Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Онгиуд овогт Б.О-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1967 онд төрсөн, 2017 оны 04 сард 50 нас хүрсэн. Улсад 31 жил ажилласан. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс эхлэн Луус сумын Хүүхдийн цэцэрлэгт 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл багш, эрхлэгчээр ажилласан үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул хамт ажиллаж байсан гэрч нарын мэдүүлэг, архивын лавлагааг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О нь Дундговь аймгийн Луус сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 07 сарын 05-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл багшаар  ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

 

Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 07 сарын 04-ний өдрийн 59 дугаартай ‘’Шинээр төгсөж ирсэн багш нарыг хуваарилах тухай’’ тушаалын хуулбар,

 Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 07 сарын 04-ний өдрийн 58 дугаартай Тэтгэмж олгох тухай ‘’1986 онд их, дээд, тусгай дунд сургууль төгсөж ирсэн багш нарт тэтгэмжийн мөнгийг тушаалын 1 хавсралтаар олгосугай’’ гэж, тушаалын хавсралтын ‘’31-рт Б.О ’’ гэжээ.

Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 04-ний  өдрийн 02/12 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Луус сумын Хүүхдийн цэцэрлэгээс Б.О-т  олгосон 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994 оны цалин олгох карт,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 08/16 дугаартай лавлагаагаар: ‘’Луус сумын Хүүхдийн цэцэрлэг нь 1991 оны 04 сарын 27-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаа болно’’ гэжээ.

Дундговь аймгийн Луус сумын Цэцэрлэгийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт,

БНМАУ-ын Улаанбаатар хот Цэцэрлэгийн багшийн сургуулиас 1986 оны 06 сарын 27-ны өдөр Б.О-т олгосон №3346 дугаартай Хүмүүжүүлэгч багш мэргэжил олгосон диплом, гэрэл зураг,

Гэрч Д.С , Х.Э , Ж.Ц  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Б.О-ийн Дундговь аймгийн Луус сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 07 сарын 05-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл багшаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 12 дугаартай албан бичиг, Дундговь аймгийн Луус сумын Эрүүл мэнд нийгмийн даатгалын тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.О-ийн Дундговь аймгийн Луус сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 07 сарын 05-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл багшаар ажиллаж байсан нь хэргийн 6-р хуудсанд авагдсан тушаалын хуулбар, 8-15-р хуудсанд авагдсан цалин олгох карт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэг авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Онгиуд овогт Б.О-ийг Дундговь аймгийн Луус сумын Хүүхдийн цэцэрлэгт 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР