Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Баяуд овогт Ж.П-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.П шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд төрсөн, 58 настай, улсад 39 жил ажилласан. 1977 оны 01 сараас Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байгаад 1979-1982 онд цэргийн 022-р ангид алба хаасан.

1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажилласан юм. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, архивт баримт байхгүй тул цалингийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үндэслэн миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.П нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1977 оны 09 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 01-н, 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. 

Монгол Улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 000016921 дугаартай: ‘’Жамцийн П БХЯ-ны сайдын 1979 оны 06 сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар Дундговь аймгаас татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1982 оны 06 сарын 09-ний өдрийн н/191 дүгээр тушаалаар 1982 оны 08 сарын 19-ний өдөр 583532 дугаарын цэргийн батлахтай халагдсан’’ гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 04-ний өдрийн 08/10 дугаартай ‘’Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл нь 1991 оны 04 сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 04-нд ‘’Амьдралын туг’’ ХК, 1996 оны 04 сарын 30-нд; ‘’Амьдралын туг’’ хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно’’ тодорхойлолт,

Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 2/165 дугаартай тодорхойлолт,

Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар урт бригадаас Ж.Пд олгосон 1977, 1979, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1990 оны цалингийн тооцооны бүртгэлийн хүснэгт,

 Гэрч Д.Б , Б.Д, Ж.Ц  нарын мэдүүлэг зэрэг болно.

Нэхэмжлэгч Ж.П-ын Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1977 оны 09 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 01-н, 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь байхгүй буюу устсан, түүнчлэн ажиллаж байх үеийн тушаал нь Дундговь аймгийн Архивын тасагт хадгалагдаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 02  дугаартай тодорхойлолт, Дундговь аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 50 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.П нь Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1977 оны 09 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 01-н, 1983 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан нь хэргийн 7-24-р хуудсанд авагдсан цалингийн тооцооны бүртгэлийн хүснэгтээр тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар болох нотолгооны хэрэгслээр мөн нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяуд овогт Ж.П-ыг Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1977 оны 09 сарын 01-ний өдрөөс 1979 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл, 1983 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР