Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатаржавын Ихтамир |
Хэргийн индекс | 166/2022/0017/Э |
Дугаар | 2022/ШЦТ/43 |
Огноо | 2022-01-21 |
Зүйл хэсэг | 17.5.1., |
Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0017/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З овогт Ч.Дид холбогдох эрүүгийн 2118000000399 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овогт Ч.Д /РД: /, 1980 оны 8 дугаар сарын 04-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...........” ХХК-нд инженер ажилтай, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” зочид буудлын ойролцоогоос иргэн И.Тийн гээсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-71 загварын гар утсыг олоод завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ч.Дийн өгсөн: ...гар утас дуугараад байхаар нь очоод хартал дээшээ хараад унасан гар утас байсан. Намайг тухайн гар утсыг хулгайлсан гэх гэмт хэрэгт шалгах вий гэж айгаад дууг нь хаагаад машиныхаа урд хайрцагт хийсэн. Нэлээн орой гар утас руу залгасан хүний дуудлагыг аваад “........... зочид буудлын гадна талаас олсон, та нар дараа нь намайг хулгайн гэмт хэрэгт гүтгэх асуудал гарах юм биш биз дээ?” гэж асуухад “тийм зүйл байхгүй ээ, хяналтын камерын бичлэг шүүж үзсэн, 30.000 төгрөг өгнө” гэхээр нь би “50.000 төгрөг өгөөч” гэж хэлсэн. Тэгтэл 50.000 төгрөг өгөх боломжгүй, 30.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз Бд тухайн гар утсыг өгсөн... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч И.Тийн өгсөн: ...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн ажил болох “...........” зочид буудлын гадна байрлуулсан машиндаа суухдаа Самсунг А-71 загварын гар утсаа унагаачихсан байсан. Гэртээ ирээд утас руугаа залгахад нэг эрэгтэй хүн аваад “........... зочид буудлын үүднээс олсон, шагналаа өгөөд гар утсаа аваарай” гэхээр нь би “........... зочид буудалд аваад ирээч” гэхэд утсаа салгачихсан. 2 цагийн дараа миний утаснаас эмэгтэй хүн залгаад “шагналд нь хэдэн төгрөг өгөх юм бэ?” гэхээр нь “би 30.000 төгрөг өгье” гэхэд “данс руу мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гар утсаа авчхаад мөнгөө өгмөөр байна” гэж хэлтэл утсаа салгачихсан. Дахин гар утас руу залгахад утсаа авахгүй байсан, мөн над руу дахин залгаагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Гэрч Х.Оийн өгсөн: ...Д “...........” зочид буудлын хаалганы урд талд газраас нэг гар утас авсан. Тухайн гар утас нь 1 удаа дуугарсан ба би Дд “чи наад гар утсаа эзэнд нь өгчхөөч” гэхэд “би буцааж өгнө” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Гэрч А.Бын өгсөн: ...Д “........... зочид буудлын гаднаас гар утас олсон” гээд надад Самсунг загварын гар утас харуулсан. Маргааш нь би Доос олсон гэх гар утсыг нь түр хэрэглүүлээч гээд авсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
“...........” зочид буудлын урд талын авто машины зогсоолоос хар өнгийн өмдтэй, цэнхэр алаг өнгийн богино куртиктэй 40-45 орчим насны эрэгтэй хүн гээгдүүлсэн гар утсыг аваад явж байгаа дүрс бичигдсэн байв гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 9, 12 дахь тал/,
Шүүгдэгч Ч.Доос Самсунг А-71 загварын хар хөх өнгөтэй, хар өнгийн гэртэй, 354486113******, 354487113****** дугаарын имэй кодтой гар утсыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Хохирогч И.Тийн “Мобиком корпорац” ХХК-аас Самсунг А-71 загварын гар утас худалдаж авсан тухай 10010610 дугаартай гэрээ /хавтаст хэргийн 29 дэх тал/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Самсунг А-71 загварын хэрэглэж байсан гар утас 800.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
Шүүгдэгч Ч.Доос хураан авсан гар утсыг хохирогч И.Тд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж цуглуулсан нотлох баримтаар шүүгдэгч Ч.Д нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “...........” зочид буудлын гаднаас И.Тийн гээсэн гар утсыг олж авсан, хохирогчтой холбогдож, гар утсыг буцааж өгөх боломж байсан боловч өөрийн эзэмшилд үлдээж, бусдад дамжуулснаар тухайн гар утсыг завшсан үйл баримт тогтоогдож байна. Гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь бага бус хэмжээний хохирол учруулсан байхыг шаарддаг бөгөөд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тухайн гар утас нь 800.000 төгрөг гэж тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд бусдын эзэмшлийн гар утсыг олоод эзэнд нь буцааж өгөлгүй удаасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...........” зочид буудлын ойролцоогоос иргэн И.Тийн гээсэн 800.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А-71 загварын гар утсыг олсон, гар утасны өмчлөгч И.Т гар утсаа буцаан авахаар холбогдоход 50.000 төгрөгийн шан харамж нэхэж, улмаар тухайн гар утсыг найз А.Бд хэрэглүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Ч.Дийн бусдын гээгдүүлсэн гар утсыг олоод өмчлөгчөөс нь шан харамж нэхэх, найздаа хэрэглүүлэх байдлаар гар утсыг өмчлөгчид нь буцааж өгөөгүй үйлдэл нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбараар эд хөрөнгөтэй болох, ашиг хонжоо олох зорилгоор өөрийн өмчлөл, эзэмшилд авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч И.Тд 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч эд зүйлээ буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Ч.Доос хураан авсан гар утсыг хохирогч И.Тд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, хохирогч И.Тийн хэргийн материалтай танилцаад гаргасан “гар утсаа хүлээн авсан, гомдол санал нэхэмжлэлгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 58 дахь тал/-ээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Ч.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “...........” ХХК-нд инженер ажилтай зэрэг хувийн байдал нь “...........” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тушаал /хавтас хэргийн 45 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргав.
Шүүгдэгч Ч.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, өөрийн буруутай үйлдлийг ухамсарлан ойлгож гэм буруугаа зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Дийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Ч.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Дид оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сидийг хэрэгт хавсаргасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР