Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0472/Э |
Дугаар | 2022/ШЦТ/546 |
Огноо | 2022-05-23 |
Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., 17.1.2.1., |
Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/546
2022 5 23 2022/ШЦТ/546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д ийн Х т холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд багтааж, нийт эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 523 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 10 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож, мөн тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дугаартай захирамжаар 01 жил 02 сар 18 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/911 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт Д ийн Х /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй зочид буудлын 5 тоот өрөөнд зөвшөөрөлгүй нэвтрэн орж хохирогч Т.Д ийн 989.910 төгрөгийн үнэ бүхий Samsung A52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан;
Мөн согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 309 тоотод үл ойлголцлын улмаас иргэн Б.Г ыг архины шилээр цохиж, түүний биед “зүүн зулайн ил хугарал, духны хөндийн гадна хана, дотор ялтас, ухархайн дээд ар, гадна хажуу хана, хацрын шонтон, их бага далавч хүртэл үргэлжилсэн хугарал, хамар ясны баруун зүүн хажуу хана, хоёр талын гайморийн хөндийн дотор ханын хугарал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, нүүрэнд цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн цаг хугацаанд дээрх тоотод үл ойлголцлын улмаас иргэн Э.П г архины шилээр цохиж, түүний биед “тархи доргилт, дагзанд няцарсан шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
“...Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй зочид буудлын 5 тоот өрөөнд зөвшөөрөлгүй нэвтрэн орж, хохирогч Т.Д ийн 989.910 төгрөгийн үнэ бүхий Samsung A52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Хохирогч Т.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ...... буудалд өрөө аваад ганцаараа орохдоо нэг шил архи авч орж уугаад тасраад унтсан. Тэгээд сэрээд босоод ирсэн чинь миний гар утас байхгүй байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд хажуу талын караокены камер шүүж байсан чинь нэг үл таних ах ирээд миний гар утсыг өгөөд надаас 50.000 төгрөг нэхэхээр нь би өгсөн данс руу нь мөнгө хийх гэж байгаад больсон. Миний утас “Самсунг А-52” маркийн гар утас байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би найз Х ын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах “...” зочид буудал руу өдрийн 12-13 цагийн хооронд ороод бид хоёр архи уусан. Ууж дуусаад байж байтал Х өрөөнөөс гараад явсан ба буцаж орж ирэхдээ хар өнгийн гар утас барьчихсан орж ирсэн. Тэгээд тэр өрөөнөөс гараад бид хоёр нөгөө залуугийн байсан өрөө рүү орсон чинь шалан дээр нэг залуу унтаж байхаар нь харчихаад гараад явсан. Гадуур архи ууж байгаад нэг найзаасаа мөнгө аваад эргээд нөгөө буудал дээрээ ирээд гар утсаа авахаар ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан чинь Х зугтаачихсан, би баригдаад эрүүлжүүлэхэд хоносон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
Гэрч Ш.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр хохирогч гээд байгаа залуу согтуу, гэр рүүгээ явж чадахгүй байна, өрөө аваад амарчихъя гэж орж ирээд манай буудлын 03 тоот өрөөнд орсон. Удалгүй хоёр залуу орж ирээд 05 тоот өрөөнд ороод, “найз ирээд төлбөр ирнэ, тэр болтол утсаа тавьчихъя” гээд нэг нь гар утсаа үлдээсэн. Тэгээд ресепшин түр гараад буцаад ороод ирсэн чинь 05 номерын хоёр залуу гарчихаад ирье гээд гарсан. Удалгүй 03 тоотын өрөөний залуу “миний гар утас байхгүй болчихлоо” гээд гараад ирсэн. Тэгээд камер шүүж байтал гарч явсан хоёр залуугийн нэг нь орж ирээд гар утсаа авъя гэхээр нь “сая эндээс утас алга болчихлоо, цагдаа иртэл түр байж бай” гээд байлгаж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Цагдаа ирэхэд камер шүүгээд дууссан байсан. Тэгэхэд нөгөө залуугийн хамт явсан залуу нь 03 тоот өрөө рүү ороод гарч байгаа бичлэг байсан. ...Удалгүй өрөө рүү орсон залуу гар утсыг нь барьчихсан эзэнд нь утсыг нь өгч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн үед хоёр найзын хамт “...” зочид буудалд өрөө авч ороод архи уусан. Архи ууж дуусаад ...унтаж байгаад ариун цэврийн өрөө орчихоод буцаад өрөө рүүгээ явж байхад нэг онгорхой өрөө байхаар нь шагайсан чинь нэг залуу шалан дээр унтаж байсан ба орон дээр утас байхаар нь ороод гар утсыг нь аваад гарсан. Тэгээд хажуу талын дэлгүүрт архинд тавих гэсэн чинь аваагүй. Утасны эзэн сэрчихсэн, цагдаа ирээд манай найзыг аваад явчихсан байхаар нь би буудал руу ороод нөгөө залууд гар утсыг нь өгчихөөд явсан. ...Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
“...Шүүгдэгч Д.Х нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудлын 309 тоотод үл ойлголцлын улмаас иргэн Б.Г ыг архины шилээр цохиж, түүний биед “зүүн зулайн ил хугарал, духны хөндийн гадна хана, дотор ялтас, ухархайн дээд ар, гадна хажуу хана, хацрын шонтон, их бага далавч хүртэл үргэлжилсэн хугарал, хамар ясны баруун зүүн хажуу хана, хоёр талын гайморийн хөндийн дотор ханын хугарал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, нүүрэнд цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн цаг хугацаанд дээрх тоотод үл ойлголцлын улмаас иргэн Э.П г архины шилээр цохиж, түүний биед “тархи доргилт, дагзанд няцарсан шарх” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Хохирогч Э.П гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...100 айлд байрлах “...” зочид буудалд найзуудын хамт архи уугаад сууж байтал гаднаас нэг үл таних залуу орж ирсэн. Тэгээд хоорондоо муудалцаад байхаар нь би “боль” гээд салгасан. Тэгээд сүүлд орж ирсэн Х гэх залуу ууж байсан архины шилээр миний толгой руу цохичихоод яваад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 дугаар хуудас/,
Хохирогч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Тэрэлжид ажил хийж байгаад Улаанбаатар хот руу орж ирсэн чинь өмнө нь хамт ажиллаж байсан Э намайг 100 айлд байрлах “...” зочид буудалд хүрээд ир гэж дуудсан. Би 20 цагийн үед яваад очтол 3 давхрын нэг өрөөнд 5 хүн байсан. Тэр дунд миний таних Э , түүний дүү Б , эхнэр А нар байсан. Харин сүүлд П , Т гэдэг хүмүүс байгааг мэдсэн. Тэгээд буудлын өрөөнд 3-4 шил архи уугаад би нилээн согтсон. Тэгсэн шөнө 00 цаг өнгөрч байх үед гаднаас А гэж дууддаг 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд өөрийгөө тэр дунд байгаа Т гэдэг хүүхний найз залуу гэж танилцуулж байсан. Уух архи дуусаад Э , П нар дахиад 2 шил архи гаднаас оруулж ирсэн. Миний сайн санаж байгаагаар 1 шил архийг нь ууж дуусгаад у... балартаад согтсон байсан. Гэнэт ухаан... ороход Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. ...Надад одоо хохирлын 128.000 төгрөг гарсан байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 112-114 дүгээр хуудас/,
Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “...” зочид буудалд ресепшинээр ажилладаг. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчим Э гэх залуу өөр нэг залуугийн хамт 309 тоот өрөөг авсан. Ингээд 22 цаг өнгөрч байхад Б гэх эмэгтэй өөр эрэгтэйн хамт орж ирээд 408 тоот өрөөг авч, 309 тоотын хоёр дээр орсон. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 цагийн үед ...403 тоотод хүн оруулаад явж байхад 309 тоотын хаалгыг дотор талаас нь хүн тогшиж байсан бөгөөд “онгойлгоорой” гэх эмэгтэй хүний дуу гарахаар нь би онгойлгоход 306 тоотод байсан хоёр эмэгтэй өрөөнөөс гараад өөрсдийн өрөө рүү орсон. Энэ үед би “яагаад өрөө дамжаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд 309 тоотыг шалгах гээд ороход нэг залуу шалан дээр хэвтсэн, өөр нэг залуу хаалга талын орон дээр доош хараад толгой нь хагарсан байдалтай, газарт хэвтэж байсан залуугийн дээр цээж нүцгэн залуу гараас нь бариад татаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/,
Гэрч Б.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...100 айлд байрлах “...” зочид буудлын 309 тоот өрөөнд гурвуулаа орж 0.75 литрийн Хараа архи 2 ширхгийг авч орж уусан. Т гэртээ уйдаад байна гээд бид нар дээр ирэхээр болсон. Би найз Г ыг 22 цагийн үед дуудтал хүрээд ирсэн. Т бас нэг найзыгаа дуудсан. Тэр нь А буюу Х ирсэн. Тэгсэн араас нь түүний нэг найз П гэх орж ирсэн. Нэг өрөөнд олуулаа байгаад яахав гээд Х , Т хоёрт 4 давхарт тусад нь өрөө авч өгсөн. Би өмнөх нь өдөр нь архи уусан байсан болохоор тэрэндээ согтоод унтаад өгсөн. Нэг сэрээд хартал Г хоёр орны голд дээш хараад хэвтчихсэн, нүүр ам нь хөхөрсөн байсан ба П ариун цэврийн өрөө рүү орж байсан. Араас нь ороод хартал толгойноос нь цус гараад у... алдаад унасан. Буудлын ресепшин ирж хараад цагдаад дуудлага өгсөн. Хамт архи ууж байсан Б “сая Х архи ууж муудалцаад П , Г хоёрыг архины шилээр толгой руу нь цохичихоод гараад явчихлаа” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143 дугаар хуудас/,
Гэрч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100 айлд байрлах “...” зочид буудалд найз Э , түүний найзын хамт гурвуулаа орсон. 14-ний өдөр Э ийн найз гэх Х , Г , П нар ирж ууж эхэлсэн. Э ах уусан архиндаа согтоод орон дээр унтаж байсан. Нөгөө орон дээр П тэй хамт унтаж байсан. Харин нөгөө талд буйдан дээр би Г ахтай юм ярьж байсан. Тэгсэн чинь гаднаас Х орж ирээд шууд ширээн дээр байсан архины шилийг барьж аваад Г , П , Э бид нарыг зодоод эхэлсэн. Г ыг орон дээр байхад Х дээрээс нь хэд хэдэн удаа нүүр рүү цохисон. Э ах “боль” гээд боссон чинь Э ахыг цохиод унагаахаар нь П бид хоёр босоод очсон чинь бид хоёрыг нүүр нүдгүй архины шилээр цохиж байгаад гараад явсан. Тэгээд байж байтал буудлын ресепшин орж ирээд цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-147 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эхлээд Г миний нүүр рүү гараараа цохихоор нь би тоогоогүй юм. Тэгсэн ахиад цохихоор нь би босч ирээд Г ыг зөрүүлээд цохисон чинь Э архины шилээр Г ыг өмөөрөөд намайг цохисон. Би архины шилийг нь булааж аваад буцаагаад өөрийг нь цохисон. Тэгсэн чинь П босч ирээд намайг тэврээд авахаар нь би тавиулах гэж байгаад газарт хамт унасан. Би босож ирээд архины шилээр П г цохиод, мөн Г ын толгой руу нь цохисон. ...Тэгээд доошоо буугаад караокед хоёр шил пиво уучхаад шууд явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-158 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9905 дугаартай “...Э.П гийн биед тархи доргилт, дагзанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 121-122 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10075 дугаартай “...Б.Г ын биед зүүн зулайн ил хугарал, духны хөндийн гадна хана, дотор ялтас, ухархайн дээд, ар, гадна хажуу хана, хацрын шонтон, их, бага далавч хүртэл үргэлжилсэн хугарал, хамар ясны баруун зүүн хажуу хана, хоёр талын гайморийн хөндийн дотор ханын хугарал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 124-125 дугаар хуудас/,
2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус дээрх хэргүүдийн үйл баримт сэргээн дүрслэгдсэн бөгөөд талууд нотлох баримтын агуулга болон үйл баримтын талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.Х нь гэм буругийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Х ын үйлдэл болон шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь “Хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байх...” үндсэн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин гэр, урц, зочид буудал, амралт сувилалын газар, зуслангийн байр майхан зэргийг ойлгоно гэжээ.
Шүүгдэгч Д.Х нь хохирогч Т.Д ийн амарч байсан зочид буудлын өрөөнд орох эрхгүй бөгөөд сэм орж түүний эд зүйл болох гар утсыг авч байгаа үйлдэл нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9905 дугаартай дүгнэлтээр “...Э.П гийн биед тархи доргилт, дагзанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 121-122 дугаар хуудас/ гэх,
2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 10075 дугаартай дүгнэлтээр “...Б.Г ын биед зүүн зулайн ил хугарал, духны хөндийн гадна хана, дотор ялтас, ухархайн дээд, ар, гадна хажуу хана, хацрын шонтон, их, бага далавч хүртэл үргэлжилсэн хугарал, хамар ясны баруун зүүн хажуу хана, хоёр талын гайморийн хөндийн дотор ханын хугарал, зүүн чамархайн хуйханд язарсан шарх, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь ...амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд тус тус хэрэгт авагдсан ба энэ нь хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Х нь дээрх “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учруулан, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг байна.
Иймд шүүхээс прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байх тул шүүгдэгч Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Х нь хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Т.Д д учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гар утсыг нь буцааж өгсөн /хх-24/, хохирогч Э.П нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.
Харин хохирогч Б.Г нь хэрэгт 315.800 төгрөгийн баримтыг хэрэгт /хх-110-111/ ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Х нь шүүх хуралдаанд хохирогч Б.Г ад 760.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Э.П , Б.Г нарыг тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Талуудын санал, дүгнэлт:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах саналтай байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан дээрх ялуудыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Х нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Х ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, ...удаа үйлдсэн...”-г эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн “Арван нэгдүгээр” бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Х ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-72 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 76 дугаар хуудас/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 77 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/ зэргээр түүний хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Д.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.12, 13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын төрөл, хэмжээг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооосугай.
5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.П , Б.Г нар нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Х т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН