч тухайн өөрийн дотоод нэгж салбарыг татан буулгасан хариуцагчийн эрх бүхий этгээдийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзэж байна. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хуулийн этгээдийн салбар татан буугдсан талаар бүртгэлийг зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос салбарын зөвшөөрлийг хүчингүй болгосны дараа хийлгэх боломжтой тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хийлгэх бүртгэл удааширч, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь салбар хүчингүй болсныг бүртгэв гэх тэмдэглэгээг хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийсэн болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дээрх бүртгэлийн ажиллагаа удааширч байгаа талаар тайлбар, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч миний хүсэлтийг хангахаас татгалзсан болно.

Анхан шатны шүүхийн шийвэрт хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буугдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлт хийсэн боловч ийм дүгнэлт хийх эрх зүйн үндэслэлийг огт дурдсангүй. Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлыг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлтийг огт дурдсангүй. 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Улсын дээд шүүхийн "Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал" зөвлөмжийн 2.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан "Аж ахуйн нэгж байгууллага түүний салбар нэгж байгууллага татан буугдсан" гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан 5 үндэслэл хамаарна хэмээн тодорхойлсон. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-д тодорхойлсноор өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсанаар хуулийн этгээдийн салбарыг татан буулгах үндэслэл бүрдэх бөгөөд ийнхүү салбарыг татан буулгах шийдвэр гарсан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр цуцлах бүрэн үндэслэл болох юм. Хариуцагчийн Сэлэнгэ аймаг дахь салбараа татан буулгах шийдвэр нь Компанийн удирдлагын зохих түвшний этгээдүүдээс өөрийн бүрэн эрхийн дагуу гаргасан бизнесийн шийдвэр бөгөөд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

           

            Нэхэмжлэгч М.Уранбилэг нь хариуцагч “Вишнфанд ББСБ” ХХК-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Е16/06/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч М.Уранбилэг нь “Вишнфанд ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн S14/09/20 тоот тушаалаар Сэлэнгэ салбарт нягтлан бодогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба “Вишнфанд ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн E16/06/10 тоот тушаалаар салбар нэгж татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

            Хэргийн 75, 112 дугаар талд “Вишнфанд ББСБ” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр авагдсан байх бөгөөд уг баримтаас үзвэл тус компани зардлаа бууруулах, үр ашгийг сайжруулах зорилгоор компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргах эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлд даалгаж, эрх олгосоны дагуу тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 6/16 тоот тогтоол гаргаж, уг тогтоолоор тус компанийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгах, хуулийн этгээдийн бүртгэлээс хасуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Ийнхүү хариуцагч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6/16 дугаар тогтоолоор тус компанийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгасан Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг болон тус компанийн дүрмийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3(а) дахь хэсэгт заасан эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийг хуулиар хязгаарлах үндэслэлгүй болно.

  /хэргийн 92-93 дугаар тал/

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн E16/06/10 тоот тушаалаар М.Уранбилэгийн хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42, 43 дугаар зүйлүүдийг үндэслэжээ.                                                                                               /хэргийн 5 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ. Ийнхүү хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байгаагаа ажилтанд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаас нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

 

Хариуцагч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 6/16 дугаар тогтоолоор “Вишнфанд ББСБ” ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбарыг татан буулгасантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч М.Уранбилэгт 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гардуулж гарын үсэг зуруулсан нь хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.                                                    /хэргийн 4 дүгээр тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь салбар улсын бүртгэлээс хасуулаагүй, санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй нөхцөл байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан тухайн компанийн салбар нэгж татан буугдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

 

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хөдөдмөрийн гэрээг цуцлах тухай Е16/06/10 дугаар тушаал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул хүчингүй болгож шийдвэрлэх шаардлагагүй гэж, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг ханган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2016/00890 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Е16/06/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Уранбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 987 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ

 

                                                                       

                            ШҮҮГЧИД                                  Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ