Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0035/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Э.Бт холбогдох эрүүгийн 2218000000052 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Э.Б /РД: /, 1992 оны 7 дугаар сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, дулааны зуухны оператор мэргэжилтэй, “.............” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь ШТС-5-д ажилладаг, ам бүл 6, эцэг, эх, хүү, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Хүнсчид ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..........” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа А.Сгийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Рэд ми нөт-8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан:

- ...2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “...........” караокед дуулаад тооцоогоо хийхдээ гадуур хувцасныхаа баруун талын халаасанд байсан гар утасны гэрээс ХААН банкны картаа аваад гар утсаа зүүн талын халаасандаа хийсэн. Тэр үед бас нэг эмэгтэй “тооцоогоо хийе” гээд миний хажуу зогсож байсан. Би тооцоогоо хийчхээд гарч найзуудыгаа хүлээж байхад караокены ажилтан “таны картыг уншаагүй байна” гэхээр нь буцаж орохдоо гар утсаа халааснаасаа авах гэтэл байхгүй байсан. Өнөөдөр өглөө хяналтын камерын бичлэг шүүж үзэхэд миний хажууд зогсож байсан эмэгтэй тооцоогоо хийх үедээ миний Рэд ми нөт-8 загварын гялгар ногоон өнгийн гар утсыг авсан байсан... гэх хохирогч А.Сгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

- ...С түрүүлж гараад Ба, Бу бид 3 ариун цэврийн өрөө орчхоод гарахад С гаднаас “гар утас алга болсон байна” гээд ороод ирсэн. Тэгээд маргааш нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхээр болоод явцгаасан. С нь гадуураа гэртэй Ред ми загварын гар утастай байсан... гэх гэрч В.Нийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

- 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өмнө надаар утас засуулж байсан шар царайтай эмэгтэй ирээд “энэ утасны кодыг гаргуулмаар байна. Код гаргуулсан төлбөрөө дараа мөнгөтэй болохоороо төлөөд гар утсаа авъя” гээд Рэд ми нөт-8 загварын гар утсыг надад үлдээгээд явсан. Би хулгайн гар утас байж магадгүй гэж бодоод тухайн утасны кодыг гаргаагүй байгаа... гэх гэрч Н.Дын мэдүүлэг /хавтас хэргийн 18 дахь тал/,

- ...тооцоо хийх гээд зогсож байхад миний хажууд нэхий өмссөн эмэгтэй хамт тооцоо хийж байсан. Тэгж байтал тухайн эмэгтэйн гар утас халаасанд нь сул байж байхаар нь би авчихсан... гэх шүүгдэгч Э.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

- ...шар нэхий дээлтэй эмэгтэй картаа аваад цааш эргэх үед хажууд нь зогсож байсан хар өнгийн куртиктэй эмэгтэй баруун гараараа халааснаас нь ямар нэгэн зүйл аваад зүүн гартаа шилжүүлж байгаа дүрс бичигдсэн байв... гэх “..........” караокены хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- ...улаан өнгийн гадна хамгаалалтын гэртэй, Рэд ми нөт-8 загварын гар утас нь хохирогч А.Сгийн эзэмшлийн гар утас мөн байх тул гэрч Н.Даас уг гар утсыг хураан авч, хохирогч А.Сд хүлээлгэж өгсөн тухай эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

- “..........” караокены хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 10 дахь тал/,

- “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Рэд ми нөт-8 загварын, 64 гигабайт багтаамжтай хуучин гар утас 350.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........” нэртэй караокед үйлчлүүлж байхдаа А.Сгийн 350.000 төгрөгийн үнэ бүхий Рэд ми нөт-8 загварын гар утсыг түүнд мэдэгдэхгүйгээр халааснаас нь авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Э.Бын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Сд 350.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эд зүйлээ буцаан авсан, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан ...улаан өнгийн гадна хамгаалалтын гэртэй, Рэд ми нөт-8 загварын гар утас нь хохирогч А.Сгийн эзэмшлийн гар утас мөн байх тул гэрч Н.Дарханбатаас уг гар утсыг хураан авч, хохирогч А.Сд хүлээлгэж өгсөн тухай эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9 дэх тал/, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэхэд “гомдол саналгүй, гар утсаа буцааж авсан, шүүх хуралдаанд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн утсаар ярьсан тэмдэглэл бүхий 2022/БА/493 дугаартай мэдэгдэх хуудас /хавтаст хэргийн 106 дахь тал/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Э.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, 1 настай охинтой, “..................” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь ШТС-5-д ажилладаг зэрэг хувийн байдал нь Д.Эийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 41 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 48-73 дахь тал/, “Аргал ойл” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 110 дахь тал/ зэргээр нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч Э.Б нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР