Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Бага тайж овогт Ц.Х -ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн. 1977 онд илгээлтээр малчин болсон. 1981-1984 онд цэргийн алба хаасан. Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд   1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 11 сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл малчинаар болон тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Эдгээр ажилласан жилүүдийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хэрэгт авагдсан баримтыг үндэслэн миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Х нь Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 11 сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын архиваас гаргаж өгсөн Ц.Х-ийн 1979, 1980, 1981, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991  оны цалин, хөлсний түүвэр тодорхойлолт,

Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 02/02 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдлээс Ц.Х-д  олгосон 1979 оны 07, 08, 10, 12, 1980 оны 09, 1981 оны 06, 1984 оны 10, 11 сар, 1985 оны 01-04, 07, сар, 1986 оны 06, 07 сар, 1987 оны 08, 09, 10, 12 сар, 1988 оны 04, 08, 12 сар, 1989 оны 02, 04, 07 сар, 1990 оны 01, 03, 06 сар, 1991 оны 03, 05, 08, 10 сарын цалингийн тооцооны хүснэгт,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 08/17 дугаартай лавлагаагаар: ‘’Өлзийт сумын 2-р таван жил нэгдэл нь 1956 оны 02 сарын 13-нд байгуулагдаж, 1992 оны 02 сарын 17-нд ‘’2-р таван жил’’ ХК, 1994 оны 05 сарын 10-нд ‘’Мөнхрөх’’ ББХК, 1996 оны 02 сарын 14-нд ‘’Гэсрээ’’ ХХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан болно’’ гэжээ.

Монгол Ардын Хувьсгалт Намын хорооноос 1988 оны 10 сарын 25-ны өдөр Ц.Х-д олгосон №106378 дугаартай гишүүний бат илэрхийлэх,

Монгол Улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 01 сарын 12-ны өдрийн №000018095 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд: ‘’Ц.Х БХЯ-ны сайдын 1981.06.09-ний дөрийн н/199 дүгээр тушаалаар Дундговь аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 028 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.06.10-ны өдрийн н/180 дугаар тушаалаар 1984.06.26-ны өдөр 430346 дугаарын цэргийн батлахтай халагдсан’’ гэжээ.

Гэрч Б.Б , Д.Э , Б.З нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Ц.Хгийн Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 11 сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Өлзийт сумын Эрүүл мэнд нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Х-гийн Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 11 сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь хэргийн 7-р хуудсанд авагдсан цалин хөлсний тодорхойлолт, 9-71-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бага тайж овогт Ц.Х-г Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар таван жил нэгдэлд 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 11 сарын 20-ны өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР