Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0029/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ийн Б  /регистрийн дугаар: ............. /, ........  оны ..... дүгээр сарын ...... -ны өдөр ...... аймгийн ....... суманд төрсөн, .........  настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... ,  ...............-ийн хамт .......  аймгийн ........ сумын ........  дугаар багийн .........  хэсгийн ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б  нь 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ......  аймгийн ........ сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг автомашины сэлбэгийн дэлгүүрийн гадна эхнэр П.О-ийн нүүр лүү цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ийн мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Одоо гэр бүлийн харилцаа хэвийн байгаа.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000004 дугаартай хэргээс:

 

Хохирогч П.О-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 12 дугаар сарын 15, 23, 29-ний өдрүүдэд тус тус мэдүүлсэн: “...2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр найз Б, Ц нартай Шинэ Дархан ......  дугаар баг “Э п” төвийн ард байдаг машины сэлбэгийн дэлгүүрийн хажуугийн гараашинд архи ууж байхаар нь би очоод нөхрөө машинд суулгаад явах гэтэл “тайван архи уулгасангүй” гэж маргалдаад миний зүүн хацар луу 1 удаа хүчтэй алгадсан. Маргааш нь Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмч н.Л-д үзүүлэхэд “рентгенд харуул” гэсэн бичиг хийж өгсөн. Тухайн үед мөнгөгүй байсан тул хүйтэн жин тавиад хавдрыг нь буулгасан. Хавдар нь буунгуут ам мурийсан. 3 хоногийн дараа дахиад хавдахаар нь гэмтлийн эмч Тэмүүжинд үзүүлэхэд “хугарал байх шиг байна. “Саран” эмнэлэгт харуулаад ир” гэхээр нь харуулсан. Тэгтэл хамрын шугам яс хугарсан, мурийлттай, зөөлөн эдийн цусан хаван үүссэн. Чих, хамар, хоолойн эмчид үзүүл” гэсэн. Эрүүл мэндийн 2 дугаар төвийн эмч Энхзулд үзүүлэхэд “7 хоног дотроо бол багажаар гаргах боломжтой, одоо бол хамрын яс, таславч тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай” гэсэн бичиг хийж өгсөн. Одоог хүртэл хамраа эмчлүүлж чадаагүй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10, 19-20 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай “П.О-ийн биед баруун шанаа, хүзүү хоолойны өмнө зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. П.О-ийн биед 2021 оны 5 дугаар сарын 20-нд зодуулсан гэх үйлдлийн улмаас “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрэнд цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Хохирогч П.О-г хамрын яс, таславч тэгшлэх мэс засал хийлгэхээр шилжүүлсэн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Хохирогч П.О-ийн амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

 

П.О-ийн зүүн шанаа, хацар, ухархай орчмын арьсан доорх зөөлөн эдэд хавантай. Хацар орчмын арьсан доор нь 2.5х0.7 сантиметр орчим хэмжээтэй 40HU орчим нягттай шимэгдэж байгаа цустай. Хамрын ясны суурь хэсгээр зүүн талд 1 миллиметр орчим зөрүүтэй шугаман хугаралтай гэх “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, рентген зураг /хавтаст хэргийн 33-34 тал /,

 

Ц.Б ийн яллагдагчаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 5 дугаар сард машин хамт засаж байсан найз нартайгаа архи ууж байхад намайг “архи уулаа” гээд цохиж аваад дайраад байхаар нь би нүүр рүү нь 1 удаа цохиод хамрыг нь гэмтээсэн. Хамрыг нь засуулах гээд амжихгүй яваад байгаа юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал /,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн хамтарсан багийн хурлаар шүүгдэгч Ц.Б ийн гэр бүлд хийгдсэн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 65-79 дэх тал/  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр П.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б  нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч П.О-ийн эрүүл мэндэд 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, нүүрэнд цус хуралт бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Ц.Б-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримаар хураагдаж ирсэн зүйлгүй тус тус болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР