Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Харнууд овогт Ц.Б-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 оны 01 сарын 19-нд төрсөн, одоо 58 нас хүрч байна. Улсад 29 жил ажилласан. 1988 оны 01 сарын 01-нээс 1993 оны 09 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Сайнцагаан Мандах нэгдлийн Үйзэн бригадад хоньчиноор ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр бичилтийн зөрчилтэй учир тэтгэвэрт гарах боломжгүй болоод байна. Иймд хэрэгт авагдсан баримтууд, гэрчийн мэдүүлгийг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү  гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1988 оны 01 сарын 01-нээс 1993 оны 09 сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Ц.Б-д олгосон 1988 оны 01-12 сар, 1989 оны 01-12 сар, 1990 оны 01-12 сарын цалингийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Ц.Б-д 1991 оны 01 сарын 01-нд олгосон 1991 оны 01-12 сар, 1992 оны 01-12 сар, 1993 оны 01-12 сарын цалингийн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Ц.Б-д олгосон 1988 оны 03 сар, 1989 оны 06  сар, 1990 он, 1991 оны 01-03, 12 сарын цалингийн тооцооны хүснэгт,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 08/43 дугаартай ‘’Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл нь 1956 оны 02 сарын 15-нд байгуулагдан 1991 оны 04 сарын 24-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1994 оны 06 сарын 13-нд’’ Мандах’’ ББХКомпани болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болно’’ гэсэн тодорхойлолт,

           Гэрч С.И , С.Р , Д.Т  нарын мэдүүлэг зэрэг  болно.

Нэхэмжлэгч Ц.Б-гийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1988 оны 01 сарын 01-нээс 1993 оны 09 сарын 01-нийг хүртэл малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 47 дугаартай, Дундговь аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Б-гийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1988 оны 01 сарын 01-нээс 1993 оны 09 сарын 01-нийг хүртэл малчинаар ажиллаж байсан нь  хэргийн 7-8-р хуудсанд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 10-17-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны хүснэгт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харнууд овогт Ц.Б-г Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1988 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл  хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР