Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0027/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч Я.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н овогт Я.Дт холбогдох эрүүгийн 2218000000001 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н овогт Я.Д /РД: /, 1964 оны 12 дугаар сарын 22-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....................” ХХК-нд захирал ажилтай, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Я.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дашваанжил” шатахуун түгээх станцын урд авто зам дээр **-** ДАН улсын дугаартай Тоёота ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1, 12.2, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Айг мөргөж эрүүл мэндэд нь баруун шууны ясны хугарамтгай хэсгийн битүү хугарал, духны өмнө хананы яс, хамар яс, элхэгийн хөндий, 2 нүдний ухархай ясны нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар болон уруул эрүүнд шарх, нүүрэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт:

- ...”Петровис” шатахуун түгээх станц нэлээн өнгөрч таксинаас буугаад зам хөндлөн гарах гэж байтал машины хурц гэрэл тусаад намайг мөргөх шиг болсон. Цааш юу болсныг санахгүй байна. Я.Д нь миний хагалгааны төлбөр, томографын төлбөр, эм тарианы үнэ, 1 сарын лангууны түрээсийн төлбөр, цаашид хийлгэх эмчилгээний зардал гээд нийт 8.085.000 төгрөгийг надад өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогч Ж.Айн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55, 57 дахь тал/,

- ...Д гэнэт дуут дохиогоо дуугаргаад “юу гараад ирэв?” гээд жолоогоо зүүн гар тал руугаа дараад 1 дүгээр эгнээнээс 2 дугаар эгнээ рүү шилжтэл машин юм мөргөх мэт чимээ гарсан. Д машинаа зогсоогоод буухаар нь би араас нь буутал ард жижиг биетэй, 30 орчим насны эрэгтэй хүн хамар амнаас цус гарсан байдалтай хэвтэж байсан... гэх гэрч Г.Нын мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

- ...”Петровис” шатахуун түгээх станцаас өнгөрөөд “Дашваанжил” шатахуун түгээх станц хүрэх гээд явж байтал замын баруун талаас гэнэт гуйвж дайвсан эрэгтэй хүн гараад ирсэн. Тухайн үед миний жолоодож явсан машин, тэр явган зорчигч хоёрын хоорондын зай ойртсон байсан учир би тоормос гишгэлгүйгээр 2 дугаар эгнээ рүү шилжихээр жолоогоо зүүн тийш дарсан. Гэтэл тэр хүнийг машиныхаа толиор цохих шиг болсон. Тэгээд машинаа зогсоогоод буугаад хартал миний машины урд гуперийн баруун булан хагарсан, жолооч талын толь сууриараа хагарч бяцарсан байсан. Нөгөө хүн дээр очиход ам хамраас нь цус гарсан байдалтай байсан... гэх шүүгдэгч Я.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хавтаст хэргийн 111-112 дахь тал/,

- ...аюулгүйн тойргоос Байгаль орчны уулзвар хүртэлх 4 эгнээ, 2 урсгалтай, дундуураа бетон тусгаарлагчтай авто зам дээр 30 орчим насны, нүүр хэсэг нь цус болсон эрэгтэй хүн дээш хараад хэвтэж байв. Уг хүнээс 61 метрийн зайд 10-89 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-12 дахь тал/,

- Хохирогч Ж.Айн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 18221 дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 19-42 дахь тал/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 824 дугаартай “Ж.Айн биед баруун шууны ясны хугарамтгай хэсгийн битүү хугарал, духны өмнө хананы яс, хамар яс, элхэгийн хөндий, 2 нүдний ухархай ясны нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар болон уруул эрүүнд шарх, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.Айн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ж.Айн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

- Ж.Айн хамар яс, элхэгийн хөндий, духны хөндий болон хоёр нүдний ухархайг хамарсан нийлмэл хугаралтай... гэх “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 68 дахь тал/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай “Шинжилгээнд авсан А 26 эр гэж хаягласан цусны бүлэг нь OI, Rh /+/ байна” гэх, 02 дугаартай “Шинжилгээнд авсан А 26 эр гэж хаягласан цусанд 2 промилли спирт илэрсэн болно. Ж.А нь дунд зэргийн согтолттой байна” гэх шинжээчийн дүгнэлтүүд /хавтаст хэргийн 73-74, 77-78 дахь тал/,

- Шинжээч Ш.Бямбажавын 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаартай “...Тоёота ланд крузер-200 маркийн **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиуд эвдрэлгүй, MNS-4598:2011 стандартыг хангасан байна. Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 83-86 дахь тал/,

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1021 дугаартай “Тоёота Ланд крузер-200 маркийн **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 1.770.000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

- Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Баттулгын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаартай “Я.Д нь Тоёота Ланд крузер-200 маркийн **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөн гэх, явган зорчигч Ж.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.2-т “Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино” гэж, 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 100-101 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд авагджээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дашваанжил” шатахуун түгээх станцын урд авто зам дээр **-** ДАН улсын дугаартай Тоёота ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан зорчигч Ж.Айг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас Ж.Айн эрүүл мэндэд баруун шууны ясны хугарамтгай хэсгийн битүү хугарал, духны өмнө хананы яс, хамар яс, элхэгийн хөндий, 2 нүдний ухархай ясны нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар болон уруул эрүүнд шарх, нүүрэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Дын Тоёота Ланд крузер маркийн **-** ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  12 дугаар бүлгийн 12.1, 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Айг мөргөсөн үйлдэл нь хохирогчид учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой бөгөөд хохирогч Ж.Айн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Айн эрүүл мэндэд баруун шууны ясны хугарамтгай хэсгийн битүү хугарал, духны өмнө хананы яс, хамар яс, элхэгийн хөндий, 2 нүдний ухархай ясны нийлмэл хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар болон уруул эрүүнд шарх, нүүрэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Айн “...Я.Д нь миний хагалгааны төлбөр, томографын төлбөр, эм тарианы үнэ, 1 сарын лангууны түрээсийн төлбөр, цаашид хийлгэх эмчилгээний зардал гээд нийт 8.085.000 төгрөгийг надад өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/, “...жолооч Я.Даас эмчилгээний төлбөрөө бүрэн барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 13 дэх тал/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Я.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Я.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 117 дахь тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, зам тээврийн осол гарахад хохирогч Ж.Айн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ явганаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.2, 5.6-д заасныг зөрчсөн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Я.Д хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Д нь шүүх хуралдаан дээр “шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлөхгүйгээр нэг дор бүрэн төлөх” хүсэлт гаргасан тул түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Я.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР