Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Харчин овогт Д.М- ын нэхэмжэлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, энэ жил 51 нас хүрч байна. Улсад 9 жил ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр миний эх Дуламыг Дулмаа гэж буруу бичсэн байна.

Мөн миний бие 1983 оны 01 сарын 01-нээс 1991 оны 1 сарын 1-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэдлийн Наран бригадад мал маллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч овгийн зөрчилтэй, бичилт дутуу, тамга тэмдэг шаардлага хангахгүй байгаа тул гэрчийн мэдүүлэг, улсын бүртгэлийн лавлагаа цалингийн тодорхойлолтыг үндэслэн 1984 оны 09 сарын 25-нд олгосон Д.М гэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр, мөн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1983 оны 01 сарын 01-нээс 1991 оны 1 сарын 1-нийг дуустал хугацааны ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү  гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр болон  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1984 оны 09 сарын 25-ны өдөр Д.М /1964  онд төрсөн/-д олгосон 1984 оны 01-12 сар, 1985 оны 01-12 сар, 1986 оны 01-12 сар, 1987 оны 01-12 сар, 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 сарын цалингийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Д.М-д олгосон 1983 оны 01, 11 сар, 1991 оны 03 сарын цалингийн тооцооны хүснэгт,

           Гэрч О.Б , Б.С, С.И   нарын мэдүүлэг зэрэг  болно.

Нэхэмжлэгч Д.М-ын Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1983 оны 01 сарын 01-нээс 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 08 дугаартай, Дундговь аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 46 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М-ын Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1983 оны 05 сарын 06-наас 1991 оны 01 сарын 01-нийг хүртэл малчинаар ажиллаж байсан нь  хэргийн 5-7-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 10-15-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Харин нэхэмжлэгчийн 1983 оны 01 сарын 01-нээс 1983 оны 05 сарын 06-ныг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд мөн 1984 оны 9 сарын 25-ны өдөр 1964 онд төрсөн Д.М-д олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг шүүхээс тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Харчин овогт Д.М-ыг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1983 оны 05 сарын 06-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР