Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Олгонууд овогт Л.М-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1963 онд төрсөн, энэ жил 55 нас хүрч байгаа. Миний бие 1979 оны 06 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 16-н хүртэл, 1985 оны 06 сарын 20-ноос 1991 оныг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад малчинаар ажиллаж байсан. Тэр үеийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу, тамга тэмдэггүй зэрэг шалтгааны улмаас тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна. Иймд гэрчийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн 1979 оны 10 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 20-н хүртэл, 1985 оны 04 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчинаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.М нь 1979 оны 10 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 20-н хүртэл, 1985 оны 04 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 3/718 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс Л.Мт  олгосон 1979, 1980, 1981,  1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991 оны 01, 04, 06, 08, 10 сарын цалин тавьж олгосон хүснэгт,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 08/13 дугаартай лавлагаагаар: ‘’Хулд сумын Талын цэцэг нэгдэл нь 1991 оны 04 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 02 сарын 10-нд ‘’Талын цэцэг’’ ББХК болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байсан болно’’ гэжээ.

Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1981 оны 05 сарын 01-ний өдөр Д.Мт олгосон 1981, 1985, 1986, 1987, 1988 оны цалин бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Гэрч Д.Ш , С.Г , Ц.Г  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Л.М-ын Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1979 оны 10 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 20-н хүртэл, 1985 оны 04 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, 1981 онд олгосон хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдэгийн зөрчилтэй ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 07 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л.М-ын Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1979 оны 10 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 20-н хүртэл, 1985 оны 04 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан нь хэргийн 6-20-р хуудсанд авагдсан цалин тавьж олгосон хүснэгтээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олгонууд овогт Л.М-ыг Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1979 оны 10 сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 сарын 20-ны өдрийг хүртэл, 1985 оны 04 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР